Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Улс төрийн атташе хатагтай Эдина Барталова, төслийн менежер М.Бямбарагчаа, Монгол дахь Францын Элчин сайдын яамны Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан атташе ноён Кристоф Ланцело, Монгол дахь Болгарын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч ноён Мирослав Комаров нарын ажлын бүрэлдэхүүн “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг - STeP EcoLab” төслийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор 2020 оны 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллалаа.
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, аймгийн Хөдөө, аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлага, мэргэжилтэн нар болон Хөдөө, аж ахуйн хоршоологчдын холбооны төлөөлөлтэй уулзаж, төслийн үр дүн, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцож, гангийн нөхцөл байдал, боломжит дэмжлэг, туслалцааны талаар ярилцав.
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан зочдыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэн “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг- STeP” төслийн үр дүн, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар ярилцаж, санал солилцохдоо “Европын Холбооны төсөл, хөтөлбөрүүд нь ажлын байр нэмэгдүүлэх, малчид, иргэдийн амьжиргааг сайжруулах чиглэлд үр дүнтэй, бодит ажлуудыг хэрэгжүүлдэг.
Ноос ноолуурын өртгийн сүлжээнд тогтвортой үйлдвэрлэлийг нэвтрүүлэх зорилго бүхий “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг - STeP” төслийн үр дүнгүүд нь малчдын зохион байгуулалт, бэлчээрийн менежмент, түүхий эд бэлтгэлийн сайн туршлагуудыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна Монгол Улсаас ноос, ноолуурын салбарт баримталж буй бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд хувь нэмэр оруулахад ихээхэн ач холбогдолтой. Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэрт байдал хангагдсан цагт л сая тогтвортой хөгжлийн нөхцөлүүд бүрэлдэж байдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч, хөгжлийн арга барил, чиг хандлагаа өөрчилж байна. Гараа сайн бол бариа сайн гэдэг шиг аливаа их үйлийн амжилт анхан шатны нэгжээс хамаардаг тул түүхий эд бэлтгэгч малчдыг юуны түрүүнд сургаж, тогтвортой хөгжилд тэдний оруулах хувь нэмэр, хичээл зүтгэлийг ойлгуулж байх нь их зөв эхлэл юм. Баянхонгор аймгаас тогтвортой, гэрчилгээжсэн ноолуурыг тогтмол, найдвартай хангадаг болоход аймгийн удирдлагаас онцгойлон анхаарч, бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна” хэмээн онцоллоо.
Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Улс төрийн атташе хатагтай Эдина Барталова “Европын холбооны төлөөлөгчийн газар Монгол улсад засаглал, хүний эрх, хөдөлмөр эрхлэлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг үндсэн дөрвөн чиглэлд төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг. STeP төслийн зорилго, үр дүнгүүд нь эдгээр үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг юм. Үүнд дэмжлэг үзүүлж, цаашид хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж буй та бүхэнд талархлаа” хэмээлээ.
AVSF Монгол байгууллагаас Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг - STeP” төсөл нь ноос, ноолуурын нэмүү өртгийн сүлжээнд тогтвортой үйлдвэрлэлийг бий болгохыг зорьжээ.
Төсөл нь Дэлхийн байгаль орчны төлөө Францын сангийн дэмжлэгтэйгээр 2007 оноос хойш хэрэгжүүлж буй “Тогтвортой ноолуур үйлдвэрлэлийн цогц систем бий болгох нь” төсөлтэй хамтран “Тогтвортой ноолуур” холбооны Баянхонгор аймгийн малчдын хоршоодыг засаглал, бэлчээрийн зохистой менежмент, малын удмын санг сайжруулах, бэлчээрийн мониторинг хийх зэрэг малчдын байгууллагыг чадавхижуулах ажлууд хамруулж байна.
Үүнээс гадна малчдыг түүхий эд бэлтгэлийн сайн туршлагуудад сургаж, малчдын бэлтгэсэн гэрчилгээжсэн, тогтвортой ноолуурыг гадаад, дотоодын зах зээлтэй холбоход дэмжлэг үзүүлдэг юм.
Ийнхүү дээрхи цогц ажлуудын үр дүнд STeP төсөл малчнаас хэрэглэгч хүртэлх нийлүүлэлтийн үе шат бүрт тогтвортой байдал буюу байгальд ээлтэй, нийгэмдээ хүртээмжтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай үйлдвэрлэлийн арга барилыг нэвтрүүлэхийг эрмэлзэнэ.
Өдгөө Тогтвортой ноолуур хоршоодын малчид ноолуураа чанараар ангилах системийн дагуу бэлтгэж дадсан нь малын чанарыг сайжруулах, улмаар бэлчээрт учрах дарамтыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж эхэлж байна.
Малчин өрх бүр нь тогтвортой ноолуур бэлтгэлийн шаардлага, шалгууруудыг биелүүлж, дотоод хяналтаа хийдэг бөгөөд тогтвортой ноолуураа аймаг, үндэсний хэмжээний Гэрчилгээжүүлэлтийн хороогоор батлуулж, баталгаажуулдаг. Малчдын хоршоод 2017 оноос хойш нийт давхардсан тоогоор 20 орчим гадаад, дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд албан ёсны гэрээний дагуу тогтвортой ноолуур нийлүүлж байна.
2017-2019 онд хоршоод нийт 19 тонн түүхий ноолуур бэлтгэж, үүнээс 9.2 тонныг боловсруулж, нийлүүлсний үр дүнд хоршоодын гишүүдэд нийт 250 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ.
Ийнхүү ногдол ашиг нь баталгаатай тул малчин бүр өрхийн орлого, зарлагаа төлөвлөж, Хоршооны гишүүд нь жил бүрийн ногдол ашгаа таван санд хуваарилж, Тогтвортой хөгжлийн сангийн хуримтлалаа бэлчээр хамгаалах, малын удмын санг сайжруулах ажлуудад төлөвлөн зарцуулдаг болжээ.
Түүнчлэн Ажлын бүрэлдэхүүн Монголын хөдөө, аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны удирдлагатай уулзахдаа хоршоодын цаашдын хөгжил, тогтвортой ноолуур Гэрчилгээжүүлэлтийн схемийн хэрэгжилт, үүнийг үндэсний хэмжээнд боловсронгуй болгох боломжуудын талаар санал солилцлоо.
Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Ажлын бүрэлдэхүүн Бөмбөгөр сумын “Өгөөж баян Өлзийт гол” хоршооны үйл ажиллагаатай танилцаж, цаг үеийн асуудлаар санал солилцож, тогтвортой ноолуур бэлтгэлийн тогтолцоог тасалдуулалгүй хариуцлагатай хэрэгжүүлж буй хоршооны гишүүдэд талархаад амжилт хүслээ.
Бөмбөгөр сумын “Өгөөж баян Өлзийт гол” хоршооны дарга Г.Энхтайван: “Манай хоршооны гишүүд STeP төслийн хүрээнд зохион байгуулсан тогтвортой ноолуур бэлтгэлийн сургалтуудад хамрагдсан. Ноолуураа түүхий эд бэлтгэлийн Ангиллын системийн дагуу бэлтгэж, тогтвортой ноолуурт тавигддаг 25 шалгуурыг хангасан байдаг тул бид Гэрчилгээжсэн ноолуур бэлтгэдэг. Худалдан авагчид баталгаатай, гэрчилгээтэй тогтвортой ноолуур худалдан авах сонирхолтой байдаг тул бид энэ хэрэгцээг нь бүрэн хангадаг. Цаашид хоршооны дүрэм, тодорхой шалгууруудыг хангаж чадах малчдыг хоршооны гишүүдээр шинээр элсүүлж, Баянхонгор аймгийн тогтвортой ноолуур бэлтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилготой байна,” гэлээ.
Үүний дараагаар ажлын бүрэлдэхүүн хоршооны гишүүн О.Баярсайхан, гэргий Т.Уранчимэг нарын гэрээр зочилж ярилцахад “Энэ жил ган ихтэй, ургамлын гарц их муу байлаа, малчид өөр аймгийн нутагт урт хугацаанд оторлож байна. Бороо хур ихтэй цагт малчид бидний сэтгэл амгалан, мал сайхан таргалж, тайван амгалан байдаг даа. Бэлчээр ашиглалтад төрийн зохицуулалт хэрэгтэй байхаас гадна малчид бид бас сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна” гэлээ.
О.Баярсайхан “STeP төслийн сургалтуудад хамрагдсан, нэгэнт ногдол ашиг авч, үүрэг хүлээж, гэрээ байгуулсан тул ноолуураа чанартай, найдвартай бэлтгэхийг хичээнэ. Манай ямааны ноолуураар хийсэн цамцыг гадаад хүн өмсөөд, Монголын нэрийг гаргаад явж байгаа нь сайхан шүү” гэв.
2020 онд AVSF Монгол байгууллага тогтвортой ноолуур үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн дээрх ажлуудыг цогц байдлыг хангах зорилгоор Тогтвортой ноолуур хөтөлбөрийг санаачилж, “Тогтвортой ноолуур үйлдвэрлэлийн цогц систем бий болгох нь” болон STeP төслөөрөө дамжуулан эхний ээлжид Баянхонгор аймаг, цаашид үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөж байна.
Ийнхүү AVSF Монгол байгууллага Европын холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр ноос, ноолуурын өртгийн сүлжээнд тогтвортой үйлдвэрлэлийг нэвтрүүлж, Монголын ноос, ноолуурын үнэлэмж, өрсөлдөх чадварыг дэлхийн зах зээлд таниулж, нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьж байна.
Ажлын бүрэлдэхүүн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Бөмбөгөр сумын цэцэрлэгийн хүүхдүүдэд халдвар, ариун цэврийн хэрэгсэл, гарын бэлэг гардуулан өгч, цэцэрлэгийн удирдлагаас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээнд хувь нэмэр орууллаа. Бяцхан хүүхдүүд биднийг өхөөрдөм хөөрхөн угтан авч, ая дууны мэндчилгээ хүргэсэн нь бидний ажилд өнгө нэмлээ.
Сэтгэгдэл үлдээх