Ачит нуурын сав газрын малын эндеми өвчнийг судалсан эрдэмтэн О.Бирзана

2015-10-07 00:44:18 | 1424 | 0


Увс аймгийн Намын Хороо, АДХ-ын Гүйцэтгэх Захиргаанаас Бөхмөрөн сумын өсвөр насны малын шүд унаж, ашиг шим нь бага, зүй бусын хорогдол их байгаагийн шалтгааныг судалж өгөхийг ШУА-д хүссэн ёсоор МААЭШХүрээлэнгээс 1968 оны 3-9 сард академич н.Тойвгоогоор ахлуулсан биологи, мал эмнэлэг,  ургамал, тэжээл, хөрс судлалын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн баг судалгаа явуулж, ажлын арга зүй нь 1970 оны 2-р сард батлагдсан байна.    

   Бөхмөрөн сум нь үхэр сүргийн тоогоор аймагтаа дээгүүр ордог боловч ашиг шимээр дорой, өсөлт зогсонги, 100 эхээс 40-50 хувиар тугал бойжуулдаг, амьдын жингийн өсөлт муу,  үнээний жин 160-180 кг-аас дээш гардаггүй  байсны шалтгаан нь үхэр сүргийн шүд амархан элэгдэж мууддаг, нас гүйцсэн үхрийн үүдэн болон араа шүд унаж, сүүн шүд унасны дараа шинэ шүд гарангуут өвчилж, угаараа тасарч унадаг байжээ.

     Судалгаагаар Ачит нуурын сав газрын биосфер-хөрс, ус, ургамалд кальци, йод, кобальт дутагдалтай, фтор, манган илүүдэлтэй байгаагаас дээрхи нутгийн бэлчээр ашигладаг Увс аймгийн Бөхмөрөн, Ховд, Өмнөговь, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын мал яс, шүдний сөнөрөл өвчинд нэрвэгдэж байгаа нь батлагджээ. Энэ эндемик өвчин нь Хар-ус, Дөрөө нуур, Зэрэгийн хөндий, Бөөнцагаан нуурын районд хөнгөн хэлбэрээр ажиглагдсан байна.

   Дээрхи нутгийн хүүхдүүдийн шүд харлаж, пааланд нь толбо сууж байсан нь малд тохиолдож буй эндемик өвчин хүн амын дунд байна гэсэн дүгнэлтэнд хүргэсэн аж.

   Эрдэм шинжилгээний ажилтан Г.Банзрагч, эрдэм шинжилгээний туслах ажилтан С.Батсүх нарын хамт 10 жилийн хугацаанд анх удаа эндемик өвчнийг оношлон тогтоож, фторгүй кальцийн фосфатыг кобальт, йодын давстай хослон хэрэглэснээр эндеми өвчнөөс сэргийлж, Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдлийг түшиглэн явуулсан эрдэм шинжилгээний ажлын үр дүнд малын ашиг шим нэмэгдэн, нэг үнээнээс 219,3 литр сүү сааж, 100 эхээс 69 тугал бойжуулж, 3 настай үхрийн жин 40 кг-аар нэмэгдэж, зүй бусын хорогдол 5 дахин буурч, 13 жил сүү, махны төлөвлөгөө тасалж байсан Бөхмөрөн сум төлөвлөгөөт үзүүлэлтээ ханган биелүүлж, 1975-1976 онд ХААЯ-ны шагнал хүртжээ.

   Мал эмнэлгийн ухааны анхны эрдэмтдийн нэг О.Бирзаны ийнхүү 10 жилийн хугацаанд хийсэн “Ачит нуурын сав газрын малыг эндеми өвчнөөс сэргийлэх арга хэмжээ боловсруулах” сэдэвт ажил нь батлагдсан арга зүйн дагуу явагдаж, онолын үндэслэл сайтай арга хэмжээ боловсруулж, практикт туршсан нь үр дүнтэй болсон байна.

 

Мал эмнэлгийн ухааны анхны эрдэмтдийн нэг Очирын Бирзана

   О.Бирзана нь 1931 онд Увс аймгийн Сагил сумын нутаг Боршоон голд Бүргэдийн Очирын хүү болон төржээ. Өвөө Бүргэд нь Очир, Болох, Цэвэг гэсэн гурван хүүтэй байсан аж.

   О.Бирзана нь эцэг Очир, эх Баглаатын Богдуужингийн гар дээр хүмүүжиж байгаад 1940-1943 онд Сагил сумын бага сургуульд суралцаж, 1943-1946 онд Улаангомын 7 жилийн сургуулийг дүүргэсэн байна. Улмаар 1946-1948 онд МУИС-ийн дэргэдэх бэлтгэл курст суралцан бүрэн дунд боловсрол эзэмшиж, 1948-1953 онд МУИС-ийн мал-эмнэлгийн факультетэд Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай онц суралцан малын эмч мэргэжлээр төгсчээ.

   1953-1955 онд Ховд аймгийн биолабораторид, 1955-1956 онд Биокомбинатад малын их эмч,1956-1957 онд ХААЯ-ны Сайдын нарийн бичгийн дарга, 1957-1961 онд ХААДС-д багш, тэнхимийн эрхлэгч,1961 онд ХАА-н хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. 1961-1964 онд Ленинград хотын Мал эмнэлгийн дээд сургуульд “Их сүүт үнээний эрдэс бодисын өвчнийг рентгенээр оношлох” сэдвээр мал эмнэлгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. 1964-1968 онд ХААЯ-ны мал эмнэлгийн хэлтсийн дарга, ерөнхий эмч, 1968-1979 онд мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас ахлах ажилтан, секторын эрхлэгчээр ажиллаж байхдаа Ачит нуурын сав газрын малын “нутгийн” өвчний шалтгааныг анх удаа оношлон, хөрс, ус, ургамалд кальци, кобальт, иод дутагдаж, фтор, манган илүүдсэнийг олон жилийн судалгаагаар баталж, сэргийлэх арга хэмжээг боловсруулж, докторын ажил хийсэн нь малын зүй бусын хорогдлыг 5 дахин багасгаж, ашиг шимийг нь дээшлүүлэх бололцоотой болгожээ.

  Тэрээр 1979-1987 онд ХААЯ-нд мэргэжилтнээр ажилласан байна. 1961 онд хэвлэгдсэн “Мал эмнэлгийн мэс засал” сурах бичгийг Ц.Жамьянжав, Ж.Цэрэндэндэв нарын хамт бичиж хэвлүүлсэн нь ХААИС-ийн үе үеийн оюутнуудын гарын авлага, сурах бичиг нь болсон юм. Тэрээр эрдэм шинжилгээний олон бүтээл туурвиснаас дурьдвал “Төл бойжуулагчдад тусламж”, Г.Банзрагч, Р.Бүрэнбаяр нарын хамт “Мал аж ахуйд микроэлементийн ач холбогдол”, Ж.Уртнасангийн хамт “Малын халдваргүй өвчний эмчилгээ урьдчилан сэргийлэлт” зэрэг ном бичсэн байна. Ленинградын мал эмнэлгийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний 12-р хуралд “Их сүүт үнээний артрозыг рентгенээр оношлох” сэдвээр, 1963 онд Казань хотын мал эмнэлгийн дээд сургуулийн 90 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралд “Их сүүт үнээний остеоартроз” сэдвээр илтгэл тавьж байжээ.

   1968-1972 онд “Ачит нуурын сав газрын малын шүд унадаг өвчний шалтгааныг судалж, 1970 онд “Баруун Монголын Ачит нуурын сав газрын гадаргын усанд фтор тодорхойлсон нь” сэдвээр эрдэм шинжилгээний ажил хийж урьдчилсан дүнг гаргажээ. О.Бирзана тэргүүтэй эрдэмтдийн багийн олон жилийн судалгааны ажил нь иоджуулсан давсыг хэрэглэх үндэс суурийг тавьсан юм.

   Тэрээр орос хэлийг төгс эзэмшсэн учир намын бүгд хурлын материалыг синхрон орчуулдаг байсан гэдэг. Очирын Бирзаны Монголын мал эмнэлгийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнаж байжээ. 

   Хэдийгээр 56 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч түүний 5 хүүхэд нь дээд боловсрол эзэмшин, эх орныхоо эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, холбооны салбарт гар бие оролцон ажиллаж байна.  

   Аавынхаа төрсөн нутаг Увс аймгийн түүхт 90 жилийн ой, Сагил сумынхаа 90 жилийн ойн баярын мэндийг нутгийн зон олон, ахан дүүстээ дэвшүүлж, аймаг орон нутгаа хөгжүүлэх үйлстээ илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

                                                                                            Бирзаны Энхтуяа

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна