Г.АМАРБОЛД: Хөх сарлаг нь ховор ширхэгтэй түүхий эд гаргаж байна

2022-01-14 05:56:45 | 569 | 0


Жинст Мөрөн ХХК-ийн гүйцэтгэх  захирал Г.Амарболдтай ярилцлаа

-Сайн байна уу.Сайхан өвөлжиж байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?

Сайн байна уу. Намайг Гэлэгдоржийн Амарболд гэдэг. Жинст Мөрөн ХХК-ийг үүсгэн байгууллагчдын нэг байна..  

-Та компанийнхаа үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгвөл?

Манай компани орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Жинст Мөрөн ХХК нь анх 2007онд гурван  хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан  сүлжмэл бүтээгдэхүүн, түүхий эд бэлтгэлийн чиглэлээр ажиллаж байгаад 2008 оноос сүлжмэл бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж эхэлсэн.

-Танайх хэдэн  малчдын хоршоодтой хамтран ажиллаж байна вэ?Түүхий эдээ хаанаас  татан авдаг вэ?

2021 оны байдлаар Жинст Мөрөн ХХК зургаан аймгийн 18 суманд үйл ажиллагаа явуулж байна. Энэ дотроо  Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Цагаан-Уул, Цэцэрлэг гэсэн 5 сумын зургаан малчдын хоршоодтой хамтран ажиллаж байгаа. Швейцарийн хөгжлийн Ногоон алт төслийн хүрээнд бэлчээр ашиглагчдын холбоотой хамтарч сарлагийн хөөвөр болон  ямааны ноолууран түүхий эдээ бэлтгэж байна.

-Тэгэхээр ямаа болон сарлагийн түүхий эдийг бүтээгдэхүүндээ ашигладаг гэсэн үг үү?

 Жинст Мөрөн ХХК нь 2008 оноос малчдад сарлагийн түүхий эдийг самнах, сарлагийн хөөврийг ноолуурын дараах орлого болгох талаар ШУТИС-ийн харъяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнтэй хамтран сарлагийг хөөвөрлөх зэрэг сургалтыг явуулж ирлээ. Энэ сургалтыг явуулснаар малчид зөвхөн ямааны ноолуураас гадна сарлагийн хөөврөөр орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдсэн.

 Анх 2014 оноос Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ-тай хамтран “Сарлаг наадам”-ыг санаачлан 2 жил тутамд зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ үйл ажиллагаа хүрээгээ тэлж 2018 онд  Щвейцарын хөгжлийн Ногоон алт төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулах болсон төдийгүй үндэсний үйлдвэрлэгчид ивээн тэтгэж оролцож байна. Тус наадмаар дамжуулан сарлагийн ашиг шимийг малчдад ойлгуулах, сарлагийн самнасан хөөврийг олон улсын зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож өрсөлдүүлэх, аймаг, орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгыг өвөрлөсөн.

Бид зөвхөн компанийхаа үйл ажиллагааг дагнаад явахгүй, ШУТИС-ийн харъяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнтэй хамтран Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд бага насны ямааны ноолуур, Улаан-Уул суманд хөх сарлагийн хөөвөрт  судалгаа шинжилгээний ажлыг хийсэн. Судалгааг хийсний дараагаар малчид түүхий эдээ хэрхэн зөв бэлтгэх, орлогоо яаж  олох зэрэг зөвлөгөөг малчдын  хоршоодоор нь дамжуулан өгдөг. Одоогоор Хөвсгөл аймгийн таван сумын  зургаан хоршоодын ард 2150 малчин өрх бий.

-Үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүн ямар шат дамжлагатай явагдаж хэрэглэгчийн гарт хүрдэг вэ?

Хамгийн анхны шат дамжлага бол малчны хотноос эхэлдэг. Малчны хотноос гарсан түүхий эд эрдэм шинжилгээний байгууллагын судалгаанд үндэсэн Жинст Мөрөн ХХК-ийн нэгдсэн агуулахад ирнэ. Нэгдсэн агуулахаас шошгологдож, чанарын үзүүлэлт хангасан тохиолдолд угаах, самнах, ээрэх гэсэн дамжлагат үйлдвэрлэл явагдана. Манай компанийн зүгээс угаах, самнах, ээрэх үйл ажиллагаан дээр Улаанбаатар хот дахь  үндэсний үйлдвэрүүдтэй кластер хэлбэрээр ажилладаг онцлогтой.

Тэгэхээр бүтээгдэхүүн малчдын хоршоо, малчдын төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, ОУ-н төсөл хөтөлбөр, үндэсний үйлдвэрүүдийн боловсруулах шат дамжлагыг дамнаж нэгдсэн журмаар олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцож тэндээсээ экспортын захиалга авдаг гэсэн үг.

-Жинст Мөрөн ХХК-ийн зүгээс эрчмийн хар ямаа, сарлагын хөөврийн шинж чанарын судалгааг хийсэн. Энэ судалгаа бүтээгдэхүүнд ямар дэвшлийг авчирч байгаа вэ?

Бид бүс нутгийн эрчмийн хар ямааны ноолуурын ширхэгт буюу ноолуурын амин сүнс болсон микрон, урт хоёрын чанарын үзүүлэлт хэр байгаад судалгаа хийсэн. Тэр дундаа бага насны борлон, шүдлэн, хязаалан ямааны ноолуурт судалгаа шинжилгээ хийхэд Хөвсгөл аймгийн Эрчмийн хар ямааны ноолуурын урт 42-43мм, микроны үзүүлэлт зарим тохиолдолд 16 микронтой нарийн ноолуурын гарцтай байна. Бүс нутаг, тархацаар нь  аваад үзвэл  Төмөрбулаг, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Арбулаг суманд ч байна.  

Хятадад бол 14 микронтой, 34мм урттай ноолуурыг супер ноолуур гэдэг. Монголд 15 микронтой, 36 мм урттай ноолуур байна. Монголын ноолуур урт чанараараа илүү байгаа юм. Ноолуурын чанар урт байх тусмаа ээрэгдэх чадвар сайтай. Тэгэхээр эрчмийн хар ямааны ноолуур нь өөрөө  бүс нутагтаа супер ноолууртаа орж байна гэсэн үг. Монголын нийт ноолуурын 7 хувийг Хөвсгөл аймгийн эрчмийн хар ямааны ноолуур эзэлдэг. Эрчмийн хар ямааны ноолуураар хийсэн бүтээгдэхүүн хамгийн зөөлөн, тансаг бүтээгдэхүүн болох магадлал өндөртэй. Байгалийн тогтолцооны хувьд эрчмийн хар ямаа нь бэлчээр доройтуулдаггүй талдаа багтдаг юм билээ.

Сарлагийн хувьд монгол улсын хэмжээнд 1 сая шахам сарлаг бий. 2003-2008онд анх сарлагийн хөөврийг самнуулах, сурталчилах үед сарлагийн тоо толгой 400-600 орчим гэж тоологддог байсан. Харин сарлагийн хөөврийг сурталчилж, дэлхийн зах зээлд таниулах ажлыг хийснээр  сарлагийн тоо толгой сүүлийн жилүүдэд өсч байгаа гэж хэлж болно. 2014 онд Алаг-Эрдэнэ суманд “Сарлаг наадам” зохион байгуулж байхад тухайн сумын сарлагийн тоо 9000 орчим байсан  бол 2021 оны мал тооллогоор 24000 сарлаг болтлоо  өссөн байсан.

Ямааны ноолуураас гадна малчид сарлагийн хөөврөөр үнэ цэнэтэй буюу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийж гадаадад валют болгох боломжит нөөц нь сарлагийн хөөвөр байж болох юм. Бид сарлаг үржүүлдэг аймгууд дотроос бүс нутгаар нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумыг сонгон судалгаа хийж үзсэн. Улаан-Уул суманд ямар сарлаг илүү нутагшиж байна, сарлагийн хөөврийн шинж чанар ямар байна гэдэг судалгаа шинжилгээний ажил  хийгээд Хөвсгөлийн “Хөх сарлаг”-ийг олж тогтоосон. Хөх сарлагийн судалгаа шинжилгээ нь  Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төслийн хүрээнд хийгдсэн. Судалгаан дээр ОУ-ын эрдэмтэн судлаачид болон доктор профессор Ц.Хишигжаргал, эрдэм шинжилгээний байгууллага, хөдөө аж ахуйн байгууллагын  эрдэмтэн судлаачид  ажиллаад Улаан-Уул сум болон тус бүс нутгийн  хөх сарлаг нь  ховор ширхэгтэй түүхий эдтэй бөгөөд тэр нь ямааны ноолууртай дүйх хэмжээний микронтой, уртлаг сарлагийн хөөвөр гэдгийг тогтоосон. Монгол улсын хэмжээнд хөх сарлагийн хөөвөр нийт сарлагийн хөөврийн 8 хувийг эзэлдэг. Харин Хөвсгөл аймагт 2014 онд хөх сарлагийн хөөвөр 8-11 хувьтай байсан бол 2021 оны байдлаар 22 хувь болж өссөн. Хөх сарлагийн хөөврөөр хийсэн “Blue yaк” бүтээгдэхүүнийг өндөр хөгжилтэй орон болох Герман, Франц, Японы үзэсгэлэн худалдаанд танилцуулснаар олон улсад таниулж эхлээд байна. Үүгээр дамжуулаад Хөвсгөл нутагаа сурталчилах, аялал жуулчлалын бүс нутаг болох Хатгал тосгонд нэрийн дэлгүүртэй болох зорилготой ажиллаж байна.

 

-Гадаад болон дотоодын зах зээлд нийт хичнээн төрлийн бүтээгдэхүүн нийлүүлээд байна?

Дотоодын зах зээлд 5 компанитай хамтран бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Гадаад зах зээлд  Герман, Япон гэсэн хоёр оронд туршилтын журмаар нийлүүлэлтээ хийж байна.

-Сарлагын хөөврөөр хийсэн бүтээгдэхүүний онцлог?

Дэлхийд Монгол, Хятад, Энэтхэг Балба, Бутан, Пакистан, Орос, зэрэг 10 гаруй оронд сарлаг үхэр тархан байршдаг. Монгол сарлаг нь  далайн түвшнээс 3000-5600 метрийн  өндөрт байгалийн эрс тэс уур амьсгалд зохицон уулархаг бүсэд тархсан байдаг. Монгол сарлагийн хөөврийн гол шинж чанар нь бат бөх, дулаан хадгалах чадвар өндөр, зөөлөн, нарийн. Сарлагийн хөөврөн  бүтээгдэхүүн нь эдэлгээ сайтай, угааж цэвэрлэхэд хялбар, хэлбэрээ алдахгүй, зөөлөн дулаан, химийн будаггүй, үйлдвэрлэл нь байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн юм.

Саяхан эрдэм шинжилгээний залуу судлаачид надад нэг сонирхолтой судалгааг танилцуулсан. Тэр нь сарлагийн хөөвөр, хялгасанд  эрчим хүчийг гаргах чадалтай химийн ховор элемэнт оршдог юм байна. Ингэснээрээ ирээдүйд  байгалийн даавууг үйлдвэрлэх боломж харагдаж байгаа юм.  Байгалийн даавуу нь хүлэмжийн аж ахуйд ашиглагдах боломжтой.  Нарны туяанаас тодорхой хэмжээний усыг бөөгнүүлж, хялгасаар дамжуулж чийгшилээ өгдөг байгалийн даавууг судалж байгаа юм билээ. Тэгэхээр сарлагийн хөөвөр нь цаашид нарийн судалж шинжлэх шаардлагатай  ховор түүхий эдийн тоонд орж байна.

-Сарлагийн өнгө зүснээс шалтгаалан хөөврийн шинж чанар өөрчлөгдөх тал бий юу?  

Ерөнхийдөө өөр байх боломжтой. Гэхдээ миний онцолж ярьсан хөх сарлагийн хөөвөр нь олон төрлийн будаг орох чадвар сайтай. Хөх сарлагийн хөөврөөр тод өнгийг гаргаж хэрэглэгчдэд хүргэх боломжтой.

-Одоо нэг цамц хийлээ гэхэд түүнд хэр хэмжээний хөөвөр орох уу?

 Жишээлбэл 15 тонн сарлагийн хөөвөр аваад  боловсруулаад цамц хийх утас болгоход хөөврийнхөө 28 хувийг сүлжмэл бүтээгдэхүүнд авч ашигладаг. Үлдсэн 72 хувь нь хялгас болж гардаг. Гэхдээ ялгасан хялгас нь хаягдахгүй, барилгын материалын дулаалга, буйдангийн дүүргэлтийн материал, эсгийний үйлдвэрт эсгийг бат бөх болгох зэрэгт ашиглагддаг. Сарлагийн хөөвөр, амьтны гаралтай түүхий эд нь өөрөө байгальд шингэдэг, эко байдгаараа онцлог.

-Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахад эсхүл үйлдвэрлэх явцад тулгамдаж буй асуудал бий юу?

Манай компани түүхий эдийн татан авалтад сүлжээ бий болох талаар нэлээдгүй хөөцөлдлөө. Монголын бэлчээр ашиглагчдын холбоо, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран QRкод нэвтрүүлэн малчин, хоршоо, үйлдвэрийн хаягтайгаар  хэрэглэгчийн гарт хүргэх, мөн “Хариуцлагатай нүүдэлчин”  стандартын системийг нэвтрүүлж тусгай апплэйкшнийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид түүхий эдийн сүлжээг сүүлийн 10 жилийн турш хөгжүүлж ирсэн. Үүний хажуугаар аймагт үйл ажиллагаа явуулж буй Жинст Мөрөн ХХК 2018 онд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж комьпютер удирдлагатай, хүний оролцоо багатай,  бүрэн автомат машиныг үйлдвэрлэлдээ ашиглаж эхлээд байна.

-Танай компани орон нутаг болон Улаанбаатар гээд  хоёр газар үйл ажиллагаа явуулдаг уу?

Орон нутгийн түвшинд түүхий эдийн бэлтгэл, сүлжмэлийн үйлдвэрлэл, Улаанбаатар хотод боловсруулах шат дамжлага явагддаг.

-Танай компанийн дараагийн зорилго юу вэ?

Бидний дараагийн зорилго бол байгальд ээлтэй, ногоон хөгжлийн  бодлого. Үүгээрээ дамжуулаад Жинст Мөрөн ХХК маань аймаг орон нутагтаа  дотоод болон гадаадын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий өөрийн нэрийн брэндийг төрүүлэн гаргана. Бид нэрийн брэндээ 2022  оны 07 дугаар сард  гаргахаар төлөвлөсөн. Мөн үйлдвэрлэлээ байгальд ээлтэй явуулж  дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, байгальд ээлтэй мал аж ахуйн үйлдвэрлэлд тус дэм болж   хамтдаа хөгжиж, хамтдаа үйлдвэрлэе гэсэн уриатай ажиллана.

Ярилцсан Х.Нямжаргал

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна