Хонин жил сайхан байх нь ээ
Багануур дүүргийн Он цар ишеи линг хийдийн хамба лам Б.Хэрлэнбаатартай уулзаж,ирж байгаа модон хонин жилийн өнгө, ноён нурууг сонирхож уншигч олондоо эртхэн хүргэхийг зорилоо.
Билгийн улирлын цагаан сар удахгүй болж модон хонин жил гарах гэж байна. Энэ жилийн өнгө ноён нуруу ямар байх талаар яриагаа эхлэх үү?
Нийт Багануурынхаа ард иргэд, ахмад настан, өтгөс буурал, нялх балчир бүх хүнд ирж байгаа хонин жилийг угтан мэндчилж ажил үйлс нь өргөн дэлгэр бүтэмжтэй бие хаа нь эрүүл энх, аз жаргалтай байхын ерөөл дэвшүүлье.
Галзууруулагч хочтой модон хонин жил гарах гэж байна. Урьд урьдын хонин жилийн ноён нурууг харахад энэ жил алдаа оноо адил тэгш жирийн сайхан жилийн нэг болох төлөвтэй. Бидний баримталж заншсан төгс буянтын шар зурхайн шороон үхрийн шинжээр үзэхэд жилийн эхэн болон улирал бүрийн эхээр салхитай жилийн дундуур ургамал ногоо сайхан ургасан жилийн сүүлээр хур бороо элбэг, зуд турхангүй сайхан жил болох төлөвтэй. Манай Он цар ишеи линг хийд нь 2003 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээс хойш жил бүр орон нутагтаа тохирсон жилийн зурлага зурхайгаа гаргаж хэвшсэн билээ. Манай орон нутгийн хэмжээнд хур ус, цас бороо нь цаг хугацаандаа буусан сайхан жил болно. Өндөр настан ахмад буурлууд болон нялх балчир хүүхдэд илүү ээлтэй байх нягууртай. Нийт ард иргэд олон түмэн маань хэл ам хэрүүл тэмцлийг тэвчиж, ахас эхэсээ хүндэтгэж хүүхэд нялхасаа дээдэлж анд нөхдөө хайрлаж чадваас сайхан жил болно. Хонин сардаа гэнэтийн их хур бууж болзошгүй.
Энэ жил цагаан сарын өмнө урьдчилж засал номоо хийлгэвэл зохилтой анхаарах хэдэн жилтэн байгааг тодруулж хэлье. Эдгээр хүмүүс морин жилдээ багтаж манай дүүргийн 3 хийдийн аль нэг дээр нь очиж Хангал сахиус тахих үеэр засал номоо хийлгэх учиртайг онцолъё. 1943 оны усан хонь жилтэн Очирваань тахиулах, 1948 оны шороон хонь жилтэн онцгой анхаарах бөгөөд нийт үхэр жилтэн засал номоо базаавал зохино. 1983 оны гахай жилтэн, 1997 оны гал үхэр жилтэн Гомбо сахиус тахиулах, Жамбалсамжид, Ногоон дарь-эх уншуулах, 1977 оны могой жилтэн Дамцогдорж, Доржнамжим хуруулж, Намсрай сахиусаа тахиулах учиртай. Бусад жилтний хувьд тус бүрдээ шинийн 4-ээс эхэлж жилийн заслаа хийлгэвэл болно. Энэ жил манай хийдээс гаргадаг сонины тусгай дугаартаа жил жилийн зам мөрийн зурхайгаа ард иргэддээ зориулж дэлгэрэнгүй гарган хийд дээрээ сүсэгтэн олондоо тараах болно.
Хонин жилд хар нохойн ам баруун урд зүгт байгаа болохоор төлөвлөсөн томоохон ажлыг баруун урд зүгт хийхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Хэрвээ зайлшгүй баруун урд зүгт хийхээр бол засал ном хийлгэж нохойн толгойг гурилаар хийж баруун урд зүгт булж хорио цээр гаргах учиртай. Манай дүүргийн хувьд ард иргэд маань эв эеэ хичээж шинэ хотын иргэд болохын тулд хот хороогоо цэвэр сайхан байлгаж уламжлалт бурхан сахиусаа дээдэлж ард олны тахилгат Гүний овоондоо идээ цайныхаа дээжийг өргөж сэтгэл санаа ариун бие биесээ хайрлаж дээдэлж байхыг захия.
Сэтгэгдэл үлдээх