Хот болоход ойрхон байна

2015-02-06 12:08:46 | 1373 | 0


 Багануурчуудын олон жилийн бие даасан хот болох хүсэл мөрөөдөл таны өнгөн дээр хэрэгжих алхам бүрдэж байна даа.

 Багануур дүүргийг хот болгох талаар үндсэндээ 2014 оны 11-р сараас эхлэн хэлэлцүүлэг сурталчилгаа явуулж хотын үндсэн дүрэм батлах ажил хийгдлээ. Хот болох дүрмийн төсөлтэй танилцаж, иргэд санал бодлоо тусгах ажлыг иргэдийн дунд өргөн хүрээтэй явуулж улмаар 1-р сарын 21,22 нд иргэдийн санал асуулга явуулав.Нийслэлийн засаг даргын захирамжаар Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай хотын үндсэн дүрмийг батлуулах ажлын комисс байгуулж намайг ахлагчаар нь томилсон юм. Багануур хот өөрийн үндсэн дүрэмтэй болох, ард иргэдээсээ хот байгуулах талаар санал асуулга явууллаа. Манай дүүргийн 16200 гаруй сонгогч нэрсийн жагсаалтанд бичигдсэнээс 12600 гаруй иргэн саналаа өгч, санал хураалтын ирц 77,9% байсан ба санал хураалтанд оролцогсодын 95,8% Багануур дүүргийн үндсэн дүрмийг баталж, хот байгуулах саналыг дэмжин идэвхитэй оролцлоо. Санал асуулгын ажлыг зохион байгуулах дүүргийн комисс, хороодын ажлын комисс, дүүргийн төр захиргааны байгууллага аж ахуйн нэгж иргэд маань маш идэвхитэй оролцож саналаа өглөө. Манай дүүргийн иргэд 2006 онд дүүргээ хот болгох тухай санал хүсэлтээ 90 гаруй хувьтай өгч байсан бөгөөд одоо 2дах удаагийн санал асуулгаар 95 гаруй хувьтай өгч Багануур дүүргийг хот болгох хүсэл зорилгоо дахин илэрхийлж холбогдох хууль дүрмийн дагуу Нийслэлийн ИТХ, засаг даргад өргөн барьж байна. Одоо хот болох талаар манай дүүргээс хамаарах бүхнийг гүйцэтгээд байна.

 

Манай улсын үндсэн хуульд хотын статус байхгүй Нийслэл, аймаг, сум, баг, дүүрэг хороонд засаг захиргааны нэгж хуваарилагдахаар заасан болохоор бидний санал биелэгдэх найдвар хэр байна?

 Тиймээ!Гэхдээ засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн  хурал иргэдийн саналыг үндэслэн Улсын их хурал шийдвэрлэнэ гэсэн заалт бас байгаа. Манай дүүргийн хувьд Багануурын уурхайн хөрөнгө оруулалт болон зүүн бүсийн төв болох чухал байршлыг тооцон үзвэл хот болох боломж бүрэн байгаа гэж хэлэх үндэстэй. Иймд бидэнд найдвар байгаа гэсэг үг.

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэж эрт дээр үеэс ярьж ирсэн. Манайх төр засгийн хэмжээнд эвсэлийн засгийн газар байгуулж эв эеэ хичээж эхэллээ. Манай дүүрэгт эвсэн  тохирч нэг үеэ бодвол ажил урагштай явж байгааг иргэд бахархан ярьцгааж байна. Манай дүүргийн төсөв төлөвлөгөө хэр үр ашигтай батлагдсан бэ?

 

 Манай дүүрэг бол татаастай дүүргийн тоонд ордог. Дүүрэг орон нутгийн хэмжээнд батлагдсан төсвийн зарцуулалт дүрэм зааврын дагуу явагдаж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хувьд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт дутуу ирсэн. Өнгөрсөн онд орон нутгийн хөрөнгө оруулалтын сангаас дүүрэгт 2,5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр төсөв төлөвлөгөө батлагдаж, иргэдийн санал асуулганд тулгуурлан орон нутгийн хөрөнгө оруулалтын сангаар хийгдэх ажлыг дүүргийн ИТХ-аар төлөвлөөд 1,9 тэрбум төгрөгний ажил хийгдэж 600 орчим тэрбум төгрөг нь засгийн газрын тогтоолоор буцаан татагдсан. Энэ нь орон нутгаас шалтгаалаагүй засгийн газраас хөрөнгө оруулалтанд хийгдэх мөнгө дутагдсанаас татсан юм. Шинэ оны төсөв хүндрэлтэй байгаа хэдий ч дүүргийн хэмжээнд төдийлөн хүндрэл гарахгүй байх гэж бодож байна. Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлын жагсаалтыг баталсан болохоор энэ ажил хийгдээд явчихвал хүндрэл бага болох байх. Тусгай шилжүүлгийг байгууллагуудад яамдынхаа чиглэлээр орон нутагт батлагдсан үйл ажиллагааныхаа төсвөөр зарцуулалт нь хийгдээд явах байх.

 2015 онд манай дүүрэгт бүтээн  байгуулалтын ямар ажил хийгдэхээр төлөвлөгдөж байна вэ?

 Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу амины орон сууцны жишиг хороолол байгуулах чиглэлээр инженерийн шугам сулжээнд 250 сая гаруй төгрөг төлөвлөөд байна. Мөн манай дүүрэг зүүн бүсийн хөгжлийг тодорхойлох хот болох эхлэлийн үүднээс аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Шувуун саарал” цогцолбор барьж байгуулахаар олон хөтөлбөрт арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн тус дүүрэгт байгаа цахилгааны уналттай хэсэгт боломжийн төсөв хуваарилж эрчим хүчний хангалтыг сайжруулна. Байр орон сууцны дээврийн засвар, байрны фасадны засвар, дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дотоод тохижолтыг сайжруулахад хөрөнгө оруулалт хийнэ.  2014 онд татагдсан хөрөнгө оруулалтын ажилд иргэдийн бүлгээр 100 сая төгрөгний ажлыг хийлгэхээр төлөвлөж байна. Эрүүл мэндийн байгууллагад гемодизийн аппарат, бөөрний дутагдлаас гаргах аппарат зэрэг тоног төхөөрөмж худалдан авахад тодорхой хэмжээний хөрөнгө хуваарилсан байгаа.

 Манай дүүрэгт Нийслэлийн иргэдийн цахим газар өмчлөлийн 2 дугаар ээлж өнөөдрөөс эхэлж байна. Манай өөрсдийн иргэд маань газраа бүрэн өмчилж чадсан уу? Өмчилсөн газарт баригдах дэд бүтцийн асуудлыг хэрхэн яаж шийдэх болоо?

Манай дүүргийг Тариан булгийн 2 дугаар хэсэгт Нийслэлийн иргэдэд газар олгох хүсэлтийг цахимаар авч эхэллээ. Манай дүүргийн 8000 шахам иргэдийн өргөдлийг 2 дугаар хорооны Булагтайн хэсэгт газар олгохоор Нийслэлийн удирдлагатай ярьж тохироод байна. Тариан булгийн 1,2-р хэсэгт бол Нийслэлийн болон Багануур дүүргийн цахимаар хүсэлт гаргасан иргэдэд газар олгох ажил үргэлжлэн хийгдэнэ. Урьд нь цахимаар бус өргөдлөөр өгсөн болон цахимаар хүсэлтээ гаргаад байгаа Багануур дүүргийн харъяат иргэндээ бол Булагтайн хэсэгт газар хуваарилна гэж ойлгож болно. Булагтайн болон Тариан булгийн 1,2-р хэсэгт нийслэлийн хөрөнгө оруулалтаар инженерийн байгууламж хийгдэх байх. Бид ч гэсэн энэ ажилд анхаарал тавьж ажиллах болно. Цахилгаан хангамж, худаг ус, зам барилга гээд бүхий л ажил цахимаар олгосон газарт хийгдэж иргэдийн аятай тохитой амьдрах боломж нөхцлийг урьдчилан хангах төлөвлөлтийг хийж байна. Манай дүүрэг нийтдээ гурван байршилд 1852га газарт 20,000 орчим иргэнд газар өмчлүүлэхээр тодорхойлолт хийгдсэн. 2014 онд Тариан булгийн нэгдүгээр бүсд 7500 иргэний газар өмчлөлийн асуудал цахим хэлбэрээр шийдэгдсэн. Үүнээс манай дүүргийн 2800 орчим иргэн газраа өмчилж авсан энэ нь манай дүүргийн нийт иргэдийн 25 орчим хувь нь газраа өмчилсөн гэсэн үг бөгөөд улсын дундажтай харьцуулахад 2 дахин их үзүүлэлт гэж Өмч Газрын Харилцааны албаны дарга Ш.Отгонбаяр ярьсан байна билээ.

 Манай  дүүргийн иргэдийн хурлын ажил өнгөрсөн үеийг бодвол харьцангуй сайн, иргэдэд хүрч үйл ажиллагаагаа явуулж байгааг дүүргийн иргэд сайшааж байгаа. Зарим жил төрийн одон медалиар ганц ч хүн шагнагдахгүй өнгөрч байсан санагдана. Гэтэл өнгөрсөн онд нилээд хүн шагнагдсан байх хурлын ажлын талаар сонирхуулах уу?

Дүүргийн иргэдийн төлөөлөл болсон 25 төлөөлөгчид маань эв эеэ хичээж дүүргийн сонгогч олны төлөө сэтгэл зүтгэл ихтэй ажиллаж байна. Тэдгээр төлөөлөгчидөө нэгтгэж ажиллах талаар манай иргэдийн хурлын ажлын алба нилээдгүй ажлыг хийлээ. Манай хурлын ажлын албанд иргэний оролцооны хэлтэс 3 орон тоотойгоор байгуулагдан ажиллаж эхэлсэн нь иргэдээ сонсох тэдний хүсэл зорилгыг төрийн захиргааны байгууллагын зүгээс гарах шийдвэрт тусгуулах, шийдвэр гаргахын өмнө ард иргэдээсээ асуудаг болох зарчимд бүрэн нийцэж байгаа билээ. Өнгөрсөн 6 сарын хугацаанд тус хэлтсээс нийт 18 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж 3000 гаруй иргэний санал хүсэлтийг хүлээн авч холбогдох газрын шийдвэрт тусгуулан өөрсдөд нь захидлаар хариу өгч ажиллаа. Мөн хороодын иргэдийн нийтийн хурлын дарга тэргүүлэгчдийг ажиллах байр, техник хэрэгсэл, гарын авлагаар хангаж хууль эрхзүйн зөвлөгөө өгөх зэрэг байнгын удирдлагаар ханган ажиллаж байна. Цаашид нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын анхан шатны нэгж болох хороодын иргэдийн нийтийн хурал түүний тэргүүлэгчдийн чадвар оролцоог дээшлүүлэх тэдгээрийг идэвхижүүлэх байнгын тогтмол ажиллагаатай байхад анхаарал хандуулна. Мөн  иргэдээ сонсох иргэний танхимаар асуудал хэлэлцэх, хороодын иргэдийн хурлын ажлыг жигдрүүлэх зэрэг ажилд анхаарна. Өнгөрсөн онд манай дүүргийн нилээдгүй иргэд хөдөлмөр бүтээлээ төр засгаар үнэлүүлж төрийн одон медаль хүртсэнд дүүргийг төр захиргааны удирдлага бид ч баяртай байна. Дүүргийн ИТХ-н тэргүүлэгчид төрийн дээд шагнал, алдар цол, одон медалиар шагнуулахаар Монгол улсын гавъяат цолоор 9, хөдөлмөрийн болон цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор 15, Алтан гадас цэргийн гавъяаны одон, хөдөлмөрийн хүндэт медалиар 204, Алдарт эхийн одонгоор 65 хүнийг дэмжин дээд шатны байгууллагад уламжилснаас Монгол улсын гавъяатаар 2 хүн, Цэргийн болон хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 50 гаруй, бусад одон медалиар 300 гаруй хүн шагнагджээ. 

 Амжилт бүтээл арвин морин жил улиран одож, аз жаргал дүүрэн хонин жил айлчлан ирэх гэж байна. Энэ жилдээ дүүргийнхээ ард иргэдэд хэлж ярих юу байна.

За удахгүй Монгол түмний уламжлалт билгийн улирлын цагаан сар болох гэж байна. 2014 он бол өнтэй сайхан өвөл болж дүүрэг орон нутгийн хэмжээнд мал 5 төрөл дээр өсч тариалангын ургац арвин байлаа. Бид шинэ жилээр тэргүүний байгууллага аж ахуйн нэгж төрийн албан хаагчидаа дүгнэж шалгаруулсан. Билгийн улирлын цагаан сараар тэргүүний малчин тариаланчидаа шалгаруулна. Хороодын тодорхойлж ирүүлсэнээр 5 малчныг Нийслэлийн сайн малчны болзол хангуулахаар материалыг хүргүүлээд байна. Нийслэлийн хамгийн олон малтай дүүргийн хувьд нийслэл, дүүргийн тэргүүний сайн малчид манай дүүргээс төрөн гарна гэсэн найдлага дүүрэн байгаа. Оны эхний босгон дээр дүүрэг маань хот болох сайхан боломж нээгдэж байна. Ирэх хонь жилд ч дүүргийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт жигд сайн байх болно. Иргэдийн маань аж амьдрал өөдрөг сайн, эрүүл энх байх боломжийг хангаж ажиллана. Нийт Багануурчууддаа сар шинэдээ сайхан шинэлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан байж урт удаан аз жаргалтай инээд цэнгэлтэй амьдрах өлзий дүүрэн ерөөл дэвшүүлье.  гэснээр ажлын бус амралтын цагаар хийсэн ярилцлагаа өндөрлөв. Энэ түүхэн цаг үед ард иргэдийнхээ олон жилийн хүсэл мөрөөдлийг хангаж дүүргээ хот болгох үйлсийг гардан зохион байгуулж байгаа Иргэдийн хурлийн даргадаа ажлын бахдам амжилт хүсч санасан бүхэн нь сэтгэчилэн бүтэхийн ерөөл дэвшүүлье.

     Хуульч, сэтгүүлч Ц. Баярсайхан

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна