“Хүний хөгжил” сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, “Хүний хөгжил” сангийн 2016 оны Төсвийн тухай хууль, УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Засгийн газраас “Хүний хөгжил” сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.
Улмаар өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгээс 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн юм. Уг журам нь өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаан дээр тулгуурласан бөгөөд энэ оны сарын эхнээс хэрэгжиж эхэлсэн. Гэвч олон нийтийн зүгээс хүүхдүүдийг амьдралын боломжоор нь ялгаварлаж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Иймд хүүхдийн мөнгөө хэрхэн авах талаар мэдээлэл өгөх зорилгоор Нийгмийн халамж, хүн амын хөгжлийн албаны дарга Х.Пүрэвбаатарыг “Дугаарын зочин” буландаа урилаа.
Сайн байна уу? Шинэ оны мэндийг хүргэе. 2013 онд хийгдсэн амьжиргааны түвшин тогтоох судалгааны талаар мэдээлэл өгнө үү?
Монгол Улсын Засгийн Газраас 2013 онд Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг орон даяар зохион байгуулж, судалгааны үр дүнд өрхийн мэдээллийн нэгдсэн сантай болсон. 2014 оноос эхлэн судалгаанд түшиглэн дараах бодлого шийдвэрүүдийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал:
• ХАХНХ Сайдын тогтоосон босго онооноос доогуур орсон 1-2 дугаар түвшний өрхүүдийг хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа /хүнсний талон/ үзүүлэх үйлчилгээнд
• 1-4 дүгээр түвшний өрхийн гишүүн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээнд
• 7-15 түвшний өрхүүдэд орон сууцны урт хугацааны зээлд /ипотекийн зээл/ хамруулах ажлыг тус тус хэрэгжүүлж эхлээд байна.
Иргэдийн дунд 2013 оны судалгаа амьдралд нийцээгүй судалгаа болсон гэх юм. Энэ тухайд?
2013 оны судалгааг олон улсын амьжиргааны түвшнийг тогтоодог аргачлалаар авсан судалгаа юм. Иргэдийн дунд манай түвшин худлаа гарсан, судалгааны асуулт нь хэт ерөнхий байсан гэх мэтээр ярьдаг. Энэхүү судалгаа нь 3 бүлэг, 53 асуулт, 100 орчим үзүүлэлтээр тухайн өрхөөс асуулга авч 1-1000 оноогоор дүгнэсэн. Өрхийг зөвхөн нүдэнд харагдах эд зүйлээс гадна ажилтай эсэх, ямар салбарт ажиллаж байгаа, нийгмийн даатгал төлдөг эсэх, газар өмчилдөг аль эсвэл эзэмшдэг гэх мэт олон нийгмийн шинжтэй асуултаар асуулга авсан байгаа. Хөргөгч, угаалгын машин, цахилгаан зуух, телевиз гэдэг нь зөвхөн 1 асуулгад байгаа үзүүлэлт юм. Ийм учраас дээрх зүйлтэй бол хүүхдийн мөнгөнд хамрагдахгүй гэсэн буруу ташаа ойлголтонд автахгүй байхыг анхааруулья.
Судалгаанд өрхүүдийг 1-17,18-20 дугаар түвшнүүдэд хуваасан. Ямар учраас ингэж хуваагаад байгаа юм бэ?
2013 оны өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны аргачлал нь тухайн өрхийн орлогын хэмжээ юм уу, эсвэл баян ядуугаар нь ангилсан судалгаа биш юм. Судалгааг олон улсын өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлдог аргачлалаар авсан бөгөөд тухайн өрхөөр судлаач ороод ямар хэрэглээтэй өрх вэ? гэдгийг л тодорхойлсон судалгаа юм. Судалгааны үр дүнгээр амьжиргааны түвшний 1-17 дох бүлэг бол нийгмийн дэмжлэг туслалцаа ямар нэгэн байдлаар шаардлагатай өрх гэдгийг, харин 18-20 дох түвшний өрх бол хэдийгээр зээлийн байртай, зээлийн машинтай, цалингийн зээлтэй ч өдөр тутмын наад захын хэрэгцээгээ хангаж, хэрэгцээнээсээ давсан орлоготой өрх гэдгийг судалгаагаар тогтоож, 18-20 дох түвшний өрхийг дундаж хэрэглээтэй өрх гэж томъёолсон. Ер нь унаа, байрны зээл авч чадаж байна гэдэг нь боломжийн хэрэглээтэй өрх гэсэн үг.
Зарим иргэд биднийг хамгийн дээд түвшинд орууллаа. Томоохон компанийн захирал, эсвэл төрийн өндөр албан тушаалтны адил түвшинд авч үзлээ гэж хэлж ярьж байгаа энэ талаар та юу гэх вэ?
Судалгааны дүнг авч үзэхэд монголын томоохон баячууд, төрийн дээд албаны түшээд энэ судалгаанд хамрагдаагүй. Та нар бодож үздээ. Тухайлбал том компаний захирлаас судалгаа авъя гэхэд оруулах уу. Хаалга үүд нь харуул хамгаалалттай, тусгай кодоор онгойх жишээтэй. Олон улсын түвшинд авч үзэхэд ч гэсэн баян чинээлэг, аль эсвэл төрийн томчууд амьжиргааны түвшний судалгаанд хамрагддаггүй юм байна.
Манай судалгааны 18-20 дугаар түвшин бол боломжийн хэрэглээтэй дундаж түвшний өрх юм.
Түвшин тус бүрд нь тохирсон арга хэмжээг төрөөс авч байна. Тэгвэл 18-20 түвшинд тохирсон арга хэмжээ авах уу?
2013 оны судалгаа бол нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнийг тодорхойлж тогтоох явдал байсан. Тэрнээс баян чинээлэг хүмүүст тийм арга хэмжээ, дундаж төвшинд тэгнэ ингэнэ гэдгийг тогтоох судалгаа биш юм. Гэхдээ шаардлага гарвал төрөөс 18-20 түвшинд тохирсон арга хэмжээ авч шийдвэрлэх байх аа.
Иргэн түвшнээ хүлээн зөвшөөрөхгүй бол өргөдөл гаргаж болох уу?
Мэдээж амьжиргааны түвшнээ хүлээн зөвшөөрөхгүй бол иргэн өргөдөл гаргах боломжтой. Иргэн жилд 1 удаа дахин судалгаанд хамрагдах боломжтой. Өнгөрсөн хугацаанд өрхүүд өргөдөл гаргаж байгаа. Тухайлбал амьжиргааны түвшнээ хүлээн зөвшөөрөөгүй иргэд өргөдөл гараж судалгаанд хамрагдсан. 5 дугаар түвшинд байгаа өрх хүнсний талонд хамрагдана гэж дахин үнэлгээ хийлгэсэн. Гэтэл өмнөхөөсөө дээшилсэн байдал ажиглагдсан. Зарим өрх ч хүнсний талонд хамрагдсан.Өрхийн мэдээллээ нууж байгаад хүнсний талонд хамрагдсан чинь 7-17 түвшний өрхийг ипотекийн зээлд хамруулах шийдвэр гарсан. Гэтэл одоо яана, орон сууцны зээлд хамрагдмаар байна гээд л явж байсан. Судалгаанд хамрагдсан бол 1 жил дотор дахин судалгаанд хамрагдах боломжгүй учраас тэр иргэн хохирч байх жишээтэй. Зөвхөн хүүхдийн 20000 төгрөгөөр асуудалд битгий хандаасай гэж хэлмээр байна. Үнэхээр шаардлагатай өрхдөө 20000 төг хэрэгтэй. Гэтэл боломжийн өрхүүд хүүхдийн мөнгөнд хамрагдъя гээд гүйж байна. Дараа нь өөр асуудал гараад ирвэл асуудалд яаж хандах вэ?
2013 оны судалгаагаар гурван жилийн хугацаанд ахисан буурсан өөрчлөлт их гарсан байх энэ талаар?
Энэхүү амьжиргааны түвшний судалгааг жил болгон явуулдаггүй. Гурван жилд нэг удаа хийгддэг судалгаа байгаа юм. Дээрх түвшинг 2013 оны хэрэглээний түвшингээр нь тодорхойлсон. Одоо 2016 оны гуравдугаар сард ахин судалгаа явуулж гарсан өөрчлөлтүүдийг тодорхойлж гаргаж ирнэ.
Иргэдийн дунд мэдээлэл дутуугаас гомдол санал их гарч байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
2013 оны судалгаанд хамрагдсан өрхүүдийн түвшинг мэдэгдэх хуудсаар 1-р сарын 5-наас сум, багийн засаг дарга болон халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр дамжуулан тарааж байна.Иймд эхлээд түвшингээ мэдэх хэрэгтэй. Дараа нь гомдол санал байвал өргөдлийн маягт бөглөж дахин үнэлгээнд хамрагдах боломжтой. Төрийн байгууллага ирсэн гомдлыг хуулийн дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэх үүрэгтэй. Иргэд халамжийн хэлтсийн мэргэжилтнүүд үнэлгээ тавьж түвшин тогтоож байгаагаар ойлгоод байна. Судалгааг аваад Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс (НХҮЕГ)-т хүргүүлдэг. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс (НХҮЕГ)-аас тусгай аргачлалаар бодоод түвшинг Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс (НХҮХ)-д ирүүлдэг. Тэр мэдээллийг иргэнд мэдэгдлээр хүргүүлж байна.
Хүүхдийн мөнгийг ямар байдлаар өгөхөөр шийдвэр гарсан бэ?
Өрхийн амьжиргааны түвшний 1-17 дох бүлэгт хамрагдсан өрхийн хүүхдүүд хүний хөгжил сангийн мөнгөнд хамрагдана. 2013 оны судалгаанд хамрагдаагүй өрхийн хүүхдүүд хүүхдийн мөнгө авах эрх үүсэхгүй байгаа. Иймд судалгаанд хамрагдах шаардлагатай. Мөн судалгаанд хамрагдсан хэдий ч 2013 оноос хойш төрсөн хүүхэд болон үрчилж авсан хүүхдийг халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн дээр бүртгүүлээд мөнгө авах эрх үүснэ.
П.Дэлгэрмаа
Сэтгэгдэл үлдээх