Увс аймгийн нийгэм, улс төр мэдээллийн тогтмол хэвлэл “Увсын өнгө” сонин, Үндсэний мэдээллийн сүлжээ “Эх орон 21” сайт хамтран Увс аймгийн “Шилдэг 50 улс төрч”-ийг шалгаруулна.
“Шилдэг 50 улс төрч”-ийг шалгаруулах төсөл нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ээс 2015 оны 11-р сарын 25 хүртэл 3 сарын хугацаанд 6 үе шаттайгаар хэрэгжиж дүнгээ гаргана.
Төрөө байгуулах, төрийг удирдахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд төслийн гол зорилго оршино.
Улс төр нийгмийн амьдралд шинээр орж байгаа залуу үеийг олонд таниулах тэднийг тодруулах, сурталчилахад энэ төсөл жинэтэй хувь нэмэр оруулна.
“Шилдэг 50 улс төрч”-ийг шалгаруулах төсөл нь Монгол улсын 21 аймаг, бүх сумдад нэгэн зэрэг хэрэгжиж байгаагаараа онцлогто. Төслийн Ерөнхий зохион байгуулагчаар “Эх орон 21” сайт, орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо ажиллаж байна.
Аймаг бүрт төслийг хэрэгжүүлэх дэд хороо ажиллах бөгөөд үндэсний хэмжээнд нэгдсэн нэг удирдамийн дагуу зохион байгуулна.
Төслийн зорилго:
• Төрөө байгуулах, төрийг удирдахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх
• Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх
• Нийгэм, улс төрийн салбарын шилдэг удирдагчдыг тодруулах, сурталчлах
• Төр барих, төрийг сонгох үйлсэд нь иргэддээ туслах, тэднийг бодит мэдээллээр хангах
Зохион байгуулагчид:
• Зохион байгуулах хороо /21 аймгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын төлөөлөл багтсан байна/
• Үндэсний мэдээллийн сүлжээ EKHORON21.MN сайт
• Орон нутгийн телевизийн холбоо
• Орон нутгийн сонины нэгдсэн сүлжээ – МЭРИ төв
Төслийн хамрах хүрээ: 21 аймаг 330сум
Төслийг хэрэгжүүлэх хугацаа:
Төслийг 2015 оны 08-р сарын 01-ээс
2015 оны 11-р сарын 25 хүртэл
4 сарын хугацаанд хэрэгжүүлнэ
1-р шат: 2015.08.01 – аас 2015.08.25 хүртэл
Төслийн удирдамжийг боловсруулж орон даяар зарлана.
2-р шат: 2015.08.25 – аас 2015.09.15 хүртэл
Төслийн зорилгыг сурталчлах, нэр дэвшүүлэх субъектүүдэд хүргүүлэх ажлыг зохион байгуулна.
3-р шат: 2015.09.15 – аас 2015.10.01 хүртэл
Шилдэг улс төрчид нэр дэвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
4-р шат: 2015.10.01 – ээс 2015.11.15 хүртэл
Нэр дэвшигчийг сурталчлах ажлыг зохион байгуулна.
5-р шат: 2015.11.01 – 2015.11.15 хүртэл
Шилдэг улс төрч шалгаруулах төслийн санал авах ажлыг зохион байгуулна.
6-р шат: 2015.11.15 – аас 2015.11.25 хүртэл
Төслийн дүнг нэгтгэх орон даяар зарлах, өргөмжлөл гардуулах ажлыг зохион байгуулна.
Төслийн зохион байгуулалт:
А. Нэр дэвшүүлэх журам:
1. Шилдэг 50 улс төрч шалгаруулах төслийг МУ-ын 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулна.
2. Шилдэг улс төрчид нэр дэвшүүлэх эрх бүхий субъект нь Улсын дээд шүүхэд бүртгэлтэй тухайн орон нутагт өөрийн анхан шатны салбартай улс төрийн намууд байна. Мөн насанд хүрсэн 50-аас доошгүй дэмжигчийн гарын үсэг цуглуулсан бие даан нэр дэвшигч байж болно.
3. Шилдэг улс төрчид намууд нэр дэвшүүлэхдээ сум бүрээс өөрийн төлөөллөө дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь 18-аас дээш насны Монгол улсын иргэн байна.
4. Нэг сумаас нэр дэвших хүний тоог 1000 оршин суугч тутамд 1 нэр дэвшигч ноогдохоор тооцож намууд төлөөллөө дэвшүүлнэ.
5. Намууд нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг зохион байгуулах хорооноос гаргасан маягтын дагуу сум тус бүрээр гарган зөвхөн албан бичгээр заасан хугацаанд багтаан зохион байгуулагчид ирүүлнэ. Заасан хугацаандаа багтааж ирүүлээгүй тохиолдолд шилдэг улс төрчид нэр дэвших бололцоогүй болно.
6. Шүүхээс ял шийтгэл хүлээсэн иргэн нэр дэвшихгүй.
Б. Шилдэг улс төрчдийг шалгаруулах, санал авах үйл ажиллагаа:
1. Намууд болон бие даагчид хугацаандаа нэрээ дэвшүүлж “Шилдэг улс төрчид нэр дэвшигч”-ийн нэрс тодорч хэвлэлд нийтлэгдсэнээр нэр дэвшигчийг сурталчлах, сонин, телевиз, сайт, сэтгүүлийн булангуудад уригдах, ярилцлага, сурвалжлах өгөх, сурталчилгааны бүтээгдэхүүн үйлчилгээ авах, санал цуглуулах үйл ажиллагааны эрх нээгдэнэ.
2. Нэр дэвшигчдийн нэрсийг аймгийн радио, телевиз, сонинд болон ekhoron21.mn сайтад тус тус нийтэлж нэвтрүүлэн олны хүртээл болгоно.
3. Нэр дэвшигчийн жагсаалтыг гаргахдаа:
• Сумуудыг Цагаан толгойн үсгийн дарааллаар
• Намуудыг Дээд шүүхийн бүртгэлийн дарааллаар
• Нэр дэвшигчдийг Цагаан толгойн үсгийн дарааллаар тус тус байршуулна.
4. Нэр дэвшигчдийн сурталчилгааг явуулахдаа аймгийн сонин, сайт, радио, телевиз, сэтгүүлд зай талбай, цаг хугацааны хувьд ижил тэнцүү бололцоогоор хангана.
5. Дэмжигчдийн санал авах ажиллагааг дараах хэлбэрүүдээр авна. Үүнд:
А) Аймгийн сонины хайчилбар
Дэмжиж байгаа 50 хүртэл хүний нэрийн өмнөх дугаарыг дугуйлж бүх нэр дэвшигчийн нэрсийг нийтэлсэн сонины дугаарын хайчилбарыг сонины редакцид ирүүлнэ.
Б) ekhoron21.mn сайтад ирүүлсэн санал
Сайтын санал асуулгын буланд тусгай программаар нэр дэвшигчдийн авсан саналыг нэгтгэн нээлттэй зарлана.
В) Тусгай дугаарт ирүүлсэн санал
Мобиком, Юнитель, Жимобайл, МЦХ, Скайтелийн тусгай дугааруудад дэмжиж байгаа хүнийхээ нэрийг утсаар болон мессежээр ирүүлнэ.
Г) Хариуцлагатай ажил албаны нэр хүндтэй 100 эрхмийн өгсөн санал.
Хариуцлагатай ажил алба эрхэлдэг, олны дунд нэр хүндтэй 100 эрхмийн нэрийг зохион байгуулах хорооноос гаргаж тэдний дэмжиж буй 50 хүртэлх хүний саналыг авч нэгтгэнэ.
6. Дээрх 4 үзүүлэлтийн дүнг нэгтгэн хамгийн их санал авсан эхний 50 улс төрчийг шалгаруулан олон түмэнд зарлана.
7. Оноо тэнцсэн тохиолдолд шалгаруулалтын дээрх 4 үзүүлэлтийн дарааллын дүнг харгалзан шийдвэрлэнэ.
8. Нэр дэвшүүлэх материалыг хуурамчаар бүрдүүлэх, олон нийтийн санал асуулгыг будлиулах оролдлого хийх, хакердах, саналын тоог зохиомлоор нэмэгдүүлэх оролдлого гаргасан этгээдийг олон нийтэд ил тод зарлаж төслөөс хасна.
9. Нэр дэвшигч болон нэр дэвшүүлсэн субъектүүд нь төсөлд хүндэтгэлтэй, хандаж шударга оролцох үүрэг хүлээнэ.
10. Зохион байгуулах хороо нь төслийн бүх үе шатанд мэдээллийг нээлттэй байлгах, төслийн үйл ажиллагааг улс төржихгүй, туйлшрахгүй, шударга зохион байгуулах үүрэг хүлээнэ.
11. Нэр дэвшүүлэх, нэр дэвшигчдийг сурталчлах, санал авах үйл ажиллагааны үед гарсан маргаантай асуудлуудыг бичгээр хүлээн авч зохион байгуулах хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ.
Төслийн үр дүнг олон түмэнд хүргэх
• “Шилдэг 50 улс төрч” –ийн танилцуулга, өргөмжлөл гардуулах үйл ажиллагааны бүрэн сурвалжлагыг төвийн болон аймгийн телевиз, сонин, сайтаар орон даяар дамжуулан олон нийтэд хүргэнэ.
• “Шилдэг улс төрч” цуврал ярилцлагыг ekhoron21.mn сайтын видео буланд байршуулна.
Үндэсний мэдээллийн сүлжээ ekhoron21.mn сайтын хамгийн олон санал (лайк) цуглуулсан Facebook хуудсаар дамжуулан (линклэн) олны хүртээл болгоно.
• Төслийн үр дүнг 2015 оныг дуустал төвийн болон орон нутгийн бүх мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилна.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа:
• Төсөлд шалгарсан “Шилдэг 50 улс төрч”- д шагнал гардуулах үйл ажиллагаа 21 аймагт нэгэн зэрэг явагдана.
• Тухайн аймгийн “ Шилдэг 50 улс төрч” –д өргөмжлөл гардуулах хүндэтгэлийн ёслолын арга хэмжээнд УИХ, ЗГ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд урлаг, соёл, спорт, хөдөлмөрийн алдартнууд, сэтгүүлчид ХМ-ийн ажилтанууд уригдан оролцоно.
Сэтгэгдэл үлдээх