Баян-Өлгий аймгийн засаг дарга Х.Дармен:Улс төр надаар оролдсон учраас
би улс төрд орсон!
Ярилцлага авахаар очиход засаг дарга толгой өндийх завгүй ажиллаж байсан ч түүнээс ярилцлага авах хүсэлтийг минь зөвшөөрч “За тэгээд чи намайг байцаахаар ирэв үү” гэж инээсээр бидний яриа эхэлсэн юм.
Олон таван үггүй хэлэхээсээ илүү хийдэг, цээжээ дэлдэхээсээ илүүтэй хөдөлмөрлөдөг, дуу цөөтэй, иргэдийнхээ дунд л амьдрах дуртай энэ эрхмийг засаг дарга хэмээх албан тушаалд сууснаас хойш танихгүй хүн гэж үгүй болсон. Түүнтэй их ажлынх нь дараа уулзаж халуун яриа өрнүүллээ.
Ярилцлагын төгсгөлд “Үнэнч шударга төлөв томоотой гүндүүгүй сайхан эр хүн” байна гэсэн дүгнэлтийг сэтгүүлч миний бие гаргалаа. Харин та..
-Сайн байна уу. “Ulgii people” сэтгүүлийн урилгыг хүлээн авсанд баярлалаа. Таны гэр бүлийн тухай яриагаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна...
-Баярлалаа. Уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би эхнэр гурван хүүхэдтэй. Эхнэрийг маань Давидын Күнай гэдэг, эмч мэргэжилтэй. Одоо Аймгийн Эрүүл мэндийн газарт анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Том охин маань Улаанбаатар хотод ажиллаж байна. Дунд хүү маань миний мэргэжлээр ШУТИС-д суралцаж байгаа. Бага охин маань ЭМШУИС-ийн эмчилгээний ангид сурч байна.
-Та эхнэрийнхээ юунд татагдсан бэ? Эмэгтэй хүнийг ямар байгаасай гэж боддог вэ?
-Ер нь эрчүүд эмэгтэй хүнийг хөөрхөн байхыг нэгдүгээрт тавьдаг байх. Харин миний хувьд ухаалаг байхыг л чухалчилдаг. Миний гэргий манай гэр бүлийн ар талын амьдралыг авч явдаг. Миний өдий зэрэгтэй яваа минь эхнэрийн минь л ач гавьяа шүү дээ.
-Таны аав юу хийдэг хүн байсан бэ?
-Аймагтаа л урдаа барьдаг мэс заслийн эмч хүн байсан. Ардын хурлын депутатаар сонгогдон ажиллаж байсан төдийгүй мөн анхны Ардчилсан үндсэн хуулийг 1992 онд батлалцсан 420-иод гишүүдийн нэг байлаа.
Та тэгвэл удмын улс төрч төдийгүй аав тань улс төрийн ухаан сургасан байж таарах нь ээ?
-Би яг тэгж хэлж чадахгүй. Намайг улс төрд орохоос өмнө Эрдэнэт хотод байхад аав маань бурхан болж, би ар гэрийн шалтгаанаар нутагтаа шилжиж ирсэн дээ.
-Багадаа ямар мэргэжилтэй хүн болно гэж мөрөөддөг байв.
-Аав маань байнга л хагалгаатай, дуудлагатай гээд гэртээ бараг байдаггүй байснаас хамгийн түрүүнд эмч л болохгүй гэж шийдсэн. Харин багаасаа авто инженер болох сонирхолтой байсан. Одоо ч миний хобби нэг их сайхан өвөл эсвэл зуны дэлгэр өдөр машинаар явахыг илүүд үздэг.
-Нууц биш бол та хувьдаа ямар машинтай вэ?
-Миний нэр дээр машин байхгүй. \инээв\ Хүүгийн нэр дээр “Ланд 80” байгаа.
-Та яаж яваад улс төрд орсон юм бэ. Хэр баргийн хүний зориглохооргүй салбар атлаа одоо цагт бүгд л төрийн эрх мэдэлтэй болох гэж хошуурдаг болж?
-Би нэг их том улс төрч биш л дээ. Гэхдээ улс төр надаар оролдсон учраас би улс төрд орсон. Яагаад гэхээр би урд нь зүгээр л инженер байсан. 1996 онд “Эрчим компани”-ий ТУЗ надад итгэл үзүүлж, гүйцэтгэх захирлаараа томилсон. Би тэр итгэлийг дааж ажиллахаар бүх мэдлэг чадвараа зориулж, гал алдуулахгүй, гэрэл унтраахгүйн төлөө зүтгэсэн.
Харин 2000 онд намайг улс төржүүлж миний ажлыг булааж авсан. Тэр үеэс л за улс төрд ер нь орохгүй бол болохгүй юм байна аа гэж мэдэрсэн. Тэгээд л эргэж буцалтгүй улс төрд орсон доо.
2004 оноос өдийг хүртэл гурван удаа аймгийн ИТХ- ын төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдон ажилласан. Ингэхдээ гурвууланд нь төрөлх Улаанхус сумаасаа сонгогдлоо. 2012 оны 12 сарын 6-нд аймгийнхаа засаг даргаар томилогдсон.
-Таны амжилтын нууц юу вэ. Дотроо бодсон зүйл байна л биз?
-Нууц гэх нь ч хаашаа юм. Миний хамгийн гол зарчим бол иргэдийн үгийг сонсох. Хүмүүсээс олон янзын санаа гардаг. Харин би түүнийг нэгтгэж дүгнэлт гаргахад анхаарч ажилладаг. Энэ л миний арга барил болов уу. Нөгөө талаас хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг.
Намайг инженерээр сурч, эрчим хүчний том тогоонд байхад хагас цэргийн зохион байгуулалттайгаар хүмүүжүүлсэн. Тэр хүмүүжлээр явсан учраас өнөөдрийн хэмжээний ажил хийх нөхцөл бүрдсэн юм болов уу гэж боддог. Мөн аймгийн удирдлагаар ажилласан хоёр жил бас л нэг том сургуульд орж суралцаж байгаатай ялгаа алга.
-Манай аймгийн байрны халаалт муу байна. Энэ юунаасболж байна вэ. Эрчим хүчний мэргэжилтний хүний хувьд үүнд хариулт өгөөч?
-Үүнд олон шалтгаан байгаа. Хамгийн гол нь өнөө жил “Эрчим” компани зуухаа сольсон. Зуухны үйл ажиллагаа жигдэрсэн л дээ. Хоёрдугаарт шинэ автомат бойлор угсарсан. Энэхүү бойлор нь усны даралтыг дахиж халааж төгсгөл рүү түрдэг төхөөрөмж байгаа юм. Гэтэл энэхүү бойлуур нь манай аймгийн шугамын горим алдагдсанаас ажиллах боломжгүй болчихоод байна. Учир нь одоогоос таван жилийн өмнө Өлгий хотын дулааны горимыг хийсэн байсан. Гэтэл түүнээс хойш одоог хүртэл олон шинэ байр баригдаж, зарим нь халаалтаа хулгайгаар авсан зэрэг шалтгаанаар горим алдагдсан. Гэтэл энэ шинэ технологийн бойлорын бүх юм нь автомат учраас горимын алдааг маш нарийн мэдэрч ажиллахгүй байна. Одоо горимын алдааг засах ажил хийгдэж байна. Хуучин цагийн бойлоруудыг бид монголчилж залгадаг байсан бол одоо тийм биш болжээ.
-Засаг дарга байхын сайхан нь юунд байна вэ. Тодорхой хэмжээнд нэр нөлөөтэй хүний суудаг алба шүү дээ. Манай ард иргэд засаг дарга гэхээр ард олны хүслийг биелүүлэгч шиг хардаг...?
-Засаг дарга байх тийм ч сайхан байдаггүй юм байна. \Хувь хүний хувьд\ Би засаг дарга болсноосоо хойш ээлжийн амралтаа эдэлж чадаагүй л явна. Нөгөө талаар ер нь сайн юм ярьж орж ирдэг хүн ховор шүү дээ. Ажилтай болгож өг, тийм юм болохоо байлаа, бүр сүүлдээ чи тэгэхгүй бол чамайг огцруулна л гэнэ. Тэглээ гээд хэрүүл хийлтэй биш. Аль болох эвийг нь олох хэрэгтэй болно оо доо. Зарим үед янз үзэх гэж ирдэг хүмүүс ч байдаг. Харин нэг сайхан нь ард түмний төлөө санаж бодож байгаагаа хэрэгжүүлэх юм даа. Харамсалтай нь орж ирсэн хүн болгоны хүслийг биелүүлж чадахгүй юм даа. Тийм боломж ч байхгүй.
-Аймагт ямар нэг зүйл болохгүй бол иргэд энэ засаг дарга ажлаа хийхгүй байна гэдэг шүү дээ. Муу нэр, луу данс зүүх мэдээж хэцүү байдаг байх...?
-Хүн болгон адилгүй шүү дээ. Би тэр хүмүүсийг шүүмжилдэггүй. Харин ч сонсохыг хүсдэг. Ямар саналтай байна, хэрвээ та миний оронд байсан бол яаж хийх вэ? гээд л ярилцана даа.
-Та засаг дарга болсноосоо хойш хийж бүтээсэн, гарт баригдаж нүдэнд харагдахуйц томоохон ажлуудаасаа нэрлэвэл...
-Өлгий хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гаргалаа. Эхлэл нь төв талбайн шинэчлэл гэж ойлгож болно. Ерөнхий төлөвлөгөө гэдэг чинь газар зохион байгуулалтыг баталсан “хууль” шүү дээ. Түүнийг дараагийн удирдлагууд ч баримтлах ёстой. Манай гудамж талбай маш замбараагүй. Энэ байдлыг засах хэрэгтэй. Нэг ёсондоо замд ойр байшин барилгуудыг цаашид нүүлгэхээс өөр аргагүйд хүрнэ. Одоохондоо бид газар чөлөөлж чадахгүй байна. Гэхдээ ирээдүйд төсөв мөнгө нь шийдэгдвэл болох байх. Ямартай ч А бүсэд газар олгохгүй. Өлгий хотод жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудал хамгийн чухал байна.
Мөн сүүлийн 2 жилийн дотор Өлгий хотын төвд 4 өрхийн эмнэлгийн барилгыг шинээр барилаа. Энэ жил Өлгий-Толбо, Өлгий-Цагааннуур чиглэлийн 100 км хатуу хучилттай замын ажлыг дуусгаж, улсын комисс хүлээж авсан. Одоо Толбо-Ховд, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд 187,9 ким хатуу хучилттай зам тавих ажлын тендер нь зарлагдаад явж байна. Хөрөнгийн асуудлыг Азийн хөгжлийн банкны зүгээс шийдвэрлүүлээд байна. Бас Өлгий хотын төвд камержуулалт, гэрэлтүүлгийн ажлыг эхлүүлээд, төв серверийг нь Цагдаагийн газрын байранд байршуулаад байгаа. Энэ бол Монгол улсын хэмжээнд зөвхөн манай аймагт л хэрэгжээд байгаа ажил л даа. Энэхүү ажлыг хийж дуусгасны дараа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах боломж бүрдэх юм. Өлгий хотын төв хэсгийн гудамжуудыг тохижуулах ажлыг эхлүүлсэн. Бүрэн эрхийнхээ хугацаанд энэ ажлыг бүрэн дуусгана гэж бодож байна.
Та бүхэн сайн мэдэж байгаа, 2014 онд Цэнгэл сумыг Засгийн газрын «Шинэ сум» төсөлд хамруулж, 5 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийж байна. Энэ ажил бол Баян-Өлгий аймгийн түүхэнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалтын ажил байлаа.
-Өдий зэрэгтэй яваад ирсэн улс төрчийн хувьд хүнийг ямар байдлаас нь хэрхэн дүгнэдэг вэ?
-Ер нь тэгээд мэдэгдэнэ дээ. Би хэдэн үг солиод л энэ ер нь ийм хүн байна гэж мэдэрдэг. Ажил хайж ирж байгаа залуучуудын өргөдлөөс нь л ямар хүн бэ гэдэг дүгнэлт хийж болно. Зарим нэг нь бөөн үг үсгийн алдаатай өргөдөл бичиж ирнэ шүү дээ. Залуучуудад ажил огт олдохгүй байгаа ч юм биш. Манай залуучууд ажил их голдог. Хэрвээ боловсрол, мэдлэгболовсрол та нараас эхэлдэг. Боловсролоо дээшлүүл, бичиж найруулах чадвараа сайжруул гэлээ.
Хоёрт нийгмийн хөгжлийг дагаж ажлын арга барил ч өөрчлөгдөж байна. Жишээ нь 2015 онд хүрэх түвшингээ тодорхойлоогүй байна. Та угаасаа хийх ажлаа энд тавиад хэрэггүй. Харин хүрэх түвшин зорилтоо тодорхойл. Түвшиндээ хүрсэн болон хүрээгүй шалтгаанаа тодохойлж дүн шинжилгээ хийж байж тайлангийн шаардлага хангана. Жишээ нь аймгийн засаг дарга хуучин мал өссөн гэдэг тайлан өгдөг байсан бол одоо шинэчлэлийн засгийн газрын үеэс хичнээн хүнийг ажлын байртай болгосон, ДНБ-ий өсөлт гээд өөрөөр хэлбэл одоо хүн төвтэй бодлого явагдах болсон тухай цэцэрлэгийн эрхлэгч нарт зөвлөлөө.
Та шинэчлэлийн засгийн газартай хоёр жил гаруй ажиллалаа. Одоо “Шинэчлэлийн засгийн газар” солигдож “Шийдлийн засгийн газар” шинээр эмхлэн байгуулагдлаа. Улс төрийн энэ нөхцөл байдал таны ажил албан тушаалд нөлөөлөх үү?
-Орон нутгийн, бидний ажилд нөлөөлөх ёсгүй. Хуулиар орон нутгийн өөрөө удирдах байгууллагын хэмжээнд л яригдах ёстой.
-Нууц биш бол сард хэдэн т ө г р ө г и й н цалин авч байна вэ. Энэ цалин таны амьдралд х ү р э л ц э э т э й байж чадаж байна уу. Засаг даргынх ж и р и й н иргэдийнхээс мэдээж өндөр л байгаа байх...?
-Сая нэмэгдээд 1.370.000 төгрөг болсон байна лээ. Амьдралд хүрэлцэхэд хэцүү дээ. Нодлин АТГ- аас шалгалт ирээд хөрөнгө орлогын мэдүүлэг авлаа. Би ч угаасаа ганц морьтой хүн. Түүнийгээ л “Адуу-1” гээд тавьчихав. Бас ч үгүй жороо учраас үнийг нь таван сая төгрөгөөр үнэлчихэв. Гэтэл шалгалтын комиссын хүн мэдүүлэгт маань үнэмшилгүй, тодруулж л дээ. Тэгээд дараа нь та нээрээ ганцхан морьтой юм байна гэснээ “Та үүнийг хар даа” гээд бусад аймгуудын засаг дарга нарын хөрөнгө о р у у л г ы н ж а г с а а л т ы г үзүүллээ. Харсан чинь бусад аймгийн засаг дарга нар чинь хэдэн зуугаараа т о о л о г д о х адуутай юм байна лээ \инээв\.
-Залуу хүмүүс, залуу гэр бүлд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Залуу хүмүүст хэлэхэд таны эрдэм мэдлэг, боловсрол хүмүүжил, чадвар тань өөр хэнийх ч бус зөвхөн таны баялаг. Та өөртөө итгэлтэй, амьдралаа авч явах чадвартай, эрч хүчтэй байвал бие дааж амьдрах, орших чадвартай болно. Энэ бол мөнгөнөөс үнэтэй зүйл. Нөгөө талаар залуу гэр бүлүүд нэг нэгэндээ хүлээцтэй, нэг нэгнээ ойлгодог, уучилдаг байх хэрэгтэй. Бидний үед удаан үерхэж бие биеэ сайн таньсны дараа гэр бүл болдог байсан. Одооны зарим хүүхдүүд өчигдөр танилцаад өнөөдөр гэр бүл болж байгаа харагдах юм. Энэ бол тийм ч таатай зүйл биш болов уу.
-Үүнийгээ хайр гэж яриад байгаа шүү дээ?
-Тэр хайр мөн үү, эсвэл өнгөн шохоорол, сэтгэл хөдлөл үү. Хайр амьдрал дээр тогтоно гэсэн хуучны сайхан үг байдаг. Амьдралаа хайрлах хэрэгтэй. Амьдралаа хайрласан хүн л сайхан амьдарна шүү дээ. Түүнээс зүс биш царай чухал биш.
Бидний урилгын хүлээн авч, биднийг гэртээ урьж чин сэтгэлийн халуун яриа өрнүүлсэнд тань баярлалаа. Төрөлх нутгийнхаа төлөө их зүйл амжуулж, ирэх сонгуулиар ч энэ суудалд сууж байхын ерөөлийг дэвшүүлье.
Ярилцсан: Б.Энх-Уянга
Сэтгэгдэл үлдээх