Лигт тоглож буй сагсчдын ур чадвар өөр төвшинд оччихсон

2015-04-16 15:44:03 | 521 | 0


Үндэсний супер лигийн нэгдүгээр үеийг тасралтгүй тэргүүлж хоёрдугаар тойрогт мөн л байр сууриа хадгалж яваа баг бол “Төв ургац”.

Дээд лигт анх удаа өрсөлдөж байгаа отгон баг хэдий ч хашир туршлагатай багуудыг буулган авч  үзэгчдийг шуугиулсан тоглолтыг үзүүлж байгаа.

МҮСБХ-ны 2014 оны шилдэг дасгалжуулагчаар шалгарсан Д.Эрдэнэбаатартай багийнх нь амжилтын талаар ярилцлаа.

Тэрбээр “Бүх оддын тоглолт-2015” баруун бүсийн дасгалжуулагчаар ажилласан билээ.

-Спрайт супер лигийн 2014 оны тэргүүн баг дээд лигт дэвшин орсон цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл хүснэгтийн эхэнд бичигдэж байна. Та лигийн босго давахдаа энэ амжилтыг төсөөлж байв уу?

-Үнэнийг хэлэхэд ийм амжилт үзүүлчих болов уу гэсэн төсөөлөл надад байсан.  Баг бүрт өөрсдийн гэсэн төсөөлөл, зорилго байгаа. Бүгдээрээ ялахын төлөө л талбайд гарч байгаа шүү дээ.

-Дээд лигт хөл тавихын тулд “Төв ургац” багийг хэрхэн бүрдүүлэв. “Спрайт” лигийн бүрэлдэхүүн дээрээ ОУХМ Ц.Мэргэн, З.Дэлгэрням нарын туршлагатай тамирчдыг нэмсэн байх?

-Манай багийн менежер, дасгалжуулагч Мөнхсүлд “Төв ургац” багаа байгуулъя, нутгийнхаа залуусаа нэгтгэж тэмцээнд оруулъя гэдэг саналыг өнгөрсөн жилээс эхлэн надад тавьсан.Ингээд л санасандаа хүрч өнгөрсөн жил “Спрайт” лигт анх оролцсон. Тэгээд түрүүлэнгүүт л дээд лигт орох нь зөв гэж шийдсэн. “Спрайт ” лигт тоглож байсан хуучин бүрэлдэхүүнээс гэвэл Ганболд, Мөнхтөр, Билгүүнн, Чинбат байгаа. Дээр нь ОУХМ Мэргэн, Спортын мастер Пүрэвдорж, залуу тоглогчдоос гэвэл Бат-Эрдэнийг нэмсэн.

-2014 оны төгсгөл дээр З.Дэлгэрням нутгийн багтаа хүчин зүтгэхээр орж ирсэн. Өнгөрсөн жилийн аварга баг “Хасын хүлэг”-ээс хэрхэн урвуулж авав?

- Дэлгэрнямтай багийн зүгээс ярилцсны үр дүнд нэгдүгээр тойргийн дундаас орж ирсэн. Өөрөө ч бидний тавьсан саналыг хүлээн авч нутгийнхаа багт тоглох шийдвэр гаргасан.

-Тоглолт бүрт холбон тоглогч Donald Boone, төвийн тоглогч Holmes Junior онооны самбарыг тэргүүлж байгаа. Легионеруудын сонголтыг хэрхэн хийв. Өөрсдөө холбогдсон уу?

-Тийм. Манай багийн менежер Мөнхсүлд англи хэлтэй болохоор өөрөө их сайн судлаж байж сонголт хийсэн. Легионеруудтай холбогдож тохиролцсоны үндсэн дээр авчирсан. Хоёулаа Монголд анх удаа хөл тавьсан. АНУ-аас дахин шинэ легионер нэмж авчирлаа.

-Ямар байрлалд тоглох вэ?

-Төвийн байрлалд.

-“Төв ургац” багийн онцлог гэвэл та юу хэлэх бол. Танай багийн тоглолтыг хараад байхад багийн тоглолт, тоглогчдын жигдхэн хүчин зүтгэл их өндөр ажиглагддаг. Онооны хувьд ч самбар авалт, дамжуулалт, бөмбөг таслалт гээд жигдхэн төвшинд. “Мадимос шонхор” баг гэхэд Т.Санчирт  дэндүү их ачаалал оногдож багийн лидер 50 оноо авсан ч хожилд хүрч чадаагүй тоглолт гарсан?

-Манай багийг зөв харж оносон дүгнэлт өгсөн гэж бодож байна. Манай багийн онцлог гэвэл тоглогчдын нуруу, ур чадварын хувьд жигдхэн. Тийм учраас хэн нь ч талбайд гарч, сэлгээнд суулаа гэхэд нэг нэгнийгээ нөхөөд тоглочих учраас асуудал гарахгүй. Багийн спортын гол онцлог, давуу тал энэ байх ёстой.

-Өрсөлдөгч багуудын тухайд. Нэгдүгээр тойрогт ерөнхийдөө тойроод тоглочихсон учраас нэг, нэгнийгээ тандчихлаа шүү дээ. Хоёрдугаар тойрог цаашлаад плейоффыг хэрхэн харж байна?

-Үндэсний супер лигт муу баг гэж алга. Багууд их  сайн легионерууд авчирчээ. Мэдээж баг бүр бэлтгэлээ сайн базааж. Тоглолт бүрт л эн тэнцүүхэн л өрсөлдөөн гарч байна даа.

-Хоёрдугаар тойргийн тоглолт эхэлж багуудын ялалт үндсэндээ дөрөвдүгээр үед шийдвэрлэгдэж байна. Тэргүүлэгчийн байр сууриа цаашид хадгалах бололцоо хэр байна вэ?

-Хадгалахын төлөө тэмцэнэ. Баг бүр л хожигдохгүйн төлөө тоглоно. Ямар ч багийн хожино гэж тоглоно. Гэхдээ багууд тоглолт бүрт хүчирхэгжиж байна. Харцагууд Одбаярыг Австралиас дуудаж авчирлаа. Шонхорууд шинэ легионер авчирлаа.

-МҮСБХ болон багууд өөрсдөө легионер сонгож авчирсан нь сагсан бөмбөгийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэж Монголын сагсчдын ур чадвар эрс сайжирсан гэдэгтэй дасгалжуулагч хүний хувьд санал нийлэх болов уу?

-Мэдээж хэрэг санал нийлэлгүй яахав. Монголын сагсчид өндөр тамирчдын эсрэг тоглож сурлаа. Америк  стилийн тоглогч нарын эсрэг ямар байрлалаар яаж тоглох вэ гэдэг бүрэн мэдэрдэг болчихлоо. Энэ бол Монголын сагсан бөмбөгийн хөгжилд оруулж буй үнэхээр том хувь нэмэр. МҮСБХ ч үнэхээр ч сайн ажиллаж чадаж байна.

-Лигийн нэгдүгээр тойрог завсарлах үеэр ярилцлага авахаар залгахад өсвөрийн улсын аваргын тэмцээнтэй гэж байсан?

-Тийм ээ. Өсвөрийн болон “Спрайт” лигийн баг бас байгаа. Өнгөрсөн жилийн "Спрайт" лигээс үлдсэн хүүхдүүд “Төв ургац” нэрийн дор тоглож байгаа.

-Таныг “Генералууд” багт хүчин зүтгэж байсныг сагсан бөмбөг сонирхогчид андахгүй байх. Сагсан бөмбөгтэй хэзээнээс холбогдох болов та?

-1987 оноос сагсан бөмбөг хөөж эхэлсэн. Хүүхэд байхдаа спортын мастер Долгорсүрэнгийн Маргад-Эрдэнэ гэж хүний шавь болсон. Сайн багшийн удирдлаганд орж хичээллэж их зүйл сурч авсан даа. Тэгээд Биеийн тамирын дээд сургуулийн сагсан бөмбөгийн дасгалжуулагчийн анги 1991 онд анх нээгдэхэд нь элсэн орж суралцсан. Дамба багшийн шавь болж бас л олон зүйлийг сурч төгссөн. Сургуулиа төгсөөд лигт анх удаа хөл тавьж “Генералууд” багт хүчин зүтгэсэн. “Генералууд” багийн дасгалжуулагчаар Дамба багш, Ариунболд, Чинзориг, Цамбадэлгэр, жижиг Бадрал, Батдорж нарын шилдгүүдтэй хамт тоглож байлаа.

-Сагсан бөмбөгийн нэгэн цаг үеийн шилдгүүд болох Б.Цамбадэлгэр, Ж.Майнбаяр, Ц.Ариунболд, Т.Түвшинбаяр гээд нартай лигт мөр зэрэгцэн өрсөлдөж байсан хүний хувьд асуух нэг зүйл байна. Таны үеийн сагсчид, өнөө цаг үеийн тоглогчдын гол ялгаа гэвэл?

-Намайг тамирчнаас байснаас хойш 20 жил өнгөрч. Тэр хэмжээгээр хөгжил дэвшил явагдсан гэсэн үг. Өнөөдөр лигт тоглож буй Монголын сагсчдын ур чадвар өөр төвшинд оччихсон. Монголын сагсчдын ур чадварыг хүн бүр хүлээн зөвшөөрч эхэлсэн. Энэ залуусаар бид бахархах хэрэгтэй.

-Тамирчнаас дасгалжуулагчийн албанд шилжих амархан уу эсвэл...?

-Дасгалжуулагч байх нэг бодлын хэцүү, нөгөө талаараа гоё. 10 гаруй тамирчинтай тулж ажиллана. Арван өөр ааш, араншин, сэтгэлзүй, ар гэрийн асуудал гээд бүгдийг л мэдэрч байх ёстой болно. Хүн бүртэй л өөр, өөр ааш араншингаар харьцана шүү дээ. Дээр нь үзэгчидтэйгээ бас тулна. Хүн харахад бол дасгалжуулагч хүн их гоё л санагддаг байх. Хэцүү мэргэжил л дээ. Манай Мөнхсүлд багийнхантайгаа их сайн тулж ажиллана. Нарийн ширийн бүх асуудлуудыг зохицуулчихдаг. Багийн эзэн маань бид бүхэнд бас байнга туслаж дэмждэг учраас асуудал гараад байхгүй дээ.

-Танай багийн эзэн Д.Доржпүрэв тоглолтыг ирж үзэж байгаа харагддаг?

-Ажлынхаа зав зайгаараа болж өгвөл тоглолтуудыг байнга л үзнэ шүү. Ирж үзээгүй үедээ байнга утсаар холбогдож мэдээлэл авна. Санхүү гэлтгүй, сэтгэл зүрхээрээ багаа дэмжиж сагсан бөмбөгийн төлөө чадах бүхнээ зориулж яваа сайн залуу. Баг хамт олноороо Төв аймгийн Батсүмбэр суманд очиж нөхөрсөг тоглолт хийж сагсан бөмбөгийг сурталчлах ажлыг бас хийгээд амжсан. Ийм зүйлийг бас хийх л ёстой.

-Тамирчны хувиар олон улсын ямар тэмцээнд оролцож байв. Сагсан бөмбөгийн спортоос танд үлдсэн медалийн цуглуулгынхаа талаар сонирхуулаач?

-Өсвөр үеийн шигшээ багт байхдаа ОХУ-д, оюутны шигшээд багтаж Томск хотод оролцож байсан. Улсын аваргаас мөнгө, залуучуудын улсын аваргад хоёр удаа түрүүлсэн. Бүх ард түмний спартакиадын хотын аваргын алт, улсын аваргын мөнгөн медаль бий. 1993 оны улсын аваргад мөнгө авсан. 1995 оны лигийн тэмцээнд манай баг плейоффд шалгарч 1+11 багт хожигдож байсан. Тухайн жилийн Бүх оддын тоглолтын гурван онооны аварга болж байлаа. Харамсалтай нь тэр жилдээ гэмтэл авч тэгээд л дахиж тоглолтонд оролцоогүй.

-“Төв ургац” дээд лигийн дасгалжуулж буй анхны баг уу?

-2012 онд “Аватор” багт туслах дасгалжуулагчаар ажилласан. Төв ургац баг хоёр дахь нь гэж болно. Би Улаанбаатар унаган иргэн. Тэгсэн атлаа оюутан байхаасаа Төв аймагтаа холбогдчихсон хүн. Манай эхнэр Төв аймгийнх. 25 жил энэ аймагтаа холбоотой байж нутгийн хүн шиг болчихсон.  

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. 2014-2015 улиралд тэргүүлэгчийн байр сууриа хадгалсаар яваад түрүүлээрэй гэж хүсэн ерөөе?

-Баярлалаа та бүхэнд. Үндэсний супер лигийг Монгол орон даяар шууд дамжуулан хүргэж буй танай сайтын хамт олонд талархал илэрхийлье. Сагсан бөмбөгийн хөгжилд оруулж буй та бүхний томоохон тус нэмэр шүү.

 

Нийтлэгч:  У.Бадамцэцэг

 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна