Аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Чулуунбаатарын Балдандоржийг манай сонины уншигчид “Есөн алдартан”-ы нэгээр тодруулж байсан билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Таны хувьд харьцангуй залуу хүн манай сонины “Есөн алдартан”-ы нэгээр шалгарсан. Тухайн үед юу бодогдож байсан бэ?
-“Есөн алдартан”-ы нэгээр шалгарсанд их баярласан. Ажил аваад нэг их удаан ажиллаагүй байсан. Их богино хугацаанд Булган аймгийн оны “Есөн алдартан”-ы нэг болсон. Нөлөөлсөн зүйл нь ажлын бодлого төлөвлөлт, хэрэгжилт, манай хамт олны шуурхай, дайчин, ажил хэрэгч байгаа байдал Булган нутгийн иргэдэд хүрч надад урам өгсөн болов уу л гэж боддог.
-Та өөрийгөөтанилцуулна уу?
-Би 1983 оны 07 дугаар сарын 15 нд Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрх тасагт төрсөн. Эх барьж авсан хүйн ээж маань Одгэрэл гэдэг эгч байдаг. Одоо 50 ортой төрөх тасагт ажилладаг. Айлын ууган хүү. 3 дүүтэй. Нэг эрэгтэй, хоёр охин бий. Миний өсөж өндийсөн нутаг маань Хутаг-өндөр сумын Уньт баг. Манай өвөг дээдэс, хамаатан садан маань цөм Уньт нутгийн уугуул, одоо нутагтаа ажиллаж амьдарч байгаа. Уньтынхан андахгүй. Аавыг маань Лувсандамдингийн Чулуунбаатар гэдэг насаараа цэрэг тагнуулын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт сая гарсан. Дэд хурандаа цолтой.
Ээжийг маань Очирбатын Уранчимэг гэдэг мөн л насаараа боловсролын байгууллагад ажиллаж байгаа бага ангийн багш мэргэжилтэй хүн бий. Аав ээж 2 маань бид дөрвийг бүгдийг нь дээд боловсролтой хүмүүс болгосон. Миний том дүүг Ч.Балдорж гэдэг. Хүний их эмч мэргэжилтэй. Одоо Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслийн тасгийн их эмчээр ажиллаж байна. Удаах охин дүүмаань Булган аймгийн Газар хөдлөлтийг бүртгэх станцад мэргэжилтэн. Бага охин дүүмаань УБ хотын “Этүгэн” дээд сургуульд Уламжлалт ангаахын их эмч мэргэжлээр суралцаж байгаа. Аав ээж маань 4 хүүхэдтэй байсан бол одоо хоёр бэртэй, нэг хүргэнтэй, 5 ач зээтэй өнөр өтгөн гэр бүл болсон. Би 1991-1994 онд Уньтийн бага сургуульд, 1994-2001 он хүртэл “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд суралцаж төгссөн. 2001-2005 онд УБ хотын ХААИС-ийг Ландшфат архитектор мэргэжилээр, 2005-2006 онд Удирдлагын акедемийг Төрийн удирдлагын арга зүйч, менежер мэргэжилээр тус тус суралцаж төгссөн. Их сургуулиа төгсөөд ажлын гараагаа Орхон аймгийн Хот тохижуулах газарт инженерээр 2 жил хэртэй ажилласан. Тэгээд 2007 оноос төрсөн нутаг Булган аймагт ирж аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Хот байгуулалт, барилга захиалагчийн албанд архитектор инженерээр, 2009 онд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орж тус алба маань хуучин газрын албатай нэгдэж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болж уг газарт ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга гэдэг албан тушаалд ажиллаж байгаад 2013 оны 2 дугаар сараас тус газрын даргаар томилогдон ажиллаж байна даа. Үндсэндээ 2007 оноос хойш Булган аймгийн Барилгын салбарт ажиллаж байна.
-Ам бүл?
-Ам бүл 4. Эхнэр, охин, хүүгийн хамт амьдардаг. Гэр бүлийн хүнийг маань Даваагийн Пэрлэймаа гэдэг. Булган аймгийн ХААН банкинд ахлах теллерээр ажилладаг.
-Газрын харилцаа, барилга хот байгуулалт гэдэг томоохон салбар шиг харагддаг. Ямар асуудлыг түлхүүхэрэгжүүлж байгаа бол?
-Манайх газрын харилцаа барилга хот байгуулалтын газар. Дотроо газрын харилцааны хэлтэс, барилга хот байгуулалтын хэлтэс гэсэн бүтэцтэй. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь аймаг орон нутагт, газрын харилцаа, хот байгуулалт, барилга байгууламжийн төлөвлөлт, зураглал түүний хэрэгжилтийг ханган ажиллахын зэрэгцээ, орон нутгийн түвшинд салбарын бодлогыг тодорхойлон аймгийн Засаг даргын “Шинэ Булган” хөтөлбөрийн үндсэн зорилго болох орон нутгийн хөгжлийн төлөөнийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хийж буй шинэчлэл, иргэнлэг шийдэл, бүтээлч олон ажлуудтай уяалдсан ажилтай орлоготой, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй, аюулгүй орчинтой Булган хот болгох их ажлын төлөвлөлтийг хийж хэрэгжүүлэн цаг хугацаатай уралдан ажилладаг.
Тус газрын 2013 оноос 2014 онд хийж хэрэгжүүлсэн 2015 онд хийж байгаа болон цаашид шат дараалалтай хийх олон ажлын төлөвлөлт, баримтлан ажиллаж буй бодлогын талаар Булган хангайн иргэд олон түмэндээ байнга танилцуулж үнэтэй санал зөвлөмж, авч хувийн хэвшилийн үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуй нэгжтэй хамтран ажиллах санаачилгыг дэвшүүлэн ажиллаж ирсэн, ажиллаж байна.
Ер нь уг хоёр салбар маань нилээд хүнд маш сайн бодож тунгааж ажиллахгүй бол болохгүй. Газрын асуудал хэл амтай хэрүүл уруултай, хардалт сэрдэлт ихтэй их зовлонтой л доо. Булган аймгийн хэмжээнд бол газар өмчлөлийн асуудал бол сүүлийн 1-2 жилд их эрчимтэй явж байгаа. Зарим саармаг асуудал бий. Тэр нь тодорхой хэмжээний бодлого, дэмжлэг үгүйлэгдсэн зүйлүүд бас бий. Гол нь иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх дэд бүтцийн тал нь хоцроод явж байгаа учраас зарим талаар өмчлөлийн асуудал хоцорч удааширах хандлага байна. Шинээр төлөвлөсөн суурьшлийн бүсүүд дээр бид өнгөрсөн жилүүдэд Булган сумын хуучин морь барианы газар, зүүн түрүү, онгоцны буудал чигт их хэмжээний газар иргэдэд олгохоор зогоон татаж төлөвлөлтийг цаасан дээр бус бодит хөрсөн дээр нь хийсэн гудамж талбай айл өрхийн хашааны газрын зохион байгуулалтыг харуулж Булган сумын иргэд заалгаад авчихсан, зарим нь шонгоо зоогоод, байшин хашаагаа барчихсан хүмүүс байна. Тийшээ хүмүүс очиж амьдрах орчин нөхцөл хараахан бүрдээгүй цахилгаан эрчим хүч, ус, дулаан байхгүй учраас очих нь бага байна. Анхны зааж авсан газраа өмчилж авах нь хоцрогдоод байгаа нэг шалтгаан нь энэ. Газраа эзэмшиж авах асуудал өөр бусад байршилуудад илүүявж байна гэсэн үг.
-Манай аймгийн нутаг дэвсгэрт Эрдэнэтийнхэн их газар авч байгаа тухай яриа их байдаг. Энэ нь хэр ортой зүйл вэ?
-Эрдэнэтийнхэн гайгүй дээ. Хүмүүсийн хардалт ихтэй болохоос биш харьцангуй их өгөөд байгаа юм байхгүй шүүдээ. Зүгээр яагаад их аваад байна гэсэн яриа гараад байна гэхээр Эрдэнэтийн наана загвар хороолол барих гээд шүүмжлүүлээд байгаа хашаа байна. Наашаа Бүрэнбүст, Оросын булаг гээд манай аймгийн газар нутаг руу тэлэх хандлага байгаа. Хүн ам ихтэй төвлөрөл бий болсон 100 гаруй мянган хүн амтай аймагт газрын хэрэгцээ их л байгаа. Орхон аймаг чинь Булган аймгийн Бугат, Сэлэнгэ, Хангал, Орхон сумтай хил залгаа, дээрх сумдын нутаг руу гэр хороолол нь зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй тэлээд орчихсон хүндрэлтэй асуудлууд олон бий. Тийм газар хуучин эзэмшиж байсан иргэдээс нь худалдаж авах асуудлууд үүсч байгаа болохоос биш, яг Орхон аймгийн иргэнд газар олгосон асуудал нь гайгүй л байдаг юм билээ. Ер нь хуулиараа Монгол улсын иргэн хүн хаана ч газар өмчлөх, эзэмших эрхтэй. Саяхан Орхон сумын газрын даамлын үйл ажиллагаатай очиж танилцаж энэ газрын чиглэлээр мэдээ мэдээлэл авсан. Айхтар олон зуугаар нь өгчихсөн юм бол байхгүй.
-Орхон аймгийн наана барьсан нэг загварын Цагаан хашааг газраа үнэхүргэж зарж байгаа гэсэн ойлголт төрүүлээд байх шиг.
-Цагаан хашаа бол 326 айлынх байгаа юм. Орхон сумын Халиун багийн иргэдэд олгохоор анх Орхон сумаас шийдвэр гаргаж тэр газар дээр газар зохион байгуулалтын төлөвлөлт хийж өгөөч гэсний дагуу манай байгууллага хамтарч очиж цэг тэмдэг тавьж гудамжууд нь ийм байх юм, гудамж хоорондын зай ийм байх юм, нэг айлын хашаа ийм байх юм гэсэн загварчлал шугам бүхий зогоон татаж өгсөн. Түүнээс биш газар олголтод оролцсон зүйл байхгүй л дээ.
-Газрын асуудал хэл амтай төдийгүй анх олгоходоо ч төлөвлөлт байх хэрэгтэй байх. Булган сумын “Залуус хороолол” гэж замбараагүй газар байдаг.
-Гудамж нь мэдэгдэхгүй замбАраагүй байсныг нь зохицуулахыг хичээж явж байгаа. Одоо бол төв тал руугаа ахиж газар олгохгүй харин цаашаа нэмж 131 айлд олгохоор сая Засаг даргын захирамж гаргууллаа. Цаашид нэмж газар олгохгүй. Олгоё гэсэн ч газар байхгүй. Инженерийн шугам сүлжээ татсанаас хойш хүмүүсийн сонирхол их болж тийшээ тэмүүлэн зөвшөөрөлгүй шон зоож, хашаа байшин барьж, замбараагүй болгох зөрчил маргаан үүсгээд торгууль шийтгэлд орж, төрийн байгууллага иргэн хоорондын үл ойлголцол бий болоод хардалт, сэрдэлт ихтэй зовлонтой байсан учраас уг газрын нөөцийг дахин тогтоогоод төлөвлөлт хийж зогоон татаад олголтыг 8 сард хийх гэсэн боловч Булган сумын ИТХ дэмжилгүй хойшлуулсан. Монгол улсын Газрын тухайн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д заасан аймгийн Засаг дарга инженерийн шугам сүлжээ бүхий газарт, газар олголтыг шийдвэрлэх бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх 131 иргэнд газар олгохоор шийдвэрлэсэн. Газар олгох асуудлыг бид шударга зохион байгуулах талаар анхаарч ажиллаж байна.
-“Цэнгэлдэх хотхон” гэж шинээр байгуулж байгаа явц нь ямар байгаа вэ?
-Цэнгэлдэх хүрээлэнгийн урд тал руу загвар хороолол гэж гаргасан. Төсөв санхүүгийн нөхцөл хүнд байна. Ерөнхийдөөхудалдан авалтын түвшин таруу болсон. Өмнөнь баригдсан загварын байшин дээр хүмүүс захиалга өгөөд сонирхоод явсан. Барилгын материалын үзэсгэлэн яармаг зохион байгуулсны үр дүнгийн дараахан иргэдэд тийм хаус бариулмаар байна гээд эрэлт ихтэй байсан. Компаниудад захиалгаа өгөөд эхэлсэн. Гэтэл иргэд өөрсдөөбольсон. Нөгөөкомпаниуд энд баахан барилга барих нь хэр үр дүнтэй вэ гэдэгт эргэлзээд эхэлсэн. Дараагийн асуудал нь дэд бүтэц хүлээлтийн байдалтай байгаа юм. Инженерийн шугам сүлжээний асуудлыг 2016 оноос шийдвэрлэе гээд аймгийн Засаг даргатай санал солилцоод холбогдох яам тамгын газарт хүсэлтээ тавиад явж байгаа. Инженерийн шугам сүлжээ шийдэгдвэл тэнд сайхан загвар хороолол бий болно. Энэ загвар хорооллыг хуучин “Залуус” хороолол шиг болгочихгүй юмсан гэж бодож зөв чиглэл, төлөвлөлттэй хийж байгаа .
-Барилга салбарын асуудлыг зохицуулж, зохион байгуулахад нэлээд хүнд байдаг байх аа?
-Ер нь манай алба хэцүү. Их стресстэй ажил шүүдээ. Ажлын төлөөзүтгэчихье гэсэн дандаа залуучууд байгаа юм. Залуучууддаа урам зориг өгнө. Хааяа нэг шантрах, уурлаж уцаарлах юм гарах юм. Ер нь их зовлонтой л доо. Газар их хэл амтай. Барилга дээр чинь бас их хэл ам байна. Одоо барилгын компаний захирлууд чинь их мөнгөтэй болчихсон. Зодчих нь холгүй болчихсон. Тэгэхлээр их зовлонтой цаг үед л ажиллаж байгаа юм л даа. Барилга бол их сайхан. Бурхан хүнийг бүтээдэг бусдыг нь барилгачид бүтээдэг гэдэг. Би бол барилгын салбарт энэ тогоонд энэ мэргэжлийг эзэмшиж амьдарч яваадаа бахархдаг. Ажил авснаас хойш Булганыхаа барилгын салбарыг жаахан өөд нь татья гэж зүтгэсэн. Идэвх санаачлагатай байлгая гэсэн үүднээс Булганы барилгачдын холбоотой нэлээд хамтарч ажиллаж байгаа юм.
Ер нь бол 1957 онд анх барилга трест гэж байгуулагдснаас хойш бол зах зээлийн үед 3-4 компани болж өөрчлөгдөж үйл ажиллагаагаа явуулж байна. 2000 оноос хойш жижиг аж ахуйн нэгжүүд байгуулагдаад нийтдээ 9 барилга угсралтын компани манай аймагт байгаа юм. Тэдгээр компанийхан бүгдээрээ барилгын салбарт ажиллаж байсан хүмүүс. Энэ хэдийгээ ихээхэн идэвхтэй байлгахгүй бол болохгүй байгаа юм. Төсөв хөрөнгийн байдлаас шалтгаалаад ч байсан юм уу манай аймаг бол хөгжлөөрөөбусад аймгийг бодвол хоцрогдсон юм шүүдээ. Хөрөнгөоруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр нэлээд хоцрогдонгуй байсан. Тэр үедээ нөгөөБулганы барилгын компаниудын өрсөлдөх чадвар нь бусад аймгийн компанитай өрсөлдөх, зах зээлд гараад ажил гүйцэтгэхэд боловсон хүчний хувьд хангалттай мөртлөөтоног төхөөрөмжийн хувьд учир дутагдалтай бие даасан том хэмжээний аж ахуй нэгж болж бүрэн чадаагүй байгаагаас өнөөдрийн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдах томоохон барилга байгууламж, хувийн хэвшлийн орон сууц ч гэдэг юм уу тендер зарласан зарим нөхцөлийг хангаж чадахгүй жижиг засвар, бага хэмжээний барилгын ажил гүйцэтгээд л яваад байгаа. Үүнийг л сайжруулах санал санаачлагын үүднээс дэвшүүлсэн зүйл нь юу вэ гэхээр Булганы компаниуд нэгдээд консерциум байгуулаадхаач гэсэн.
Консерциум байгуулсан. Одоо сайн хамтарч ажиллах л хэрэгтэй байгаа. Барилгачдын холбоонд байгууллагынхаа хуучин конторт өрөөгаргаж тохижуулж өгсөн. Өмнөхөөбодвол ахицтай. Цуглараад уулзаад юмаа шийдээд санал бодлоо хуваалцаад явдаг болсон. Тоног төхөөрөмжөөшинэчилж байна. Боловсон хүчнээ сургаж бэлтгэж байна. Цаашдаа улам сайхан болох байх. Дараагийн зүйл нь Булганы барилгачид 50-60 жилийн түүхтэй болчихсон хүмүүс. Тэднийхээ түүхээр ном хийлгэх арга хэмжээ зохион байгуулсан 2016 онд бэлэн болгоно. Бас “Булган хангайн барилгачдын алдар” нэртэй сайн дуутай болгосон. Манай театрын дуучид дуулсан гоё дуу бий. Дараагийн нэг бодож буй зүйл Барилгачдын талбай байгуулах ажил байгаа.
-Булганы хэтийн төлөвлөлтийн тухай?
-Булган аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2012 онд боловсруулсан байдаг. Тэрийг бид задалж, дахин төлөвлөлт хийх, Булган сумыг хот болоход ийм байна гэдэг төлөвлөлтийг хийсэн байгаа. 2030 онд 30000 хүн амтай хот болно гэсэн. Одоогийн хийж байгаа ажил маань ерөнхийдөөтэр төлөвлөлтийн үе шатаар явж байгаа. Өнгөрсөн жил нэлээд барилга барих хөрөнгөбайсан. 17-18 тэрбум төгрөгийн хөрөнгөоруулалтыг инженерийн шугамд зарцуулсан. Бид хот болохын тулд яах ёстой вэ гэхээр ерөнхийдөөгазар доорх байгууламжаас эхлэх ёстой. Дээр нь мянга сайхан барилга бариад зүлэг ногоо тариад хэрэггүй. Сайхан барилга барьж, ногоон байгууламжтай болоод газар доорх байгууламжаа шийдвэрлээгүй юм чинь эргээд л ухаж сэндийлээд байх нь ямар билээ. Тиймээс үе шаттай явна гэдэг маань газар доорх инженерийн шугам сүлжээгээ эхэлж хийгээд дахин газар шорооны ажил хийхээргүйгээр ажил хийгээд байгаа юм. Инженерийн шугам сүлжээ бүхий 230 га газрын 90 гаруй хувийг шинэчилчихлээ. Ирэх жилүүдээс газар дээрх барилга байгууламжаа барьж эхэлнэ гэсэн үг.
-Залуу хүний хувьд чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх сонирхолтой бол?
-Чөлөөт цагаараа болж өгвөл нутаг руугаа явмаар байдаг. Манай нутаг ч ойрхон шүүдээ. 80 км. Манай ээжийн аавыг Очирбат гэдэг байсан. Уньт багийг анх үүсгэн байгуулцаж байсан гэдэг. Гучин хэдэн жил Уньт бригадын дарга, сургуулийн захирлаар ажиллаж байсан. Ер нь ээжийн талынхан олуулаа. 2 банди 5 охин. Бүгдээрээ нийгмийн салбарт ажилладаг. Бүгд багш, эмч. Манай ээжийн 2 эрэгтэй дүүнар нь малчин болсон. Тэднийхээр очино. Миний аав ихэр. Тэр ахындаа очино. Тийшээ очиж амрах сайхан байдаг.
-Хангай нутгийн хүүан ав хийх үү?
-Ан хийх, загасчлах дуртай. Анд болж өгвөл явмаар л байдаг. Цаг зав муутай болохоор бараг явж чадахгүй юм даа. Ер нь болж өгвөл байгаль руу гарах сонирхолтой.
-Таны бахархал юу вэ?
-Бахархах зүйл бол аав ээж хоёр. Нутаг усаараа бахархаж явдаг. Бахархах зүйл олон доо. Миний аав, ээж хоёр ясны төрийн албан хаагч хүмүүс дээ. Тагнуулын байгууллагад насаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарлаа. Ээж маань цэргийн хүн дагаад хаана л очино тэнд дагаж явсан. Сая тэтгэвэртээ гарсан чинь таван ханатай гэрээс өөр хөрөнгөбайдаггүй. Тэгээд хилийн цэрэг, тушаалаар явдаг хүмүүс хөрөнгөмөнгөгэлгүй хэдэн хүүхдээ боловсролтой болгож өсгөсөн шиг байгаа юм даа. Үүгээр нь их бахархаж явдаг.
-Таны зорилго юу байдаг вэ?
-Булган нутгийн унаган хүүхэд залуу хүний хувьд зорьж байгаа юм их байгаа. Ажил төрлийн хувьд бусад аймгийн түвшинд оччихоод цойлоод гардаггүй юм гэхэд 1, 2-т орчихоор сайхан хөгжилтэй, залуучууд нь инээж хөхөрсөн, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлчих сайхан саруулхан зам талбай, цэцэрлэгт хүрээлэнтэй, уур уцаар бухимдал байхгүй тийм нэг сайхан аймаг байгаасай. Тийм сайхан төлөвлөлттэй сайхан болгох юмсан гэсэн бодол байнга байдаг. За нэг тэр гудамжид юу байгаа билээ. Тэрийг нэг ийм болгочих юмсан гэсэн төлөвлөлтүүдийг байнга хийгээд явдаг. Цаасан дээр асар их хэмжээний юм буулгасан. Хүсэж мөрөөдөж байгаа зүйл маань үет шаттай хийгдээд явж байгаад баяртай байгаа. Тэр бол их урам зориг өгч байна.
Аймгийн удирдлагууд аймгийн Засаг дарга маань бидний аливаа санал санаачилга төлөвлөлт зураглалын ажлуудыг маань хүлээн авч дэмжиж байгаад нь баяртай байдаг.
-Ажлын хажуугаар бас өөр мөрөөдөл хааяа байна биз?
-Ер нь сайхан малтай болчих юмсан гэж боддог. Мал ч байгаа л даа. Хөдөөах нарынхаа хажууд мал хариулаад сууж байх юмсан ч гэж заримдаа боддог шүү. Малчин хүн болох тийм амар биш. Ер нь малчид төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсээс стресс нь харцангүй гайгүй байдаг юм шиг. Саяхан ахындаа очоод байж байтал,
-Өө. Миний дүүчинь буурал болчихож байгаа юм байна. Ааваасаа илүүцагаан үстэй болж байна шүүдээ гэсэн. Ер нь ажлын ачааллаас их шалтгаалдаг байх. Хүн хүнээсээ бас их болдог байх. Өөрийгөөхэр тайвшруулж чадаж байна гэдгээс нөлөөлдөг байх. Би чинь их богино хугацаанд цагаан үстэй болчихлоо шүүдээ. Өдөр болгон ажлаа бодож их “шатаж” явдаг. Хурдтай, шуурхай хийчих гээд тэр шүүдээ. Булган аймаг энэ хөрөнгөоруулалт бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөлтийн дагуу зөв зохион байгуулалттай хэрэгжүүлээд явбал хэдхэн жилийн дотор маш сайхан болно доо.
-Танай хамт олонг харахад залуучууд олон юм аа.
-Дандаа залуучууд. Хоёр л ахимаг насны хүмүүс байна. Ахмадын туршлага, залуучуудын эрх хүчийг ашиглахад ажил урагштай байдаг.
-Залуу хүний хувьд залуучууддаа хандаж уриалах зүйл?
-Ер нь дайчин, шударга, зарчим ч байх ёстой. Өөрийгөөхөгжүүлэх хэрэгтэй. Юмыг их ухаарч бодож тунгааж байх ёстой. Нутгаа гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй л гэж боддог.
Сэтгэгдэл үлдээх