Хөвсгөл аймгийн нийт хүн амын 31 хувийг залуучууд эзэлдэг

2021-08-25 09:47:38 | 493 | 0


Өнөөдөр Монгол улсад  залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна.  Монголын залуучуудын байгууллага анх их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар 1921 оны 8 дугаар сарын 25-нд “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймгийн залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2021 оны анхдугаар хуралдаан өнөөдөр хуралдлаа.

Хуралдааны үйл ажиллагааг нээж Аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан залуучууддаа хандан мэндчилгээ дэвшүүллээ.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ИДЭРБАЯСГАЛАН: ЗАЛУУЧУУДЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ХАМТЫН ОРОЛЦОО ЧУХАЛ

Тэрбээр “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч эх оронч Шадар ван Чингүнжавын үр хойч Хоймор нутгийнхаа залуучууд та бүхэндээ Монгол улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн мэндчилж байгааг хүлээн авна уу. Түүхэн үе бүрт залуучуудын идэвх зүтгэл, санал санаачилга, хүсэл тэмүүлэл нь эх орныхоо хөгжлийн гол түшиг тулгуур, эрх чөлөө, тусгаар тогтнолын баталгаа болж ирсэн. Залуучуудын байгууллага нь улс орны ирээдүй, шинэчлэлт өөрчлөлтийн дуу хоолой, залуучуудын үзэл санаа, эв нэгдэл, эрхэм зорилгын  илэрхийлэл байдаг. Тийм ч учраас монголын төр залуучуудаа дэмжин тэтгэх бодлогуудыг хэрэгжүүлсээр ирсэн. Цаашдаа улам бүр хөгжүүлэх шаардлага хэрэгцээ бий. Хөвсгөл аймгийн хувьд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө залуус цогцолбор хотхон байгуулах, хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн бий болгох зэрэг олон талт арга хэмжээг хэрэгжүүлж эхлэснийг дуулгахад таатай байна. Залуучуудын асуудал хамааралгүй нэг ч  гэр бүл, байгууллага, сум, баг гэж байхгүй. Тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бүх шатны төрийн болон нутгийн удирдлагын байгууллага, ТББ-ын хамтын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай” гэлээ.

"ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САР" АЯНЫ ХҮРЭЭНД 21 АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан "Залуучуудын хөгжлийн сар"  аян өнөөдрөөс эхлэж байна. Аян 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл явагдана. Аяны хүрээнд нийт 21 арга хэмжээ зохион байгуулагдах ажээ.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙТ ХҮН АМЫН 31 ХУВИЙГ ЗАЛУУЧУУД ЭЗЭЛДЭГ

Залуучуудын хөгжлийг дэмжих  тухай хуулийн  3.1-д Монгол улсын иргэн 15-34 насны хүн амыг залуучууд гэж тодорхойлсон байдаг бол Олон улсын түвшинд 15-24 насны хүн амыг хэлдэг. Хөвсгөл аймаг 15-34 насны 42090 залуучуудтай ба нийт хүн амын 31 хувийг залуучууд эзэлж байна.  

Хөвсгөл "Эрх чөлөө" сонины сэтгүүлч Х.Нямжаргал

 

 


 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна