Амттанаар халхлагдсан бидний эрхийн өдөр

2022-03-07 09:53:21 | 391 | 0


Маргааш  олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч, Германы нэрт улс төрч  Клара Цеткин Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг 03 дугаар сарын 08-ы өдөр тэмдэглэх санаачилга гаргасныг НҮБ-ын Ерөнхий ассемблейгээс дэмжиж тус өдрийг “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” олон улсын өдөр болгон тэмдэглэж байх тогтоолыг зарлан тунхагласан тэр цагаас хойш 111  жилийн туршид дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж ирсэн түүхтэй. 

Гэвч бидний эрхийн өдөр бэлэг сэлт авдаг, амттан төдийхөнөөр халхлагдсан баярын өдөр болоод дуусдаг нь харамсалтай. Ядаж эрхийн өдөр нь байгууллагын удирдлагууд   эмэгтэйчүүдээ хүлээн авч уулзаад  санал бодлыг нь сонсдог байх хэрэгтэй. Бас эмэгтэй хүний ялгаатай байдлыг үл хүндэтгэх нь зохисгүй байдал юм.

Эмэгтэйчүүд  гэр орон, тулга тойрсон хэмжээний эрх мэдэлтэй байгаа бол эрэгтэйчүүд нийгмийн хэмжээний эрх мэдэлтэй байдаг. Үүнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтууд ихээхэн нөлөөлж байгаа. Яагаад эмэгтэйчүүд дундаас сум, аймгийг удирдах эмэгтэй удирдагч, Монгол улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч тодорч болохгүй гэж... Эмэгтэйчүүд бид нэг нэгнээ хэмлэдэг бус дэмждэг байх нь чухал.

 Монгол Улсын хувьд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 53.4 хувь байхад эрэгтэйчүүдийнх 68.3 хувь байна. Хөдөлмөр эрхлэхийн хажуугаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад гурав дахин илүү цагийг гэр ахуйн ажил, өрхийн гишүүдийг асрахад зарцуулахын зэрэгцээ цалин хөлсгүй өрхийн бизнест ажиллагчдын 75.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Түүнчлэн жендерийн хэвшмэл ойлголтоос улбаалан шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага, эмэгтэйчүүдийг буруутгах хандлага нийгмийн бүх салбарт байсаар байна.Хүний Эрхийн Үндэсний комисс, Олон Улсын хөдөлмөрийн байгууллагуудын жендэрийн эрх тэгш байдалд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн ажлын байран дахь дарамт Монгол улсад өндөр,  нуугдмал хэлбэртэй байгаа гэжээ.

"Эмэгтэйчүүдийн амьдралын чанар-2021" цогц судалгаанаас харахад   эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэд, ээж аавтайгаа ихэнх цагийг өнгөрүүлдэг байхад эрчүүд эсрэгээрээ найз нөхөд, хамт олон, ангийн уулзалтад цагаа зарцуулдаг юм байна.

Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд өдрийн 24 цагийн 139 минутыг гэр бүлдээ, 90 минутыг үр хүүхдэдээ зарцуулдаг бол өөртөө 33 минутыг зарцуулдаг гэж хариулжээ. Бусад цагийг гэр бүл, үр хүүхэд, хань ижилдээ зориулдаг гэсэн үг. " 

Эмэгтэйчүүдийн 32.8 хувь нь буюу ойролцоогоор гурван хүн тутмын нэг нь тодорхой хэмжээний хуримтлалтай, 67.2 хувь нь огт хуримтлалгүй талаар "Эмэгтэйчүүдийн амьдралын чанар-2021" судалгаанд дурдсан байна. 

Тэгвэл хуримтлалтай эмэгтэйчүүдийн 61 хувь нь дөнгөж нэг сараас дотогш хугацаанд өөрийн санхүүгийн эрсдэлийг даах чадамжтай гэж хариулжээ. 

Х.Нямжаргал 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна