Редакцийн танилцуулга

0
Бид ийм сонин бүтээлээ. Гайхамшигтай юм бишээ, гэхдээ сэтгэл шингэсэн юм. Гүн галуутайн түүхийг бичсэн хэрэг. Та бидний үр хүүхэд магадгүй 5 жарны өндөрлөгөөс ч гүн галуутайн нутагтаа, миний өвгөд ингэж ажиллаж, амьдарч байжээ гэж уншиж суухыг хэн мэдлээ. Ийм түүхийн хуудас байгаасай гэж хүсэж байгаа. Ийм үйлсийг эхлүүллээ гэж бодохоор сэтгэл сайхан оргиод энэ сонинд хувь нэмрээ оруулснаа азтайд тооцож байгаа. Гэхдээ энэ сонины нүүрэнд үг яриа, үйлс, бодлоо үлдээсэн тэр хүмүүс бүр ч азтай юм шүү. Өдгөө бидний оюун санаанд эргэлдэн буй зүйл нь энэ нутаг орон хүн ардын төлөө “Багануурын амьдрал” сонины хийж чадах зүйл юу билээ гэсэн бодрол юм. Энэхүү бодрол бясалгал нь сайхан сэтгэл мөн ч саар муутай тулж байж тэр сайхныг авчрах нь зүй. Бид үүний төлөө зоримог ажиллана. Багануур дүүргийн түүх үргэлж үнэнээрээ “Багануурын амьдрал” сонины хуудаснаа бичигдэн байх болно. Хоёр зууны түүхтэй сонин хэвлэл өнөөдөр дэлхий дахинаа өдөр бүр амтлах шинэхэн талх адил эрэлттэй хэвээр Багануур хотын амьдралыг шарласан хуудаснаа хадгалан өчигдрөө үдэж өнөөдрийг угтан маргаашийг тосох “Багануурын амьдрал” сонин уншигчдынхаа оюуны эрэлтэд нийцсээр буйд редакцийн хамт олон бид талархалтай бас урамтай байдаг. Манай урилгын зочин та мэргэн оюундаа тунгаан бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Манай сонины уншигч эрхэм таны оюуны мэлмий сүү шиг цагаан байх болтугай. 
 
Үйл явдлын мөрөөр
Үнэн худлын заагаар
Үгийн хэлхээ холбон нэхэж
Утгын чандад илгээх илч нь
Сэтгүүлчид бид билээ.

Сэтгэгдэл үлдээх