Могод сумын малчин Жадамбын Батцэнгэлийнх гэдэг айлд буулаа.
Гэрийн эзэн:
-Аав ээж маань эгэл нэг жирийн малчид байсан. Өсөхөөсөө л энэ буян цагаан мал сүрэгтэйгээ байна. Цэрэгт явахаас өмнө трактор барилаа. Аав ээж маань мал малла гэсэн. Тэгээд л “Мянгат малчин” болчих юмсан гэж зүтгэсэн. Боллоо. Аймгийн сайн малчин, Улсын сайн малчин болсон.
Анх 70 толгой мал тасалж өгч байсан. Мянга хүргэлээ. Ахиад шинэ амжилт гаргая, “Хоёр мянгат болъё” гэж бодсон. Хүргэлээ. Зорилго байвал болоод л явчихдаг юм шиг. Дүү маань аймгийн сайн малчин болсон. Миний ах улсын ургацын аварга хүн. Малчин бид нар чинь их даварч байгаа шүү дээ. Энэ ноосыг чинь зах зээл дээр зарчихаад дахиад ноосны урамшуулал гээд аваад байгаа. Төр засгийн бодлого малчдад хүрээд байгаа юм. Манай малчид олон тооны малтай ам бүл цөөтэй нь өнөө цагийн хямралыг ажрахгүй даваад байна. Цөөн малтай, олон ам бүлтэй хүмүүс нь нэрвэгдээд байна гэж хүүрнэж суусан юм.
Гэрийн эзэгтэй Гончигсүрэнгийн Одончимэгтэй уулзаж ярилцлаа.
-Та эцэг эхээс олуулаа юу?
-Би чинь өнөр өтгөн айлын хүүхэд шүү дээ. Хишиг-Өндөр сумын Гончигсүрэн гэдэг айлын 10 хүүхдийн ёс дэх нь. Эмэгтэйгээс хамгийн бага нь. Нэг эрэгтэй дүүтэй. Манай аав ээж мал малладаг байсан. Тэтгэвэрт гараад сумын төв дээр амьдарч байсан. Ээж маань 80 гарсан настай буурал байдаг.
-Ямар сургууль төгссөн бэ? Эмэгтэй хүүхдүүдийг ихэвчлэн эрдэм боловсролтой болгохыг эцэг эхчүүд зорьдог шиг байгаа юм.
-Хишиг-Өндөр сумын сургуулийг 1991 онд төгссөн. Тэр үед Өлзийт Орхонд олон сургууль байгуулагдсан байлаа. Гэр ахуйн цахилгаан засвар, зураг төслийн ангийг аваад төгсөлгүй мал дээр гарсан. Шугам зурагт сонирхолтой геометрт гайгүй байсан. Тэгээд л тэр ангийг сонгож байлаа. Тэр үед мал малласан хүн ам тосдоно гээд малчин болсон. Зах зээл эхлээд нэгдэл, нийгмийн хөрөнгө тараад л, хүмүүс ажилгүй болоод эхэлж байсан юм.
-Ханьтайгаа хэзээ анх танилцаж байв. Сургуульд хамт суралцаж байсан уу?
-Цэнгэлтэй 1989, 1990-ээд оны үед л танилцсан. Би спортоор нэлээд явдаг байлаа. Тэшүүр, хөнгөн аттилетик. Гулгана, гүйнэ. Харин манай хүн бөхөөр хичээллэдэг байлаа. Тэгээд спортын ачаар л танилцаж байсан юм даа.
-Малч хүн их гярхай байдаг. Та сүүтэй үнээ, саам сайтай гүүг хараад танина биз?
-Сайхан бие нь тавиу том биерхүү үнээ л сүүтэй байдаг. Гүү ч гэсэн адил. Ер нь монгол мал сүүгүй байх гэж байхгүй гэж боддог. Гунж, зарим мал дөнжиндөө тугаллаж л байдаг. Эхнээс нь сайн маллах хэрэгтэй. Дэлэн хөхийг нь хүйтэн усаар сайн шавшаад саагаад л байвал сүүтэй болдог. Эзнээс л шалтгаална. Тугаллах унагалах наснаас нь эхэлж арчлах ёстой. Мал 20 гаруй жил маллалаа. Гойд мал нүдэнд мал тусна аа.
-Хөдөөд туслах малчин их байдаг. Танайх хэдэн малчинтай бол?
-Туслах 2 малчинтай. Цалингийн доод хэмжээгээр цалинжуулахаар л ярьдаг. Тэгээд л гэр орноороо ирсэнд нь идэш хоол өгөөд л сард цалин өгдөг. Идэшийг нь даана. Оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалыг төлнө. Тэр хүнд юу шаардлагатай байна. Хэрэгцээг нь хангаж л өгнө. Тэр чинээгээр малыг маань сайн харж, хариулж өгнө. Хэн хэнийхээ хэрэгцээг хангаж л байдаг даа. Бид чинь хааяа хот хүрээ явна. Хэн хэндээ итгэлцээд л явж байгаа.
-Танайх бас мал түрээслүүлдэг тухай сонслоо.
-Манайх 3 айлд түрээстэй. 300-400 мал түрээстэй байдаг. Төлийнхээ тодорхой хувийг авна. Үлдсэн нь тэр айлынх болно гэсэн үг. Өөрийнхөө хотонд 600-700 эх мал төрлүүлдөг. Төлийг сайн авна. Жилийн 4 улиралд 7-8 бууц сэлгэж буудаг. Бэлчээрийг сайн сэлгэж тарга хүч авахуулдаг.
-Сүү саалиа зах зээлд их борлуулах уу?
-Зах зээлд нэг их борлуулдаггүй. Үнээг өглөө оройд саана. Малдаа хэрэгтэй байдаг. Эхлээр явсан малын дэлэн хөх нь эвлэхгүй болчих гээд байдаг. Нэг их сүү хөхсөн мал таргалдаггүй хатдаг гэж аав ээж маань хэлсэн. Ер нь тийм байх аа. Эхлээр мал бойждоггүй, эрх хүүхэд ухааждаггүй гэдэг. Дэнжийн ногоо идэхгүй дэлэн гувшихаар тэр биз. Би бол үнээгээ өглөө оройгүй саадаг. Мал мах борлуулна. Жилийн орлого 30-аад сая төгрөг байдаг байх аа.
-Амрагчид их ирнэ биз?
-Амрагчид их ирнэ. Хот газраас цагаан идээ идэх гэж ирж байгаа. Жилд 30-40 үнээ тугалдаг болохоор цагаан идээ боломжтой байдаг. Төрийн баяр наадмаар айрагтай байхаар гүү гээ барьдаг.
-Малчид нэлээд хандив өргөдөг. Танайх улс, аймгийн сайн малчин болохоор бас хоосон байдаггүй биз?
-Тусалсан. Манайх эмнэлэгт нэг өрөөг нь тохижуулж өгч байсан. Эмнэлгийн түргэн тусламжийн машин авахад хандив өгсөн. Сургуулийн нэг анги Монгол хэлний кабинет тохижуулсан. Сумын Засаг даргын Тамгын газарт янз бүрийн үйл ажиллагаа болоход хандив өгнө.
-Малынхаа үүлдэр угсааг сайжруулахад та хэр зөвлөдөг вэ?
-Сүүний чиглэлийн үнээтэй. Хэдэн малтай байхын утга учир бол сайн, чанарлаг малтай байх явдал гэж боддог. Сүүний бас махны чиглэлийн үхэртэй байх хэрэгтэй. Тиймэрхүү эцэг малыг тэгж сонгож тавья гэж ярилцдаг. Говь-алтай, Төв аймгаас үхэр авлаа. Адууны хувьд хурд нэг их сонирхдоггүй. Дорвилог төл сайтай байлгахыг анхаардаг. Ямаагаа Эрчмийн хар ухнаар сайжруулсан. Илүү нугламтай хоньтой.
-Бэлчээрийн даац муудлаа гэж их ярьж байна. Өвс тэжээлээ яаж авах вэ?
-Цөлжилт илэрхий мэдрэгдээд ирлээ. Сайхан ургамалтай байсан газар бүр байхгүй. Цул элс боллоо. Үлийн цагаан огтоно ургамлыг үндсээр нь идээд алга болгож байна. Манайх өвс тэжээлээ боломжийн хэмжээнд авдаг. Халгай хадаж даршилж авна. Халгай давслаад дардаг.
-Малчид малаа эрүүлжүүлэхэд хэр хөрөнгө зарж байна вэ?
-Энэ л гол зүйл. Ноос ноолуурын үнээр малаа эрүүлжүүлнэ. Мал эрүүлжүүлэхэд анхаардаг. Мөнгө зарцуулна аа. Хавраас хойш ярилцаад л хийнэ. 8-9 сая төгрөг зарцуулна. Ивомек гэхэд 100 граммын 40 шилийг авчирч байна. Малаа өөрсдөө тарина. Хонь, үхэр хоёрт л таарна даа. Адуу их хөлийн мал гайгүй. Ойрын хэдэн жил ханиад гараад байна. Адуу бол их хөрөнгө шаардаад байхгүй шүү. Хамгийн их арчилгаа шаарддаг мал хонь. Хатиартана. Гэдсээ татна. Маагуурна. Хонины янз бүрийн өвчин гарна. Үхэрт бол янз бүрийн өвчин мэдрэгдээд байхгүй байна.
-Танайх энэ нутагт идээшээд удаж байна уу?
-Удам залгаж ирсэн. Цэнгэлийн аав ээжийн унаган нутаг. Уртын гол бол унаган нутаг нь. Өвөлжөө нь байдаг. Цэнгэл бид хоёр ханилснаас хойш 20 гаруй жил болж байна. Бид нар хориод жил өвөлжиж байна. Малтай, хүнтэйгээ нутагтаа дассан.
-Хөдөөгийнхөн малаа хэр оторлож байна даа.
-Отор хийхгүй малчин байна аа. Цөөн малтай айл нь болоод байдаг байх. Олон малтай хүмүүс отор нүүдэл хийхээс аргагүй. Ногоо гарснаас хойш л оторлоно. Хавар зүдрэхгүйн тулд малдаа сайн тарга тэвээрэг авахуулах хэрэгтэй шүү дээ. Хавар малдаа шар хөх яргуй, агь их идүүлнэ. Шар яргуй идэхээр сайхан налайж хэвтээд гоё байдаг. Мал бялуурдаг гэдэг. Шар яргуйнд хонь цогиогоороо шахуу ороод хэд үмхээд налайгаад өгдөг.
-Гэрийн эзэгтэй өрхийн тэргүүнээ улсын сайн малчны алдарт хүргэхэд их нэмэр болсон л байх даа.
-Манайх 2002 онд аймгийн сайн малчин, 2004 онд улсын сайн малчин болсон. Нэг гал голомт болж байгаагийн хувиар миний хувь нэмэр оролгүй яахав. Миний ханийн аав нь сайн малчин байсан. Намайг бэр болоод ирж байхад хүмүүс “Жадамба гуай мэднэ” гээд нутаг бууцаа асуудаг байсан. Цэнгэлийн дүү нь аймгийн сайн малчин залуу бий. Батдэлгэр гэдэг. Цэнгэл эцэг эхээс долуулаа. Хадам ээж Жанчив гэж үйлэнд уран хүн бий. Сумын төвд манай охинтой хамт байдаг. Аав нь энэ хэдэн хүүхдийн төлөө л гэж зүтгэсэн. Өглөө эрт хонио хариулаад гардаг байсан. Энэ хавийнхан хонио түрүүлж бэлчээх гээд бардаггүй байсан гэдэг. Бэлчээрт явахдаа аргал түүгээд морин дээрээ тэгнээд ирдэг байлаа.
-Хөдөөний ажил хөвөрдөг хойно доо. Уурлах ундууцах зүйл гарна биз?
-Уужуу тайван сэтгэлээр хандана. Уураа уурдаа бариад байдаггүй. Хотон дотор ч хүүе хаая болох үе бий. Намайг уурлахаар манай хүн дуугүй юм аа хийгээд л явж байдаг. -Өрхийн тэргүүн гэрийн доторх ажилд хэр вэ дээ? -Гэр орны ажилд сайн. Хоол хийх хоббитой. Эмэгтэй хүнээс дутахааргүй хийдэг. Бараг л нэр төрлөөр нь хийнэ шүү. Гуляшь, нарийн махан хуурга гээд цэс нь их ээ.
-Өвөлжөө, хаваржаагаа өөрсдөө барих уу? Урд зүгийн зарим малчид хонд бууцанд өвөлжөөд сурчихсан байдаг даа.
-Малынхаа хашааг хөрзөнгөөр хийдэг. Намайг бэр болж ирэхэд л хөрзөнгөөр өрдөг байсан. Намар 10-р сарын хорьдын орчим хөрзөнгөө эсгэнэ гээд гардаг. Хүрзээр гишгээд урт нь метр, өргөн нь төө хэртэй эсгэнэ. Хөрзөнг хөлдөхөөр өрнө. Хүний өргөж авч чадахаар нь хуулж авдаг. Өрж байхдаа чигжинэ. Малдаа их дулаан. Өндрийг нь 2 метр өрнө. Урд талыг нь банзаар хийнэ. Нэг барьсан хашаа жилээ даана. Урд жилийнхээ хөрзөнг аргал болгож түлшинд ашиглана.
-Хангай дэлхий, тэнгэр бурхан хэр шүтэх вэ?
-Бага сага шүтнэ. Тэнгэр ажина. Сар хараад л ийм болох нь гэж шинждэг. Малчин хүн наранд дээж өргөж, сарыг сайн шинжиж амьдардаг. Хүн мал хоёр эрүүл байвал монголын хүнс баталгаатай байх юм даа. Хүн л болсон хойно эрүүл мэндэд нь анхаарах ёстой. Мал малладаг хүн гээд хүнээс өөр байхгүй шүү дээ. Залуучуудад малч ухаан мундаг сайн сууж байна. Амьдрах ухаан сайн байна. Дээхнэ үед хөтөлгөө морьтой л явдаг байсан. Одоо бол тийм зүйл байхгүй. Төвийнхөний хэрэглэдэг болгоныг малчид хэрэглэж байна. Дутахааргүй л байна.
-Та хоёр залуучуудад хэр зэрэг үлгэрлэж байна гэж боддог вэ?
-3-р багийн залуучууд Цэнгэл бид хоёрыг суугаад нэг хоёр жил болж байхад айраг уугаад айл хэсээд л байдаг байсан. Бид хоёрыг амьдрал тэгшрээд аймгийн аварга болоод ирэнгүүт “энэ хоёр бас нэг жаахан боломжийн амьдраад байна” гээд залуучуудын сэтгэлгээ их өөр, сайхан болсон шүү. Цэнгэлээс их асуудаг болсон. Архи дарс уухгүй малынхаа төлөө л явбал төрийн хишгийг хүртдэг юм байна гэж ойлгосон байх. Манай багийнхан архигүй хамт олон гэж болсон. Одоо бол архи уудаг хүнгүй. Манай хөшчүүл гол усанд гайгүй хүн байх бусдад нөлөөлдөг юм байна гэж ярьдаг.
-Гэрийн эзэгтэйн талаар бодож үздэг үү? Ямар байгаасай гэж боддог вэ?
-Ажилсаг эмэгтэй байх ёстой. Тэр айлын өнгө төрх нь эзэгтэй. Амьтан хүн ороод ирэхэд тухтайхан дайлж цайлаад гаргадаг байх жишээтэй. Эрийн нэрээр орж эмийн нэрээр гардаг юм гэсэн үг байдаг.
-Бодож явдаг зүйлийнхээ тухай?
-Их бий л дээ. Хүүхдийг л сайхан зөв төлөвшүүлээд, гайгүй сургууль төгсгөх юмсан гэж боддог. Хөгшин настай хүмүүсээ гайгүй өргөх юмсан гэж санадаг. Хорвоо өтгөсөө үдэж, нялхсаа угтдаг болохоор... Хийгээгүй зүйл их л байх юм даа.
-Одоо төвийн хүн болох санаа байна уу?
-Хөдөө гараад 23 жил болж байна. Сургууль төгссөнөөс хойш төвд байсан болохоор яах гэж хөдөөний хүн болов доо гэж боддог байлаа. Одоо бол төвд идээшихгүй. Охиноо дагаад хот явах байх гэдэг. Би хотод явж чадахгүй гэдэг.
-Хөдөөгийхэн ном, сонин хэр уншиж байна?
-Малчдын ном бий. Авч уншина. Очир баатрын тухай ном ч байгаа. Түүнээс санаа аваад малаа маллаж байгаа.
-Малын хулгай хэр зэрэг байна?
-Хулгай байхгүй. Сэтгэл амар. Хааяа нэг гарч л байдаг. Өдөр болгон малаа эргүүлээд хоньчлон хариулаад байхаар хулгай гарах боломж байдаггүй байх.
-Цаашдынхаа нийгмийн баталгааг хэр хангаж байна. Нийгмийн даатгалд хамрагдаж байна уу?
-Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. Насны эцэст хэрэгтэй.
-Ярилцсан танд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх