Дархан-Уул аймагт дөрвөн улсын хэл, соёл, урлагийг нэгэн зэрэг сурталчилсан “Олон улсын соёлын өдөрлөг” Залуучууд театрт боллоо.
Энэхүү үйл ажиллагааг Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллагын сайн дурын ажилтнууд санаачилж аймгийн ЗДТГ, “Дархан Японы төв”, “Мусаши Донбүри” Япон хоолны газар хамтран өнгөрсөн бямба гарагт зохион байгуулсан байна.
Тус үйл ажиллагаанд Японы ЖАЙКА, БНСУ-ын КОЙКА, АНУ-ын “Дезерет Интернейшнл Чарити” олон улсын байгууллагуудаас гадна 18 дугаар сургуулийн багш, уран нугаралтын “Угалз клуб” оролцож Япон, Солонгос, Америк, Монгол орны хэл, хоол, хувцасны соёл, язгуур урлагийг Дарханчууддаа сурталчилжээ.
Энэ үеэр фэйс арт буюу нүүрний зураг, үндэсний хувцас танилцуулах, өмсөх үйл ажиллагаа, илбийн үзүүлбэр, ханз бичлэг, бийрэн бичлэг, кендама үндэсний тоглоом тоглуулах зэрэг үйл ажиллагааг явуулсны зэрэгцээ япон, солонгос хоол, америк амттаныг өөрсдөө бэлтгэж хүргэсэн нь хүүхэд, залуучуудын сонирхлыг ихэд татсан байна. Боловсрол, эрүүл мэнд, спортын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд сайн дурын гишүүдтэй болох хүсэлтэй байдаг аж. Энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс авах боломжтой гэж тус хэлтсийн харилцааны мэргэжилтэн Ц.Болортуул мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх