Соёл нөлөөллийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулан хүртээмжтэй байх зорилгоор улс орон даяар эхлүүлж буй “Соёлын цаг” нөлөөллийн аяны нээлтийг Соёлын яам, Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, БСУГ-аас хамтран зохион байгуулсанаар Баянхонгор аймагт 09-р сарын 25-нд хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн соёл урлагийн байгууллагын уран бүтээлчид аймгийн удирдлагууд оролцлоо.
Аяныг аймгийн ИТХ-ын дарга Б.Батбаяр нээж үг хэлэхдээ өмнөх онуудад аймгийн хэмжээнд 10 гаруй суманд шинэ соёлын ордон баригдаж бүх соёлын байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглах унаа тэрэгтэй болсон. Гэсэн хэдий ч соёлын байгууллагын үйл ажиллагаа цар хүрээ хамрахгүй байгаа нь та бидний ажилдаа хандаж байгаа хандлага, сэтгэлтэй шууд хамааралтай. Соёлын байгууллагыг амьтай болгож хаана эрэлт байна тэнд соёл олон нийтийн соён гэгээрүүлэх үйл ажиллагаа тасралтгүй явмаар байна. Аймгийнхаа соёлын нүүр царай болсон энэ салбартай холбогдсон хүн нэг бүрийг ажилдаа хариуцлагатай, сэтгэлтэй хандахыг уриалж бас хүсч байна. Баянхонгорчуудад архинаас үүдсэн өчнөөн гэмт хэрэг зөрчил, алдаа дутагдал, муу муухай бүхэн тулгараад байна. Үүнийг бууруулахыг тулд Сархдаас сална аа хө нөлөөллийн ажлыг бид эхлүүлсэн. Үүнийг дэмжиж архидалтын эсрэг нэг ч гэсэн иргэнийг энэ муухай сөрөг үр дагавраас хол байлгахын тулд та бүхний үүрэг оролцоо хамгийн чухал болоод байна. Иймээс та бүхнийг Баянхонгорчууддаа соёлын үр шимийг сайтар тарьж ургуулж соён гэгээрүүлэх үйл ажиллагаандаа амжилт гаргахыг захиж хүсч байна гэлээ.
“Соёлын цаг”аяны нээлтэд аймгийн соёл урлагийн байгууллагынхан монгол үндэсний дээлээрээ жигдэрч оролцон монгол соёлын дархлааг хамгаалахын тулд бүх нийтээрээ хичээн зүтгэнэ гэдгээ илэрхийллээ.
Энэ үеэр ажил байдлаараа бусдыгаа түүчээлсэн соёлын байгууллагын зарим ажилтнуудыг аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар шагнаж урамшуулав.
Ийнхүү эхлэж буй “Соёлын цаг “ нөлөөллийн аян 2 сарын хугацаанд улс орон даяар иргэд олон нийтийн дунд өрнөх болно.
Сэтгэгдэл үлдээх