“Суман Тэрх” ХХК-ий ерөнхий
захирал Д.Одгэрэл:
Бурхан хүнийг бүтээдэг, харин бусдыг нь барилгачид бүтээдэг
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хоёулаа яриагаа “Суман Тэрх” ХХК анх байгуулагдаж байсан түүхээс эхлэе?
Уншигч та бүхэндээ болон танай сонины хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Анх “Суман Тэрх” ХХК 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. “Наран” зоогын газрын барилгыг барьж ажлынхаа гарааг эхэлж байлаа. Уг объектыг “Наран” зоогийн газрын захирал Билэгээ бид хоёр ярилцаад –Би зөвхөн ямар нэгэн ашиг харахгүйгээр ажлын хөлсөө авах, харин Билэгээ материалаа хариуцан хийсэн ба Багануурчууд бид юу бүтээж, юу хийж чадахаа харуулах гэж, хэн ч харсан орчин үеийн стандарт шаардлага, чанар, интерьер дизайныг бүрэн хангасан бүтээн байгуулалт хийхийг зорьсон. Энэ ч хүсэл зорилгодоо хүрсэн гэж бодож байгаа. Барьсан барилгаа хараад сэтгэл өег сайхан байдаг. Анхны тэрхүү ажил маань өдгөө миний нэрийн хуудас гэж хэлж болохоор чанартай, дүүргийн маань өнгө үзэмжийг чимэн сүндэрлэж байгаа сайхан бүтээн байгуулалт болсонд нь би болон манай хамт олон сэтгэл хангалуун байдаг.
-“Суман Тэрх” ХХК-ий барилга орон сууц нь зах зээлийн үнэ ханшнаас доогуур байдаг. Энэ нь барилгын чанарт нөлөөлөх үү?
-Хямд байна гэдэг нь чанаргүй байна гэсэн үг биш. Бидний барьсан орон сууц болон бусад барилга байгууламж боломжийн үнэтэй, үүндээ бид чанарын баталгааг амлаж чадна. Угаасаа бизнес гэдэг бол ашгийн төлөө байдаг. Гаднаас хөрөнгө оруулалт авч барилгаа барьчихаад дараа нь түүнийгээ өндөр үнэтэй зарж борлуулах боломж байдаг. Үүнийг үгүйсгэх аргагүй. Ийм тохиолдолд хөрөнгө оруулсан гадны байгууллага ашиг авна, барьж байгуулж байгаа компани нь мөн ашиг авна. Энэ асуудлаас болж байрны үнэ нэмэгддэг гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Иймэрхүү асуудал гаргахгүй, хямд үнэтэй байртай болох боломжийг бүрдүүлэхийн тулд Багануурын ард иргэд та бүхэн өөрсдөө хөрөнгө оруулалт хийж захиалга өгсөнөөр дээрх боломж нөхцөл нэмэгдэнэ. Бидний барьж ашиглалтанд оруулсан угсармал орон сууцанд хамгийн эхэнд нь захиалга өгч, хямдхан байртай болсон иргэдээс бидэнд хандан баярласан талархсан сэтгэлээ илэрхийлж байгаа хүмүүс олон байдаг. Бид ч мөн хийж бүтээсэн ажлуудыг минь дэмжиж хамтран ажиллаж ирсэн иргэддээ баярлаж явдгаа танай сониноор дамжуулан илэрхийлэхийг хүсч байна.
-Эхлүүлсэн ажил болгон шулуун дардан байгаагүй байх. Тохиолдож байсан саад бэрхшээлийг хэрхэн давж байсан бэ?
-Мэдээж тэгэлгүй яахав. Юм бүхэн сайнтай муутай байдаг. Бид дүүргийн хэмжээнд нилээд хэдэн байрнуудын дээврийн засалд БНХАУ-д нэвтрүүлсэн дээд зэргийн чанартай дээврийн техниологийг ашигласан боловч уг технологи нь манай орны эрс тэрс уур амьсгалтай нөхцөлд тохироогүй, ажилчид шинэ технологийг ашиглах, гардан гүйцэтгэх мэдлэг чадвар, туршлага дутмаг байсны улмаас маш их сөрөг үр дагаварыг авчирсан. Манайхаас гадна олон барилгын компаниуд үүнийг туршиж үзсэн, мэдэрсэн. 2012-2013 онд Тулга констракшинтай хамтран уг компаний газар дээр 66 айлын орон сууц барихаар гэрээ хийж ажлаа эхлүүлж ард иргэдээс захиалга авч эхэлсэн. Гэтэл бусдын санаатайгаар хийсэн үйл ажиллагаанаас болж хоёр компаний захирлуудын хооронд үл ойлголцол үүссэнээс гэрээ цуцлагдсан нь надад маш их хүндээр туссан ба компани санхүүгийн хувьд маш их алдагдалд орсон. Бид ч гэсэн хохирогч болсон. Гэхдээ Тулга констракшны захиралтай учраа ололцон өнөөдрийн байдлаар бүх зүйл хэвийн горимдоо шилжсэн. Угсармал орон сууц барьж байх үедээ гаргасан алдааны хамгийн гол шалтгаан нь хамтран ажиллах хүмүүсээ бүрэн таниагүй, тэдэнд хэт их эрх мэдэл өгч, хэтэрхий их итгэсэн минь байсан. Олон хүн сайнтай муутай, уулын мод урттай богинотой гэдэг үг байдаг. Алдаа гаргана гэдэг нь амжилтын үндэс. Гаргасан алдаагаа давтана гэдэг хамгийн тэнэг хүний үйлдэл. Би маш их сургамж авсан. Би дээрх гаргасан алдаагаа дахин давтан гаргахгүйн төлөө, мэргэжлийн, чадварлаг, цомхон баг бүрдүүлэн илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэл, зорилготойгоор ажлаа шинээр эхэлсэн. Нэг үгээр миний алдаа миний “багш” байсан гэж хэлж болно. Миний хийж бүтээсэн бүхэн алдаатай байгаагүй. Үүнээс олон олон шинэ технологи, шинэ санаачлагыг ажил албандаа нэвтрүүлсэн, зохих хэмжээний туршлагыг хуримтлуулсан, зөв оновчтой зүйл олныг хийж байсан гэж боддог доо.
-“Суман Тэрх” ХХК маань зөвхөн Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна уу?
-Бид дүүргийнхээ өнгө үзэмжийг нэмсэн барилга байгууламж барих чин хүсэлтэй хамт олон. Гэхдээ компанийнхаа чадварыг нэмэгдүүлэх, ямар хэмжээний чадвартайгаа бусдад харуулах зорилгоор өөр газар барилга барина. Хамгийн сүүлд У лаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн оффис болох гурван давхар карказан барилгыг барьсан. Бид тэрхүү ажлаа хугацаанд нь чанарын өндөр түвшинд барьж байгуулан комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан. Анх Багануур дүүрэгт ирээд миний хамгийн түрүүнд олж харсан зүйл юу вэ гэвэл Дивизын тоногдсон угсармал барилгын хавтангуудыг хэрэгтэй газар нь хэрэгтэй хүнд нь ашиглуулах гэсэн хүсэл маань намайг энэ хүртэл хөтөлсөн. Эхлээд тэнд нь байшин барилга барьж сэргээн засварлах бодол байсан ч үнэхээр дэд бүтэцийн асуудал шийдвэрлэгдэх боломжгүй байсан тул зөөж ирээд ашиглах санаа төрсөн. Гэвч энэ санаа минь зарим нэгэн саадтай тулгарч байсан. Хуучин материалаар барьж болох уу үгүй юу, нураад унавал яахав гэх мэтчилэн. Зарим хүмүүс бүр эсэргүүцэж байсан ч бид энэхүү саад бэрхшээлийг даван туулж ажил хэрэг болгон ард иргэддээ юмханаар юм хийж болдог гэдгийг харуулж чадсан. Тухайн үед Дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Сандаг-Очир бидний ажилд тусалж Багануурчуудаа хямд орон сууцтай болгоё гэсэн миний санал санаачлагыг дэмжиж газрын асуудлыг шийдэж өгч бүхий л талаараа тусалсанд нь одоо хэр нь талархаж явдаг юм. Одоогийн Засаг дарга Б.Бямбадорж болон үе үеийн удирдлага хамт олон бидний ажлыг маш сайн дэмждэг. Манай орон сууцны барилга Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон. Тэр ч утгаараа ажлын хэрэгжилт үйл явц сайн байгаа. Ер нь Дүүргийн Засаг захиргаа үйл ажиллагаа эрхэлдэг орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийг үнэхээр сайн дэмждэгт баярлаж явдаг.
-Цаашдаа хийх ажлынхаа талаар хэрэглэгчиддээ болон манай уншигчдад сонирхуулахгүй юу?
- 2015 он бол манай хамт олны хувьд их бүтээн байгуулалтын жил байх болно. Би “Суман Тэрх” ХХК-иас гадна Багануур дүүргийн хэмжээнд ганцхан байдаг үйл ажиллагаа явуулах 27 га газрын А лицензтэй, 6 га газартай хайрга бутлан ангилах үйлдвэртэй, дэд бүтэц нь бүрэн шийдвэрлэгдсэн, тээвэрлэлт хийх төмөр замтай “МЕСЕС” ХХК-ий хувьцааны ихэнх хувийг эзэмшдэг. Карказан орон сууцны гол түүхий эд нь хайрга байдаг тул надад байгаа энэ гол давуу талаа ашиглан ажлын талбай дээр зуурмагийн узель /үйлдвэр/ байрлуулан их хотын жишигт хүрсэн Дүүргийнхээ нүүр царай болсон өнгө үзэмж, чанар сайтай барилга, орон сууц барих төлөвлөгөө гарган Багануур дүүрэгт бүрэн цутгамал /карказан/ 9 давхар 112, 127 айлын 2 орон сууц барихаар бүх асуудлаа шийдвэрлэн ажлаа эхэлсэн ба орон сууцнуудын зураг төсөл, бусад шаардлагатай зүйл бэлэн болсон. Дээрх орон сууцнууд нь орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн, хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, нэг хэсэг нь зарим хүмүүсийн худалдан авах боломжинд тулгуурласан бага талбайтай, өртөг хямд 1-3 өрөө байруудаас гадна тансаг зэрэглэлийн талбай томтой 3-4 өрөө байрнууд байх ба гадна талын автомашины ил болон дулаан зогсоол, тоглоомын талбай, ногоон байгууламж, бусад төрлийн үйлчилгээний цэгүүдийг бүрэн шийдвэрлэсэн байхаар төлөвлөгдсөн. Багануурын иргэд мэдэж байгаа байх. Бид урд нь барьж ашиглалтанд оруулсан орон сууцнуудад эхний ээлжин захиалга өгсөн иргэд олон төрлийн хөнгөлөлт урамшуулалд хамрагдсанаар маш хямд байртай болсон. Барилга баригдаж дууссаны дараа өнөөдрийн зах зээлийн ханшаар байраа худалдан авч байгаа. Энэ ч утгаараа бид шинээр баригдах карказан орон сууцандаа урд баримталсан жишиг, хөнгөлөлт урамшууллаа баримтлана гэж бодож байна. Би дээр гадны хөрөнгө оруулалтаар барьсан байр өндөр үнэтэй гардаг гэдгийг хэлсэн байгаа. Ийм та бүхэн эхний ээлжинд байрны захиалга өгсөнөөр та өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг. Та байр захиалсан л захиалсан байрны үнэ имфляцаас хамааран өртөг нэмэгдэх асуудалгүйгээр захиалсан үнээрээ танд очих болно.
-Та дээр зуурмагийн үйлдвэр байрлуулна гэж хэллээ. Энэ ямар хүчин чадалтай үйлдвэр вэ. Мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн үү?
-Энэ нь 1 цагт 40 м3 бетон үйлдвэрлэх хүчин чадалтай, Япон улсад үйлдвэрлэгдсэн хяналтын лабораторитой, бүрэн атоматчилагдсан, зөөвөрлөх боломжтой үйлдвэр юм. Үйлдвэрийн үнэ, хөрөнгө санхүүгийн асуудал бүрэн шийдвэрлэгдсэн ба өвлийн улиралд ажлын талбай дээр суурилуулагдана. Бид энэ өвлийн хугацаанд шаардлагатай бүх хэв хашмал, бусад бэлтгэлийн ажлыг талбай дээрээ бэлтгэж, түр ажлын байраа барьж дуусгасан байна. 2015 оны 03 дугар сарын 01-нээс цутгалтын ажил эхэлж дээрх орон сууцыг ондоо багтааж ашиглалтанд оруулна.
-Танайх хичнээн ажилчидтай вэ? Барилгачдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилладаг вэ? Барилга дээрээс хүмүүс унаж бэртлээ, зарим нь бүр амь насаа алдлаа гэх мэтчилэн аваар осол их гардаг л даа. Танай компанийн хувьд ийм асуудал гарч байсан уу?
-Орон тооны 18-20 ажилчинтай. Улсаас тавьдаг шаардлагын дагуу бүх татвар, нийгмийн даатгалыг нь төлж гэрээ байгуулан ажилладаг. Өмнө нь манайх 80-аад ажилчинтай байсан. Ихэнх барилгын компаниуд үндсэн ажилчин багатай, гэрээт ажилчдаар ажлаа хийлгэж төлбөрөө төлөөд үйл ажиллагаагаа явуулдаг. Үндсэн ажилчид их байх нь хүндрэлтэй байдаг. Учир нь манайх улирлын чанартай ажил хийдэг. Сул зогсолтын цалин мөнгө гээд асуудал их байна. Тиймдээ ч үндсэн ажилчин цөөхөн байдаг. Олны жишгийг дагаад бид гэрээт ажилчидтай гэрээ хийж ажиллуулдаг. Дээхэн үедээ их бага хэмжээгээр хүн бэртэх асуудал гарч байсан хэдий ч хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарал хандуулан ямар нэгэн осол аваар, зөрчил гаргуулахгүй байх талаар хууль журмын дагуу хяналт шалгалтыг өндөр хэмжээнд тавин ажиллаж байна.
-Барилгын ажил хийж дууссаны дараа хог хаягдал ихээр үлддэг. Зарим компанийхан хогоо тэр хэвээр нь үлдээгээд явдаг. Энэ нь тухайн орон нутгийн өнгө үзэмж болон иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчинд эсрэг нөлөө үзүүлдэг. Танай компани хогны асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг вэ?
Барилгын ажил дуусаагүй үед хог хаягдал их хэмжээгээр гарах нь тодорхой. Харин ажил дууссаны дараа гарсан хог хаягдлыг журмын дагуу зайлуулан гадна тохижилтыг бүрэн шийдвэрлэх арга хэмжээг авч ажилладаг.
Иргэдийн худалдан авах чадвар тийм ч сайн биш. Ихэвчлэн банкны лизинг, зээлийн асуудал хүн бүрт байдаг. Залуу гэр бүл болон дундаж амьдралтай иргэдийн байртай болох хүсэл сонирхлыг хэрхэн дэмжиж ажилладаг вэ?
-Бидний урд барьж ашиглалтанд оруулсан байрны 1м2 талбайн үнэ 500,000-600,000 төгрөгний ханштай байсан. Энэ нь бэлэн бүтээгдэхүүн болох угсармал хавтангаар өртөг хямдаар босч байсан. Одоо барих барилга нь карказан хийцтэй цутгамал барилга. Барилга өөрөө өртөг өндөр босдог ч гэсэн бид өнөөдрийн зах зээлийн үнээс харьцангуй доогуур захиалга авахаар төлөвлөсөн. Та бидэнд итгэл үзүүлэн эхний ээлжинд захиалга өгсөн тохиолдолд тодорхой хэмжэний хөнгөлөлт урамшуулал, төлбөр төлөх боломжийн нөхцлүүд байгаа.
- Одгэрэл гэдэг хувь хүний талаар сонирхож байна л даа. Ажил хэрэгээ түр орхиод таны гэр бүл, хувийн амьдралын талаар яриагаа үргэлжлүүлье?
-Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай гэр бүлийн хүнийг Г.Энхцэцэг гэдэг . Багш, санхүүгийн мэргэжилтэй эхнэр бид хоёр цуг ажилладаг. Бид хоёр өглөө ажилдаа хамт гараад орой хамт ирдэг. Ар гэрийн ажил үнэндээ орхигдсон байдаг. Хүүхдүүд маань бага учир заримдаа ажлаасаа ирэхэд хоолтой хоолгүй, төмс ногоо нь түүхий ч юмуу, янз янзын хоол иднэ./инээв/ Гэхдээ бас сайхан хоол цайтай ч сууж байдаг үе олон бий. Би чөлөөт цагаараа шатар тоглох дуртай. Дүүргийн шатрын холбооны тэргүүний алба хашдаг. Эр хүний хувьд хурдан морь уяж сойх хүсэл сонирхол байдаг ч гэсэн их ажлын хажуугаар зав зай ч гарахгүй юм. Телевизороор л үзэж нүдээ баясгах юм даа. Манай том хүүг Алтангэрэл гэдэг 10-р ангийн сурагч. Өөрийн гэсэн тодорхой амжилтанд хүрсэн авъяастай гэж хүүгээ үнэлдэг. Багануур дүүргийн сайн шатарчдын нэг гэж бодож явдаг. 2014 онд улсын аваргад оролцон мөнгөн медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцож байсан. Оролцсон тэмцээн бүртээ амжилтаа ахиулан эцэг эх, анги хамт олноо баярлуулж байдаг. Хамгийн сүүлд Тайландад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож 4 дүгээр байрт шалгарсан. Дунд охин О.Ариун-Ундраа маань 10 настай, уртын дуучин болох хүсэл мөрөөдөлтэй. Дулмаа багшийн дугуйланд хичээллээд 3 жил болж байна. Олон ч байгууллагын нээлт, арга хэмжээг нээж уртын дуугаа дуулсан даа. Бага хүү О.Алдарзориг маань одоо нэгдүгээр анги. Бие хаа томтой, өөрөө бөх болох сонирхолтой. Нээрээ ч миний бага хүү бөх болчих юм боловуу гэж горьддог. Гэхдээ сүүлийн үед ахыгаа дагаад шатрын дугуйланд явж байгаа.
Одгэрэл гэдэг хувь хүний хувьд гэвэл хүүхэд нас Говь-Алтай аймгийн Цээл суманд өнгөрсөн. Нутагтаа 10-р ангиа төгсөөд Улаанбаатар хотруу анх Барилгын техникумд оюутан болж ирж байлаа. 1990 онд сургуулиа төгсөөд Зөвлөлтий барилгын 2-р трестэд анх орж ажилласан. Ажиллах явцдаа Техникын их сургуулийг оройгоор төгсөж барилгын инженер болсон. “Жигүүр гранд”, “Puma imperal” гэх зэрэг байгууллагуудад ажиллаж байгаад “Алтан булаг трейд” компанид талбайн инженер, ерөнхий инжнерээр олон жил ажилласан. Өөрийн эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан дадлага туршлагадаа тулгуурлан 2007 онд барилга угсралтын “Суман Тэрх” ХХК-ийг байгуулан ажилласан. Брилгын салбарт нийт 24 жил тасралтгүй ажиллаж байна.
- Та барилгын салбарт нийт 24 жил тасралтгүйажилласан гэлээ. Энэ хугацаанд ямар ямар шагнал урамшуулал хүртэж байсан бэ?
- 1992 онд анх Эвлэлийн төв хорооны Хөдөлмөрийн алдар алтан медалиар шагнуулж байлаа. Тухайн үед Хөдөлмөрийн баатар, барилгачин н.Хэрлэн гуайг хараад түүн шиг мундаг сайн ажиллах хүсэл эрмэлзлэл төрж тэр хүнээр бахархаж байсан. Барилгын салбарт өгдөг бүхий л шагналыг авч байсан даа. Барилгын салбарын “Барилгын тэргүүний ажилтан” Монголын Барилгачдын холбооны дээд шагнал болох “Аварга барилгачин” цол тэмдгээр шагнуулсан. 2011 онд “Алдарт барилгачин” тэмдэг, 2012 онд төрийн дээд одон “Алтан гадас” одонгоор тус тус шагнуулсан. Барилгачин хүний хамгийн бахархамаар зүйл нь хийсэн бүтээсэн бүхэн хүний нүдэнд ил байдаг. Хийсэн зүйлээ хараад барилгачин гэдэг мэргэжлийг эзэмшсэндээ өөртөө баярладаг. Хүнийг бурхан бүтээсэн, харин бусдыг нь барилгачин бүтээсэн гэдэг үгийг хэлж, бодож явах дуртай.
-Өөрийн санаа бодлоо бидэнтэй чөлөөтэй хуваалцсанд танд баярлалаа. Цаашдын тань ажил хөдөлмөлт өндөр амжилт хүсье?
-Баярлалаа. Танай хамт олон болон “Багануурын амьдрал” сонины нийт уншигчиддаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж байна.
уман Тэрх” ХХК-ийн
Ерөнхий захирал
Д.Одгэрэл
Сэтгэгдэл үлдээх