Д.АЛТАНШАГАЙ: Сонгуулийн бэлтгэл ажил хуулийн дагуу явж байна

2020-05-14 09:14:20 | 616 | 0


 

Булган аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.Алтаншагайтай уулзаж ярилцлаа.

- Сонгуулийн хороо байгуулагдлаа. Бүрэлдэхүүнийг танилцуулна уу?

- Аймгийн Сонгуулийн хороог Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 4 сарын 14-ний өдрийн 20 дугаар тогтоолоор байгуулсан. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батчулууныг даргаар, аймгийн ИТХ-ын хуулийн зөвлөх миний биеийг нарийн бичгийн даргаар томилсон. Гишүүдэд аймгийн ЗДТГ-ын дарга О.Наранжаргал, ТЗУХ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, ХЭЗХ-ийн дарга Б.Одхүү, СТСХ-ийн дарга Д.Батцогт, аймгийн БТСГ-ын дарга А.Ханддорж, Татварын хэлтсийн албаны дарга С.Санжаасүрэн, аймгийн ОНӨГ-ын мэргэжилтэн Г.Давааням нарыг баталсан. Аймгийн сонгуулийн хороо 4-р сарын 17-нд анхны хурлаа хийж ажлын төлөвлөгөө болон ажил үүргийн хуваарийг батлан гаргаж гишүүдийн ёс зүйн дүрмийг танилцуулж гишүүдээр баталгаа гаргуулж, сонгуулийн ерөнхий хорооноос батлан гаргасан цаг хугацааны хуваарь, хурлын дэг зэргийг танилцуулж ажилласан.

- Сумдын сонгуулийн хороог байгууллаа. Сонгууль зохион байгуулах хүний нөөцийн хувьд ямар байна вэ? Тодорхой шалгуур тавьж байна уу?

- Сумын сонгуулийн хороог УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг үндэслэн хуулийн хугацаанд буюу 4 сарын 24-нд хуралдаж сумын сонгуулийн хороог байгуулж ажиллаж байна. Шинэ хуулиар аймгийн болон сумын сонгуулийн хороо, хэсгийн хороонд сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулж байгаа сургалтанд сууж, шалгалт өгөн гэрчилгээ авсан болон өмнө нь гэрчилгээ авч нөөцөд байгаа албан хаагчдаас бүрдүүлж томиллоо. Сумын сонгуулийн хороог 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байхаар хуулинд заасны дагуу сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг харгалзан 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллаж байна. Одоо хуулинд заасан хугацаанд сумын сонгуулийн хороод хэсгийн хороодоо байгуулж ажиллана. Хэсгийн хороод 7-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байхаар хуульчлагдсан.

- Сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой бэрхшээл хүндрэл гарч байна уу?

- Одоогоор нээх хүндрээд байгаа бэрхшээл бол байхгүй байна. Гэхдээ шинэ хуулиар гэрчилгээ авсан төрийн албан хаагчид суманд цөөхөн байгаа учраас сургалтанд хамруулах шалгалт өгүүлэх асуудал жаахан асуудал дагууллаа. Суманд албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон болон сургалтанд бүртгүүлээгүй, бүртгүүлсэн ч уншаагүй шалтгаанаар шалгалт өгөөд унасан тохиолдол гарсан. Энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооноос шийдвэрлэхээр дахин онлайн сургалт зарлаж хүний нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ жилийн УИХ-ын сонгууль цар тахал буюу “Covid-19” вирусний өвчний үед явагдана. Аймгийн сонгуулийн хороо сонгуулийн хуулийн хүрээнд мөн Улсын болон аймгийн онцгой комиссоос гаргаж байгаа шийдвэрт нийцүүлж хэрхэн зохион байгуулах талаар арга хэмжээнүүдийг тухай бүр авч ажиллахаар төлөвлөөд байна. Цар тахал өвчний үед УИХ-ын сонгуультай холбоотой сумын сонгуулийн хороодын гишүүдийг чадавхижуулах, нэгдсэн зааварчилгаа өгөх сургалтын асуудлыг цахим болон бүсчилсэн хэлбэрээр хийхээр төлөвлөж байгаа.

- Аймгийн сонгуулийн хороо хаана ажиллаж байна. Иргэд мэдээлэл яаж авч болох вэ?

- Аймгийн Сонгуулийн хороо аймгийн Нутгийн удирдлагын ордны нэг давхарт 109 тоот өрөөнд байрлаж байгаа бөгөөд ажлын цагаар байнгын жижүүр ажиллаж байна. 70343329 дугаарын утсаар сонгуультай холбоотой мэдээ мэдээллийг хүргэх зөвлөгөө өгч ажиллаж байна. Байрлаж байгаа байрны хувьд мэдээлийн самбар байрлуулсан гарч байгаа шийдвэр бусад арга хэмжээг тавьж ажиллаж байна. Аймгийн сонгуулийн хороо цахим хэрэглэгч нарт зориулж Фэйж хуудас нээсэн бөгөөд тэндээ аймаг сумын сонгуулийн хорооны хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зохион байгуулалтын ажлаа тавьж нийтэд мэдээлнэ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна