Алтан гарт

2015-06-02 05:21:08 | 1295 | 0


Шиврээ бороо шиг наалдацтай сонсогдох түүний зөвлөмж үг хүнд заавал нэгийг бодогдуулдаг. Хэлсэн үг, тавьсан онош нь улс, аймаг, бүсийн ямарч том эмнэлэгт бариад очиход барагтай л бол зөрдөггүй, энэ ч чанараараа нутаг алгасан уригддаг хүндтэй нэгэн эмч манайд бий. Булган аймгийн Хялганат тосгоны эрүүл мэндийн төвийн их эмч Занаагийн Батдэлгэр гэх энэ эрхэмтэй уулзаж ярилцлаа. 

-Уламжлал ёсоор ярилцлагаа таны төрсөн нутаг уснаас эхлэх үү?

-Би чинь Завхан аймгийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг Булнайн нурууны бэлд төрж, алдарт Тосонцэнгэлийн хүйтэн агаарыг залгилж өссөн хүн шүү дээ. Сайхан нутаг шүү.

-Эмч болсон түүх сонирхолтой л байх даа.

-1983 онд Говь-Алтай аймагт АУДуС-ийг дүүргээд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Нарийнтээл, Бат-Өлзий, Баянгол сумдад багийн бага эмчээр ажиллаж явлаа. 1993 онд АУДС-ийг төгсөөд Өвөрхангай аймгийн Баруун Баян-Улаан, Завхан аймгийн Их-Уул суманд ажилласан. 2004 оноос Хялганат тосгондоо одоо хүртэл зүтгэж явна даа. Одоо эргээд боджээ байхад би гэдэг хүн “Агаарын сайхан хөдөө юм аа хө” гээд дуулдаг шиг хөдөө орон нутагтаа л насыг барах хувьтай төрсөн юм болов уу даа хэмээн санах ч үе байдаг л юм. -Хөдөө гэснээс эмч, багш гээд улс үндсээ тэтгэсэн олон хүмүүсээ хөдөө хөхрөөж, гадаа гандаалаа гэлцэх юм. -Тэр ч заримдаа ортой л байх шүү. Гэхдээ миний хувьд хотод дурлаагүй. Би хэдийд хэнд хэрэгтэй вэ гэдгээ цаг ямагт бодож явах нь л чухал юм уу даа гэж боддог. Муу аав минь шулуун шударга, түмэн олондоо тусч нэгэн төдийгүй үр нь болсон намайгаа ингэж л өсгөснийг би хэзээ ч мартаагүй.

-Тэгвэл хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт ажиллагсдын эрдэм боловсрол, мэргэшил, дадлага дээшлүүлэх боломж ямар байдаг талаар, тухайлбал өөрийхөө тухай юу хэлэхсэн бол?

-Үгүй яахав. Миний хувьд гэвэл хэлэх зүйл бас ч бий. Жишээлбэл 1995-2004 онуудад өрхийн болон дотрын эмчийн резидентур, 2006, 2010 онуудад хэт авиа оношлогооны болон дотрын эмчийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, 2013 онд дотрын эмчийн мэргэжлээр “ахлах зэрэг” хамгаалсан. Үүнээс гадна аймгийнхаа эрүүл мэндийн газарт эрдэм шинжилгээний бага хуралд хэд хэдэн удаа илтгэл тавьж тэргүүн болон дэд байруудад шалгарч байлаа. Бас мэргэжлийн чиглэлүүдээрээ онол практикийн зөвлөмж, гарын авлага, судалгааны ажил 20 гаруйг бичиж ашигласан. Ер нь сум аймаг гэлтгүй тодорхой сэдэв барьж, дагнан ажиллавал амжилт олох бололцоо бий шүү дээ.

-Энэ олон жил ажиллахад санаанд үл мартагдах хүнд хэцүү тохиолдол олон гарч байсан байх даа?

-Олоон олон. Томилолт өвөртөлсөн их эмч Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд очоод удаагүй дуудлагаар хөдөө явсан юмдаг. Яваад очиход нэгэн бүсгүй гэртээ төрөөд 3 хоночихсон. Манайхны ярьдагаар ихэс нь гараагүй, найдлага бараг л тасарсан гэлтэй, үнэр танар гэдэг ч гэж яриад яахав. Тэгээд л үзэлцсэн дээ. Тэр үеийн хүний дархлаа даац сайн байж. Бас ч гэж эмч юм болохоор чадлаараа оролдсон хэрэг. Тэр эмэгтэй одоо хүртэл амьд мэнд яваа сурагтай л байдаг юм. Өвчтөниий алтан амь дээсэн дээр тулахад цорын ганц найдвар эмч над дээр л ирдэгийг тэгэхэд л бүрэн ухаарсан даа.

-Манай аймгийн Сайхан сумынхан таныг сумандаа авах гэж булаацалдсан сураг сонссон юм байна?

 -2012 онд байх. ЭМЯ-ны сайдын тушаалаар эмч дутагдалтай байсан Сайхан суманд түр томилолтоор ажилласан юм. Ард түмэн нь их өгөөмөр, олон сайхан аварга, алдартнууд төрүүлсэн тал нутагт ажиллаад буцахад сумандаа бүр томилж өгөхийг хүсч байсан иргэд хөдөлмөрчдийн итгэл таашаалыг одоо хүртэл мартаагүй талархан явдагаа хэлье дээ.

-Хялганат тосгоныхон бүгд д алтан гартай эмч, бас “Алтан гадас”-тай ч гэж ярьцгаадаг болж?

-Эрүүлийг хамгаалах байгууллагын системд 26 жил зүтгэсэн надад түмний хайр, төр засгийн шагнал, урамшуулал багадаагүй. Энэ хугацаанд байгууллага, тосгоны хөдөлмөрийн аварга болон шилдгээр олон удаа шалгарч Ардчилсан хувьсгал, Ардын хувьсгалын 20, 90 жилийн ойн медаль, 2013 онд эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 2014 онд Монгол улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртсэн нь цөм л явсан суусан газруудын минь ард түмний хайр хүндэтгэл байсан шүү дээ. Ийм болохоор та бүхэндээ баярлалаа гэдгээ хэлье гэснээр ярилцлага өндөрлөв.

Их мөрөн дөлгөөнхөн, эрдэмт хүмүүн даруухан гэдэг. Энэ хүнтэй ярилцаж суухад хар үхэл холдож, амьдралын зам уртсах шиг санагдсаныг өгүүүлэхийн ялдамд хорь гаруй жил өөр дээр гал дуудсан түүнд “клиникийн профессор” цол олгуулахаар байгууллага нь тодорхойлоод удаагүйг дурьдаж хөдөөгөөс төрсөн “профессор” нэгээр нэмэгдэхийн ерөөл тавъя.

 

Сэтгүүлч Жаалын ПҮРЭВДОРЖ 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна