“Чамруугаа очиж явна” монголын уран сайхны киноны продюсeр ҮҮРЦАЙХЫН ТЭМҮҮЖИНТЭЙ ярилцлаа.
-Сайхан өвөлжиж байна уу. Уран бүтээл өндөр үү?
Сайхан өвөлжиж байна. Танай хамт олон болон энэхүү ярилцлагийг уншиж байгаа уншигч олондоо энэ өдрийн мэндийг дэвшүүлье! Уран бүтээл өндөр байна. Нутгийн залуустайгаа хамтарч нэгэн том уран бүтээлийн ард гарч Хөвсгөлчүүддээ хүргэхэд бэлэн болсон байна.
-“Чамруугаа очиж явна” уран сайханы кино үзэгчдэд хүрэх гэж байна. Киноны зураг авалтыг Хөвсгөлдөө хийж, нутгийн залуус гол дүрд нь тоглосон. Энэ тухайгаа манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулаач?
Khoimor.mn болон Gandi,s продакшний хамтын уран бүтээл “Чамруугаа очиж явна” уран сайхны кино11 сарын 24, 25, 26, 27-нд үзэгч түмэнд хүрнэ. Манай баг хамт олон өнгөрсөн 3 сараас эхлэн киноныхоо зураг авалтын ажилд орж 8 сарын хугацаанд киногоо хийж, дууслаа. Киноны зураг авалт 100 хувь Хөвсгөлдөө хийгдсэн. Чамруугаа очиж явна УСК-нд Хөвсгөлийн тодотголтой залуу жүжигчид болон аймгийн ХДТ-ын уран бүтээлчид тоглосон байгаа. Хөвсгөлийн залуучууд хамтдаа уран сайхны бүрэн хэмжээний кино хийлээ.
Миний хувьд хүн бүр өрийнхөө хийж чадах зүйлээ хамгийн сайнаар хийж байх хэрэгтэй гэж боддог. Манай кинонд тоглосон залуучууд болон кино багийнхан бүгд чадахын төлөө хичээсэн тиймдээ ч энэ уран бүтээлийн ард гарч чадсан. Гандис продакшний дүү нар ёстой л урлаг хэмээх том салбарын эд эс нь болж байгаагийн хувьд энэ салбарын төлөө бүх чадлаараа байгаа боломжоо ашиглаад зүтгэж яваа залуучууд. Хөдөлмөрч хүнийг амьдрал үргэлж шагнадаггэдэг үг байдаг удахгүй дүү нарыг маань амьдрал шагнанаа гэдэгт эргэлзэхгүй байна.
-Саяхан олон нийтийн сүлжээгээр танай киноны нэг зураг нэлээдгүй шүүмжлэл дагууллаа энэ зурагны талаар яриач?
Цахим орчинд манай киноны зураг авалтын дундуур авхуулсан ажлын зургийг киноны албан ёсны постерийн зураг байна гээд нэлээдгүй шуугисан... Манайхан нэг давалгаалахаар бас л явж өгнө ш дээ. Тэр зураг манай албан ёсны постер биш байсан юм шүү.
Магадгүй бидэнд алдаа дутагдал их байгаа байх. Гэхдээ бид авахыг нь аваад хаяхыг нь хаяад улам урагшилна гэж боддог. Алдахгүй залуу нас гэж байхгүй байх. Энэ асуудалд залруулга хийж зөөлрүүлэх шаардлагагүй гэж бодож байна.
-Киног үзэх хүлээлт их байх шиг байна. Уг киноноос үзэгчид юуг олж мэдэх бол?
Бид кинондоо 1980-аад оны үйл явдлыг харуулахыг хичээж обьектээ бэлтгэж ажилласан. Кинонд найз нөхдийн сайхан нөхөрлөл, тухайн үеийн залуучуудын хөдөлмөрч зан чанар болон нандин хайрыг харуулахыг хичээж ажиллалаа. Олон нийтийн сүлжээнээс харахад кино маань нэлээдгүй хүлээлттэй байгаа шинжтэй.
-Залуус нэгдээд кино бүтээлээ. Хүндрэл бэрхшээл нь юу байв?
Хүндрэл бэрхшээл их тулгарсан. Хамгийн наад захнь киноны олны хэсэгтэй зураг авахад хүмүүс цуглуулах,кино зураг авах үед үг хэллэгийг ойлгохгүй будилж байснаа нуугаад яахав.Үүнээс гадна дэлхийн нийтэд тархаад буй ковид-19 халдварын нөхцөл байдал бас том бэрхшээл байлаа.
-Та бүхэнд тусалж, дэмжсэн олон хувь хүн байгууллага хамт олон бий байх?
Тэгэлгүй яахав. Энэхүү уран бүтээл маш олон хүний дэмжлэг туслалцаатай бүтсэн. Миний бие энэхүү киноны продюсерээр Б.Батмөнх найзтайгаа хамтарч ажилласан байгаа.
Энэ дашрамд тусалж дэмжсэн аав, ээж, ах дүү, найз нөхөд болон аймгийн Онцгой байдлын газар, Хөвсгөл хүнс компани дарга Л.Төмөрбаатар, Уудам хангай компани захирал Б.Болдбаяр, Жаргалан рестораны захирал С.Бархасболд, 50:100 event hall-ын захирал П.Отгон-очир нарт баярлаж талархсанаа илэрхийлье.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.
Танай хамт олонд ярилцлагын буландаа урьж оролцуулсанд баярлалаа.Хөвсгөлчүүд та бүхэн минь үзвэрээ үзэхдээ өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг сайтар хамгаалж үзвэрийн дүрэм журмаа баримтлахыг уриалж байна.
Б.Гэрэлням
Сэтгэгдэл үлдээх