Бурхан багшийн их дүйчэн өдөр

2020-05-31 06:34:35 | 1152 | 0


Бурхан багшийн их дүйчэн өдөр зуны тэргүүн сарын шинийн арвантаван буюу 2020 оны 6 дугаар сарын 5 ны өдөр тохиож байгаа билээ.

Энэ өдрийг Монголчууд Бурханы шашин монголд дэлгэрсэн тэр цаг үеэс өнөөг хүртэл тэмдэглэн өнгөрүүлж Буддын шашны сүм хийдүүд болон ард түмэн Бурхан багшийн зан үйлийн хурал номыг хурж сүсэгтэн олонд бурхан багшийн сургааль номлолыг түгээж ирсэн уламжлалтай. Монголын бурханы шашны сүм хийдүүд, Монголын сүсэгтний холбоо Бурхан багшийн их дүйчэн өдрийг бурханы шашинт бусад орны жишгээр баяр, амралтын өдөр болгох хүсэлтийг гаргаж Монголын үндэсний шашин соёлоо эрхэмлэгч нэр бүхий УИХ-ын гишүүд хүлээн авч дэмжсэн ба уг хуулийн төслийг 2019 оны 12 дугаар сарын 20 –ний өдрийн чуулганаар хэлэлцэн олонхийн саналаар баталж Бурхан багшийн их дүйчэн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон. Ингэсэнээр манай улс анх удаагаа Бурхан багшийн их дүйчэн өдрөөр бүх нийтээр амарч “ЭНЭРЛЭЭР НЭГДЭЖ, ЭВЭЭР БҮТЭЭЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 2500 жилийн тэртээгээс бурхан багшийн сургааль тив дэлхийд түгэн дэлгэрч манай улсад гурвантаа дэлгэрч байсан түүх байдаг. Буддын шашин Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын хаад арга билигийн ухаан, хатуу, зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс түмнээ удирдан жолоодсоор ирсэн уламжлалтай. Монголын ард түмний олон зуун жилийн өвийг тээж, хадгалж, Монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд нэн чухал хэрэгсэл болж ирсэн шашин билээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн их дүйчэн өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн байдаг. Эдүгээ БНСАУ, Тайланд, Шириланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар улс зэрэг бурханы шашинт орнуудад бурхан багшийн их дүйчэн өдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж түүгээрээ ард түмнийхээ язгуур эрх ашиг эв нэгдэл, сүсэг бишрэлийг хүндэтгэн дээдэлж, хойч үедээ хүнлэг энэрэнгүй ёс зүйтэй, төлөвшсөн нийгмийг уламжлуулахыг эрхэм зорилго болгодог байна. Бурхан багшийн амьдрал түүхтэй холбогдолтой жилийн 6 их дүйцэн өдөр байдагийн нэг нь зуны эхэн сарын шиний арвантаван эхийн хэвлийгээс мэндэлсэн, бурханы хутагийг олсон, гаслангаас нөхцсөн 3 давхцсан дүйчэн өдөр байдаг. Энэ өдөр үйлдсэн буян болгон аривжих учир сүсэгтэн олон мацаг барих, махан хоол идэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй болон худалдахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, бусадад өглөг, тусламж өгөх болон мод тарих, нийгэмд тустай үйл хийх зэргээр сайн үйлсийг дэлгэрүүлж эцэг, эхийн ачийг санах, амьд сэрүүн байгаа бол эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэх, гомдоосон бол өршөөл уучлал гуйх, муу зуршилаа орхих амлалт авч баярлуулах, хэрвээ эцэг эх нас нөхцсөн байх аваас хойдын мөрд нь хурал ном айлтгах, буян үйлдэх тэргүүтэнийг үйлдэж уламжлал болговол зохистой юм. Энэ жилийн хувьд дэлхийн даяар тархаад байгаа аюулт цар тахалын улмаас УОК-ийн шийдвэрийн дагуу олон нийтээр цуглах үйл ажиллагааг хязгааралсантай холбогдуулан нэгдсэн ямар нэгэн арга хэмжээ зохиогдохгүй бөгөөд хүн бүр дор бүрнээ гэр гэртээ элдэв гэм нүглийг тэвчиж, асрал энэрэлийг үүсгэн, нэг нэгнээ хүндэтгэж, байгаль дэлхийгээ хайрлаж буяныг хотлоороо хурааж, буянт үйлд шамдахыг уриалж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ДАШЧОЙНХОРЛИН ХИЙД

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна