Г.ОЮУНЖАРГАЛ: “Сэрэлт” муск манай нэгдсэн эмнэлгийн түүхийг яг давтаж харуулсан кино

2021-12-17 12:11:46 | 571 | 0


Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 90 жилийн ой 2021 онд тохиож буйтай холбогдуулан Нэгдсэн эмнэлгийн захирал Г.Оюунжаргалтай үйл ажиллагааных нь талаар  ярилцлаа

-Сайн байна уу? 2021 онд Нэгдсэн эмнэлэг 90 жилийн түүхээ бичиж байна. Хоёулаа яриагаа танай байгууллагын үүсэл хөгжлийн талаар эхлүүлье?

1931 онд Дэлгэрмөрний хөвөөнөө орос мэргэжилтнүүд  Нэгдсэн эмнэлгийн суурийг тавьж байсан түүхтэй. Анх эсгий гэр барьж үзлэг хийж байгаад сүүлд нь дүнзэн байшин худалдаж авч, 5 ортойгоор тохижуулж хүмүүс хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрдүүлж байсан ба тэрхүү дүнзэн байшинг нутгийн ардууд “Орос докторын газар” нэрлэдэг байсан юм билээ. Тэр үед одоогийн ковид-19 халдварт өвчинтэй төстэй “Цагаан цэцэг” өвчин дэлгэрч, хүн амын нас баралт ихсэж байсан бөгөөд хүмүүс орос докторын газрыг зорих дургүй,  лам нарыг илүүтэй зорин очиж үзүүлдэг байж. Тэгээд орос доктор, лам нарын дунд үл ойлголцлууд нэлээдгүй үүсдэг байжээ. Гэвч ард олны дунд дэлгэрсэн Цагаан цэцэг өвчнийг лам нар эмчилж чадахгүй, орос докторууд хэд хэдэн хүний өвчнийг эмчилж хүний амь аварч эхэлснээр докторын газрыг зорих хүмүүсийн тоо нэмэгдэж эхэлжээ. Орос докторууд нутгийн ард иргэдэд европ эмчилгээний ач тусыг ойлгуулахад  ойролцоогоор 5 жилийн хугацааг зарцуулсан гэдэг. Монголын уран сайхны “Сэрэлт” кино бол манай нэгдсэн эмнэлгийн түүхийг  яг давтаж харуулсан кино.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүгээс 90 жилийн ойгоо угтан ямар ажлуудыг хийв ээ?

Дэлгэрмөрний эрэгт орос докторуудын гараар суурь нь тавигдаж байсан нэгдсэн эмнэлэг эдүгээ  90 жилийн ойтойгоо золгож байна. Түүхэн ой  ковид цар тахалтай  хүнд цаг үед тохиолоо. Эмнэлгийн ачаалал нэмэгдэж 06 сараас  12 сар хүртэл нийт 6 сарын хугацаанд  1 хүн 3-4 хүний ажил хийж эмнэлгийн эмч ажилчид  ачаалал өндөртэй ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар ковид цар тахал намжмал байдалтай болж, олноороо өвчилж хүндрэх асуудал багаслаа. Гэхдээ  уушиг, зүрхний архаг хууч өвчтэй, өндөр настай, чихрийн шижин, таргалалттай хүмүүс хүндрэлтэй ирж байгаа. Мөн ковидын дараах хүндрэл үүсч байна. Гэсэн хэдий ч бид энэ бүхний ард гарч, бусад үйл ажиллагаагаа орхигдуулалгүй 90 жилийн ойдоо зориулан тодорхой ажлуудыг хийлээ.

Хавдрын мэс заслын тусламжийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх талаар анхааран ажиллаж үр дүнд хүрлээ.  Одоогоор хавдрын 22 мэс заслыг хийлээ. Хөвсгөл аймагт 10-иад жилийн өмнөөс хавдрын онош эрс нэмэгдэж  тэр үед жилийн хяналтад 310 орчим хүн байдаг байсан бол өнөөдөр жилийн хяналтын тоо гурав дахин нэмэгдсэн. Хавдрын мэс заслын цогц үйлчилгээг орон нутагтаа үзүүлсэнээр иргэдэд  чирэгдэлгүй,  санхүү, цаг хугацаагаа хэмнэх боломж бүрдсэн нь бидний 90 жилдээ барьж буй хамгийн том бэлэг. Хагалгаа хийхээс гадна хавдрын хими, бай эмчилгээ хийж байна. Зөвхөн хавдар судлалын үндэсний төвийн гуравдахь шатлалд хийхийг зөвшөөрдөг эмчилгээг 6 сараас хойш хийж нийт  259 хүнд үйлчилгээ үзүүлжээ. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хангах асуудалд анхаарахын сацуу  ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн дээврийн засварын ажлыг хийгээд явж байна.

Эмнэлгийн боловсон хүчнийг чадавхжуулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, мэдээ мэдээллээр хангах, иргэдэд чирэгдэлгүй чанартай тусламжийг үзүүлэх зэрэгт анхааран ажиллаж байна. Жишээлбэл доторт 3 кабенит ажилладаг байсан нь 7 кабенит болж оочер дараалал үүсгэлгүй, чирэгдэлгүй  тусламж үйлчилгээг үзүүлж байна. Бас иргэд өөрийн биеэр ирж үзлэгийн цаг авах шаардлагагүй E-Mongolia апплэйкшнээ татаад цагаа авч, өгсөн шинжилгээний хариугаа харах  боломжтой болсон.

-Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчин, үйлчилгээ бусад аймгуудтай харьцуулахад ямар түвшинд яваа гэж та хардаг вэ?

Хөвсгөл аймаг бусад аймгуудтай харьцуулахад хэд  хэдэн тусламж үйлчилгээгээр давуу. Мэс заслын үйлчилгээний төрөлд хиймбэл үе солих, тархины хагалгаа хийх, урологийн хагалгаа, хүүхдийн мэс засал хийхээс гадна  хавдрын мэс заслыг  багаараа сурч байгаа.  Хавдрын мэс засалд Улаанбаатар хотоос нарийн мэргэжлийн 4 эмчийг урьж сууршмал  болон түр хугацаагаар ажлуулахаар  гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.  

Мөн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчим эмчилгээнд ур чадвартай сайтай залуу эмч нар бий. Ер нь манай  эмнэлгийн эмч нар  ур чадвараараа  бусад аймгуудын эмч нараас дутахааргүй.  Харин дутагдалтай  тал гэвэл манайд нярайн эмчийн хүрэлцээ дутмаг. Боловсон хүчний нөөц багагүй алдагдсан байгаа. Энэ нь янз бүрийн учир  шалтгаантай. Залуучууд хөдөө орон нутгаа зорьж ирэхээс илүү төв суурин газар луу их тэмүүлж байна. Ялангуа нарийн мэргэжлийн эмч нар. Нөгөө талаараа 03 дугаар тогтоолтой холбоотой эмнэлэг гүйцэтгэлээрээ санхүүжигдээд эмч ажилчдын цалин хангамж нэмэгдээд ирвэл магадгүй гуравдахь шатлалаас хоёрдахь шатлал руу ирэх урсгал бий болох хандлага байна. Манай аймагт  гуравдахь шатлалын мэргэжлийн ур чадвартай эмч нар ирж ажилласнаараа бусад аймгуудад үлгэр дуурайлал, сайн туршлага болж байна. Манай аймгийн дараа энэхүү туршлагыг судлахаар  бидэнтэй байнгын  холбоотой байдаг хоёр аймаг бий.

-Нэгдсэн эмнэлэг ямар бүтэц зохион байгуулалттай ажиллаж байгаа вэ?

Нэгдсэн эмнэлэг  өмнө нь төсвийн байгууллага  байсан бол 2021 оны 03 дугаар сарын нэгнээс хагас бие даасан байдалд шилжиж төлөөлөн удирдах зөвлөлтэй болж төсвөөс нэг ч төгрөг авахгүй болсон. Хувийн эмнэлгүүдтэй ижил системээр ажиллаж, хийсэн үзлэг, эмчилгээ, оношилгоо,  үйлчилгээ, чанартай гүйцэтгэлээ тооцуулж байж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжиж явахаар болсон. Үүнтэй зэрэгцээд шалгуур өндөртэй 03 дугаар тогтоолд тэнцэж, даатгалаас хасагдахгүй байхыг эмч нартаа сургах, дадлагажуулах ажилд багагүй хүчин чармайлт  цаг хугацаа зарцууллаа. Мөн ковид-19 халдварын энэ үед бусад үйл ажиллагаагаа хэвийн авч явах үүднээс дундаа “Завсрын бүс” нэртэй шинэ тасаг нээлээ. Завсрын бүс маань ДЭМБ-аас жишиг бүсээр шалгарсан.  Басхүү ковидын эрчимт эмчилгээний тасаг нээж  боломжгүй байдлаас нэлээд  олон хүний амь насыг аварч чадлаа.

-Хүн ам ихтэй Хөвсгөл аймгийн хувьд улсын эмнэлгийн хүрэлцээ хангалтгүй санагддаг. Энэ талаар таны байр суурь?

Манай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 4 давхар байр 1951 онд баригдсан. Тэр үед Хөвсгөл аймгийн хүн амын тоо 80.000 байсан бол одоо аялал жуулчлалаар ирж амардаг хүмүүсийг оруулаад нэг дахин нэмэгдсэн гэж хэлж болохоор болсон. Миний харж байгаагаар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг ачааллаа даахаа больсон. Жишээлбэл  дөрвөн давхарт ганцхан мэс засал байрладаг  байсан бол нэмэгдээд  гэмтэл, хавдар, бусад бичил мэс засал тасаг  байрлаж байна. Нэг өвчтөнд ногдох стандартын мкв-ыг  ярих ч  шаардлагагүй болсон.

-Хувийн хэвшлийн эмнэлэгүүдтэй хэрхэн хамтын ажиллагаатай ажилладаг вэ?

Мэдээж мэргэжлийн байгууллагууд учраас холбоотой ажилладаг. Хамгийн наад захын жишээ гэхэд Ковид-19 халдварын үед Мөнхтулгуур, Цээнэ, Ренчинжугнай, Энх-Үйлс эмнэлгүүд улаан бүс болж манай эмнэлгийн ачаалал үйлчилгээг хөнгөвчилж, ногоон бүс болоход туслан  хамтран ажилласан.

-Сумдын ЭМТ-үүдийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

Сумдын эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ЭМГазартай хамтарч эрсдлийн гуравдахь шатанд хийгддэг тусламж үйлчилгээг хийж эхэлсэнтэй холбогдуулан олгой, цөс, шамбарам, ивэрхий зэргийн хагалгааг бүсчилж хийхээр болгож Цагаан-Уул, Шинэ-Идэр сумдад мэс заслын тасгийг нээсэн. Дашрамд бидний энэхүү үйл ажиллагааг дэмжин оролцсон ЭМГ, Монголын мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний нийгэмлэгийн тэргүүн, Монголын мэс заслын нийгэмлэгийн тэргүүн н.Сэргэлэн, н.Ганболд багш нартаа талархснаа илэрхийлье.

-Цаашдаа нэгдсэн  эмнэлгийн ямар асуудал анхаарч ажиллахаар зорьж байна?

Эхний удаад хүний нөөцийн бодлогод анхаарна.  Хүн хүчээ нарийн мэргэжлээр мэргэшүүлэх, суурьшуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, ажлын байрны ая тухыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

Баярлалаа. Танд ажлын  амжилт хүсье.

Сэтгүүлч Х.Нямжаргал 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна