П.АРИУНБАТ: Сонгогчдын нэрийн жагсаалтад 86588 иргэн санал өгөхөөр бүртгэгдсэн

2021-06-07 09:46:37 | 592 | 0


Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Ариунбаттай ярилцлаа

-Сайн байна уу?  Хөвсгөл аймгийн сонгуулийн хороо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байна?

Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороо нийт  1157 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүн дээр  Цагдаагийн газар,  Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газрын албан хаагчид нэмэгдээд 1400 орчим төрийн албан хаагч ажиллаж байгаа.

-Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт хэдэн хэсгийн хороо ажиллаж байгаа вэ?

Хөвсгөл аймгийн хэмжээнд санал авах байр буюу 129 сонгуулийн хэсгийн хороо ажиллаж байгаа.

-Зөөврийн битүүмжилсэн хайрцагаар хичнээн хүн санал өгөхөөр хүсэлтээ ирүүлсэн бэ?

Зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал өгөхөөр 2137 иргэн  хүсэлтээ ирүүлсэн. Үүнээс 250 хүн нь коронавирусийн халдвар авсан хүнтэй ойрын хавьтал болсон буюу гэрийн тусгаарлалтад байна.

-Сонгогчдын нэрийн жагсаалтад хичнээн иргэн санал өгөхөөр бүртгэгдсэн бэ?

Хөвсгөл аймгийн хэмжээнд 86588 иргэн санал өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн. Бүх сонгогчдын нэрийн жагсаалт, сонгуулийн тоног төхөөрөмж  сумдын сонгуулийн хороо, хэсгийн хороодод  хүргэгдсэн байгаа.

-Сонгуулийн тухай хууль тогтоомж дүрэм журмыг сонгогчдод хэрхэн хүргэж ажиллаж байна вэ?

Сонгуультай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмыг хэвлэл мэдээллийн байгууллага болон олон нийтийн сүлжээгээр иргэдэд хүргэж байна.

-Дэлхий дахинд тархсан цар тахал өвчний үед  сонгуулийн санал хураалтыг хэрхэн зохион байгуулах тухай чиглэл ирсэн үү?

Сонгуулийн ерөнхий хорооноос санал авах процесс, сонгуулийн хэсгийн хороодод ажиллаж буй  албан хаагчдыг ковидоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг заавар зөвлөмж, журам батлагдаж  ирсэн. Бид журмын  дагуу бүх сонгуулийн хэсгийн хороод руу сумын сонгуулийн хороогоор дамжуулан халдвар хамгааллын хэрэгслийг хүргэж заавар зөвлөмжийг өгсөн  байгаа. Мөн коронавируст халдварын голомт илэрсэн 5 суманд халдвараас хамгаалах хэрэгслийн ахиу хуваарилалтыг хийсэн.

-Санал хураалтын өдөр сонгуулийн ирцийн мэдээг хэдэн цагуудад өгөхөөр товлосон бэ?

-Улаанбаатар хот болон аймгийн төвд сонгуулийн ирцийн мэдээ цаг тутамд  явна. Сумын сонгуулийн хорооны ирцийн  мэдээг 11:00,  15:00,  19:00,  21:00 цагуудад өгөхөөр товлосон.

-Нийт сонгогчиддоо хандаж ямар заавар, зөвлөмж өгөх бэ?

Сонгогчиддоо    халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж Монгол улсын тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохийг   уриалж байна.

Ярилцсан Х.Нямжаргал


 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна