Золиос болсон залуухан эмэгтэйн тэмдэглэл / Өгүүлэл/

2015-01-22 15:12:47 | 1663 | 0


Хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон залуухан эмэгтэй хамгаалах байранд байхдаа сэтгэл зүйчид хандан сэтгэлээ онгойтол ярьжээ. Мөн нимгэхэн хэрнээ ер бусын эмгэнэлт хувь заяаныхаа талаар бичсэн тэмдэглэлээ түүнд итгэн уншуулжээ. Энэхүү өгүүллээрээ Монголын минь үзэсгэлэнт охид бүсгүйчүүд гэмт хэргийн золиос битгий болоосой гэсэндээ бичиж байна. Хувь заяаны гашуун эргүүлэгт өртөн 18 насандаа хүний наймааны золиос болсон тэрээр амьдралаа зургаахан хуудсанд багтаан өгүүлсэн аж. Бидний дунд аль хэдийнээ байхаа больсон тэр охины эмгэнэлт хувь заяа та бидний хэнд ч тохиолдож болох шүү дээ. Тиймээс уг нимгэхэн дэвтэрт чухам юу өгүүлсэнийг манай уншигт танд хүргэж байна. Монголчуудад хүний наймаа тэртээ алсад сонсогддог байсан. Харин өнөөдөр энэ төрлийн бизнес монголд орж ирээд үүрэлцэн байгааг хэн ч үл анзаарна. 1990 оны тэртээ Монгол улс хүний наймаа дамжуулагч орон гэж нэрлэгдэж байлаа. Харин 2001 оноос хүлээн авагч улс болж зэрэглэлээ ахиулжээ. Өдгөө хүний наймааны бизнес дээд цэгтээ хүртэл хөгжиж Монгол гэдэг нэр гаргагч улсын тоонд орчихсон байх юм. Хамгийн харамсалтай бидний нүдэнд харагдахгүй тэр хүний наймаа 1994 оноос Монголд явагдаад байгаа хүний наймааны хэргүүдээс  ердөө хоёрхон хэргийг нь шүүхээр шийдвэрлэж байсан тоо баримт байх юм. Одоо золиос болсон залуухан эмэгтэйн бичсэн тэмдэглэлээс уншигч танд хүргэж байна. Хүний наймааны гашуун эргүүлгэнд өртсөн тэр эмэгнэлтэй бүсгүй

 Нэгдүгээр хуудсандаа: Би үхмээр байна. Бусдын адил эрх чөлөөтэй байж, хань ижилтэй болж үрийн зулай үнэрлэх хувьгүйдээ би гутарч байна. Энэхүү сэтгэлийн шаналал маань намайг шороон дор ороход аних байх даа. Тиймээс би үхмээр байна. Надад өөр сонголт алга. Уг нь зовлон гэдэг хувийн минь өмч. Гэхдээ би ярьмаар байна. Даанч энэ нийгэм, энэ хүмүүс намайг ойлгохгүй байх гэхээс нуруу хүйт оргиж байна. Өдөржин л толгойгоо гашилгаж, мөнгө мөнгө гэж бодон хотын гудмаар алхалдаг байлаа. Харин тэр нэгэн өдөр тэр зарыг уншсанаар өөрийн амьдралын өчүүхэн зовлонгоо 100 дахин нэмэгдүүлсэн юм даа. Хүний амьдралд өнгө мөнгө чухал ч гэсэн эх орондоо элэг бүтэн амьдрах шиг жаргал даанч үгүй гэдгийг би ойлгосон. Одоо даанч оройтсон энэ амьдралдаа би гутарч байна. Эрээн цаасан дээр өнгөтөөр хэвлэн тавьсан тэр зар дээр өндөр царайлаг охидыг мэргэжил харгалзахгүй өндөр цалинтай ажилд зуучлана гэж бичсэн байсан. Зарын дагуу хотын төвд байрлах нэгэн загварын агентлагт очсон. Тэнд 18-25насны бие хаа сайтай өндөр гунхсан охидууд байсан. Таван минут болсны дараа нүдэнд дулаахан ах эгч хоёр орж ирсэн. Тэд өөрсдийгөө гадаадад сургалт, ажилд зуучилдаг албан ёсны зуучлалын агентлаг хэмээн танилцуулсан. Тэгээд АНУ-д ахлах сургуульд суралцуулна. Японд үйлдвэрлэлийн дадлагажигчаар ажиллуулна, БНХАУ-д гоо сайхны чиглэлээр сургаж Турк улсад компьютер электроникийн чиглэлээр суралцуулна хэмээсэн. Би Турк улсыг сонгож анкет бөглөсөн. Тэд бидний дундуур явж гадаад хэлний мэдлэг, сонгож авсан орныхоо ёс заншил зэргийг хэр мэдэх вэ? хэмээн асуусан. Дараа нь бүхнийг нууцалж эцэг эхдээ гэнэтийн бэлэг барьж чадах уу гэж асуухад, үгүй гэж хэлсэн охидыг буцааж явуулсан. Харин би худлаа хэлж байгаад сонгон шалгаруулалтанд тэнцсэн юм хэмээн бичжээ.

Хоёрдугаар хуудсандаа: Туркийг зорьсон түүх минь энэ. Би Монголоос 2006 онд явсан. Тэгэхэд намар болж байсан. Тэр надад замдаа гоё сайхан хувцас олныг авч өгсөн. Галт тэрэг, усан онгоцоор, эцэст нь автобусаар зугаалан олон хоногийн турш аяласан. Ингээд яг арван хоногийн турш аялсаны дараа Туркийн Станбул хотод анх хөл тавьсан. Тэнд хичнээн сайхан байсан гээч. Өндөр хөгжилтэй орны автобус байшин, замын хашлага зэргийг хараад ухаангүй их баярлаж билээ. 18 настай охины хувьд алс орныг зорьж ажил хийж басхүү боловсрол олж авна гэдэг асар том боломж байсан. Энэ боломжийг алдахыг хүсэхгүй учраас ажилд зуучлагчийн надад тавьсан бүх саналыг нь зөвшөөрсөн. Тэр миний бүх бичиг баримтыг хурааж, дараа нь гоо сайхны мэс засалд оруулж хамрыг маань өндөрлөсөн, хөхийг маань томруулж гоё сайхан болгосон. Эндээс л миний бүх зовлон зүдгүүр эхэлсэн юм.

Гуравдугаар хуудсандаа: Айлган сүрдүүлэлт дундах амьдрал, цонхгүй хэрнээ төмөр хаалгатай дөрвөн хананы дунд хичнээн өдөр хоногийг өнгөрөөсөн нь бүү мэд. Эхэндээ тэнхээгээ тасартал хашгирч, явуулахыг шаардан уйлж байснаа санаж байна. Сүүлдээ урьдчилан хэлэх таах аргагүй тамлалтаас үхтэлээ айж дуугарч ч чадахаа больсон. Зодохгүй юм аа гэхэд бидний биед хар тамхи шахдаг байсан. Тэгээд уртасгасан цагаар, ямар ч чөлөө завсаргүйгээр ажиллуулсан. Хувийн ариун цэвэртээ анхаарах нэг ч минут охидод олддоггүй байв. Хамтдаа Туркийн хил дээр буусан охид хаана байгааг би мэдэхгүй. Харин өөр охидтой нэг өрөөнөөс нөгөө өрөөрүү зөөгдөхдөө тааралддаг. Бид бие биерүүгээ гунигийн харц чулуудан, сэтгэлийн гүн дэх зовлонгоо хуваалцдаг байсан. Тамлал, зодуурын “амт” хэзээ ирж, хэрхэн зовоох бол гэх түгшүүр үргэлж тархинд хоргодон чичирдэг байсан. Биднийг Турк улсад ирсэний дараа эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд оролцохдоо яаж дуугарах, хэрхэн аяглах тухай хүчээр заасан. Хэрэв үйлчлүүлэгчийн хэлснийг хийхгүй бол зодуулна. Дээрээс нь гомдол мэдүүлж дахин зодуулна. Өдөр шөнөгүй завсар зайгүй тэр аймшигтай хүмүүс намайг хүчирхийлж байсан. Өдөрт хамгийн багадаа тав, тэгээд найман удаа тамын ажилдаа гардаг байлаа. Тэндэхийн хүмүүс бидэнтэй юу ч ярьдаггүй. Зөвхөн зоддог. Өөр бусадтай ярихдаа чихэнд ойртож үг хэлээд мөнгө өгч авч байгаа харагддаг.

 

Дөрөвдүгээр хуудсандаа: Орголт биднийг нэг газраас нөгөөрүү зөөдөг байсан. Автобусны цонх хар өнгөтэй бас давхар хөшигтэй. Хянагчид дундуур холхиж бидний үйлдлийг хянана. Тэгээд тэр сайхан хотын хаана ч байдаг юм гэмээр хамгийн бохир газарт биднийг аваачиж өгдөг байсан. Ихэвчлэн тахир дутуу, зүй бусаар бэлгийн дур хүслээ хангадаг догшин харгис новшнуудад биднийг тушаадаг байсан. Би энэ хугацаанд хоёр гурван удаа оргохыг завдаад ухаан балартал зодуулсан юм. Эхний удаа нэг охин автобуснаас газар хөл тавингуутаа зугтсан. Би түүний араас гүйхийг завдсан ч тав алхаад баригдсан. Хэвтэрт орсны дараа хэд хоног ажиллаж чадаагүй. Ажиллаагүй хоног бүрт надаас алданг тооцож, басхүү хараан зүхдэг байсан. Бас жирэмснээс хамгаалах эм өдөр болгон хүчээр уулгаж, төлбөрийг нь өр болгон нэмдэг байсан. Бие тэнхэрсний дараа тамын ажилдаа явахаар автобусанд ачигдаж байхад нөгөө оргосон охид булуу болтлоо зодуулчихсан машинаас бууж байгаа харагдсан. Хөөрхий баригдчихаж. Үүнээс үүдээд сайн ажиллаад бушуухан өрөө төлчихвөл тэд намайг явуулна гэдэгт олон охид итгэдэг. Энэ явдал өнгөрсөнөөс хойш хэсэг хугацааны дараа би буудлаас оргосон. Хичнээн эрсдэлтэй ч би хоёр давхараас үсэрсэн. Сульдаж гүйцсэн би нэг гудамжны цаанаас л баригдсан. Дөрөв таван хянагч тал талаас л гүйгээд ороод ирсэн. Ингэд миний сүүлчийн найдлага тасарсан даа. Сүүлдээ би үхэх талаар бодох болсон. Цаг минут тутам өр нэмэгдэж, алданги тооцож түүний дороос өндийх аргагүй болсон. Мөн хэзээ ч ирж болох харгислал түгшүүрийн дунд зовж цөхөрсөн учраас энэ замыг сонгосон.

Тавдугаар хуудсандаа :Арай гэж ухаан орох нь ээ  эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Цагаан өмсгөлтэй хүн орж ирсэн   нь Турк улсын цагдаагийн ажилтан аж. Тэр надаас баахан юм асуусан. Бас намайг гудамжнаас ухаангүй хэвтэж байхад олсон гэж хэлсэн. Гэхдээ би хариулж чадаагүй. Нүд минь харж байгаагаас бусдаар толгой, хүзүү, нуруу, гэдэс гээд бүх эд эс маань шархирч байлаа. Нүд харанхуйлж, үе үе ухаан балартаад ямар ч тэнхэлгүй болсон байжээ. Би Туркт ирээд хоёр жил боолын хөдөлмөр эрхэлсэн байжээ. Миний төсөөллөөр би энд ирээд 10 жил болсон . Тэгээд л таван давхараас үсэрсэн юм. Босоод ганц хоёр алхсанаа л санаж байна. Сар шахам эмчлүүлсэний эцэст би өөрийгөө заг хүйтэн, мөөгөнцөр болоод нэлээд хэдэн БЗХӨ-тэй болохоо мэдсэн. Мөн олон удаагийн зодуурын улмаас тархи маань их гэмтсэн. Тэд биенд маань шарх үлдээхгүйн тулд ихэвчлэн толгой нуруун тус газар зоддог байснаас үүдэлтэй. Олон удаагийн амь дүйсэн орголт охидод зөвхөн үхэл л авчирдаг. Одоо өрөөсөн хөл маань байхгүй. Бас дотоод эрхтэнд маань нэг ч эрүүл эд эс үлдээгүй. Амьд хүүр болсон би хэнд ч хэрэггүй.

Зургаадугаар хуудсандаа: Гадаад гарах хүсэлдээ хөтлөгдөн Монголын охид минь ийм доромжлолд бүү өртөөсэй. Мөнгөгүй байхдаа би нарыг өдөр бүр хардаг байсан. Харин тэнд хоёр жил тамлагдахдаа өглөөний нарыг нэг ч харж байгаагүй. Ийнхүү хөөрхий бүсгүйн тэмдэглэл дуусчээ. Хэрвээ та гадаад гарах хүсэлтэй, энд тэнд тавьсан зарыг уншиж яваа бол энэхүү золиосонд гарсан бүсгүйн түүхийг уншаад нэгийг ухамсарлаасай гэсэндээ энэхүү өгүүллээ бичлээ.

Сэтгүүлч Э.Эрдэнэзул

 

Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан боллоо.

14 хоног тутамд хуралддаг удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан болсон. Шуурхай хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг  танилцуулснаар эхэлсэн . Үүрэг даалгаврын биелэлтийн хувьд дүүргийн нутаг дэвсгэрээс сонгогдсон Оюунгэрэл Болд нартай 2015 оны төсвийн төсөл өргөн барьсантай холбогдуулан дүүргийн удирдлагаас санал хүргүүлсэн байна. Мөн нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Мөнхтулгаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Дүүргийн тамгийн газраас шилдэг тохижилттой байгууллагыг шалгаруулан дүнг гаргасан .Мөн алслагдсан 3 дүүргийн дунд спортын найрсаг тэмцээнийг зохион байгуулсан талаар албаны хүн мэдэгдлээ. Улс орон нутгийн төсвийн урсгал болон хөрөнгийн зардлаар хийгдсэн худалдан авахаар төлөвлөсөн ажил үйлчилгээний тендер зарлах тал дээр анхааран ажиллаж байгаа юм байна. Өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан гэрэлтүүлгийн ажил дээр хяналт хийж ажилласан бөгөөд нийт гэрэлтүүлэг 93 хувьтай асаж байна. Үлдсэн гэрэлтүүлгийн хувьд 10 сарын 22-ны дотор бүрэн шийдэж засаж дуусгахаар ажиллаж байна. Дүүргийн засаг дарга өмнөх шуурхай дээр үүрэг даалгавар болгож өгсөн асуудал бол дүүргийн гэр хорооллын айл өрхийн хэрэгцээнд Багануур хувьцаат компаниас хямдралтай үнээр нийлүүлэх нүүрсний гэрээг байгуулж нүүрс борлуулах цэгүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх байсан. Тус ажлын хүрээнд 35 цэгт нүүрс борлуулах цэгийг байршуулж байгаа бөгөөд тээвэрлэх савлах ачих гэсэн нийт 50 иргэнийг ажлын байртай болгожээ. Энэ өвөл Багануур хувьцаат компаны уурхайгаас1000 тн нүүрсийг 40 хувийн хямдралтай үнээр авч гэр хороолын амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой өрхүүдийг хямд нүүрсээр хангахаар болсон байна. Нүүрс худалдахтай холбогдсон ажлууд бүрэн хангагдаж 40 кг жинтэй буюу 1 шуудай нүүрс уурхайгаас гараад иргэдэд 1800 төгрөгний үнэтэй хүрч эхэлсэн.  Дүүрэгт ногоон байгууламж нэмэгдүүлэх зорилгоор намрын мод тарилтын ажлыг зохион байгуулсан. Тус ажлын хүрээнд нийт 55 байгууллагад мод тарих тухай урилга хүргүүлсэн бөгөөд үүнээс 31 байгууллагын 1 сая 700 мянган төгрөгний хандив цугласан байна. Мөн эрүүл мэндийн нэгдлийн өмнө 4500 хайлаас модыг мэргэжлийн хүмүүс тарьж ЭМН-д хүлээлгэн өгчээ. Сайн өдөр захыг ажиллуулахаар шийдвэр гараад иргэдэд мэдээлэл хүргэсэн. Сайн өдөр захад гарч бараа бүтээгдэхүүнээ худалдаалах хүсэлтэй 6 иргэн Тохижилт худалдаа үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн байна. Сайн өдөр захад гарч бараа бүтээгдэхүүнээ худалдаалах хүсэлтэй иргэд Тохижилт худалдаа үйлчилгээний хэлтэст бүртгүүлэх боломжтой. Үргэлжлүүлэн дүүргийн засаг дарга ирэх 14 хоногт хийх ажлын үүрэг даалгаврыг өгсөнөөр шуурхай хуралдаан өндөрлөлөө.

Сурвалжилсан: Э.Эрдэнэзул

 

Нийслэлийн өдрөөр нийтийн тээвэр иргэдэд үнэгүй үйлчиллээ

Өнөөдөр нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ой болж байна. Нийслэлийн өдрийн хүрээнд манай дүүрэгт Нийтийн тээврийн микро болон автобуснууд цагийн хуваарийн дагуу иргэдэд үнэ төлбөргүй үйлчиллээ. Манай дүүргийн хувьд 30 мянга гаран хүн амтай ч гэр хорооллын иргэд дийлэнх хэсгийг эзэлдэг. Тэр ч үүднээсээ гэр хороолол чиглэлд үйлчилж байгаа автобус микронууд нэг цагийн зайтайгаар том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр өндөр настан болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчдог. Тэр ч үүднээсээ нийтийн тээврийн автобуснууд үнэгүй иргэдэд үйлчилж байгаад иргэд хувьд сэтгэл хангалуун байна. Мөн Нийслэлийн 375 жилийн ойн өдрийг тохиолдуулан Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа Д.Нацагдоржийн талбайд гарсан . Үзэсгэлэн худалдааны гол онцлог нь иргэд бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хямдаар худалдаалж байсан. Дан ганц Монгол бараа гэлтгүй иргэдийн урласан модон болоод оёж жаазалсан бараануудын үзэсгэлэн болж өндөрлөлөө. Дүүргийн иргэд тус үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож бараа бүтээгдэхүүнээ тайлбарлаж мөн худалдаалах арга хэмжээнүүд боллоо.

Сурвалжилсан: Э.Эрдэнэзул

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна