Нэг талаас цаа бугын бэлчээрлэх нутгийг байгалийн цогцолборт газар болгож хамгаалалтад авч байгаа нь нөгөө талаас цаатан иргэд аялал жуулчлалын зах зээлээ бараадан тайгын гүн рүү нутаглаж чадахгүй байгаа нь цаа бугын тоо толгой буурах шалтгаан болж байна.
Эргэх дөрвөн улирлын алинд ч мөнх цастай дүнхийх үзэсгэлэнт хүнхэр тайгын чимэг болсон зэрлэг цаа бугыг маллан амьдардаг үндэсний цөөнх цаатан иргэд зөвхөн Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд бий. Жилд дунджаар Цагааннуур суманд 5000-6000 орчим жуулчин ирдэг ба тэдний дийлэнх нь цаатан иргэдийн аж амьдралыг сурвалжлахаар зорин очдог.
Олон улсын Internews Earth Journalism Network байгууллагын дэмжлэгтэй биологийн олон янз байдлын тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр “Үзэг” төслийн хүрээнд манай сурвалжлах баг цаа бугын бэлчээрийн асуудлаар Цагааннуур сумын Баруун тайгыг зорин очсон юм.
Өвлийн улиралд нам дор газар нутагладаг баруун тайгын цаатан иргэд цаа бугын бэлчээрээ даган зуны цагт хамгийн тохиромжтой сэрүүн бүс болох “Мэнгэ булаг” хэмээх зуслангийн газраа хоёр гурван урцаараа саахалт болон буужээ. Баруун тайгын “Мэнгэ булаг”-т 46 цаатан айл зусаж байгаа аж. Баруун тайга 1300 цаатай бөгөөд нэг цаатан өрхөд дунджаар 28 цаа буга ноогдож байна.
Бидний эхний буусан цаатан айл бол Ч.Батбаярынх. Аяны хүнийг зочломтгой зангаар угтсан тэднийд цаа бугын сүүгээр сүлсэн өтгөн шаргал цайгаар дайлуулж суух зуураа бэлчээрийн асуудлаар хөөрөлдлөө.
Ч.БАТБАЯР: ЦАА БУГЫН ГОЛ ТЭЖЭЭЛ ХАГ ӨВС НЬ 5-10 ЖИЛ БОЛООД УРГАДАГ
Цаа буга хавар, зуны цагт хагийг энгийн өвстэй хольж иддэг, өвөл, намрын улиралд дан хаг иднэ. Цаа бугын иддэг гол тэжээл хаг өвсний ургалт удаан доод тал нь 5-10 жил болоод цаа буга идэхтэй үгүйтэй ургадаг. Бусад малын өвс тэжээлтэй адилгүй ургалттай. Тийм учраас цаа бугын бэлчээр талхлагдаж байна. Зун гэхэд ганцхан газар зусдаг. Өөр зусах газар байхгүй. Тусгай хамгаалалтад авахаас өмнө ойролцоогоор долоо хоноод бэлчээр сэлгэдэг байсан одоо нэг газраа 2 сар болж байна. Цаа буга нь зэрлэг амьтан гэдэг утгаараа үргэлж шинэ соргог өвс хайж иддэг. Хаг сайтай газар очихоороо цаа буга маш хурдан тарга тэвээрэг авч, өнгө засдаг. Нэг газраа олон жил нутаглаад ирэхээр цаа бугын өвчин их гарч үхэж байна” гэв.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сум 540,000 га талбай нутаг дэвсгэртэйгээс 94,6 хувь нь тусгай хамгаалалтад байдаг. 2011 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ сумдын 869,070 га газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.
Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс Байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалтыг хариуцсан ажилладаг Улаан тайга Улсын тусгай хамгаалалттай газраас тодруулга мэдээлэл авахад дараах байр суурийг илэрхийллээ.
ХӨВСГӨЛИЙН УЛААН ТАЙГА УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Ж.ТӨМӨРСҮХ: ЦААТАН ИРГЭД ЦААГАА ЦОГЦОЛБОР ГАЗАРТ МАЛЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
Тэнгис-Шишгэдийн БЦГ-т цаатан иргэдийн амьдарч байгаа зарим газар хамаарагддаг бөгөөд Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дугаар заалтад Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх нь зөвшөөрөгдсөн байдаг бөгөөд цаатан болон бусад малчин иргэд цаа малаа маллах асуудал бүрэн боломжтой байдаг. Гол асуудал нь зарим цаатан иргэд “Цаандаа явлаа, бөө мөргөлийн тахилга хийнэ” гэсэн нэрээр нохой дагуулан /нэг хүн 2-5 нохой дагуулж явдаг/ хууль бусаар ан агнах, урхи сааль тавих, бугын эвэр түүх улмаар гал түймэр гаргах, мөн хууль бусаар өөрсдөө алт олборлох гэсэн хүмүүсийг цаагаар зөөх зэрэг байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчилд холбогдох үйлдлүүд удаа дараа гаргадаг. Тиймээс хамгаалалтын захиргаанаас цаатан иргэдтэй хариуцлагын гэрээг үйлдэн хамтран ажиллаж байна. Цаа маллах нэрээр хууль бусаар ан агнах, алт олборлох гэсэн ашиг сонирхол нь хаагдахад зарим иргэд хамгаалалтын захиргааг буруутгах, гүтгэх хандлагууд харагдаж байна.
Мал амьтдын идэш тэжээлийн өрсөлдөөн түүн дээр хүний үйл ажиллагаа орохоор онгон байгаль мөхлийн ирмэгт орж болзошгүй. Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд амьдардаг цаатан иргэдэд цаа бугын бэлчээрийн асуудал үнэхээр тулгамдсан зүйл мөн эсэх талаар Цаа бугын бэлчээрийн асуудлаар 10 жил судалгаа хийсэн “Хөвсгөл Далай Ээж” Нийгэмлэгийн Тэргүүн, Биологийн ухааны Доктор Ж.Оюунмаагийн байр суурийг сонслоо.
БИОЛОГИЙН УХААНЫ ДОКТОР Ж.ОЮУНМАА: ХАГ ӨВСӨӨ ИДЭЭД ДУУСЧИХВАЛ ТУХАЙН УРГАМЛЫН СЭРГЭН УРГАЛТ УДААН БОЛДОГ
“Цагааннуур сум бага газар нутагтай. Газар нутгийн ихэнхийг ой мод, тайга, асга хавцал, сарьдаг эзэлдэг. Ахуйд ашиглах нөхцөл бага газар. “Хармай” нэртэй хэсэгхэн газар малчид, цаатангууд нутагладаг. Бэлчээрийн талхлалт ихсэж байгаа. Цаа бугын бэлчээр ярихаар яах аргагүй цаатны амьдралтай холбогдоно. Баруун тайгынханы хувьд “Мэнгэ булаг” нэртэй нэг газар зусдаг. Мэнгэ булаг нь жуулчин явж очиход хамгийн ойр газар. Түүнээс цааш цаа бугын бэлчээрлэх боломжтой газрууд байгаа ч алслагдах тусам жуулчин хүрэх боломжгүй болж аялал жуулчлалаар амьдралаа залгуулдаг цаатан иргэд суурин иргэншил, жуулчнаа бараадахаас аргагүйд хүрч байна. Зүүн тайга бол илүү тавиу бэлчээртэй. Баруун тайгын Мэнгэ булаг нь таг тундрын бүслүүр. Тундрын буюу дэд тагийн бүс байгалиасаа намхан тачир ургамалтай, төрөл зүйл цөөнтэй. Түүн дээр цаа буга байнга бэлчээд байхаар талхлалт үүсэж бэлчээр хүрэлцэхгүй болж байгаа юм. Цаатнуудын хуучин уугуул нутгийн хувьд бэлчээрлэх эзэнгүй зэлүүд газар олон байсан ч тэдний нутаг одоогоор зөвхөн Цагааннуураар хязгаарлаж байна. Нэгдэлжих хөдөлгөөн үүсэхээс өмнө цаатангууд Улаан тайгад тархан амьдарч байсан юм билээ. Амьдарч байсан уугуул нутаг Улаан тайга руугаа орж чаддаг бол талхлагдахгүй бэлчээр тэнд бий. Очиход харьцангуй ойр. Гэвч Төрийн бодлогоор Улаан тайга руу оруулдаггүй болсон. Цаатнуудыг бэлчээрээ тэлэхийг зөвшөөрөхгүй байгаа нь гол асуудал. Нэг талаараа тусгай хамгаалалтад авч гэрийн амьтан, байгалийн амьтантай нийлж гэрийн тэжээмэл амьтны өвчнийг тараана гэсэн зарчмаар цаа бугыг нэг газар нь хашиж байгаа. Нөгөө талаараа цаатангууд өөрсдөө анч хүмүүс. Тиймээс ан хийчихнэ гэдгээр нь цагдаж байна. Зуслангийн газрын хувьд зөвхөн Мэнгэ булаг гэсэн нэг газар нутгаар хязгаарлаж болохгүй. Тиймээс зуслангийн газрыг бэлчээр сэлгэх боломжтойгоор тэлж зөвшөөрч өгөх хэрэгтэй. Цаа буга нь таргалдаг, тарга тэвээрэг авдаг гол тэжээл болсон хаг өвсөө идээд дуусчихвал тухайн ургамлын сэргэн ургалт удаан болдог. Байгалийн бүслүүр нь сэрүүн хүйтэн учраас цэцэгт ургамал нэг талхлагдаад тагжийгаад ирвэл эргэж сэргэх нөхцөл муутай. Экологийн хувьд маш эмзэг цэг. Бид тайга руу очдоггүй болохоор тэнд юу болж буйг мэдэхгүй бас бидний асуудал биш мэтээр ханддаг. Харин энэ асуудлыг яриад эхэлбэл цаг уурын өөрчлөлттэй холбогдож дэлхийн хэмжээний асуудалтай бид тулгарч шийдэлд нь оролцож байна гэсэн үг.
Мөн нэг цааны идэмж, нэг цаа өдөрт хэдэн кг өвс иддэг, ямар хэмжээний талбай байдаг, цаа бугын бэлчээрийн даацын асуудлыг ярих цаг болсон. Хөвсгөлийн тайгад хэдэн тооны цаа буга байх нь бэлчээрт тохиромжтой болохыг тогтоох, боломжит бэлчээрийг тодорхойлох, бэлчээрийг хуваарьтай ашиглуулах, бэлчээрийн суурийн судалгаа хийх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн эх сурвалж онцолж байв.
Нэг талаасаа тусгай хамгаалалт, нөгөө талаас аялал жуулчлалаа бараадсан цаатан иргэд гэх хүний үйл ажиллагаанаас болж цаа бугын бэлчээр хавчигдаж нэг газраа удаан хашигдсан цаа буга өвчнөөр үхэж, бас чонын идэш тэжээл болох нь амархан болжээ.
Хэрвээ бид цаа бугын бэлчээрийн асуудалд анхаарал хандуулахгүй бол цаа бугын тоо өсөх бус буурч, үндэсний цөөнх болсон цаатан иргэдийн цааны аж ахуй үеийн үед үргэлжлэх бус үлгэр домог шиг түүх болон үлдэхийг үгүйсгэх аргагүй.Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болж буй үндэсний цөөнх Цаатан иргэдээ аж ахуйтай нь хадгалан үлдэх чухал асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй болжээ.
ХӨВСГӨЛ "ЭРХ ЧӨЛӨӨ" СОНИНЫ СЭТГҮҮЛЧ Х.НЯМЖАРГАЛ
Сэтгэгдэл үлдээх