Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилт, Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн бодлого, Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс улс орон даяар эхэлсэн билээ.
ЭМГ-ЫН ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Б.МӨНХ-ЭРДЭНЭ:АЙМГИЙН НИЙТ ХҮН АМЫН 80 ХУВИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛНА
Эрт илрүүлэг үзлэгт Хөвсгөл аймгийн нийт хүн амын 80%-ийг хамруулж, эрсдлийн үнэлгээ хийх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, оношлох, хянах, эмчлэн эрүүлжүүлэх зорилготой. Хөвсгөл аймгийн хүн амын дундаж насжилтыг улсын дундаж түвшинд ойртуулах, Хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд халдварт бус өвчний нас баралтын тохиолдлыг бууруулах, Хүн амын дунд бэлгийн замаар дамжих нийтлэг 3 өвчлөл \Тэмбүү, Заг хүйтэн, трихомиаз\-ийн тохиолдлыг бууруулах зорилттойгоор ажиллаж байгаа. Хөвсгөл аймаг 137,628 хүн амтай үүний 80 хувийг хамруулна гэвэл 110,102 хүнийг эрт илрүүлэгт хамруулах тооцоолол бий.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Хөвсгөл аймгийн эрт илрүүлэг үзлэгт 0-17 насны 50227 хүүхэд хамрагдахаас 26440 буюу 52,6 хувь нь, 18-аас дээш насны 87742 иргэн хамрагдахаас 9145 буюу 10,4 хувь хамрагдсан байна.
НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ Г.БАЯРМАА:ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ИРГЭН АЖЛЫН 20 ХОНОГТ ЭМНЭЛГИЙН ӨӨР ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХГҮЙ.
Эрт илрүүлэг Эрүүл мэндийн сайдын 2022 оны 139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний төвийн 06 дугаар тогтоолоор 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хийгдэж эхэлсэн. Өмнөх урьдчилан сэргийлэх үзлэгээс ялгаатай нь бүх насныханыг хамруулдаг өргөн хүрээтэй болсноороо онцлог. 1-17 насныхан анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд, 18-аас дээш дөрвөн багцын насныханы эрт илрүүлэг Хөвсгөл аймгийн эрүүл мэндийг дэмжих төв, Нэгдсэн эмнэлэгт түшиглэн хөх, бамбай, түрүү булчирхай, хэвлийн эхо, бүх төрлийн хавдар, холестрин, сахар, өндөр, жин, шинжилгээ, эрсдэлт хүчин зүйл байгааг илрүүлж нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгөн ажиллаж байна. Эрт илрүүлэгийн тусламж үйлчилгээнд хамрагдсан иргэн тухайн ажлын 20 хоногт эмнэлгийн өөр тусламж үйлчилгээ авахгүй байх заалттай.
Эрт илрүүлэгээр хүүхдүүдэд шүдний хорхой, шүдний өвчлөл, 18-35 насныханд зүрх судасны өвчлөл урьд онуудаас илүү, 35-45 насныханд хавдар, 65-аас дээш насныханд зүрх судас, артерийн даралт, чихрийн шижин түгээмэл байна. Эрүүл мэндийг дэмжих төвд ажлын 5 хоногийн Пүрэв гарагт албан байгууллага, бусад өдөрт тогтмол 25 иргэнийг өглөөний 09:00 цагаас 18:00 цаг хүртэл үздэг.
ЭРТ ТУСМАА ЭРСДЭЛ БАГА
Сар бүрийн нэгний өдөр дэмжих төвөөс тухайн сарын эрт илрүүлэгийн цагийг өгнө. Та хөтөч сувилагчид бүртгүүлж, эрсдлийн үнэлгээгээ хийлгэж лабораторид орж шинжилгээ өгч нарийн мэргэжлийн эмч нартаа үзүүлнэ. Ажлын 20 хоногт багтаан үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдана. Жилдээ нэг удаа эрт илрүүлэгт хамрагдах боломжтой. Иргэд эмнэлэгт үзүүлэхгүй явах, илэрсэн шинж тэмдгийг тоохгүй хожуу эмнэлэгт хандсанаар хорт хавдрын эцсийн шатандаа орох, гам дэглэм алдаснаас өвчнөө бүрэн эдгээлгүй сэдрээх зэргээс шалтгаалж амь насаа алдах тохиолдлууд гарсаар байна. Эрт хамрагдах тусмаа л иргэн эрсдэл бага үүрнэ.
Түнэл сумын иргэн П.П: Би эрт илрүүлэгээр хоргүй хавдартайгаа мэдсэн
Эрт илрүүлэг үзлэгт 5 сард орж өөрийгөө савны хоргүй хавдартай гэдгээ мэдсэн. Одоо аймгийн эмэгтэйчүүдийн эмчийн хяналтад байдаг. 10 сард эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хагалгаанд орно.
Шинэ-Идэр сумын иргэн Д.Ц: Улаан хоолойн хорт хавдараа авхуулаад ирлээ
2023 оны 9 дүгээр сарын эрт илрүүлэгээр улаан хоолойн хорт хавдрын анхан шатаар оношлогдож, Улаанбаатар хотын 3 дугаар шатлалд хавдараа авхуулаад ирлээ.
Рашаант сумын иргэн Л. О: Өөрт таарсан хоолны дэглэм барьдаг.
2022 онд эрт илрүүлэгээр ороод ходоодны шархтай гарсан. Эмчийн хяналтад байдаг. Өөрт таарсан хоолны дэглэм барьдаг.
Мөрөн сумын иргэн П.Б: Бөөрний хортой хавдраа эмчлүүлсэн
Эрт илрүүлэгээр 2022 оны 12 сард бөөрний хортой хавдраар оношлогдсон. 2023 оны 1 сард хагалгаанд орж одоо байнгын эмчийн хяналтад байдаг.
Хөвсгөл аймгийн хувьд 2022 онд шинээр 305 шинэ хавдар бүртгэгдэж, 214 хүн хавдрын улмаас нас барсан бөгөөд 928 хүн эмчийн байнгын хяналтад байдаг ба эмчийн хяналт өмнөх оноос 78 хүнээр нэмэгджээ.
Иргэд та бүхэн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт хамрагдсанаар халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэн эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх ач холбогдолтой. Мөн иргэн та эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөнөөр жилдээ нэг удаа эрт илрүүлэгт үнэ төлбөргүй орох боломжтой.
Сэтгүүлч Х.Нямжаргал
Сэтгэгдэл үлдээх