С.Оюундэлгэр: Мэргэжлийнхээ үр шимийг энэ ард түмэндээ л хүргэе гэж боддог

2015-06-26 11:06:15 | 1853 | 0


С.Оюундэлгэр: Мэргэжлийнхээ үр шимийг энэ ард түмэндээ л хүргэе гэж боддог

Өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагатай, идэвхи зүтгэлтэй чадварлагаас гадна үнэнч шударга, зарчимч, мэргэжилдээ дуртай, хамт олон болон ард түмэндээ нэр хүндтэй, олон түмнээрээ хүрээлүүлсэн тэргүүний эмч С.Оюундэлгэр эмчийг зочныхоо хойморт урьлаа.

Оюундэлгэр эмч нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат. Яс үндэс урианхай. 1985 онд Говь-Алтай аймгийн АУДуС-ийг эх баригч мэргэжлээр, 1993 онд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1995-1996 онд эх барих эмэгтэйчүүдийн эмчийн резидентур төгсөж, эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил эзэмшсэн.

Эмэгтэйчүүдийн” гэх тодотголтой асуудлууд бүсгүйчүүд биднийг охин насаа үдсэнээс хойш л сүүдэр мэт дагадаг шүү дээ. Түүнтэй эмэгтэйчүүдийг тойрсон асуудал болон хувь хүнийх нь тухай ярилцлаа.

Өвдөхөөрөө л эмчид ханддаг монголчуудын дадал өөрчлөгдөөгүй л байна. Ер нь заавал насанд хүрэгчид гэлтгүй охидыг хэзээнээс эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх ёстой вэ?

Охид гэдэг чинь ирээдүйн эхчүүд. Тийм учраас өсвөр наснаасаа эмэгтэйчүүдийн эмчид хандаж, зөвлөгөө авч, ээж болохдоо эртнээс бэлдэж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн асуудлын талаар мэдлэг мэдээлэлтэй болох хэрэгтэй. Мэдээлэл байхгүйгээсээ болж олон охид хүндрэлтэй асуудалтай тулгардаг. Тэрхүү асуудлаа нууж явсаар бүр хүндрүүлдэг аюул байдаг.

Төрөх насны эмэгтэйчүүдэд тохиолдож байгаа хүндрэл бэрхшээлүүд юу байна вэ?

Хүндрэлтэй асуудлууд олон бий. Тухайлбал эмэгтэйчүүдийн дунд шээс, бөөр, цус багадалттай холбоотой өвчлөл их байгаагаас эх төрөхөд хүндрэл өгөх суурь болдог. Ер нь манай эмэгтэйчүүд эрүүл биед хүүхдээ тээж эсэн мэнд төрүүлэхээ боддоггүй. Зөвхөн жирэмслээд төрнө л гэдэг.  

Манай аймагт амьгүй ураг хэр их төрдөг вэ?

Яг үнэндээ манай аймагт амьгүй төрөлт улсын дунджаас өндөр байдаг л даа.

Үүнд олон зүйлс нөлөөлдөг. Хоол хүнс, утаа униар, агаарын бохирдол, тухайн хүний эрүүл мэндийн байдал г.м

Гэхдээ манайхны алдаа бол бурууг эмэгтэй хүн рүү түлхдэг. Гэвч үнэн хэрэг дээрээ эрчүүдийн нөлөө бас их байна. Эрчүүдийн хэрэглэж байгаа архи тамхи хүүхдэд маш муу нөлөөтэй. Эрүүл гэр бүлээс эрүүл хүүхэд төрнө шүү дээ.

Тамхи гэснээс сүүлийн үед эмэгтэйчүүд бас тамхи татаад байдаг болж...

Эмэгтэй хүн тамхи татна гэдэг маш буруу асуудал. Яагаад гэхлээр та нар бод доо. Гал түлсэн яндангийн дотор тал ямар байдаг билээ. Тамхи татсан хүний уушиг яг л зуухны дотор шиг болдог гэсэн үг.

Сүүлийн үедүргүйдэлтэй эмэгтэйчүүд ихэсч байгаа. Үргүйдэл юунаас үүсдэг вэ? Эмчлэх боломжтой юу?

Эмчлэгддэг үргүйдэл, эмчлэгдэхгүй үргүйдэл гэж байна. Гэхдээ энэ зөвхөн эмэгтэй хүнээс болдог зүйл биш. Орчин үед үргүйдлийн 40 хувь нь эрчүүдээс болоод байгаа гэсэн судалгаа байгаа. Ер нь гэр бүлийн хоёр хоёулаа эмчид үзүүлж, шалтгаанаа тодорхойлуулах хэрэгтэй.

Угийн үргүйдэлтэй хүн гэж байх уу?

Байхгүй. Заавал гадны ямар нэгэн нөлөөллөөс л болдог. Хамгийн гол нь шалтгаанаа тогтоох хэрэгтэй. Манай хүмүүс яадаг вэ гэхлээр жирэмсэлчих байх гээд л явж байгаад өч төчнөөн жилийн дараа эмчид ханддаг. Энэ бол маш буруу.

Ерөөсөө гэр бүлтэй, байнгын тогтмол бэлгийн харьцаанд ордог хүмүүс нэг жилийн хугацаанд жирэмслэхгүй бол үргүйдэлтэй байна гэж ойлгох хэрэгтэй. Манайхан бол таван жил, арван жил ингэж явсаар байгаад эцэс сүүлд нь эмчид ханддаг. Эмчид эрт хандаж, оношоо тодруулах хэрэгтэй.

Төрөх насны дээд, доод хязгаар гэж байдаг уу?

Дээд хязгаар нь 35 нас гэж орчин үеийн анагаахад үздэг л дээ. Учир нь хүн нас ахих тусам төрөхөд янз бүрийн ургийн гаж хөгжил болон хүндрэл үүсэх нөхцөл их байдаг. Тиймээс 35-аас дээш насанд жирэмслэхгүй байх хэрэгтэй гэж үздэг.

Харин доод тал нь 18, 20 нас хүрч байж хүүхэд тээх хэрэгтэй. Болж л өгвөл 20-оос дээш насандаа эх болох хэрэгтэй.

Сүүлийн үед охид хэт эрт бэлгийн харьцаанд ороод байгаа асуудал нийгэмд байна. Бие физиологийн хувьд охид хэдэн нас хүрч байж, бие организм нь бүрэн гүйцэд боловсордог юм бэ? Эрт бэлгийн харьцаанд орсны аюул нь юу вэ?

Хэдэн жилийн өмнө бол эрт бэлгийн харьцаанд орох нь буруу гэж үздэг байсан. Харин сүүлийн үед тухайн хүний эрхийн асуудал гэж яриад байгаа л даа. Ямартай ч охид эрт бэлгийн харьцаанд орсноор жирэмслэх аюул дагуулдаг. Түүнээсээ болж сэтгэл санаа болон бие махбодийн хүндрэл бэрхшээлүүдтэй тулгардаг. Ар гэрийн дарамт, за тэгээд тухайн хүүхдээ тээх үү, таслуулах уу гээд л олон бэрхшээлүүдтэй тулдаг.

Манай аймгийн хувьд үр хөндөлт хэр байдаг вэ?

Бусад аймгуудийн хувьд манайд бага л даа. Гэхдээ огт байхгүй биш. Аборт бол ойрын болон холын олон хор уршигтай.

Манай аймагт гаж хөгжилтэй, манин хүүхэд төрж байсан уу?

Намайг энд ажиллаж эхэлснээс хойш манин хүүхэд төрсөн тохиолдол байхгүй. Харин гаж хөгжилтэй буюу биеийн зөв биш хөгжилтэй хүүхдүүд бол төрдөг. Гаж хөгжил гэдэг нь дотроо засагддаг, засагддаггүй хоёр янз байдаг л даа. Жишээ нь уруул тагнай нь сэтэрхий гажигийг бол засч болно. Гэтэл хэвлийн урд тал нь байхгүй задгай, тархи нь байхгүй зөвхөн урд талын нүүртэй төрөх гэхчлэн засагдахгүй, ургууд бас гарах тохиолдол байдаг.

Тийм тохиолдолд яах вэ?

Яалт ч үгүй. Амьдрах чадваргүй л гэсэн үг л дээ. Тиймээс 5 сартайгаас нь эхлээд ургийн гажгийг оношлох хэрэгтэй. Бид ургийн гажигийг эхо аппаратаар оношилдог. Гэсэн ч эхо-оор гаднаас нь харахад зүгээр хэдий ч дотроо бөөр нь усжчихсан, зүрх нь томорчихсон, дэлүү нь томорчихсон тохиолдлууд байдаг. Түүнийг бид оношлоод ургийг таслах гэхэд эцэг эхчүүд зөвшөөрөхгүй их төвөг учруулдаг л даа. Энэ бол хүүхэд төрсний дараа эцэг эхдээ ч, хүүхэддээ  ч хэцүү шүү дээ.

Яг энэ амьгүй төрөлт, ураг өсөхгүй, гаж хөгжил үүсээд байгаагийн цаад шалтгаан юу юм бэ? Үүнээс сэргийлэхийн тулд эмэгтэйчүүд яах ёстой юм бэ?

Яг ийм шалтгаанаас болоод манай аймагт ураг өсөхгүй байна, гаж хөгжилтэй хүүхэд гараад байна гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаашинжилгээ бидэнд байхгүй л дээ. Түүнийг хийх шаардлагатай. Түүнийг хийж байж үүнээс болж ийм аюул болоод байгаа тул болгоомжлоорой гэж ард иргэддээ хэлэх ёстой л доо.

Нөгөө талаар гэр бүлүүдэд эмийн зөв зохистой хэрэглээ байдаггүй. Иргэд дураараа эмийн сангаас эм авч хэрэглэдэг. Сарын өмнө хэрэглэсэн эм ч сарын дараа жирэмслэхэд урагт нөлөөлдөг тохиолдол бий. Тиймээс эмийг зөв зохистой, эмчийн заавраар хэрэглэх нь чухал.

Мөн хүнсний эрүүл ахуй манайд байхгүй. Жишээ нь захыг хар л даа. Ил задгай тоос шороон дунд бидний хэрэглэдэг жимс ногоог зарна. Бид түүнийг нь худалдан авч байна. Тиймээс би өнөөдөр эхчүүддээ жимс ногоо хэрэглээрэй гэж зөвлөж чаддаггүй. Яагаад гэхээр аюулгүй байж чадахгүй байна шүү дээ. Эхчүүддээ миний хэлдэг зөвлөгөө бол махаа хэрэглэ, цагаан идээгээ хэрэглэ гэдэг. Өнөөдөр бидэнд найдах хүнс маань тэр л байна.

Та хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

23 дахь жилдээ ажиллаж байна.

Та хэдэн хүүхэд эх барьж аваад байна вэ?

Өө хоёр мянга хол давсан.

Энэ хугацаанд тань хүндрэлтэй ямар нэгэн харамсалтай явдал бишгүй л тохиолдож байсан байх...

Эх баригч нар бол нэг биш хоёр хүний амийг хариуцдаг. Гэтэл тэр санасан санаанд минь хүрэхгүй, сэтгэл эмзэглүүлсэн тохиолдлууд олон гарч ирдэг. Хүнээ алдсан, хүүхдээ алдсан тохиолдлууд байна. Энэ нь зөвхөн биднээс биш өвчтөний ар гэр, өөрсдөөс нь шалтгаалдаг зүйлүүд байдаг.

Жишээ нь: Нэг жилийн өмнө анхны жирэмсэн найман сартай эх хөдөө сумаас маш хүнд хүргэгдэж ирсэн. Тухайн эх төрөлхийн зүрхний гажигтай. Эмч нар жирэмсэлж болохгүй гэдгийг өөрт нь хэлсэн байсан. Гэтэл бүсгүй нөхөрт гарч, нөхөртөө болон нөхрийнхөө ар гэрт учир шалтгаанаа хэлэлгүй нуусаар жирэмсэн болсон байсан. Сар ихсэх тусам хүүхэд нь томорч аюулхай руу нь тулаад дээш зүрхэндээ ачаалал өгснөөс болж, нөгөө муу зүрх ачааллыг дийлээгүйгээс бид хоёуланг нь алдсан маш харамсалтай тохиолдол байна.

Хэрэв эрт ирсэн бол аврах боломж байсан уу?

Арай эрт ирсэн бол бид аврах боломж байсан. Гуравдугаар шатлалын эмнэлэгт илгээгээд амийг нь аврах боломж байсан. Гэтэл иргэд маань өөрсдөө ийм хариуцлагагүй. Энэ мэтчилэн нуудаг асуудал манайд их байдаг.

Хүүхдээ голдог, хаяад явдаг тохиолдол байдаг уу?

Намайг ажилласнаас хойш хүүхдээ хаяад явсан тохиолдол гараагүй. Яахав охидууд төрчихөөд би энэ хүүхдийг авмааргүй байна, эцэг эх зөвшөөрөөгүй байгаа, хүнд өргүүлмээр гэдэг тохиолдол гардаг.

Нөгөө талдаа үр хүүхэдгүй, хүүхэд хүсээд санал тавиад ирдэг хүмүүс бас байдаг л даа. Тэднийг хоорондоо л ойлголц гэж хэлдэг дээ.

Кесар хагалгаагаар төрснөөс хойш хэдий хугацааны дараа жирэмслэх хэрэгтэй вэ?

Гурван жилийн дараа төрөх ёстой.

Өөрөөрөө төрж болох уу?

Тухайн эхийн аарцаг ясны байдал, ургийн жин, умайн шархны эдгэрэлт зэргээс харгалзан үзэж төрөлтийн явцыг даах чадвартай байвал өөрөөрөө төрж болно.

Хоёр жилээс дотогш жирэмсэлвэл өөрөөрөө төрж болохгүй.

Танд өөр газар ажиллах санал ирдэг үү?

Нэлээн хэдэн жилийн өмнө бол ирдэг байсан ялангуяа хотоос... Гэсэн ч би нэгэнт эндээс ажлынхаа гарааг эхэлсэн, эндээ л сурч боловсорсон учраас мэргэжлийнхээ үр шимийг энэ ард түмэндээ хүргэе. Ард түмнийхээ шалгалтыг давья, эндээ л ард түмнийхээ төлөө зүтгэе гэж боддог доо.

Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон юм бэ?

Манай ах буюу аавын дүү эмч мэргэжилтэй хүн байсан. Мөн  манай ээж намайг 7-р ангид байхад хамгийн бага дүүг маань их хүндрэлтэй төрүүлсэн л дээ. Тэр үеэс л эмч болъё гэж зоригтой шийдсэн.

Эмч болоогүй бол хаана юу хийж байх байсан бол

Тэрийг огт төсөөлөхгүй байна. Эмчээс өөр хүн болно гэж ер нь бодож байгаагүй.

Та гэр бүлийнхээ тухай яриач...

Би хүү охин хоёртой. Хүү маань тусдаа гарсан. Охин маань одоо 7-р ангид сурдаг.

Аав маань жилийн өмнө нэлээн өндөр наслаад бурхан болсон. Одоо ээж охин хоёртойгоо амьдарч байна.

Одоогийн байдлаар та дотоод сэтгэлээ хэнтэй хуваалцаж, хэнийг түшиж тулж амьдарч байна вэ?

Миний хамт олон бол миний түшиг тулгуур. Нөгөө талаар хэдий энэ мэргэжлийг гартаа оруулаад оргилд нь хүрээгүй ч  өдий зэрэгт хүрэх нөхцлөөр бүрэн хангаж өгсөн хүмүүс бол миний аав ээж хоёр.

Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

Хариуцлагатай л байх хэрэгтэй. Өөрийнхөө амьдралыг би энэ ажлаараа л авч явж байгаа шүү дээ. Үүнийг орхивол би яаж амьдрах вэ?...гэж бодож хариуцлагатай байх хэрэгтэй.

Нууц биш бол таны цалин хэд вэ?

Нуух юу байх вэ дээ. Үндсэн цалин 500.000 төгрөг байдаг. Жижүүрийн илүү цагийн нэмэгдэл авдаг. Цалин мөнгө маань хүрэлцээтэй гэж хэлж чадахгүй л дээ. Ер нь нийт бүх эмч нар л 500-600 мянган төгрөгийн цалинтай байгаа ш дээ.

Сүүлийн үед төрөхийн эх барих эмч нар гар их хардаг болсон тухай иргэд ярих болсон. Та эмч хүний хувьд үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

Үүнийг манай ард түмэн өөрсдөө л бий болгодог асуудал шүү дээ. Хүн төрөх гээд өвдөөд очиход надад юм атгуулахгүй бол энэ хүнийг чинь төрүүлэхгүй гэж хэлэх нэг ч эмч байхгүй шүү дээ. Ард түмэн өөрсдөө үүнийгээ зогсоох хэрэгтэй.

Таны зүгээс залуучууд бүсгүйчүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

Ер нь би залуу гэр бүлд хандаж хэлэхэд эрүүл байх хэрэгтэй. Жирэмслэлтээ зөв төлөвлөдөг байх хэрэгтэй. Яагаад гэхээр энэ жил төрлөө гэхэд дараа жил дахиад жирэмслээд ороод ирдэг. Ойрхон төрнө гэдэг чинь тухайн эмэгтэй хүний бие улам л ядарч туйлдаж, хүндрэл гарах нөхцөл бүрддэг.

Хосууд бие биенээ хүндэтгэдэг, хайрладаг байх хэрэгтэй. Нийгмээ дагаад стресс их бий болж байна. Стрессээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Энэ биеийг удирдаж байгаа зүйл чинь тархи шүү дээ. Тархи амгалан тайван байх юм бол эрхтэн систем бүгд л тайван байна.

 Эмэгтэй хүн ямар байх хэрэгтэй вэ?

Эмэгтэй хүн мэдлэгтэй, боловсролтой, өөрийн ухаанаар дүгнэлт хийж шийдвэр гаргадаг, хүлээцтэй, зөв бодолтой, зөв ухаантай байх хэрэгтэй,

 Ярилцсанд баярлалаа Б.Уянга

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна