УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт эхлээд найман цаг өнгөрч байна. Сонгуульд саналаа өгөхдөө ахмад настнууд хамгийн сайхан дээл хувцсаа өмсөж, одон медалиа зүүгээд ирдэг байсан энэ удаагийн сонгуульд залуучууд үндэсний дээл хувцсаараа гоёцгоожээ.
Дээлээ өмсөөд саналаа өгөх санаачилгыг ӨГЛӨӨ хөдөлгөөнийхөн уриалсан билээ. Энэ жил анх удаа сонгуульд саналаа өгч байгаа дээлтэй сонгогчидтой бид хэсэг хором ярилцлаа.
"Өмнөх жилүүдэд сонгуулийг тоодоггүй байсан. Энэ жилээс залуу үе өгөх ёстой юм байна гэдэг ойлголтыг сошиал ертөнцөөс авсан. Монгол залуу хүмүүс гэдэг утгаараа дээлээ өмсөх нь зүгээр, бас давлагаа үүсгэсэн болохоор дээлээ өмсөөд саналаа өглөө" гэв.
"Одоогийн нийгэмд залуучуудын үүрэг оролцоо арай илүү хэрэгтэй юм болов уу гэж бодоод өнөөдөр саналаа өглөө. Дээр үеийн хүмүүс сонгуульд саналаа өгөхдөө хамгийн гоё хувцсаа өмсөөд, бүх одон медалиудаа зүүгээд, "гоё дээрээ тавьж байгаад" саналаа өгдөг байсан юм билээ. Бид ч бас дээлээ өмсөөд саналаа өгөх нь зүгээр юм уу гэж бодоод өгсөн.
"Энэ жил би анх удаа сонгуульд саналаа өгч байна. Өмнөх 20, 30 жил сонгосон хүмүүс ямар байгаа билээ. Одоо үеийн залуучууд ямар хүчтэй вэ гэдгийг харуулах үүднээс саналаа өгсөн"
"Миний хувьд залуусаа идэвхтэй оролцоосой, ирэх дөрвөн жил төр барих эрхмүүдээ зөв сонгоосой гэж залуучуудаа уриалахын тулд дээлтэй саналаа өгсөн" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх