Булган аймгийн цагдаагийн газрын Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Даваадоржийн Гантөмөртэй уулзаж ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулна уу?
-Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. Аав Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат. Ээж Эрдэнэмандал сумынх. Ургийн овгоо дагаж Архангай аймгийн Цэнхэр сумынх гэж явдаг даа. Орхон аймгийн 5-р арван жилийн сургуулийг 1998 онд төгсөөд тухайн үеийн Цагдаагийн дээд сургуульд элсэн орж 2002 онд Цагдаагийн академийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2005 онд удирдлагын академийг дүүргэж төрийн удирдлагын менежер болсон. 2013-2015 онд “Их засаг” Олон улсын их сургуульд “Мөнгө угаах гэмт хэрэг түүний эрх зүйн орчныг Монгол улсад боловсронгуй болгох нь” сэдвээр Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан юм.
-Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?
-Цагдаагийн байгууллагад 14 жил ажиллаж байна. Сурсантайгаа 18 жил болжээ.
-Цагдаагийн ямар албанд зүтгэж байв?
-Ер нь дандаа Эрүүгийн албанд л ажилласан даа. 2002 онд Цагдаагийн сургуулиа төгсөөд Орхон аймгийн Цагдаагийн газар Эрэн сурвалжлалт хариуцсан төлөөлөгчөөр ажилласан тухайн үедээ хэн болох нь тогтоогдоогүй цогцос, сураггүй болсон хүн, эрэн сурвалжлагдаж байгаа хүн, мал, эд зүйл, Шүүх, прокурорын болон Мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан сэжигтэн, яллагдагч нарыг эрэн сурвалжлах, эзэнгүй хэргүүд дээр ажиллаж түүнээс хойш Эрэн сурвалжлалт хариуцсан ахлах төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгч, эдийн засгийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан голдуу Эрүүгийн болон эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр голдуу ажилласан.
-Булган, Орхон аймагт ажиллаж байхад ялгаа их байна уу?
-Нэр томъёоны хувьд хоёулаа адилхан аймгууд боловч ялгаатай асуудлууд цөөнгүй байна, Орхон аймаг хуучин Эрдэнэт хот байж байгаад 1994 онд Орхон аймаг болсон байдаг. Орхон аймаг нь дэд бүтэц сайн хөгжсөн. Уул уурхай түшиглэсэн, хүн ам ихээр төвлөрсөн монгол улсын гурав дахь том хот. Манай Булган аймаг 16 сумтай 60,000 орчим хүн амтай, газар тариалан мал аж ахуй түшиглэсэн байхад Орхон аймаг 2 сумтай, 100,000 орчим хүн амтай, газар нутгийн хувьд харьцангуй бага зэрэг, Орхон аймагт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг бол ихэвчлэн орон байрны хулгайн гэмт хэргүүд байхад Манай аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэрэг дийлэнх нь үйлдэгдэж байх жишээтэй энэ нь үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 70-80 хувийг эзэлж байна. Мөн Орхон аймагт Албан тушаалын гэмт хэргүүд нэлээд үйлдэгддэг, Яагаад гэвэл Эрдэнэт үйлдвэр гээд том айл энэ айл Улсын төсвийн 40-45 хувийг бүрдүүлдэг байсан одоо 25 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Энд албан тушаалын гэмт хэргүүд цөөнгүй үйлдэгддэг, Энэ байдлаар нь харьцуулаад үзэхэд ялгаатай асуудлууд байна.
-Авлига, Албан тушаалын гэмт хэрэг гэж их ярьдаг. Гэтэл шийтгэгдээд байдаг нь ховор мэдээлэгддэг шиг. Нөгөө л малын хулгай хийсэн нөхдүүдийн “хаалга татсан нь” харагдаад байдаг.
-Авлига, Албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэхгүй газар, орон гэж байхгүй. Аль ч улс оронд албан тушаал, албаны эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх, авлига авах, өгөх, зуучлах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, ашиглалын гэмт хэргээс авахуулаад энэ төрлийн гэмт хэргүүд үйлдэгдэж байдаг. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлж эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлагад татахын тулд илрүүлэх үндсэн үүрэг бүхий байгууллагын удирдлагын бодлого хариуцсан эрх бүхий алба хаагчдын мэдлэг чадвар, зарчимч байдлаас гарах үр дүн нь шууд хамааралтай. Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь нуугдмал далд, зохион байгуулалттай үйлдэгддэгээрээ онцлог, мөн хуулийн байгууллагад бүртгэгддэггүй гэмт хэргүүдийн нэг. Малын хулгайн гэмт хэрэг бол өөр шүү дээ Иргэн малаа хулгайд алдлаа цагдаад ирээд бүртгүүлдэг. Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар хэн ч цагдаад мэдүүлдэггүй яагаад гэвэл энэ гэмт хэрэг тодорхой хаалттай хүрээлэлд үйлдэгдэж байдаг. Мөн Авлигын гэмт хэргийн тухайд гэхэд авлига авсан өгсөн хоёр этгээдийн хоёулангынх нь эрх ашиг хангагдаж байдгаараа бусад төрлийн гэмт хэргээс ялгагдаж байдаг. Манай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дүгээр зүйлүүдэд авлига авсан өгсөн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэлтэнд сөрөг нөлөө үзүүлж байна гэж би хувьдаа боддог. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцдэг хууль хяналтын байгууллагууд тэмцэх арга барилаа өөрчилж хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлж мэргэжлийн өндөр түвшинд ажиллах нь чухал.
-Төсвийн хөрөнгийн зарцуулалтанд хяналт шалгалт хийдэг байгууллага бас албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх боломжтой юм биш үү?
-Тэгэлгүй яахав, Төрийн аудитын болон санхүүгийн хяналт дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалт хариуцсан ажилтнууд жилдээ батлагдсан төлөвлөгөөний дагуу төсөвт байгууллагууд болон төрийн өмчит компаниудад графикын дагуу санхүүгийн хяналт шалгалт хийгээд шалгалтаараа илэрсэн зөрчилд үнэлэлт дүгнэлт өгөн Цагдаагийн байгууллагад холбогдох материалын хамт шилжүүлдэг. Манайх хүлээж аваад хуулийн хугацаанд шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байвал эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж тухайн байгууллагад хариуг нь өгөх үүрэгтэй. Иймд санхүүгийн хяналт шалгалт хийдэг эрх бүхий байгууллагууд цагдаагийн байгууллагуудтай мэдээлэл солилцон нягт хамтарч ажиллаасай гэж боддог. Бүгд л адилхан тангараг өргөсөн төрийн алба хаагч нар шүү дээ.
-Цагдаагийн ажилтны эрхэмлэх гол чанар гэвэл юу бол?
-Цагдаагийн албан хаагч нь ёс зүйтэй, харилцааны өндөр соёлтой, хүнлэг өргөсөн тангарагтаа үнэнч, хуулийг дээдлэгч, албаны нэр төрийг байнга өндөрт өргөх зэрэг чанаруудыг эрхэмлэн өдөр тутмын үйл ажиллагаагаа гүйцэтгэж байх үүрэгтэй.
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд нэлээд хөрөнгө зарцуулдаг. Энэ талаар?
-Цагдаагийн газрын төсөвт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан төсөв хөрөнгө гэж байхгүй, Харин бид хийсэн ажлаа тайлагнаж танилцуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлэхээр аймаг орон нутгийн удирдлагуудад ханддаг. Ер нь бол Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар цагдаагийн байгууллагын алба хаагчдын торгосон хүү торгуулийн орлогын 40 хувийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах талаар тодорхой заасан байдаг. Үүний дагуу тодорхой ажлыг зохион байгуулан аймгийн төрийн сан, сумдын удирдлагуудтай тодорхой асуудлууд дээр санал солилцон хуулийн дагуу шийдвэрлэхээр асуудлууд байдаг. Булган аймгийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой вэ, өмнөх онд ямар ажил хийв, алдаа, ололт амжилт нь юу байв үүнд тулгуурлаад ирэх онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлөөс тавигдсан хүү торгуулийн орлогоос орсон орлогын 40 хувийг зарцуулах ёстой. Жишээ нь өнгөрсөн онд гэхэд 200-гаад сая төгрөгийн хүү торгуулийн орлого гэж төрийн санд төвлөрүүлсэн байдаг. Энэ хөрөнгийн 145 орчим сая төгрөгийг цагдаагийн газар дангаараа бүрдүүлсэн ба үүний 55 орчим сая төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин зэрэг газрууд төвлөрүүлсэн байгаа. Торгуулийн орлого нэмэгдсэн нь өнгөрсөн оны 9-р сараас мөрдөж эхэлсэн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж, торгуулийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой. Мөн цагдаагийн албан хаагч өргөсөн тангарагтаа үнэнч зөрчил гаргасан этгээдтэй эвлэрэхгүй хуулиа хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн нотолгоо. Үүнээс л 40 хувийг зарцуулах ёстой. Булган аймгийн хувьд зарцуулж байгаа гэж бодож байна. Хуулийн зүйн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын оролцоотойгоор асуудлыг шийдээд дэмжигдээд явж байгаа. Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд тодорхой хөрөнгө шийдвэрлүүлэн түүнийг үр дүнтэй зарцуулан ажил болгох чиглэлээр нилээдгүй цаг зав, ажил ачааллын дунд хийж хэрэгжүүлсэн ажил та бүхний Булганчуудын нүдэнд ил тод харагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн нэг жишээ 2016 онд онд Булган аймгийн Тэшиг сумын нутаг Эгийн голын гүүрэн гарцанд хяналтын пост, телехяналтын камер суурилуулах ажлыг хийж хэрэгжүүлэхээр Байгаль орчны газартай хамтран Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөс 160 сая төгрөг төсөвлүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй томоохон ажил юм.
-Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хөрөнгө зарцуулах уу?
-Тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын чанар үр дүнг ахиулах, урьдчилан сэргийлэх ажлыг хууль хяналт, төрийн болон төрийн бус байгуулагын оролцоотой зохион байгуулах талаар жил бүр Цагдаагийн төв байгууллагаас хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжилтийг тооцон ажилладаг. Манай цагдаагийн газрын хувьд тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах нь дан ганц цагдаагийн байгууллагын хийж хэрэгжүүлэх, хүлээх үүрэг биш хуулинд нутгийн өөрөө удирдах, нутгийн захиргааны байгууллага албан тушаалтны хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагыг тодорхой тусгасан учраас хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр сүүлийн хоёр жил шат дараалсан ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал: Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хуулийн 7-р зүйлийн 7.1.2-д гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг нутгийн өөрөө удирдах, нутгийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэхээр хуульчилж өгсөн байгаа. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд хууль сурталчлах чиглэлээр сургалт зөвлөгөөн зохион байгуулах, хамтарч ажиллах, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотой зохион байгуулах талаар бодлого боловсруулан ажил арга хэмжээ зохион байгуулахад зарцуулах хөрөнгө мөнгө, хүн хүчний тооцоог гарган аймгийн Засаг дарга, ИТХ-ийн дарга нарт танилцуулан шийдвэрлүүлэн зохион байгуулж байна. Мөн “Архигүй-Булган” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тодорхой хөрөнгө төсөвлүүлэн ажил арга хэмжээг шат дараалсан хэлбэрээр зохион байгуулан хэрэгжүүлж байна. Хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис, ургамлын хэрэглээ, хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, энэ төрлийн ургамлын тархацыг аймгийн хэмжээнд тогтоох ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран явуулж ургамалд устгал хийх ажлыг зохион байгуулахаар 2016 оны төлөвлөгөөнд тусган Аймгийн ИТХ-д танилцуулан 2 сая төгрөг шийдвэрлүүлээд байна. Тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын чанар үр дүнг дээшлүүлэхэд судалгаанд тулгуурлан хэрэгжүүлэх ажилд гаргах зардал хөрөнгийг шийдвэрлүүлээд энэ ажлыг дан ганц цагдаагийн байгууллагын хүчээр биш хууль хяналт, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотой хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа нь бодит үр дүнгээ өгч байгаа ажил арга хэмжээ юм. Энэ ажлыг бид цаашид тасралтгүй хэрэгжүүлэн ажиллах болно.
-Хар тамхины хэрэг манай аймагт байна уу?
-Манай аймгийн зарим суманд зэрлэг олс, канабисийн ургамал нэлээдгүй ургаж байгаа олон жилийн өмнөөс зэрлэгшээд ургачихсан үүнийг хүүхэд залуучууд янз бүрийн байдлаар хэрэглэж мансуурдаг нь тогтоогдсон. Тухайлбал: 2015 оны 12-р сард гэхэд манай аймгийн Булган сумын төвд оршин суудаг Г гэгч Канабисийн ургамлыг Дашинчилэн сумаас түүж хатаан нунтаг болгон бэлтгэж хадгалж борлуулдаг байж болзошгүй талаар мэдээлэл Эрүүгийн албанд авагдан баримтжуулан шалгаж уг этгээдийн гэрээс 3 кг орчим олс буюу канабисийг хураан авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192,1-ээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шүүхээр орж хэрэг нь шийдвэрлэгдсэн. Цаашид энэ чиглэлд судалгаа хийж мэдээлэл цуглуулан хяналтаа сайжруулах шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа.
-Эрүүгийн албаны гэмт хэргийн илрүүлэлт ямар байна вэ?
-2015 онд 295 гэмт хэрэг бүртгэгдсэн. 99 нь хулгайн гэмт хэрэг. Өмнөх оноос 31,7 хувь буурсан. Үүнээс мал хулгайлах гэмт хэрэг 45 бүртгэгдээд 35,1 хувь буурсан байна. Мал хулгайлах гэмт хэргийн 43 буюу 89,5 хувь нь бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцогдоод илэрсэн. Хэргийн илрүүлэлт 58,1 хувьтай байгаа. Илрүүлэлт 9,3 хувь өссөн байгаа. Гэмт хэрэг 16,2 хувь буюу 57 хэргээр буурсан. 2014 онд 345 гэмт хэрэг бүртгэгдэж байсан. Гэмт хэрэг буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь хөрөнгө оруулалттай холбоотой. Булган суманд камерийн хяналтын систем бий болсон, Орхон, Сэлэнгэ, Хануй голын гүүрэн гарцууд дээр хяналтын системтэй болсон нь нөлөөлсөн. Аймгийн төвд үйлдэгдсэн гэмт хэрэг дээр камерын хяналт ашиглаад 9 гэмт хэргийг илрүүлсэн байгаа.
-Мөнгө угаах гэмт хэргийн тухай эрдмийн ажил хийсний шалтгаан юу вэ?
-“Мөнгө угаах гэмт хэргийн эрх зүйн орчныг Монгол улсад боловсронгуй болгох нь” сэдвээр 2013-2015 онд “Их засаг” олон улсын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Мөнгө угаах гэмт хэргийг шинэ төрлийн гэмт хэрэг гэж үзэж байгаа боловч Монгол улсад аль хэдийн үйлдэгдээд эхэлчихсэн гэмт хэрэг байгаа юм. Эрх зүйн орчин нь боловсронгуй болоогүй хуулийг хэрэглэхэд бэрхшээл их гарч байгаад дүгнэлт хийгээд энэ төрлийн гэмт хэргээр судалгааны ажил хийх болсон. Мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэг нь авлига, албан тушаалын гэмт хэргүүд байдаг өөрөөр хэлбэл авлига авч албан тушаалаа ашиглан гэмт хэргийн замаар, хууль бусаар олсон орлого буюу бохир мөнгөө цэвэршүүлэн хувиргаж угаагаад хууль ёсны юм шиг харагдуулж байгаа процесс юм. Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд зөвхөн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоод шийдэгдчих асуудал биш банк, санхүүгийн хяналтын системтэй хүссэн хүсээгүй энэ гэмт хэрэг холбогдоно иймд энэ чиглэлээр судалгааны ажил хийе гэж зориглоод ШУТИС-ийн санхүү менежментийн магистрт ажлынхаа хажуугаар суралцаж байна.
-Та гадаад улсад мэргэжил дээшлүүлж байсан уу?
- 2015 оны 05 сард Египет улсын Цагдаагийн академи дээр Терроризм, Мөнгө угаах гэмт хэргийн чиглэлээр 1 сарын сургалтанд дэлхийн 16 орны цагдаагийн алба хаагч нарын хамт сууж сертификат авсан.
-Таны хобби юу вэ?
-Олон хоббитой л доо. Бөх барилддаг байсан. Жудо бөхөөр багадаа Орхон аймагт “Хангарьд” спорт хороонд хичээллэдэг байсан. Цагдаагийн сургуульд орсноос хойш сагсан бөмбөг, снүкер биллъярд зэрэг төрлүүдээр хичээллэж байсан. Сүүлийн үед чөлөөт цагаараа дугуй унаж сагсан бөмбөг тоглож байна. Сагсан бөмбөгийн 1-р зэрэгтэй, Снукер биллъярдын спортын мастер цолтой. Орхон аймгийн Биллъярдын холбоонд сонгуульт ажил хийж байсан. Билльярдаар улсын аварга, бүсийн тэмцээнд оролцож явсан. Орхон аймагт снукер биллъярд боломжийн хэмжээнд хөгжиж байгаа гэж боддог.
-Таныг дасгалжуулагч гэж сонссон юм байна.
-Мэргэжлийн дасгалжуулагч биш л дээ. Хоббигоороо л дасгалжуулагч хийгээд байх шиг байгаа юм. Ганц нэг шавь байгаа. Орхон аймагт ажиллахдаа снүкер билльярдын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ажиллаж байсан. Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх биллъярдын спортоор хичээллүүлэх аймгийнхаа болоод улсын аврага шалгаруулах тэмцээнд амжилт үзүүлэх үүднээс 2 тамирчинг тогтмол бэлтгэж тодорхой амжилтуудыг гаргаж байгаа. Лхагвасүрэн, Цог-Очир гэдэг хүүхдүүд бий. Одоо оюутан болсон. Лхагвасүрэн гэдэг хүүхдийг 9, 10-р ангид байхаас нь бэлтгээд улсын аваргад оролцуулсан. Тайваньд дэлхийн снүкер билльярдын академи гэж байдаг. Тэндэхийн 45 хоногийн сургалтад хамруулсан. Дараа нь Бээжинд 2013 онд болсон дэлхийн снүкер билльярдын өсвөрийн үеийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлж оролцсон. Нэлээд сайн амжилт үзүүлсэн. 2014 онд Катарын Доха хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэнд нийт 33 орны тамирчин оролцсон. Лхагвасүрэн, Цогбаяр хоёрыг аваад биллъярдын холбооны нарийн бичгийн дарга Шинэбаяр бид хоёр дасгалжуулагчаар явсан. Азидаа чансаагаараа дээгүүр ордог Филлипин, Малайз, Иран, БНХАУ, Энэтхэг улсын чадварлаг тамирчидтай амжилттай тоглоод ирсэн.
-Манай аймагт биллъярд хэр хөгжиж байх шиг байна.
-Манай аймагт зориулалтын биллъярд клуб алга байна. Энэ спорт маань өөрөө стандартын ширээ, цохиур, шарик, орчин нөхцөл, хувцас порм, тамирчны ур чадвар, мэдрэмж шаардсан онцлог спорт юм. Амжилт үзүүлэх нь орчноос их шалтгаалдаг, Эхний ээлжинд тохилог стандартын ширээтэй клуб байх хэрэгтэй клуб нь нэг, хоёр ширээтэй ч байсан болно. Улсын хэмжээнд орон нутгуудаас Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгуудад энэ спорт сайн хөгжсөн. Булган аймагтаа энэ спортыг хөгжүүлье гэсэн чин хүсэл эрмэлзлэл бол байгаа.
-Таныг гадаад хэлтэй гэж сонссон юм байна?
-Англи хэлээр бага зэрэг ярина аа. Манай анги орос, англи хэлний гүнзгий сургалттай анги байсан. 5-10-р анги хүртлээ Sarah, Matt, Susan зэрэг 3 америк багшаар англи хэл заалгаж байсан. Дээр нь манай ангийн багш Ё.Эрдэнэчимэг гэж гадаад хэлний улсын олимпиадын олон удаагийн аварга багш маань байгаа энэ багш маань шавь нараа сайн бэлтгэсэн багшийн маань ач гавьяа. Манай ангийн охидууд гадаад хэлний улсын олимпиадад оролцоод тэргүүн байруудыг эзэлдэг байлаа. Өнөөдөр манай ангиас хэл шинжлэлийн ухааны доктор 1 доктор төрсөн байна.
-Ярилцсан танд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх