Г.ОЧИРПҮРЭВ: ХАГАЛГААНДАА ХУРДАН ОРЖ, ЭРҮҮЛ БОЛОХЫГ ХҮСЭЖ БАЙНА

2021-06-17 02:57:43 | 1230 | 0


Арбулаг сумын харьяат Ганхуягийн Очирпүрэв бөөрний архаг дутагдал өвчнөөр өвдөж, бөөрний үйл ажиллагаа 90 хувь алдагдаж, бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон тул түүний найзууд нь “Халуун сэтгэл” сайн үйлсийн аянг эхлүүлсэн юм. Г.Очирпүрэвтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу? Биеийн байдал нь ямархуу байна вэ?

-Сайн сайн байна уу, та. Эмчилгээгээ хийлгэж байна. Өмнөхөө бодвол эмчилгээндээ дасан зохицож байгаа, бөөрний аппаратандаа орохоор хэд хоног хямардаг. Хааяадаа ухаан алдаж унах, артерийн даралт байнгийн хэлбэлзэлтэй зэрэг зовуурьтай байна.

-Бөөрний дутагдалд орсоноо яаж мэдсэн вэ?

-3-р сард коронавирусийн халдвар авч мэдсэн. Бөөр өвдөж мэдэгддэггүй байсан. Тодорхой хэмжээгээр бөөрний үйл ажиллагаа алдагдаж байсан юм байна билээ.

-Эмчилгээ, асаргаа, эмний мөнгө гээд залуу гэр бүлд тулгамдаж байгаа зүйл их байгаа байх?

-Тийм ээ. Эхнэр хүүгийн хамт амьдардаг. Гэр бүлийн хүн маань ХААН банкинд ажилладаг. Би Дарханы ШУТИС-ийг инженер мэргэжлээр төгссөн. Хувиараа ажил, хөдөлмөр эрхэлдэг байв. Өвдсөн цагаасаа хойш 10 орчим сая төгрөгийг эмчилгээндээ зарцууллаа. Залуу гэр бүлийн хувьд хурааж хуримтлуулсан зүйлгүй. Тиймээс найзууд минь нутгийн зон олондоо хандаж сайн үйлсийн аян зохин байгуулж байгаа.

-Сайн үйлсийн аяны хүрээнд одоогоор хэд орчим төгрөг цугларсан бол?

- 4 сая гаруй төгрөг цугларч байгаа.

-Бөөр шилжүүлэн суулгах, хагалгааны өмнөх, дараах эмчилгээнд нийтдээ хэд орчим төгрөг хэрэгтэй байгаа вэ?

-60 гаруй сая төгрөг болох юм байна билээ.

-Донор олдсон уу?

-Миний хоёр эгч бий. Надтай донор таарах үгүйг нь тодорхойлохын тулд зарим шинжилгээг нь гадаад руу явуулдаг юм байна. Цаг хугацаа хийгээд санхүүгийн асуудал шаардагдах байх. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаандаа хурдан орж энгийн амьдралдаа шилжих хүсэлтэй өдөр, хоногийг өнгөрөөж байна. Эрүүл байна гэдэг хамгийн дээд аз жаргал юм. Хүн өвдсөн үедээ үүнийг мэдэрдэг юм байна.

-Нутгийн зон олон, найз нөхдөдөө хандаж юу хэлмээр байна вэ?

-Сайхан сэтгэлийн өглөг өргөж, миний төлөө зовниж суугаа нутгийн зон олондоо маш их баярлаж байна. Миний аав Ө.Ганхуяг Арбулаг сумын ЗДТГ-ын даргын албыг 18 жил хийж,улсад 30 гаруй жил ажилласан байдаг.  Ээж Ц.Амартогтох сургуулийн тогооч хийж байсан. Аав минь хүнд өвчний улмаас бурхан болсон. Ээж, эхнэр, эгч, төрөл садан нар минь намайг сахиж, асарч сувилж байна. Нутгийн зон олныхоо дэмжлэг, тусаар сэтгэл санаа өөдрөг болж байгаа. Та бүхнийхээ ачийг эрүүл болж хариулна аа.

 

-Г.Очирпүрэвийн эмчилгээний зардалд сэтгэлийн өглөгөө өргөхийг нийт Хөвсгөлчүүдээсээ хүсэн уриалж байна.

Б.Гэрэлням

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна