Иргэдэд цогц мэдээлэл хүргэсэн онцгой сургалт боллоо

2017-06-05 16:16:13 | 1749 | 0


Иргэдэд цогц мэдээлэл хүргэсэн онцгой сургалт боллоо

     Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн ЕБС-ийн сурагчдад байгаль орчны нөхөн сэргээлт хийх, байгаль орчинг бохирдуулсан хог хаягдал эргээд байгаль орчинд ямар ямар хор нөлөөтэй байдаг талаархи мэдээллийг “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн байгаль орчны мэргэжилтэн С.Нарангэрэл хийлээ. Сургалтанд ЕБС-ийн ахлах ангийнхан хамрагдав.

 Мөн тосгоны ЗДТГ “Хоггүй Түнхэл” уриа гарган тосгоны иргэдэд хог хаягдлын тухай хуулийг сурталчилан, хог хаягдлын хор, учруулах үр нөлөөний талаар гурван өдөр дараалсан сургалтыг “Сентерра гоулд Монголия” ХХК-тай хамтран зохион байгууллаа. Энэ ажилд тосгоны захирагчийн албаны ажилтнууд мэргэжил харгалзахгүйгээр өөрийн хувь нэмрээ оруулж, гар бие оролцлоо. Тухайлбал, төрийн сангийн мэргэжилтэн Д.Энхжаргал гурван өдрийн сургалтанд хог хаягдлын хууль болон хог хаягдлын хор нөлөөний талаархи мэдээллийг 3 өдөрт 100 гаруй иргэдэд хүргэлээ.

   Тэрээр, мэдээлэлдээ:  Хог хаягдал болон түүнтэй найрлага бүтцийн хувьд ижил хог хаягдлыг ахуйн хог хаягдал гэдэг. Хог хаягдал үүсэх нь  маш олон талын сөрөг үр дагавартай байдаг ба байгалийн унаган төрх, экологийн тэнцвэрт байдал алдагдаж хүн болон амьтны амьдрах орчин доройтож, эргэн тойронд эвгүй үнэр тархан, хүмүүсийн дунд амьсгалын замын  өвчлөл, нян бактери өсөж үржих гол зам болдог байна.

   Хог хаягдал нь төрөл зүйлээсээ хамаарч байгальд буюу хөрсөнд устаж үгүй болох хугацаа нь маш олон жилийг зарцуулдаг ажээ. Тухайлбал шил 4000 жил, хуванцар сав 1000 жил, нэг удаагийн аяга таваг, 500 жил, хөнгөн цагаан сав 100 жил, тамхины иш 2 жил, машины дугуй 120-140 жил зарцуулагдаж бүрэн химийн бодисоосоо задарч хөрсөнд шингэн уусаж үгүй болдог байна.

  Өнөөгийн байдлаар дэлхий нийтэд 10 гаруй сая үйлдвэрлэлийн химийн бодис бүртгэгдсэний 70000 мянга орчим нь өдөр тутамд ашиглагдаж байна.  Нэг оршин суугчаас өдөрт 0,5 кг,  жилд 200 кг хуурай хог хаягдал гардаг ба 1000 хавтгай дөрвөлжин м талбайд 0,2 тн хог хаягдал цуглардаг гэсэн статистик судалгаа байдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

      Энэ удаагийн сургалт нь урьд урьдын сургалтаас ялгаатай нь иргэдэд анх удаа хог хаягдлын хуулийг сурталчилсан, мөн хог хаягдлын талаар иргэдэд цогц мэдээлэл хүргэснээрээ давуу талтай боллоо хэмээн сургалтанд оролцогчид дүгнэж байлаа.  

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна