Аймгийн танилцуулга

Газар ус

Тус аймагт мөнх цаст сүрлэг уулс, ян сарьдаг, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, гол мөрний өргөн хөндий зэрэг нь тэр аяараа Хөвсгөл нутгийн үзэсгэлэн гоо билээ. Шохойн ба гантиг чулуун тунадаснаас үүссэн Цагаан-Үүр сумын Даян дээрх зэрэг олон агуй, хонгил, сэнжит хад нь байгалийн биет үзмэр юм.

Элбэг баян араатан, жигүүртэн ан амьтад, түүхийн дурсгалт зүйл, байгалийн үзэсгэлэн зэргээр гайхагдсан Хөвсгөл нутгийг Монголын Швейцари хэмээн нэрлэдэг.

Газрын гадарга

Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид оршдог. Уул нурууны гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл Тагна, Саяны уулс багтана. Дэлгэрхаан уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 3491 метр өндөрт орших ба аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн түвшнээс 1650-2050 метр өргөгдсөн.

Усны зүй

Хангайн нуруунаас эх авсан Идэр, Тэс, Бүгдгээн, Хөвсгөл нуурын баруун ба зүүн талын уулсаас эх авсан Дэлгэр мөрөн, Бэлтэс, Шарга, Шишгэд, Эг, Үүр, Уйлган зэрэг 400 гаруй гол мөрөн, горхи булагтай.

Тус аймагт 300 гаруй том, жижиг нуур байдаг. Эдгээр нууруудын дотроос цэнгэг тунгалагаараа дэлхийд тэргүүлдэг, талбайн хэмжээгээрээ Ази тивд аравдугаарт, Монгол оронд хоёрдугаарт, гүнээрээ Төв Азид хоёрдугаар ордог Хөвсгөл нуур байна.

Тус аймагт анагаах чадлаараа улс даяар алдартай Булнай, Салбарын халуун рашаан, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцол, Бөөстөг, Гантигт зэрэг хүйтэн рашаан байдаг ба эдгээрийг түшиглэн амралт сувиллын газрууд ажилладаг. Энэ аймгийн хамгийн их нуур буюу "Хөвсгөл" нуур нь ОХУ-ын "Байгаль" нууртай газар доор эх нь холбоотой байдаг юм.

Ашигт малтмал

Хөвсгөл аймаг байгалийн баялаг, эрдэнэсийн сангаар нэн арвин, үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой судалгаа хийсэн олон сая тонн нөөцтэй фосфорит, нүүрс, бал чулуу, алт, төмрийн хүдэр, хөнгөн цагаан, шороон будаг, шохойн чулуу, гантиг, боржин гэх зэрэг хөнгөн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой баялаг бий. Мөн олон сая шоо метрээр тооцогдох ойн нөөцтэй.

Амьтан, ургамал

Aймгийн нийт нутгийн 35,4% буюу 35,5 мянган км квадрат талбайг ойн талбай эзэлнэ. Ойд гацуур, хуш, нарс, улиас зэрэг навчит болон шилмүүст мод эзэлдгийн 90 орчим хувь нь хар мод юм.

Тус аймагт вансэмбэрүү, алтан хундага зэрэг 80 шахам төрлийн эмийн ургамал ургана. Нэрс, үхрийн нүд, улаалзгана, бөөрөлзгөнө, улаагана, хад, аньс, тошлой, гүзээлзгэнэ зэрэг жимс, самар, мэхээр, мөөг, сонгино гэх мэт хүнсний ургамлын арвин баялаг нөөцтэй юм. Эдгээрээс биологийн нөөц удмын сангаараа эрдэмтний сонирхлыг татдаг Сибир жодоо, хонин арц, ягаан цээнэ, ямаан сэрдэг, шивүүрт, ортууз зэрэг олон төрлийн ургамлууд Монгол улсын улаан номонд оржээ.

Хөвсгөл аймагт 5 баг, 13 овог, 31 төрөлд хамрагдах 35 зүйлийн хөхтөн, тэр дундаа үнэг, чоно, хандгай, баавгай, хярс, хүдэр, зэрлэг гахай, буга, гөрөөс, булга, тарвага, ан амьтан, 2 зүйлийн 2 нутагтан, 4 зүйлийн хэвлээр явагч, 400 гаруй зүйлийн шавьж бүртгэгджээ.

Манай аймгийн гол мөрөн нууранд 10 гаруй зүйлийн загас байдгийн дотор монголдоо хамгийн томд тооцогдох тул загас, Сэлэнгэ мөрнөөр дамжин ирсэн хилэм загас, Дархадын хотгор, Шишгэдийн голын сав нутагт дэлхийд хосгүй цагаан загас бий. Эдгээр загасыг Оросын Петр хаан хүнсэндээ хэрэглэж байсан байна.

Тус аймагт ёл, хойлог, шонхор зэрэг 2000 гаруй зүйлийн шувууд байдгаас гадна өрөвтас, гангар хун, хээрийн галуу, байгалийн нугас, явлаг сар, усны цагаан сүүлт бүргэд, бүргэд, алтайн хойлог, Азийн цууцаль, итгэлэн цахлай гэх мэт шувууд Дэлхийн болон Монгол улсын улаан номонд орсон шувууд бий.

Түүхт дурсгалт зүйл

Тус аймгийн нутаг дэвсгэр дээр нэн эртний үеэс хүн оршин сууж амьдарч байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө олонтой.

Тухайлбал Цагаан-Уул сумын Сангийн далайн хүрээ, Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн 2–3 метр өндөр буган хөшөө, 3–4 метр өндөр хиригсүүр, Загзуугийн амны шороон хэрэм, Мөнх хааны ордны туурь, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын нутагт орших хүн чулуун хөшөө, Мөнх хааны болон Кул Билгэ хаанд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг түүхийн дурсгалт зүйлс олон бий.

Сумд

Нутгийн хуваарь
Хужиртын давааны овоо
Сумдын хүн ам, багийн тоо, газар нутаг, нягтшилийн хэмжээ[3]
Сумын нэр
(хоттойг тод)
Багийн
тоо
Хүн амын тооцоо Талбай
(км²)
Нягт.
(2011)
2006 2008 2011
1 Алаг-Эрдэнэ 5 3,029 2,915 3,002 4502.9 0.67
2 Арбулаг 6 4,057 3,946 4,021 3529.2 1.14
3 Баянзүрх 5 3,687 3,917 4,021 4299.1 0.94
4 Бүрэнтогтох 6 4,139 4,159 4,069 3768.6 1.08
5 Галт 5 4,885 5,008 5,085 3596.8 1.41
6 Жаргалант 5 5,118 5,201 5,098 2549.2 2.00
7 Их-Уул 5 4,127 4,210 4,112 2023.8 2.03
8 Мөрөн 13 36,141 35,921 37,471 102.9 364.15
9 Рашаант 5 3,479 3,593 3,611 1982.5 1.82
10 Рэнчинлхүмбэ 6 4,652 4,697 4,852 8448.3 0.57
11 Тариалан 6 5,964 6,010 5,927 3430.7 1.73
12 Тосонцэнгэл 5 3,633 3,849 4,191 2042.2 2.05
13 Төмөрбулаг 5 4,334 4,202 4,254 2521.7 1.69
14 Түнэл 6 3,550 3,521 3,568 3577.3 1.00
15 Улаан-Уул 5 3,929 4,086 4,225 10057.5 0.42
16 Ханх 3 2,333 2,401 2,587 5498.7 0.47
17 Хатгал 2 2,852 2,926 2,985 911.4 3.27
18 Цагааннуур 2 1,408 1,473 1,636 5408.3 0.30
19 Цагаан-Уул 6 5,129 5,240 5,327 5866.3 0.91
20 Цагаан-Үүр 4 2,454 2,444 2,533 8735.3 0.29
21 Цэцэрлэг 7 4,728 4,643 4,737 7451.6 0.64
22 Чандмань-Өндөр 5 3,025 2,965 3,004 4487.5 0.67
23 Шинэ-Идэр 4 3,990 3,937 3,433 2053.6 1.67
24 Эрдэнэбулган 5 2,842 2,772 2,769 4694.4 0.59