Д.Раднаасэд Дархан хотын ахмад сурвалжлагч: ЭРДМИЙН БУЛАГ УНДРУУЛАГЧ

2015-06-08 03:01:25 | 795 | 0


Намрын шар нар ээсэн намуун өглөө сургуулийн зүг дүрэмт хувцсаараа гоёсон охид хөвгүүдийн цуваа, цэцэгсийн өнгөөр алаглан хөврөх нь сэтгэл сэргээм. Би Дарханчуудын нэрлэдгээр Герман сургууль буюу 19-р дунд сургуулийг зорилоо. Урьд нь энд  Орос цэцэрлэг гэж байх үеэс би мэдэх юм. Тэр үед энд хүүхдээ өгөх хүсэлтэй хүмүүс Орос улсын Консулын газар, хотын захиргаагаар  хөөцөлдөн байж хүүхдээ өгдөг байж билээ.

Өнөөдөр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт болж, хөгжим эгшиглэн хүүхдийн дуу хөөр цангинан байна. Сургуулийн гаднах өнгө зүс цэвцийн гялалзаж, дотоод тохижилт нь ч нүд булаан цэлгэр саруул анги танхимууд угтлаа. Үүдний өрөөнд хичээлийн хуваарь, хүндэт самбар, уралдаан тэмцээнд аймаг, улсаас хүртсэн өргөмжлөл, цом гээд сургуулийн бахархалуудыг эгнүүлэн өржээ. Дээр нь бичсэн сургуулийн эрхэм зорилго анхаарал татна. “Дэлхийн жишигт нийцсэн чанартай боловсрол олгож, үндэсний уламжлалаа дээдэлсэн, хүүхдэд ээлтэй олон нийтийн  оролцоотой сургууль болохын төлөө!” гэсэн алтадмал үсгээр товойлгон сийлжээ. Энэ бүхнийг шимтэн сонирхсоор захирлын өрөөний хаалгыг зөөлөн татан оров. Бухимдал гэдгийг мэддэггүй болов уу гэмээр амгалан дөлгөөн царай, буурал тэргүүнтэй ахмад багштай мэнд мэдэлцэн зорьж ирсэн учраа таниулж өөрийнх нь болон сургуулийн түүхээс сонирхлоо.

Тэртээх модон луу жилийн 1964 оны нар хур тэгширсэн зуны өнгө тодрох сайхан цагаар ардын багш хэмээх хүндтэй сайхан мэргэжил эзэмшин нийслэл хотоос, төрсөн нутаг Баян-Өлгий аймгийг зорьж байсан тэр л үеэс хойш өнөөдрийг хүртэл 50 гаруй жил боловсролын байгууллагад зүтгэн амжилт бүтээл арвин хуримтлуулсан энэ эрхэм хүн бол Бүргэдэй овогт Дарамын Дэлгэр юм. Тэрбээр 19-р дунд сургуулийг үүсгэн байгуулаад 22 дахь жилдээ хамт олноо удирдан, хичээл номоо заах үедээ зааж, оюун сэргээх үндэсний тоглоом шатар наадан олон шавь нараа араасаа дагуулж явна. Дэлгэр захирлаар нүүдэл заалгасан багш сурагчдаас нь шаггүй шатарчид аймаг, улсдаа нэр алдраа цууриатуулжээ.  

19-р дунд сургууль Дархан  хотын АДХГЗахиргааны 1993-05-07-ны өдрийн шийдвэрээр Англи,Герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттайгаар үүсэн байгуулагджээ. Дуудлага худалдаагаар авсан цэцэрлэгийн байраа сургууль болгон өргөжүүлэх ажил зунжингаа өрнөж намар 60 сурагчтай 2 анги,  Монгол, гадаад 4 багштайгаар анхны хичээлээ эхлэв. Удалгүй 2006 онд      “Монгол Улсын Хувийн хэвшлийн анхны дунд сургууль” гэсэн 01 тоот батламжийг багш сурагчид нь баяр бахдал дүүрэн гардан авчээ. “-Би энэ сургуулийг ганцаараа байгуулсан хүн биш шүү дээ. Сургууль анх байгуулахад гар бие оролцсон ээж минь, хань, үр хүүхэд, ХБНГУ, АНУ-ын мэргэжилтэн багш  нар, ах дүүс найз нөхөд гээд 10 гаруй хүмүүс бий. Тэднээс ихэнх нь одоо ч сургуульдаа ажилласаар байгаа, уулзаж болно шүү!”гээд атга дүүрэн халтар манан хөөрөг гарган тамхилав.  

“-Сургуульд одоо 500 гаруй сурагч, Монгол багш, ажилчид 60 илүү хүн, гадаадын мэргэжилтэн багш 6 ажиллаж байна. 2006 онд хичээлийн байрыг 240 сая төгрөгийн өртгөөр өргөтгөн барьж хувийн өмчийг баталгаажуулсан гэрчилгээ авсан. Мөн өөрийн хүч хөрөнгөөр  2009 онд 350  сая төгрөгөөр биеийн тамирын танхим барилаа. Одоогоор 2 тэрбум 22 сая төгрөгийн үндсэн хөрөнгө,  600 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэйгөөр сургалт, хүмүүжлийн ажлаа явуулдаг. Урьдах 13 удаагийн төгсөлтөөр 522 сурагчдад бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгосон. Эдгээрээс Монгол улсын их дээд сургуульд 362, гадаадын 18 орны их дээд сургуульд 160 хүүхэд суралцаж байгаагаас эхний 9 удаагийн төгсөгчид нь сургуулиа дүүргээд олон улсад болон эх орондоо үр бүтээлтэй ажиллаж байна. Манайхыг төгсөгчдийн амжилт нь, бид Англи хэлний багш нараа Герман, Швейцар, Сингапур улсад мэргэжил дээшлүүлж бэлтгэдэгтэй холбоотой. Мөн АНУ-ын Деневерийн их сургуулийн доктор, профессор Денис Вилхотт  манай сургуульд 3 жил ажиллаж Англи хэлний сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт хүргэж боловсруулах ажлыг удирдан гүйцэтгэсний ач тус” хэмээн хүүрнэв.     

                  Бид хоёрын ярианы дундуур их л олон хүн орж гарч ажил төрлөө зөвлөн хөл хөдөлгөөн тасарсангүй. Дэлгэр захирлын өрөөнөөс сэтгэлдээ эрдмийн гэрэл цацруулсаар гарахад хүүхэд багачуудын цовоо дуу шуугиан эгшиг аялгуун хадаан цангинасаар намайг үдэвэй...

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна