Бид үндэсний бичиг, соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээж байж л “МОНГОЛ” гэдэг нэрийг нүүр бардам дуудаж чадна

2015-06-05 08:29:55 | 726 | 0


        Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай”  37 дугаар тогтоолын дагуу олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг бол төрийн алба хаагчдын эх хэл, бичгийн мэдлэг чадварыг дэмжих сургалт. 4 сараас эхэлсэн энэ ажлын явцын тухай уншигчдадаа танилцуулбал?

- Төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод монгол хэл бичгийн мэдлэгийн түвшинг харгалзах ур чадварын шаардлагыг нэмж, тусган дүгнэдэг болж мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтуудыг үе шаттай зохион байгуулж эхэллээ. Тухайлбал: Зуунмод сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 40 албан байгууллагын төрийн албан хаагчдад зөв бичих дүрэм, албан бичгийн хэл найруулгын талаар дэмжлэг үзүүлэх, магадгүй дүрмийн хувьд эргэлздэг үг хэллэг байгаа бол тэрхүү эргэлзээг тайлах зорилгоор нэг байгууллагад 8 цагийн сургалтыг зохион байгуулж байна. Бусад суманд мөн ийм хэлбэрийн сургалтууд зохиогдоод  эхэлсэн. Үндэсний бичиг, соёлоо өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой дээрх шийдвэр үнэхээр цаг үеэ олсон гэж боддог. Учир нь монгол хэлний үгийн санд гадаадын үг хэллэг олноор нэвтэрч, үсгийн дүрмийн тухай ойлголт зөрүүтэй болж, орчуулгын зохиолын чанар чансаа суларч, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, албан бичигт утга зохиолын хэлний найруулгын хэм хэмжээ алдагдсан. Энэ нь 2012 онд улсын хэмжээнд  Боловсрол, шинжлэх ухааны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сургуулийн сурагчдаас монгол хэлний түвшин тогтоох шалгалт авахад эх хэлний боловсролын стандартын биелэлт 33 хувьтай гарсанаас харагдаж байгаа юм.

Монгол хэлээрээ зөв оновчтой ярих, найруулан бичих, чээжилж тогтоох, бодол санаагаа яруу илэрхийлэх чадвар манай хүүхэд залууст дутмаг байгааг уг судалгаа харуулсан. Дэлхий дээр амьдарч буй 10 гаруй сая монгол угсаатны зургаан сая нь монгол хэлээр ярьдаг.Харин  түүний цөм болсон гурван сая монголчуудын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёлын түвшинг дээшлүүлэх, улмаар эх хэлний дархлааг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Иймээс Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын “Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах тухай”  2013 оны 01/586 тоот албан даалгавар,  2014 оны А/313 тоот захирамжууд гарч  сум, албан байгууллагуудад хүргэгдсэний дагуу олон хэлбэрийн үйл ажиллагааг зохион байгуулж тодорхой үр дүнд хүрч эхлээд байна. Тухайлбал:  Сум орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа нийт байгууллагын 29.8% нь гадна хаягаа кирил, монгол бичгээр зэрэгцүүлэн бичиж,  Аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр бүтсэн,гэрлэн чимэглэл бүхий үндэсний бичгээрээ бичсэн хаягтай гурван газар байна. 

- Энэ сургалтыг танай байгуулага дангаараа зохиож байгаа юу эсвэл аль нэг газартай хамтарч байна уу?

- Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, манай Боловсрол, соёлын газар, Албан бус насан туршийн боловсролын төв хамтраад Зуунмод сумын ерөнхий боловсролын сургуулиудын бага анги, монгол хэлний багш нарыг түшиглэн зохиож байгаа. Бага ангийн багш нар маань зөв бичих дүрмийн, монгол хэлний багш нар албан бичгийн хэл найруулгын сургалтуудыг дөрөв, дөрвөн цагаар багцалсан агуулгаар зааж байна.

- Сургагч багш нарт цалин, хөлс, урамшуулал олгогдох болов уу?

- Албан бус насан туршийн боловсролын төвөөс сургалт зохион байгуулахдаа багш нартай гэрээ байгуулж ажилладаг л даа. Гэрээт багшийн нэг цагийн хөлс 4562 төгрөг байдаг. Энэ жишиг ханшаар тооцоод 8 цагийн сургалтын хөлсийг сургалт авсан албан байгууллагуудын албан хаагчид гарган хамтран ажиллаж байгаа.

-Энэ ажлыг зохион байгуулахад тулгарч буй бэрхшээл саад юу байна?

- Өнөө үед Монгол хэлний зөв бичих дүрмийн асуудал хэн хүнд тулгарч байгаа учраас манай албан байгууллага, хувь хүмүүс дэмжин хүлээн авч хамтран ажиллаж байгаа. Мэргэжлийн бидэнд ч заримдаа эргэлздэг. Гэхдээ энэ байдлыг үгүй болгохын тулд бие биеэсээ асууна. Эргэлзээтэй үг хэллэгээ нэг мөр болгож цэгцэлж авна. Дараа нь үүнийгээ бусдад таниулна, ойлгуулна. Ер нь бол байнга л суралцах хэрэгтэй. Энэ дашрамд эх хэлнийхээ боловсролын төлөө хамтарч ажиллаж байгаа байгууллага хамт олон болон сургууль төгсгөх, анги дэвшүүлэх шалгалт шүүлэг ид ажлын үеэрээ цаг зав гарган ажиллаж байгаа сургагч багш нартаа баярлалаа гэдгээ хэлмээр байна.

-Сүүлийн үед Монгол хэлний дүрэм нэлээдгүй  өөрчлөгдөж, замбараагүй боллоо гэх нь олонтаа болж. Энэ талаар мэргэжлийн түвшинд тайлбарлавал?

-Монгол хэлний дүрэмд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Харин бидний нүдэнд үзэгдэж, харагдаж, уншигдаж байгаа бүхэн үндсэн дүрэмдээ захирагдахгүй хэн хүний дураар “алдаатай” бичигдэж, нүдэнд дасал болчихоод байгаа нь гажуудал үүссэх хамгийн том шалтгаан болж байна. Бидний өдөр тутам уншдаг сонин сэтгүүл, үздэг телевиз, аялдаг интернэт, барьдаг утас, мессежээр алдаатай үг хэллэг байнга шахуу урсаж, хэрэглэгдэж, үүгээр ч барахгүй хар ярианы үгээ бичигт тэр хэвээр нь буулгадаг. Энэ бүхэн нөлөөлсөн гэж ойлгож болно. Дээрээс нь манай ерөнхий боловсролын сургуульд олгож байгаа монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлийн чанар, агуулга стандарт мөн багшийн ур чадвараас ч шалтгаалсан зүйлүүд байгаа. 2011 онд Төрийн хэлний зөвлөлөөс “Кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох тухай” 01 тоот тогтоол гаргаж 700 үгийг журамлан нийтэд хүргэсэн нь нийгэмд цочроо өгсөн гэж боддог.Цаашид монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичиг шинэчлэн гарч, бүх нийтээр мөрдөх, үсгийн дүрмийн алдаа засах программ боловсруулж хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг ажлыг хийхээр уг тогтоолд заасан байгаа.

-Өнөөгийн хүмүүс эх хэлээ хэрэглэх, хайрлаж хамгаалахад юуг түлхүү анхаарах ёстой вэ? Тэд эх хэл, бичгээ зүй зохистой хэрэглэж чаддаг болов уу?

- 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын их хурлаас “Монгол хэлний тухай хууль”-ийг батлан гаргасан. Тус хуулийн 5.1-д “Монгол хэл нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа мөн” гэж заасан байдаг. Бид бичиг соёлоо устгачихалгүй хойч үедээ өвлүүлэн үлдээж байж л  “Монгол” гэдэг нэрийг нүүр бардам дуудаж чадна. Хүн бүхэн үүнтэй санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ ч утгаараа манай боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэлийн хүрээнд бага боловсролыг эх хэлний суурь чадамжийг эзэмших боломж нөхцөлийг бүрдүүлэн бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвших үе хэмээн тодорхойлж ерөнхий боловсролын сургуулиуд түвшин түвшний зорилтоо дэвшүүлэн ажиллаж байна. Хүүхдэд  багаас нь эх хэлний суурь чадварыг  гүн бат тавьж өгөх нь үнэхээр  чухал юм.

- Боловсрол, соёлын газраас энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

- Аймгийн боловсролын салбарын 2013-2014 оны хичээлийн жилийн зорилго зорилтод “...Хүүхэд бүрийн цэвэр сайхан бичиж, бүтээлчээр унших арга барилыг хичээл бүрээр төлөвшүүлэх” зорилт тавин ажиллаж Боловсролын газраас 14 удаагийн теле  сургалт, “Эх хэл бичгийн чадварыг дээшлүүлье” эчнээ олимпиад,  ерөнхий боловсролын сургуулиуд “Зөв, сайхан бичье”  цуврал сургалтууд, “Дэвтэр-Сурагчийн толь”, “Эх хэл, бичиг соёлоо дээдлэх сар” зэрэг аянуудыг зохион байгуулан, тэргүүний сурагчид, анги хамт олны бүтээлээр үзэсгэлэн гаргаж, сурталчлах зэрэг олон хэлбэрийн үйл ажиллагааг зохион байгуулсны үр дүнд нийт сурагчдын  69.1% нь зөв бичих чадвартай болсон нь хичээлийн жилийн эхнээс 19.9%-иар, 71.7% нь сайхан бичих дадалд суралцсан нь 20%-иар,  83.9% нь бүтээлчээр унших аргыг эзэмшсэн нь өмнөх оноос 11.4%-иар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан. Энэ ажил тасралгүй дараа дараагийн жилд үргэлжлэн явдаг уламжлалтай.

- Засгийн газрын 37 дугаар тогтоолд хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол кирил бичгээр бичихийг заасан. Өнөөдрийн байдлаар тоотой хэдэн байгуулага хаягаа шинэчилсэн харагдаж байна. Энэ асуудалд танай байгууллагаас  үүрэг оролцоо бий болов уу?

- Би түрүүнд хэлсэн. 2014 онд авсан судалгаагаар аймгийн хэмжээнд төрийн байгууллагуудын 29.8% нь хаягаа монгол, кирил бичгээр зэрэгцүүлэн бичсэн. Монгол Улсын Засгийн газрын тогтоол, түүнийг дагалдаж гарсан аймгийн Засаг даргын захирамж, албан даалгавар нийт сум, албан байгууллагуудад хүргэгдсэн учраас одоо албан байгууллагын дарга нарын үүрэг роль, санаачилга, хариуцлага л үлдсэн. Харин манай зүгээс тухайн байгууллагын хаягийг монгол бичгээр зөв бичих тал дээр туслаад хамтран ажиллана.

-Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их, дээд сургууль, коллежид элсэгчид монгол хэл бичгийн хичээлээр шалгалт өгч хэвшээд байна. Ер нь шалгуулагчдын түвшин хэр байна вэ? Шалгалтад хамрагдсанаар ямар, ахиц дэвшил гарч байна?

- Тогтоолын дагуу энэ хичээлийн жилээс  ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэл, бичгийн хичээлээр шалгалт авч байх журам гарган хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд манай аймгийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 98.5% нь тэнцсэн үзүүлэлттэй байна. Ер нь бидний хүлээсэн, зорьсон түвшинд дөхсөн гэж ойлгож болно. Гэхдээ бид  хүүхдийг 100% сургах, хөгжүүлэх ёстой, хүүхэд  өөрөө 100% мэрийх, чармайх, чадваржих ёстой, эцэг эхчүүд ч үүнд  анхаарах ёстой. Сургууль, хүүхэд, эцэг эхийн гурвалсан холбоо, хамтын ажиллагаанаас  сайн үр дүн гарна гэдгийг  хаана хаанаа анхаарах цаг болсон.

- Монгол хэл, уран зохиолын хичээл сурагчдын хамгийн сонирхолгүй хичээл болоод зогсохгүй “Зөвхөн шалгалтад орж сургуулиа төгсөхөд л хэрэг болдог учраас судалдаг” хэмээн үздэг сурагчид байх юм. Энэ хандлагыг эсрэгээр нь өөрчлөх боломж бий болов уу? Үүний тулд багш, сурган хүмүүжүүлэгч, юу хийх ёстой вэ?

- Магадгүй цөөн хүүхдийн амнаас ийм үг гарах байх. Бид 27 сумын 30 сургууль дээр ажилладаг. Ингэхдээ багш нарын хичээлд сууна, хүүхдүүдтэй уулзаж ярилцана, санал асуулга авна гээд олон хэлбэрийн ажил зохион байгуулдаг. Хүүхдүүдийн санал асуулгаар монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлдээ дуртай гэж гардаг, хэлдэг. Хүүхэд худлаа хэлдэггүй. Харин саяхныг хүртэл академик сургалт явуулдаг байснаас ингэж ойлгож  байсан байж магадгүй юм. Өнөөдөр бол өөр болсон. Манай хичээл хүний зөвхөн уураг тархийг хөгжүүлээд байх бус зүрх сэтгэлийг нь зөөллөж, хүн  хүнээрээ үлдэхэд тусалдаг хичээл.Гэхдээ мэдээж шинжлэх ухаанч талыг  хамтад нь авч явна. Манай багш нар дотор хүүхдийн хайр талархлыг хүлээсэн сайн багш олон бий. Багш шиг багш болох гээд мэрийж яваа багш нар ч бий. Багш хүн хамгийн түрүүнд мэргэжлийн ёс зүйтэй, өөрөөр хэлбэл эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байгаад тэгээд хүүхдүүддээ хайртай, ажилдаа дуртай л байх хэрэгтэй. Ийм л багшийн хүүхэд бусдыг хүндэлдэг, хайрладаг, ойлгодог, аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг, мэдлэгтэй, чадвартай  нэгэн болж, өсөж дэвжинэ шүү дээ.

- Та  хүүхдэд багаас нь эх хэлний  боловсрол  олгох тухай ярьж байсан. Уг үндэс суурийг яаж,  хэрхэн тавих  вэ?

- Хэл, сэтгэхүй хоёр бол нэг юмны хоёр тал. Бага насны хүүхдийн эх хэл, сэтгэхүйг нь хөгжүүлэхийн тулд сонирхолтой арга хэлбэрээр зааж үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ойлгогдохгүй үг хэллэг гэдэг   сурахад тохиолдох хамгийн том саад. Мөн ном уншуулах хэрэгтэй. Эцэг эхчүүд маань сонирхолтой ном авч өг, өөрсдөө уншиж хүүхдэдээ харагдах хэрэгтэй. Ер нь бол нэг уншаад орхилгүй дахин дахин унших хэрэгтэй л дээ.Унших тусмаа улам л шинэ санааг хүн олж авдаг. Энэ тал дээр  манай аймгийн хувьд  нэлээд дэвшил гарч байгаа гэж хэлж болно. Манай хүүхдүүд номтой нөхөрлөх нь нэмэгдэж байгаа. Бид “Номын сайн нөхөр-сургууль, анги, сурагч”-ийг шалгаруулан урамшуулж байгаа. Цэцэрлэг, сургуулиуд маань эцэг эхийн хандив тусламж, өөрсдийн нөөц боломжоороо ангийн номын сантай болж хүүхдийг номтой нөхөрлөх орчныг бүрдүүлж байна.

-Эрдэмтэн зохиолч Б.Ринчен гуай монгол хэлэнд хэрэглэгдэж буй үг, хэллэгийг хоёр сая 500 мянга /утга давхцахгүйгээр/ хэмээн тодорхойлсон байдаг. Харин өнөөдөр бидний өдөр тутмын харилцаандаа хэрэглэж буй ярианы үг ердөө тавхан мянга дотор эргэлдэж байна. Энэ юутай холбоотой вэ?

- Энэ нь нөгөө л ном уншдаггүйтэй л холбоотой. Унших л хэрэгтэй. Уншиж байж л номын амтыг мэдэрдэг. Салж чадахгүй. Хүн ном  уншсанаар  тусган хүлээж авах чадвараа хөгжүүлдэг. Дүрийн мөн чанарыг таньснаар сайн муу хандлагыг ялгах, өөртөө тусган хүлээн авч, зөв төлөвшилтэй болоход тусална. Номыг ухаарч, ойлгож  уншдаг хүн амьдралдаа алдаа гаргах нь бага байдаг юм шиг санагддаг. Мөн зөв бичих дүрмийн алдаа гаргахаа больдог. Эш үндэстэй ярьдаг, үгийн баялагтай ярьдаг, бичдэг.  Номын ач тус үнэхээр их шүү.

- Төрөлх хэл гэдэг хаана ч, хэзээ ч дахин давтагдашгүй. Манай улсын хувьд эх хэлээ бүрэн утгаар нь хэрэглэж хайрлаж, хамгаалж чадахгүй байгаа юм шиг санагддаг.Бусад орны  боловсролын тогтолцооноос авууштай бодлого, сайн туршлага байдаг болов уу?   

- Сая манайх “Монгол улсын хэлний тухай хууль”-аа батлаад гаргалаа. 2015.07.01-нээс мөрдөж эхлэхээр болоод байна. Даяаршиж байгаа өнөөгийн нийгэмд өөрийн гэсэн дангаарших зүйлээ бид бас авч үлдэх ёстой гэдгийг энэ бүхэн нотолж байна. Бид өөрийн хэлээ эхэлж сайн сурчхаад бусад хэлийг судлах, хэрэглэх хэрэгтэй юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл нэг зүйлийн зүй тогтлыг нь ойлгоод сайн сурсан хүн дараагийн зүйлийг тэр арга барилаараа, зүй тогтлынх нь дагуу сайн сурдаг. Тиймээс ч ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангиас эхлэн гадаад хэлийг судалж байгаа. Монгол, гадаад хэлийг аль алийг нь сурах, сургах хэрэгтэй, гэхдээ төрөлх хэлээ эзэн хүн шиг эзэмших хэрэгтэй.

- Манай сонины зочны хойморт эх хэл, бичгийн талаар сонирхолой яриа өрнүүлсэнд баярлалаа.Сүүлийн хормыг таньд үлдээе. Хүүхэд залуусдаа хандаад юу гэж хэлэх вэ?

- Хүүхэд багачууд маань бидний үргэжлэл, Монголын ирээдүй учраас эх, хэл бичгээ сайн судалж, номтой найзалж нөхөрлөхийг захиад сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

Ярилцсан Ш.Шүрэнцэцэг

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна