Дарханчууд 2050 он хүртэл төв цэвэрлэх байгууламжиндаа санаа зовохооргүй боллоо

2015-06-06 05:59:27 | 552 | 0


   Өдрөөс өдөрт Дархан хот цэцэглэн хөгжиж байгаа хэдий ч усны хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэн байгальд нийлүүлэх, эргүүлэн ашиглах нөхцлийг бүрдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хадгалах зорилгоор цэвэрлэх байгууламж болох бохир усыг татан зайлуулах насос станц, ариутгах татуургын системийг шинэчлэх нь тулгамдсан асуудал болоод байгаа билээ. 
   Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны нийт 20 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 05-ний өдөр аймгийн Засаг дарга С.Насанбат болон холбогдох удирдлагууд гэрээнд гарын үсэг зурлаа. 
Тус гэрээнд гарын үсэг зурснаар 
- Орхон Сэлэнгийн сав, Хараа голын эрэг дагуу Дархан хотын экологийн даацыг бууруулалгүй хотын иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн металлургийн цогцолбор, барилгын материалын болон хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, газрын тос боловсруулах үйлдвэр, эрчимжсэн ХАА, тээвэр ложистик, шинжлэх ухаан, боловсролын цогцолборт тулгуурласан төвийн бүсийн тулгуур төв болгон хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ. 
- Төв цэвэрлэх байгууламжид шинэчлэл хийгдэнэ. Хэрэглээнээс гарсан бохир усыг байгаль орчинд нийлүүлэх стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэх бүтээмж өндөртэй, эрчим хүчний хэмнэлтэй шинэ технологийн тоног төхөөрөмж бүхий цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд оруулна. 
- Дархан хотын бохир ус зайлуулах системийн 1.800 метр шугамыг сольж, хоёр насосны станцийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь бохир усыг татан зайлуулах шугам хоолой тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа сайжирч, ажлыг эрчим хүчний хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно. 
   2 жилийн турш яригдсан 20 сая долларын энэхүү төсөл хөтөлбөр ийнхүү манай аймагт хэрэгжихээр болж Дарханчууд бид 2050 он хүртэл төв цэвэрлэх байгууламжиндаа санаа зовох асуудалгүй боллоо.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна