Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэд 2019 оны 06 дугаар сард байгуулсан. Тус төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэлэг үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх юм.

Тухайлбал, ажил хайж буй иргэний хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлж, улмаар тухайн иргэний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулж өгөх ажээ.
Залуучууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бүлгийн модуль сургалтыг нийт 3 долоо хоногийн хугацаатай үе шаттай хэрэгжүүлдэг байна.

Эхний сургалтад 10 залуус хамрагдан 5 нь ажлын байртай болжээ.

Харин 2 дахь шатны сургалтад дахин 10 залуус хамрагдаж байгаа юм байна.

Шинэлэг үйлчилгээний зорилтот бүлэг бол 15-34 насны залуучууд.
Энэхүү үйл ажиллагааг Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Өнөөдөр /2019.10.09/ Швейцарийн хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төслийн Олон улсын зөвлөх Иван Ткач загвар төвийн үйл ажиллагаатай танилцсан байна.