"Атарчин" тэмцээнийг 13 дахь жилдээ зохион байгуулж байна

2015-06-24 03:17:09 | 663 | 0


“Атарчин” тэмцээн энэ жил Угтаалцайдам суманд гэж байна. Тэмцээний түүхээс товч дурдвал сонин байх болов уу?

Атрын сангийн аж ахуйнууд байгуулагдаж эхэлсэн үеэс Төв аймгийн сумдуудын дунд аймгийн бүсийн тэмцээн, хаврын спартикиад, сурагчдын өвөл, хаврын  бүсийн тэмцээнүүдийг үндэсний бөх, чөлөөт бөх, хөнгөн атлетик, гар бөмбөг, сагс, цана, тэшүүр, шатар зэрэг олон төрлөөр ихэвчлэн гадаа талбайд зохион байгуулж аварга тамирчид, аварга баг, сумдуудыг байр эзлүүлж байсан тухай ахмад тамирчид дурсан ярьдаг. Эндээс аймаг, улсын олон алдартай аваргууд төрөн гарч байсан юм билээ.

Атар газар эзэмшсэний 43 жилийн ойгоор 1982 онд атрын хоёрдугаар аян эхэлсэн. Энэ үеэс эхлэн атарчин залуучуудын дунд зохион байгуулдаг байсан “Хаврын уран хагалгаа”-ний аварга шалгаруулах улсын уралдааныг өргөтгөж, анх гар бөмбөгийн тэмцээний төрлөөр аймаг, сумдын багийн тэмцээнийг зохион байгуулсан гэдэг. Уг тэмцээн сүүлдээ “Атарчин” залуучуудын наадам болтлоо өргөжсөн байна.

Энэ тэмцээнийг та хэдэн оноос эхлэн ивээн тэтгэж, өөрийн нэрэмжит болгон зохион байгуулах болсон бэ?

Би Төв аймгийн Угтаал, Цээл, Жаргалант, Сүмбэр, Батсүмбэр, Борнуур. Баянчандмань, Баянцогт зэрэг Монголын ууган сангийн аж ахуйнууд, өөрөөр хэлбэл үр тариа, төмс, хүнсний ногоо, сүүний үйлдвэрлэлийн гол бүс нутгийн сумдаас 2000 оны сонгуулиар Улсын их хурлын гишүүнээр анх сонгогдож байлаа. Газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ 1990 оноос хойш буурч байсан үе байв. Сангийн аж ахуйнууд хувьчлагдаж, тариаланчид, ногоочид, саальчид маань зах зээлд хөлөө олох гэж чадах ядахаараа зүтгэж,  байлаа.   Тэр  үед би Улсын их хурлын гишүүний хувьд сонгогчидтойгоо ойр байж, тэдний санал хүсэлтийг сонсож, ажиллаж амьдрах урмыг нь сэргээх талаар бага ч гэсэн туслахыг хичээж байсан.   

Жил бүр сангийн аж ахуйнуудын дунд зохион байгуулдаг  “Атарчин” тэмцээнийг санхүүжилт хүрэлцэхгүй болсоноос шалтгаалж, зохион байгуулж чадахгүй тасарч байсаныг сэргээн талаар надад   Аймгийн биеийн тамир спортын хороо болон сумдын удирдлагууд, тариаланчидаас санал тавьж байсан. Ингээд эхний удаа 2002 оноос “Атарчин” тэмцээнийг сэргээх, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхэд туслахаар болж би хандивлагч хайж, багахан хэмжээний  мөнгөн дэмжлэг үзүүллээ.

Атарчин тэмцээн маань үндэсний бөх, гар бөмбөг зэрэг төрлөөр явагдаж, тойргийн сумдууд хамрагдаж нилээд олон тамирчид оролцож, сумаас худалдаа үйлчилгээ, соёл урлагаар үйлчилж, тариаланчдын маань урмыг сэргээсэн арга хэмжээ болж байлаа. Дараагийн жилүүдээс тэмцээнийг үргэлжлүүлэх талаар сумдууд, сонгогч нар ч хүсэлтээ илэрхийлж,   миний зүгээс  туслахыг зорих болсон.   

Сүүлийн жилүүдэд “Атарчин” тэмцээнийг хэдэн төрлөөр явуулж байна.  Оролцогч сум, байгууллага, тамирчдын тоо өсч байна уу?

 “Атарчин” тэмцээн маань энэ жил 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тэмцээний төрөл нэмэгдэж Үндэсний бөх, гар бөмбөг, ширээний теннис, шагай, шатар зэрэг төрлөөр өрсөлдөж байна. Мэдээж оролцогч тамирчид, үзэгчдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа. Эхний жилүүдэд тойргийн сумдууд оролцож байсан бол одоо аймгийн хэмжээний тэмцээн болоод байна.

Улсын их хурлын гишүүнийхээ ажлын талаар танилцуулна уу?

Улсын их хурлын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээ ойрын үед “Хоршооллын тухай хууль”, “Улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын их хуралд өргөн барихаар бэлтгэж байна. Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын зэрэг дэд хороо, Төрийн албаны эрх зүйн шинэчлэлийг иж бүрэн хийх талаар санал боловсруулах, нийтийн сонсголын тухай хуулийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах зэрэг ажлын хэсгүүдэд ажиллаж, Монгол улсын төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэх ажлын хэсгийн ахлагчаар  ажиллаж байна.

УИХ-аар хэлэлцэх асуудлуудаар ажлын хэсэг, байнгын хороо, намын бүлгийн  хурлуудад оролцох,  холбогдох асуудлуудыг судлах, тухайн чиглэлээр албан байгуулага, хот, хөдөө орон нутагт ажиллах зэргээр нилээд ачаалалтай ажиллаж байна.

Хурлын завсарлагааны үеэр хот, аймгуудад ажиллаж хуулийг таниулах, ажлаа тайлагнах, хуулийн хэрэгжилттэй танилцах чиглэлээр ажиллана. Мөн Төв аймгаас Улсын их хурлын гишүүнээр сонгогдож 10 гаруй жил хамтран ажилласан сумдынхаа сонгогч нартайгаа байнгын холбоотой байна. Тэдний санал хүсэлтийг сонсож, хамтран ажиллаж, боломжийг хирээр туслахыг хичээж байна даа.

Он гарснаас хойш нийслэлийн дүүргүүд болон  аймгийнхаа 9 сумаар явж ажилласан.  Саяхан Батсүмбэр сумруу тавигдаж байгаа хатуу хучилттай авто замын ажилтай танилцлаа. Улаанбаатар-Дарханыг холбосон төв замаас Жаргалант сум хүртэлх 24.7 км, Борнуурын 7.4 км авто замыг сэргээн шинээр тавьж, ашиглатанд хүлээн авсан. Батсүмбэр сумруу тавих авто замаас Жаргалант тосгон хүртэлх 17 км замыг өнгөрсөн онд ашиглалтанд оруулсан.

Одоо Батсүмбэр хүртэлх үлдсэн 29.4 км замын ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай байна. Цаг агаараас нэг их шалтгаалахгүй бол энэ замын ажлыг ирэх 8 дугаар сард дуусгаж, ашиглалтанд өгөхөөр ажиллаж байна. Эдгээр авто замыг сэргээн засварлах, шинээр тавих ажлыг 8 жилийн өмнөөс ярьж, хөөцөлдөж эхэлсэн. Зөвхөн Батсүмбэр сумруу тавьж байгаа замын хөрөнгө оруулалт 146.6 тэрбум төгрөг болж байна. Энэ зардлын дийлэнхи хувийг Герман улсын Сэргээн босголт, хөгжлийн  банкны хөрөнгөөр санхүүжүүлж, үлдсэн зардлыг Монгол улсын Засгийн газраас гаргасан. Олон жил хөөцөлдсөн  эдгээр замууд ашиглалтанд орж байгаад бид туйлын баяртай байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна