Хүйтэн жавар тачигнасан өвлийн сүүл сар өнтэй сайхан өвөлжиж байсан малчдын тав тухыг түр алдуулах аж. Уул талдаа жигдхэн буусан цас бодын хар туруугаар татна. Гэрийн гаднах бууц, малын хөлөөр дурайх жимээс бусад газар нүд гялбайн цавцайна.
Дэлгэрмөрөний гол дагасан байц өндөр хавцал, асга хадтай бараан өвөр ёстой л ямааны нутаг юм. “Өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйн аваргуудыг “өлгийдөн” байдаг ээлтэй дулаан бууц”-даа гэж нутгийнхан өөр хоорондоо ярилцах юм билээ. Ийм л нутгийг зорин очих гийчид хүчит тeхникийн тэнхээ чадлаар их үдийн алдад Баян-Улааны бартаат замыг ажралгүй туулж “Аймгийн аварга малчин”-ы болзол хангасан Б.Баянмөнхийнд зочиллоо.
Дунд гозгорын нөмөрт Улсын аварга малчин Д.Доржпалам агсаны том ач хүү Б.Баянмөнх өвгөдийнхөө нутаглаж ирсэн өвөлжөө бууцанд “эзэн” болж мал сүргээ өсгөн үржүүлж Цагаан үхэр жилийн аймгийн аварга малчин хэмээх хүндтэй алдрыг хүртлээ.
Тэрбээр 22 жил тасралтгүй мал маллаж, тэмээн сүргээс бусдыг нь өсгөн үржүүлж ашиг шимийг нь хүртсээр байна. Б.Баянмөнх гэргий Ш.Лхамтайгаа 2000 онд айл болж, хоёр хүү, нэг охин төрүүлж, өсгөсөн. Том охин нь Анагаахын ухааны их сургуульд суралцдаг. Өмчинд ирсэн зуу орчим малаа дагаж, малчин болох замыг сонгож, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн хүчээр сүүлийн таван жилд мянга таван зуугаас дээш толгой мал тоолуулж иржээ. Багтаа хонин сүргээрээ тэргүүлж, 2017 онд “Сумын аварга малчин” болж байжээ. “Хонь, ямааг хамтад нь бэлчээхэд тохиромжгүй нутаг гэж бий. Манайх өвлийн цагт хонь, ямаагаа хамтад нь бэлчээдэггүй. Ямааг өглөөд хониноос нь ялгаж хад асга, уулын өвөр хяр дагуулан явуулдаг. Хонь нам дор газрын бэлчээрээр идээшилдэг. Малчин хүн малаа хайрлаж өсгөвөл амжилт, ашиг шимийг нь их хүртдэг юм байна” гэж “Аймгийн аварга малчин” Б.Баянмөнх ярилаа. “Айл болоод төдөлгүй зуданд нэрвэгдэж хавар нь дөрвөн хурга бойжуулж авсан ч мал маллахаас цөхрөлгүй хорин нэгэн жил хөдөлмөрлөсөн үр шимийг хүртэж, аав, ээж ах дүү, нутгийн зон олон, найз нөхдийн хайр хүндэтгэл дунд Аварга малчин хэмээх шагнал хүртэж байгаадаа баяртай байна” гэж түүний гэргий Ш.Лхам өгүүллээ.
Улсын аварга малчдын ач, охин хоёр малынхаа онцлог, цаг уурын араншин хоёрт тааруулж жилийн дөрвөн улирлын эргэлтэд 10 гаруй удаагийн отор, нүүдэл хийдэг байна. Батхуягийн Баянмөнхийн гэргий Ширбазарын Лхам Улсын аварга малчин Ширнэнгийн Батбаярын тав дахь хүүхэд. Аав н.Ширбазар нь байгаль хамгаалагч, төрийн албан хаагч хүн байв. Тиймээс ээж нь малаа маллаж Улсын аварга малчин болж байсан юм. Хоёулаа мал ч удамтай, Улсын аварга малчдын үр сад. Тиймээс ч халуунд халж, хүйтэнд хөрж, цагийн хэцүүд малтайгаа хамт зутардаг малчны нөр их хөдөлмөрт шамдаж явснаас биш халширч, төвөгшөөлгүй, бусдад үлгэр, дуурайлал болсон малч хүмүүс гэж ойр орчмын малчид нь үнэлнэ. Б.Баянмөнх зургаан өрхийг малжуулж, мал маллах арвин туршлагаасаа тэдэнд хуваалцжээ. Усан бар жилийн босгонд “Аймгийн аварга малчин”-ы шагналыг Арбулаг сумын ИТХ-ын дарга С.Аюушжав, орлогч дарга С.Бат-Эрдэнэ, мал эмнэлэг үржлийн албаны дарга Д.Дамдиндорж, ИТХ-ын төлөөлөгч О.Бямбабаяр, багийн Засаг дарга З.Ижилмөрөн нар аваргын тууз, өргөмжлөл, энгэрийн тэмдгийг нь гардуулан өглөө.
Б.Баянмөнхийн өвөө Д.Доржпалам гуай Нэгдлийн ямаа маллаж гурван жилийн төлөвлөгөөг давуулан биeлүүлж Улсын аварга малчин болж байсан. Эмээ н.Цэгмэд нь 1972 онд “Аймгийн аварга” саальчин болж байв. Мал маллахдаа малыг айлгаж, цочоож болохгүй, малын хээл хүндрэхээс өмнө уулын ар хяраар, хээл нь хүндрээд ирэхээр нам дор газрын бэлчээр сонгох жишээтэй, бэлчээрийн хуваарилалтыг нарийн хийдэг байх хэрэгтэйг Улсын аварга малчин Д.Доржпалам гуай үр хүүхэд, ач зээ нартаа сургамжилдаг байсныг хүүхдүүд нь дурсан ярьж байлаа. Өвөөгөөсөө хойш тавин нэгэн жил тасраад байсан аварга малчны буухиаг үргэлжлүүлж “Аймгийн аварга малчин” болсон дүү нараараа бахархаж баярын нулимс унагах Б.Баянмөнхийн авага ах Д.Баттөр аавын минь өвөлжөө, аваргын даллагатай нутаг юм хэмээн бахархан ярилаа.
Арын өндөр ууланд нь ямаан сүрэг “асаж”, аварга малчны хот буман олны хөлд дарагдаж, баяр жаргал бялхан, алганд харших хөөрөгтэй хамт амар мэндийн дуу алсран үлдлээ.
Аймгийн аваргын амжилтаа ахиулж Улсын аварга малчин болох ёрөөл өргөюү.
Б.Гэрэлням
Сэтгэгдэл үлдээх