Байгальд ээлтэй цаасны хэрэглээг дэмжицгээе

2021-06-27 13:46:39 | 1118 | 0


2015 оны 9-р сард НҮБ-ын гишүүн 193 орны төрийн тэргүүнүүд Ерөнхий Асамблейн 70-р чуулганы үеэр “Тогтвортой хөгжлийн зорилтууд” хөтөлбөрийг баталсан бөгөөд 2030 он гэхэд 17 зорилго, 169 зорилтын хүрээнд  дэлхийн улс орнууд өөрт тулгарсан саад бэрхшээлийг даван туулж, ирээдүйд гарч болох эрсдлээс сэргийлэх, цаашид хөгжих бололцоог төгөлдөржүүлэхийн тулд хэнийг ч ардаа үл үлдээж, хамтдаа хүчин зүтгэх болсон билээ...

Тогтвортой хөгжлийн зорилтууд хоорондоо харилцан уялдаатай  байдаг бөгөөд энэ удаа “Хариуцлагатай хэрэглээг дэмжих” зорилтыг онцолж байна. Мэдээж хариуцлагатай хэрэглээнд олон зүйлийг хамруулан авч үзэж болох ч би багш хүнийхээ хувьд байгальд ээлтэй цаасны хэрэглээг дэмжихийг уриалан энэхүү нийтлэлээ бичиж сууна.

Цаасыг нарс, гацуураас гаргаж авдаг. Цаас хийхэд хангалттай том мод болохын тулд 15-80 жил шаардлагатай байдаг.  10 сая ширхэг цаас үйлдвэрлэхийн тулд 2500 мод, 56000 галлон тос, 595.000 киловатт цахилгаан зарцуулагддаг байна. Улаанбаатар хотод өдөрт 3000 тонн хог хаягдаж байгаагийн 70 хувь нь цаас. Төрийн байгууллагуудын хамгийн ихээр худалдан авдаг бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг А4-ийн хэмжээтэй цагаан цаас тэргүүлж байна. 2017 оны байдлаар нийт худалдан авалтын 24,4 буюу 111,930,450,00 төгрөгийг А4-ийн бичгийн цаас худалдан авахад зарцуулжээ.

Судалгаанаас үзэхэд 50 жил ургасан нэг мод амьдралынхаа туршид 38 сая төгрөгөөр үнэлэглэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж, 197 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулж, 197 сая орчим төгрөгөөр үнэлэгдэхүйц хөрсний элэгдлийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байна.

Тиймээс бид оффистоо цаасныхаа хоёр талыг бүрэн ашигласнаар цаасны хэрэглээ, тог цахилгаан, төсөв зэргийг бага гэлтгүй хэмнэж чадах юм. Мөн өөрсдийн ашиглаж дууссан, хэрэггүй болсон цааснуудаа нэгтгэж цаас дахин боловсруулах үйлдвэрт өгснөөр байгаль дэлхийгээ хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулах болно.  Цаасны үйлдвэрүүд маш их хэмжээгээр ус ашигладаг. Дахин боловсруулах цаасны үйлдвэр нь саарал усыг ашиглаж чадвал 1 тонн цаасанд 26500 литр цэвэр усыг хэмнэх боломжтой.

Сайн чанарын цаас үйлдвэрлэхэд 15-80 жил ургасан нарс, гацуур модыг түүхий эд болгодог. Энэ залуу модыг аврахын тулд цаасаа дахин боловсруулах хэрэгтэй. Харин дахин боловсруулсан цаас нь эрчим хүчийг 50 хувь хэмнэхээс гадна агаарт цацагдах  нүүрсхүчлийн хийг 55 хувиар бууруулдаг. Мөн дахин боловсруулсан 1 тонн цаас агаарт үүсэх байсан 268 кг агаарын бохирдлоос сэргийлэх ба нэг хүний амьдралынхаа туршид амьсгалах хүчилтөрөгч алдагдахаас сэргийлдэг. Нэг ширхэг мод нь 3 хүний насан турш амьсгалах хүчилтөрөгчийг агаарт ялгаруулдаг байна.

Бид цаасны зохистой хэрэглээг дэмжиж чадсанаараа тогтвортой хөгжлийн  хариуцлагатай хэрэглээг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, хуурай газрын эко системийг хамгаалах тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмрээ оруулах боломжтой болж байгаа юм. Хүн төрөлхтөн бид дэлхий хэмээх нэгэн гаригийн эзэд. Энэхүү цэнхэр гаригаа хайрлан хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал. Гэхдээ оролцоо том байх албагүй. Та цаасны хэрэглээгээ хэмнэж, хаягдал цаасаа шатаалгүй дахин боловсруулах үйлдвэрт өгч, хүүхэддээ цаасны  зохистой хэрэглээг сургах нь цэнхэр гаригтаа оруулж буй хамгийн том хувь нэмэр юм.

 Байгальд ээлтэй цаасны хэрэглээг дэмждэг иргэн байцгаая.

Гурван-Эрдэнэ ЕБС-ийн Багш Ш.Мядагмаа

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна