МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр аймгуудын МАХН-ын хороо, АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны харьяанд аймгуудаа орон нутгийн хэвлэлтэй болгох болж, Хөвсгөл аймагт 1945 оны 1-р сарын 1-ээс “Эрх чөлөө” сонин анхны дугаараа гарган уншигчиддаа хүргэснээс хойш өдгөө хүртэл 69 жилийн турш тус сонин нэрээ ч солилгүй, нэг ч дугаараа алгасалгүй уншигч захиалагчиддаа хүргэн нийтдээ 5359 дугаараа илгээгээд байна.
Улсын хэмжээнд аймгуудын сонин зах зээлийн үед бүгд хаагдан хүнд үед орсон байсан ч, сүүлийн арваад жилд аймгууд дахин сонинтой болж байх шиг байна.
Манай сонин 1945-2013 оны бүх дугааруудаа он оноор ботилон, хавтаслаж, 69 боть сониноо архивлан хадгалж, сонирхсон хүмүүс авч уншин, олон хүний оюуны үнэт бүтээл болон хадгалагдаж, байдгаараа бусад аймгуудын сониноос онцлогтой билээ.
Тус сонины редакцид ажиллаж байсан сэтгүүлчдийн нэлээд нь амьд сэрүүн байгаа бөгөөд түрүүч нь 90 нас сүүдэр зооглон өндөр насны ойг нь үр хүүхдүүд нь тэмдэглэлээ.
Дараагийн үе нь 60, 70, 80 насны ахмад сэтгүүлчид сониндоо 30, 40 жил ажилласан ахмадууд байдаг. Одоо “Эрх чөлөө” сонин “Хөвсгөл-Эх” ХХК-ий өмчлөлд байдаг ч тэд сонины нийтлэлийн бодлогод оролцдоггүй.
Орон байр, халаалт, гэрэл цахилгааны дэмжлэг үзүүлэн бусад бүх зардал, ажиллагсдын цалингаа сонины редакц хариуцаад орлогоороо зарлагаа нөхөөд амжилттай ажиллаж явна. Шаардлагатай үед сонины эзнээ ч шүүмжлээд явдаг.
Тэд ч тоодоггүй. Хөвсгөлчүүдийн чөлөөт индэр, хараат бус хэвлэл мэдээллийн үүргээ биелүүлсээр явна. “Эрх чөлөө” сонин 7 хоног тутам дөрвөн нүүрээр гардаг, байнгын нүүр булантай, нийтлэлийн олон хэлбэрээр бичдэг. Энэхүү Нийгэм, улс төр, мэдээллийн чөлөөт хэвлэл. тавиад байгууллага, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг. Сонины захиалгын үнэ улирлаар 6000 төгрөг. Улсын хэмжээнд хамгийн хямдхан үнэтэй сонинуудын нэг.
Нэг удаа хэвлэгдэхдээ сонинд нийтлэгдсэн материалаасаа хамаараад ихэнхдээ 1000-2000 хувь хэвлэгддэг. Жилд 10000-30000 хувиар хэвлэгдэх үе ч хааяа гардаг. Төв хөдөөгийн идэвхтэн бичигч, орон нутгийн сурвалжлагч, захиалагч олонтой.
Манай сонин нийслэл, гадны 15 аймаг, дүүрэг, аймгийнхаа 24 сум, тосгон 130-аад багтаа хүрч тардаг. Уншигч захиалагч олонтой сонин билээ. Сонины редакц эрхлэгч, сурвалжлагч, эх бэлтгэгч, гурван хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Манай сонины нийтлэлийн зарим нь улсын хэмжээний нийтлэлийн уралдаанд түрүүлсэн нь ч буй. Редакцын хамт олон цаашид олсон амжилтаа улам бататган сониныхоо уншууртай байдлыг улам сайжруулан, нийтлэлээ туйлшралгүй, хариуцлагатай, иргэний сэтгэл зүй хөгжүүлэхийг чухалчлан аливаа асуудалд голч байр сууринаас алагчлалгүй үнэн зөв шударга хандахыг эрхэмлэн ажиллаж байна.
Бид МХГ, БОГ, ХЭАХН, НДТ, НХҮХ, Шүүх, прокурор, Аудит зэрэг албад, агентлагуудтай хамтран ажиллаж тэдний шинэчлэгдэн гарсан хууль дүрэм, журам, заавар зэргийг иргэддээ цувралаар хүргэдэг бөгөөд танин мэдэхүйн болон эрүүл мэндийн булан байнга гаргадаг. Мөн улс төр, нийгэм, цаг үеийн тухай нийтлэлүүд ч нийтэлдэг.
Манай редакци 2013 онд Монголын Сэтгүүлчдийн эвлэлээс зохион явуулдаг оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаас орон нутгийн шилдэг сонин гэсэн хүндтэй өргөмжлөлийн эзэн болсон. 70 жилийн өндөрлөгт хүрсэн энэ цаг мөч хүртэл Хөвсгөлийн ард түмний унших дуртай хэвлэл байсаар ирсэн. 2013 онд “Глобинтернэшнл” төвийн Хөвсгөл аймгийн иргэдийн дунд хийсэн судалгаагаар хамгийн олон хүн манай сониныг захиалан уншдаг. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагаас “Эрх чөлөө” сонинг түлхүү уншиж, захиалдаг гэсэн судалгаа гарчээ.
Манай редакци хэрэглэгчиддээ үнэн бодит шуурхай мэдээллийг цаг алдалгүй, долоо хоног бүр графикт хугацаандаа тэдний гарт хүргэдэг. Цаашид ч илүү хүртээмжтэй, шуурхай байж мэдээ мэдээллийг олон нийтийн хүртээл болгон ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Өдгөө 70 жилийн түүхт ой тохиож байна.
-----------Бямбадоржийн Гэрэлням 99507168 Gerlee_ssss@yahoo.com