А.Кеншилик: Үнэтэй жийпнээс илүү нэг бүргэдтэй болох юмсан гэдэг хүсэл казах эр хүний дотор байдаг

2015-05-26 03:54:10 | 1784 | 0


 “Хыран бүргэд2014”тэмцээний үеэр Баян-Өлгий аймгийн үйлдвэрчний холбооны дарга, Монголын Бүргэдчин  холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Кеншиликтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

Сайн байна уу танд юуны өмнө бүргэдчидийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаж байна уу?

Өө сайхан баярлаж байна.

Тантай цөөн хором ярилцах гэсэн юм аа, болох уу?

Болно болно.

Хыран бүргэд гэж ямар бүргэдийг хэлж байгаа юм бэ?

Юуны өмнө дэлхийд данстай нүүдэлчдээс зөвхөн монголын казахууд энэ уламжлал соёлыг хадгалж үлдсэн нь бидний бахархал юм.

 Хыран бүргэд гэдэг ньхарсан болгоноо барьдаг, мориор яривал хамгийн хурдан, машинаар яривал хамгийн шинэ, уулаар яривал хамгийн өндөр, өвлийн хамгийн хүйтэн өдөр, зуны хамгийн халуун өдөртэй зүйрлэм тийм эр зориг, хурц хараатай бүргэдийг “Хыран бүргэд” гэж нэрлэж байгаа юм.

Энэ жилийн бүргэдийн баярын онцлог юу байна вэ?

Бүргэдийн баяр бол зөвхөн бүргэдчидийн баяр биш. Ард түмний баяр юм. Учир нь зарим хүмүүс энд нүдээ баясгахын тулд, зарим хүмүүс хийморио сэргээхийн тулд, зарим нь бүргэдтэй зургаа авахуулах гэж, зарим нь янз бүрийн худалдаа наймаа үйлчилгээний цэг ажиллуулж орлогоо нэмэгдүүлэхийн тулд гээд олон шалтгаанаар олон хүн өргөнөөр оролцдог учраас ард түмний баяр гэж хэлж байгаа юм.

Мөн урьд нь эхний жилүүдэд холбооны нэрээр зохион байгуулж байсан бол сүүлийн жилүүдэд төр захиргааны байгууллага соёл спорт аялал жуулчлалын яамнаас тухайн жилийн хуанлид оруулж, орон нутгийн засаг захиргаанаас тодорхой хэдэн төгрөгийн хувь нэмэр оруулж байгаа нь энэ бол ард түмний баяр гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Энэ жилийн баярт хамгийн олон жуулчин, хамгийн олон буюу 74 бүргэдчин оролцож байна.   

Дараагийн нэг онцлог бол энэ жил үндэсний хувцастай хос шалгаруулах тэмцээн нэмэгдсэн.

Үндэсний хувцастай хосыг ямар шалгуураар шалгаруулдаг вэ?

Үүний агуулга нь их сонин л доо. Монгол улсад олон үндэстэн ястан амьдарч байна. Түүний дотор хээтэй хувцастай хүн харахаар  энэ казах хүн байна гэж хэлдэг. Гэтэл тэр хээ угалз чинь дотроо маш олон утга учиртай байдаг. Жишээ нь тайзных, өдөр тутмынх, анчин хүнийх, ахмад хүнийх г.м. Өөрөөр хэлбэл хээ бүр ямар нэг утга учрыг илтгэж байдаг. Үүнийг өнөөгийн бид төдийлөн сайн мэдэхгүй байна л даа. Тиймээс тэр мартагдаж байгаа хувцасны соёлыг нийтэд түгээн дэлгэрүүлэх,  хадгалж үлдээх зорилгоор энэхүү тэмцээнийг нэмсэн.

Энд бас нэг сонин тэмцээн байна л даа.“ХЫЗХУАР”буюу Хүүхэн хөөх тэмцээн ямар утга учиртай юм бэ? Харахад бол нэг л эмэгтэй нь эрэгтэйгээ хөөгөөд алга болох юм...

Энэ бол маш нарийн. Манай казахын ард түмэн, түүний дотор залуус хайр сэтгэлээ илэрхийлэхдээ эрт дээр үеэсээ нэлээн бүрэг ичимтгий байсан л даа. Нэг хэсэг нь эрэгтэйгийн талаас эмэгтэйгийнд очиж бэр буулгахаас гадна тодорхой тооны хэсэг этгээд өөрийнхөө сонголтоор явдаг байсан. Тэдгээр залуус нас биенд хүрэхээрээ \тухайн үед манайх шиг гар утас байсан биш, захиа занаа бичих биш\ энэхүү хүүхэн хөөх тэмцээнд оролцдог байсан байна. Тухайн тэмцээнд оролцсоноороо таалагдсан эмэгтэйтэйгээ хамт оролцож, тодорхой зайнд хамт яваад эргэж ирэхдээ нэг нэгэндээ зүрх сэтгэлээ илэрхийлэх боломжийг энэ тоглоом наадгай олгож байсан. За тэгээд бэл бэнчинтэй эр хүн бол тус наадамд оролцож байгаа хамгийн сайхан бүсгүйтэй хамт гарч, түүнд болон үзэгчдэд эмээл хазаар, эдлэл хэрэглэл, өмссөн хувцас хунараараа бэл бэнчингээ гайхуулдаг г.м. Үүний цаана судлагдаагүй амьдралын маш том философи байгаа юм.

Тэр байтугай казах ардын “Харо жорга” бүжиг байдаг. Тэр бүжгийг бүжиглэж байхдаа залуус нэг нэгэндээ сэтгэл зүрхээ илэрхийлэх боломж олддог. Толгойгоо зөрүүлэн бүжиглэж байгаа нь хоорондоо шивнэлдэх боломж олгодог байсан байх нь.

Гайхалтай сонин уламжлалтай ард түмэн байдаг юм байна. Бүргэдчин хүн ямар байх ёстой вэ?

Нэгдүгээрт морьтой байх ёстой. Мөн бүргэдийг тэжээх арга барилд сайн суралцсан, ан хийлгэж чаддаг, тодорхой хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байх хэрэгтэй.

Бүргэдчин болсноороо ямар ач холбогдолтой юм бэ?

Чингис хааны үеэс л манай нүүдэлчид бүргэдээр ан хийлгэдэг байсан. Нэг ёсондоо тухайн үеийн баячуудын алжаал тайлах, хийморио сэргээх үйл бол бүргэдээр ан хийлгэх явдал байсан байна. Нөгөө талдаа зан үйл \хүүхэд олохгүй байгаа бүсгүй хүүхэд олох, бүсгүй хүн төрөхөд шаналгаатай байхад бүргэдийн далавчаар ганц хоёр самардуулахад тухайн эмэгтэй зовлонгүй сайхан амарждаг\ зэрэг. Бүргэд бол тэнгэрийн амьтан эр хүний хийморь сэргээсэн, бүр эзнийхээ үсийг хошуугаараа самнаад эрхэлдэг ямар гоё гээч. Хэдэн сая долларын үнэтэй жийптэй болохоос илүү нэг бүргэдтэй болох юмсан гэдэг хүсэл казах эр хүний дотор байдаг даа.

Бүргэд эзнийхээ сургаснаар сайн анчин болдог юм уу эсвэл бас морь шиг удам нөлөөлөх үү?

Өө энэ чинь дотроо удам байна. Жишээ нь: Алтайн бүргэд эр зоригтой, талын бүргэд хурдтай мэх сайтай зэрэг олон зүйл байгаа. Морь сойж, шинждэг шиг бүргэдийг мөн адил шинжинэ. Харин сүүлийн үед бүргэдийг сойдог хүмүүс цөөрч байгаа.

Бас нэг зүйл хэлэхэд бид өнгөрөгч онд дэлхийн бусад 13 оронтой нийлээд бүргэдээр ан хийх урлагийг Юнескод бүртгүүлж Монгол улсынхаа нэрийг гаргасан. Энэ бол бидний бахархал.

Ярилцсан Б.Уянга

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна