Залуучууд нэгдэж нийлж чадвал улс эх орондоо, амьдарч буй нийгэмдээ их зүйлийг хийх боломж байна

2015-06-05 08:55:23 | 1027 | 1


         Зөв залуус клуб байгуулагдаад удаагүй ч хийсэн ажил, бүтээж буй үйл хэргээрээ Зуунмодчуудыг тэр дундаа залуучуудыг уриалан, нийгэмд шаардлагатай байсан олон  ажлыг амжилттай  зохион байгуулж байгаа билээ. Хамгийн чухал нь сэтгэл, сэтгэл байхад их зүйлийг хийж, бүтээж болдгийг клубын залуус харуулж байгаа юм.

Энэ дугаарын зочноор тус клубын анхдагч гишүүн Б.Отгонбаярыг урьж Зөв залуусын үйл ажиллагаа болон цаашдын зорилтынх нь талаар ярилцсанаа та бүхэнд толилуулж байна.

       Зөв залуус клубыг байгуулах санаа анх хэзээ төрсөн бэ. Санаагаа хэрэгжүүлэх ажлыг юунаас эхлэв. Мөн анхны гишүүдтэйгээ хэрхэн  уулзаж клубээ байгуулсан бэ.

- Аливаа улс орны гол хүч нь залуу үеийнхэн байдаг гэдэг. Гэтэл өнөө үеийн залуучуудын нийгмийн идэвх, сайн дурын оролцоо, ёс зүй, хандлага гээд бүх зүйл нь их дутагдалтай болж. Уул нь залуучууд нэгдэж нийлж чадвал энэ нийгэмдээ, улс эх орондоо, амьдарч буй төрсөн орон нутагтаа их зүйлийг хийх боломж байна.  Тиймээс бодоод, яриад суулгүйгээр “бодитоор хэрэгжүүлье” гэж шийдээд ажил хэргийн холбоотой байдаг  гурван залуу, өөрөөр хэлбэл Зуун мод сумын 1-р багийн засаг дарга Жигмэддорж, Дэлхийн зөн ТОНХХ-н зохицуулагч Эрдэнэсувд бид 3 нэг өглөө уулзаж ярилцаад энэ клубыг байгуулахаар шийдсэн юм. Ингээд бид клубынхээ нэр, зорилго, алсын хараа, уриа зэргийг төсөл хэлбэрээр ярилцаж бичээд дараагийн уулзалтан дээрээ өөрсдийн таниж мэдэх, орон нутагтаа өөрийн бодит оролцоогоо нэмэгдүүлэх, хөгжих хүсэлтэй гурван залууг авч ирэхээр тохиролцож 2015 оны 01-р сарын 10-нд албан ёсоор клубээ байгуулсан. Клубт маань элсэх залуучуудын тоо өдөрөөс өдөрт нэмэгдсээр одоогоор байнгын идэвхтэй 30-аад гишүүнтэй болсон байна.

-Залуучуудын үүргийг идэвхжүүлсэн мөн хүмүүнлэгийн үйл ажиллагааг тууштай явуулж байгаа танай төрийн бус байгууллага манай аймагт яг хэрэгтэй байсан нь харагдаж байгаа юм. “Зөв залуус” клубынхаа талаар уншигчиддаа дэлгэрэнгүй танилцуулна уу.

Бид нийгэмд чиглэсэн болон гишүүддээ чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл гишүүд, залуучуудыг хөгжүүлэх ажлыг өөрсөддөө байгаа нөөц боломж, мэдлэг чадвар дээрээ тулгуурлан бие биедээ зааж сургах замаар явуулдаг. Долоо хоногт 2 удаа буюу мягмар гарагийн өглөө 7:30-9:00 цаг, пүрэв гарагийн орой 18:30 цагт дэлхийн зөнгийн сургалтын танимд цуглаж хөгжлийн чиглэлийн сургалт, уулзалтуудаа зохион байгуулдаг. Харин нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг ажлын бус цагаар тусдаа цаг товлон уулзаж ярилцан зохион байгуулдаг.

Клубын маань зорилго: Залуучуудын идэвхтэй оролцоо, нөөц боломжид тулгуурлан хамтдаа хөгжих замаар нийгэмд эерэг хандлагыг нэмэгдүүлэх.

Алсын хараа: Гоё нийгмийн төлөөх бүтээлч-оролцоотой залуусыг бий болгох.

”Залуус хөгжлийнхөө төлөө “ гэсэн уриатайгаар үйл ажиллагаануудаа уялдуулан явуулж байна.

-Байгуулагдсан цагаас хойш ямар ажлуудыг зохион байгуулсан бэ? Хүмүүнлэгийн ажлыг нэлээдгүй зохион байгуулсан байх.

Тиймээ, цаг үе, тэмдэглэлт баяр зэргийг тохиолдуулан нийгэмд чиглэсэн нилээдгүй ажлыг зохион байгууллаа. Мөн албан байгууллагуудаас ирсэн саналын дагуу зарим нэг ажлуудыг хамтарч гүйцэтгэлээ. Энд жишээ дурьдвал: Сар шинийн баярыг угтаж бууз цуглуулж амжиргааны түвшин доогуур амьдралтай өрхөд тусламж болгон өгөх ажил маань бидний санаачилсан хамгийн эхний сайн үйлсийн ажил байсан.

Мөн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нилээдгүй ажил зохион байгууллаа. Залуучуудын хөгжил оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэх зорилго бүхий илтгэлийн уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Яг одоо бидний санаачлагаар хэрэгжиж байгаа ажил маань “1:7” буюу долоо хоногт нэг хүн нэг сайн үйлийг хийх сайн үйлсийн ажил маань явагдаж байна. Энэ мэтчилэн дурьдаад байвал нийгэмрүү чиглэсэн, иргэддээ хандсан, уриалсан ажлуудыг хийж байгаа юм.

-Одоо клуб нь хэдэн гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Сумдад гишүүнчлэлтэй юу. Өнөөдөр залуучууд маань нам эвсэлд нэгдэж явах нь их болсон. Танай клуб ямар нэг намд харъяалагддаг уу.

Одоогоор байнгын идэвхтэй 30-аад гишүүнтэй, онлайн, цахим ертөнцөөр дэмждэг нилээдгүй залуучууд байна.

Сумдад салбар клубээ байгуулах санаа байгаа боловч одоохондоо эхлүүлээгүй байна.

Өнөөгийн нийгэм аливаа үйл ажиллагааг нам эвсэлтэй холбож ойлгодог болсныг ер нь ойлгож биеэрээ мэдрээд байгаа /инээв/.

Бид анх байгуулагдахдаа л ямар нэгэн нам эвсэл, хувь хүн, Төрийн болон ТББ, шашны байгууллагын дэргэд байгуулагдаагүй, тэднээс хараат бус байна гэсэн зорилгоор нэгдсэн. Цаашид ч хамааралгүй байх болно.

Нэг өгүүлбэрээр хэлвэл манай клубт өөр өөр намын харъяалалтай, өөр өөр шашин шүтлэгтэй залуучууд нэгдэж байдгаараа онцлогтой.

-“Зөв залуус” клубт орсноор залуучуудын хувьд ямар ач холбогдолтой бол оо? Зөв залуустай нэгдье гэвэл ямар нэгэн шаардлага байх уу.

Бид жилийн төлөвлөгөөгөө гаргаад баталчихсан байгаа. Дээр дурьдсан 2 чиглэл буюу

1. Дотооддоо чиглэсэн: Клубын гишүүдийг чадваржуулах сургалт, хөгжлийн чиглэлийн уулзалт.

2. Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Клубт нэгдсэнээрээ залуучууд нийгэмдээ бодит хувь нэмэр оруулаад зогсохгүй, өөрсдөдөө давхар хөгжинө, суралцана, чөлөөт цагаа зөв, үр дүнтэй өнгөрүүлэх боломжтой. Бидэнтэй нэгдэхийг хүссэн хэн бүхэнд үүд хаалга маань үргэж нээлттэй бөгөөд ямар нэгэн шалгуур байхгүй, 18-35 насных байхад л болно.

-Клуб нь олон албан газар, хувь хүнтэй хамтран ажиллаж байгаа. Үүний талаар тодруулвал ямар байгууллагууд танай ажлыг илүү үнэлж хамтран ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газар, харъяа хэлтэс агентлагууд ер нь бусад байгууллагууд бидний үйл ажиллагааг зөв харж, нааштайгаар хүлээн авч хамтарч ажиллаж байгаад бид баяртай байдаг.

Мөн түүнчлэн Дэлхийн зөн ТОНХХ бидний үйл ажиллагааг дэмжиж ажилладаг.

-Одоо танай клуб нь “1:7 “арга хэмжээг зохион байгуулж  байгаа. Тус арга хэмжээнд удирдлагууд хэр идэвхтэй оролцож байна.

Энэхүү сайн үйлсийн аян маань тасралтгүйгээр явагдах аян бөгөөд одоогоор Засаг дарга Баярбат, Цагдаагийн газрын дарга, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Бадамцэцэг  хүлээн аваад заасан хугацаанд үйл ажиллагаагаа явуулаад байна.  4 дэхь хүнээр Онцгой байдлын газрын дарга Төмөрбаатар сонгогдож ирэх 7 хоногт багтаан сайн үйлсээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тэд бүгд маш сайхнаар хүлээн авч байгаа бөгөөд нийгэмд чиглэсэн, олон нийтэд хандсан томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

-Цаашид танай клубээс ямар ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байгаа вэ.

Бид жилийн төлөвлөгөөнийхөө дагуу ажлуудаа тухай бүрт нь явуулна.

6-р сарыг Спорт сар болгон ажиллах төлөвлөгөөтэй. Мөн цаашид клубынхээ гишүүдийг улам нэмэгдүүлж орон нутагтаа олон сайхан ажлуудыг залуучуудынхаа хүчээр хийх болно.

- Манай сонинд ярилцлага өгсөнд баярлалаа. Санасан сэдсэн ажил бүр нь биелэлээ олж байхыг танд ерөөе, мөн клубын цаашдын ажилд амжилт хүсье.

Маш их баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Аймаг орон нутаг, залуучуудынхаа хөгжлийн төлөө бидэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна