“Хөвсгөл Их тайга” ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч Ш.Сувдтай ярилцлаа.
-Сайн байна уу.Сайхан өвөлжиж байна уу? Хоёулаа яриагаа үйл ажиллагаагаа эхлүүлж байсан үеэс эхэлье?
Сайн. Сайн байна уу. “Хөвсгөл-Их тайга“ ХХК нь анх ХЭАА хэлбэрээр 1995 онд байгуулагдсан. 1995 оноос эхлэн экологийн цэвэр түүхий эд манай орны үзэсгэлэнт байгальд ургадаг түгээмэл тархацтай элбэг ургамлуудыг ашиглан цай үйлдвэрлэх чиглэлээр цайны ургамлын тархац, нөөц тарималжууулах, цай хийх боломжуудыг судалж байгаль орчинд хор нөлөөлөлгүй хураах, бэлтгэн нийлүүлэх, тээвэрлэх өөрийн компанийн кластерчилсэн нэмүү өртгийн сүлжээг бий болгож чадсан ба Олон жилийн судалгаа, шинжилгээ туршилтын үр дүнд “Монгол ногоон цай” бүтээлээр Монгол улсын шинэ бүтээлийн анхны патентыг 2001 онд авч, 2002 онд Монгол ногоон цайны үндэсний MNS 5131-2002 стандартыг боловсруулан батлуулж, энэхүү стандартын дагуу “Их тайга” №1 ногоон цайг үйлдвэрлэж эхэлсэн.
2001 онд ХЭАА-с “Хөвсгөл-Их тайга”ХХК болон өөрчлөгдөн зохион байгуулагдсанаас хойш МИНИЙ ЭХ ОРНЫ цуврал монгол цай, сувилалын зориулалт бүхий эмчилгээний цуврал цай, байгалийн зэрлэг болон таримал ургамал, жимс, ногоо, үр тариа, малын гаралтай сүү цагаан идээнд суурилсан импортыг орлох , ард түмнийхээ хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэдэг болсон. Манай бүтээгдэхүүнүүд 100% органик бөгөөд химийн орц, найрлага, хадгалагч бодис агуулдаггүйгээрээ хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээгээд байна.
-Өнөөдрийн Хөвсгөл Их тайга ХХК ямар бүтэц бүрэлдэхүүн, салбартай ажиллаж байгаа вэ?
Цайны ургамлуудыг тарималжуулах замаар цайны ургамлын палантацтай болох, эрүүл аюулгүй бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ хүргэх, монгол цайны ёс, ёслолыг судлан, хойч үедээ өвлүүлэн үлдээх, Дэлхийн тавцанд монгол цайны гайхамшиг, хэрэглээ, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилттойгоор бид 50 гаруй ажилтантай, үйлдвэрлэл, ургамал бэлтгэл, цагаан идээ бэлтгэл, орон нутагт болон, Улаанбаатарт гэсэн 5 хэсэг нэмүү өртөг шингэсэн, сүүлийн үеийн хүчин чадал бүхий дэлхийн стандартад нийцсэн, Солонгос улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан үйлдвэрийн байртай үйл ажиллагаагаа явуулж байна.
-Бүтээгдэхүүний түүхий эдээ хаанаас бэлтгэдэг вэ?
Бид бүтээгдэүүнийхээ чанар, аюулгүй байдлыг алдахгүйн тулд түүхий эдээ Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг бүс нутгаас өөрийн гараар бэлтгэдэг ба малын гаралтай сүү сүүн бүтээгдэхүүнээ компанийн туслах аж ахуй үнээний ферм, зөгийн аж ахуйгаасаа бэлддэг. Мөн үндсэн түүхий эдийн нөхөн сэргээлтийг хийх, ховордсон ургамлыг ургуулах, туршилт судалгааны ботаникийн цэцэрлэг, ойн нөхөрлөлийг Төв аймгийн Жаргалант суманд бий болгон ажиллаж байна.
-Монгол цайны өв соёлыг дэлгэрүүлж яваа Хөвсгөлийн тодотголтой “Монгол” цайны онцлог?
Цайны идээ шаарыг хогтой хамт хаядаггүй, цэвэр тусгай газар асгадаг. Монгол цай гэж нэрлэсний учир нь зөвхөн монгол орны онгон дагшин байгальд зэрлэгээр ургадаг цайн ургамлуудыг гараар түүж, ургамал хоорондын нийлэмж, амин чанарыг нь уламжлалт Анагаах ухаан, орчин үеийн ШУ-ны бодит судалгаан дээр үндэслэн бүтээгдсэн билээ. Энэхүү цай нь удаан хугацаагаар хэрэглэхэд зөөлөн нөлөөтэй, хүний биеийн эрхтэн системийг бүхэлд нь тайвшруулан илааршуулах, хүрээлэн буй орчин, агаар, хоол, хүнсээр дамжин хүний биед орж хуримтлагдсан цацраг идэвхит бодис, өвчин эмгэг үүсгэгч элдэв нянгийн бохирдлыг цэвэршүүлэх, дархлаа сайжруулах цогц үйлчилгээ бүхий “БАЙГАЛИЙН БИЕ ХАМГААЛАГЧ- АНТИОКСИДАНТ” органик хүнс. Цайнд орсон зэрлэг ургамлыг нэрлэвэл (нарийн навчит хөвөн оройт, боролзгоны цэцэг, навч, бадаан, нохойн хошууны жимс, хусны навч) юм.
-Манай уншигчдад мэдээлэл болгох үүднээс цайны соёл гэж юуг хэлээд буй талаар ярьвал?
Манай ард түмэн аагтай шаргал цайгаа ургахын улаан нартай уралдуулан чанаад, бурхан шүтээн, хангай дэлхийдээ дээжийг өргөөд, гэрийн эзэн, зочин гийчиндээ хоёр гардан барьдаг өвөрмөц ёс заншилтай. Энэ нь Монгол түмний ахуй амьдрал, зан заншил, уламжлал соёлтой нягт холбоотой байсан ба тархан суурьшиж, үргэлж нүүдэллэн амьдарч ирсэн монголчуудын тухайд “Цай” хэмээх эрхэм ундаа нь 5-н тансагт идээний дээж хэмээн хүндлэгдэж, нэг талаасаа ундаа, нөгөө талаасаа “ хоол” орлож байснаараа онцлогтой. Өглөөнөөс орой хүртэл малаа бэлчээрлүүлж, харж хариулдаг малчдын хувьд өглөөний цай нь хоол болохуйц өег тэжээлтэй байх нь чухал байсан байна. Цайгаа чанаж боловсруулах арга технологи болон цайны дээж өргөх, зочин хүнд аягалан барих, цайлах үйл явцын бүх үе шатуудад ёс болгон баримталж ирсэн. Цайлах ёс заншил нь хүн төрөлхтний оюуны соёлын нэг хэсэг, эв эеийн билэгдэл болж байдгаараа бусад ундаанаас ялгагддаг. Монгол үндэстэн ястан өөр өөрийн онцлогоор цай чанадаг. Үүнд: ердийн цай, тостой цай, хийцтэй цай, махны орцтой цай, эмийн ургамлын цай, эмчилгээний цай зэргээс нийтлэг ундаа нь “ сүүтэй цай ” юм.
Цай идээ барьж байгаа, авч байгаа хүн бүхэнд хувцас хунар, малгай титмийн ёс нэгэн адил хамаарна. Монгол хүн өөрийн гэр орон, гадна дотно хаана ч хувцас, малгайгаа засч идээ цайг хүндэлж барьдаг. Монголчууд хоол идсэний дараа заавал цай уудаг нь улаан идээг цагаан идээгээр цайруулж байгаа хэрэг юм. Мөн цайны аяга хөмөрч тавих, аягандаа шавхруу үлдээх, орон дээр тавих, аяган дээгүүр алхаж гарах, амсар сэтэрхий аяганд цай унд барих, аягатай цай, хоолыг амсахгүй тавих зэргийг цээрлэдэг. Энэ утгаараа монголчуудын цайлах ёс нь нэг талдаа хүмүүжлийн чухал ач холбогдолтой, нөгөө талаасаа соёлын илрэл болж байсан бөгөөд хүний сэтгэл оюуныг тайвшруулах, байгаль дэлхийтэйгээ нэгдэж нэгэн цогц болох, цайлах зуураа бие сэтгэл ухаанаа тэгшитгэж, ухаарал хайрлах, зөвхөн цангаагаа тайлах бус амьдрал ахуй хол ойрын сонин ярилцаж, оюуны цангаагаа тайлах зэрэг өргөн цар хүрээтэй байсан байна.
-Монголчуудын цайны соёлыг дэлхийд таниулах талаар ямар зорилготой ажиллаж байна?
Манай компани 2006 оноос эхлэн цайны баяр, ёслолын арга хэмжээнүүдийг хийж ирсэн. Үүнд Төв гандан Чойжамц хамба, Монгол ухаан нэвтрүүлэг, Цайны баяр, Намрын ногоон өдрүүд, Хүнсчдын үе үеийн эрдэмтдэд, Дэлхийн хүнсний өдөр, Хүнсчдийн 90 жилийн ойн баяр, Дэлхийн хүнсний өдөр, Цагаан сарын теле зохиомжит нэвтрүүлэг зэрэг арга хэмжээнүүдэд монгол цайны ёслол бүрэн хэмжээний үзүүлбэрийг үзүүлдэг.
-Хөвсгөл Их тайга ХХК нь цайны үйлдвэрлэлээс гадна ямар бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж байна?
Бид цайны үйлвэрлэлээс гадна ариутгаж хатаасан шар будааны нунтаг, уушги зөөллөх тос, гишүүнэ чанамал, хоолой, ам ариутгах давирхай, чацарганы тосон ханд, шингэн бохь, зэрлэг нэрсний цэвэр шүүс, \Сахаргүй, Химийн хольцгүй, Ариутгалтай\, элэгний тэжээл, зэрлэг цэцэгсийн зөгийн бал, гурвалжин будааны цагаан цэцгийн зөгийн бал, эсийн тэжээл, давирхайны бальзам, нярайн дэр, минжийн хангай дэр, алое бал, алтан бал, зүрх дэмжих цайны хандмал, зүрхний бальзам зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд худалдаалж байна.
-Их тайга ХХК-ий бүтээгдэхүүнээс “Минжийн хангай”дэрийг онцолж асуумаар байна. Тус бүтээгдэхүүн ямар ашиг тустай вэ?
Эрхэм хэрэглэгчиддээ дархлаа дэмжих, уушги цэвэршүүлэх, тайвшруулах эмчилгээний шинэ бүтээгдэхүүн болох нарсны шилмүүсний анхилуун үнэрт “Минжийн хангай” дэрийг танилцуулахад таатай байна.
Нарсны шилмүүсний анхилуун үнэрт дэр нь хүн, байгаль хоёрын хооронд амьд холбоо үүсгэж, таны унтаж амрах орчин, гэр оронд тань байгалын цэвэр бүс үүсгэн, амьсгалын замын өвчин үүсгэгч бактери, сүрьеэгийн савханцрыг хүртэл устгах ба тархи мэдрэлийн системийг бүхэлд нь тайвшруулж амраах, нойрсуулах, сэтгэл сэргээх, дархлаа сайжруулах үндсэн үйлчилгээтэй. Нарсны шилмүүст анхилуун үнэрт дэр нь хүнд тэр тусмаа нярай хүүхдэд орчны бохирдол, тоос хуримтлагдаж, харшил үүсэхээс урьдчилан сэргийлэх ба амьсгалаар дамжин хүний дээд мэдрэлд нөлөөлж, бие махбодийг бүхэлд нь эрүүлжүүлэх үйлчилгээтэй нь шинжлэх ухаанаар нэгэнт баталгаажсан зүйл юм.
Ярилцсан Х.Нямжаргал
Сэтгэгдэл үлдээх