МАН-ын дарга В.Рэнцэндорж: Орон нутагт намчирхаж улстөржих шаардлагагүй

2014-12-04 14:26:32 | 862 | 0


 Бид энэ удаагийнхаа “Намын эргэн тойронд ” буландаа МАН-ын дарга В.Рэнцэндоржийг урин оролцуулж ажил үүрэг үзэл бодлынх нь талаар цөөн хором ярилцлаа. Тэрээр сөрөг хүчнийхээ зүгээс өнөөгийн засаг төр хэрхэн ажиллаж байгааг дүгнэн ярьж үзэл бодлоо хуваалцсан юм.

 

-Та өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?

Намайг Бэсүд овогт Ванчигийн Рэнцэндорж гэдэг. Алтай хотод /Одоогийн Есөнбулаг сумд/айлын том хүү болон төрсөн. Манай Алтай нутгийнхан надаас илүү аавыг маань морины Ванчиг, фондны Ванчиг гэдгээр нь сайн мэднэ. Миний хувьд төрсөн, өссөн цагаасаа одоог хүртэл төрсөн нутагтаа ажиллаж, хань Н.Энх-Амгалантай  гэр бүлийн амьдрал зохион жирийн залуу гэр бүлийн нэгэн адил амьдралын зовлон, жаргалыг туулан үр хүүхдээ өсгөж, өөрсдийн бүтээсэн болон бүтээхээр зорьж байгаа амьдралынхаа төлөө яваа хүн гэж товчхон танилцуулъя.

-Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдоод 5сар болж байна. Хийж буй ажлаасаа тодорхой ярина уу?

2014оны аймгийн ИТХ-ын дахин сонгуульд ардчилсан нам орон нутагт олонх болж аймгийн удирдлагыг авсан. Дээрээ ч  засаг барьж байгаа байдал нөлөөлсөн байх, мөн аймгийн Монгол ардын нам дотор нь байгаа зөрчил нэлээд гүнзгийрсэн. Үүнийг энгийн иргэд хүртэл ярьдаг, мэддэг болсон. Иргэд ч бай, аль нэг намын гишүүд ч бай арай өөр сонголтыг хүсээд байгаа юм болов уу гэж бодож байна. Ер нь орон нутгийн улс төрийн аль ч намд бидний үеийн төлөөлөл гарч ирээд байгаа нь анзаарагдсан л даа.

Шинэ удирдлагуудтай 2сар ажиллаад ажлаа өгсөн. Миний хувьд аавын нөлөө байсан. Бас нэгэн цаг үед МАН-ыг дэмждэг байлаа. Тухайн үед ажиллаж байсан удирдлагуудын нөлөө ч байсан байх. Гэхдээ би төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагч байсан болохоор намд элсэх, улс төрийн үйл ажиллагаа явуулах боломж ч байгаагүй. Тэгээд 2014 оны 3 дугаар сарын 01-нд Эх орончдын баярын өдрөөр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт өрөгдөлөө бичиж өгөөд тэр өдрөө аймгийн МАН-ын гишүүнээр элссэн дээ. Тухайн үед надтай адилхан төрийн албанд байсан залуучууд улс төрийн шалтгаан, шахалтаар ажлаасаа гарсан байсан. Тэгээд тэр хэдтэйгээ зөвшилцөж, ярьж байгаад  ер нь нам дотороо Шинэчлэлийн хөдөлгөөн өрнүүлье гээд одоогийн нам дотор байгаа болохгүй, бүтэхгүй зүйлийг нь хэлье, засъя гээд 5хүн нэгдээд гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаад 1сарын дотор аймгийнхаа бүх сумдаар тойрсон. Сумдаар явахад намын үйл ажиллагаа доголдоод байгаа юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Ирээд энэ талаар намын удирдлагуудад хэлсэн тийм сайн хүлээж аваагүй л дээ.Тэгээд удалгүй манай намын бага хурал болсон хамт явсан найзууд маань намын даргад өрсөлдөөд үз гэсэн санал тавьж, тухайн үед миний хувьд 1000 орчим гишүүдийн санал, хүсэлтийг авч судалгаа дүгнэлт хийсэн болохоор нэлээд ул суурьтай өөрчлөлт, шинэчлэлт энэ намд хийх болсон талаар бага хурал дээр болон удирдлагын хэмжээнд мөн гишүүддээ ярьж дэмжлэг авч намын дарга болсон. Ажлаа аваад 5сар болж байгаа хэдий ч олон нийтийн байгууллагын ажлыг нэг амьсгаагаар хийдэггүй, удирдах арга барил, зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт, хэвийн үйл ажиллагаанд анхаарч үе шаттай хийхээр төлөвлөн ажиллаж байна.

-Орон нутгийн дахин сонгуулиар танай нам аймгийн ИТХ-д цөөнх болсон сөрөг хүчний үүргээ хэрхэн биелүүлж байгаа вэ?

Манай намын хувьд аймгийн ИТХ-д 13суудалтай 1/3 гэсэн үг сонгогдсон төлөөлөгчдийн хувьд дийлэнх нь 2ба түүнээс дээш сонгогдсон хашир, туршлагатай төлөөлөгчид бий. Говь-Алтай аймгийн хувьд дахин сонгууль он дамнаж болсноор нэлээд ажлууд хүлээгдсэн байсан. Жишээ нь: 2013оны  орон нутгийн хөгжлийн сангийн үлдэгдэл 3 тэрбумаар хийгдэх аймгийн төвийн тохижолтын ажил, Улсын чанартай 128км замын ТТАМА төлбөр 1.5  тэрбум гэх мэт хөрөнгөөр хийгдэх уулзвар, замын ажлууд төлөвлөгдсөн цаг хугацаа алдсан мөн 2014оны ОНХ сангийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд гэх мэт. Ер нь тухайн жил хийх ажлыг өмнө жил төлөвлөж, зураг, зардлыг тооцож аймгийн ИТХ-аар төсвийг нь батлаж ажилладаг шүү дээ.Тэгээд ч аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого сонгуульд аль нам, улс төрийн хүчин гарсан ч ялгаагүй төлөвлөгдсөн ажил хийгдээд л явдаг.Түүнээс урт, дунд хугацааны бодлого, төлөвлөлтгүй бол юуг үндэслэж ямар ажил хийх вэ дээ.Ер нь манай аймаг Говь-Алтай аймгийн хөгжлийн цогц бодлого /2010-2025/он хүртэл хөгжих бодлогын баримт бичиг дээр тулгуурлаж Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн үндсэн чиглэл боловсруулагдаж яваа. Үүнийг үндэслээд юу гэж хэлэх гээд байна гэхээр хийх ажлууд их байгаа болохоор аймаг, орон нутгийн эрх ашгийн төлөө дээрх ажлуудыг саад тотгор болохгүй хийлгэ гэсэн үг. Тийм учраас сөрөг хүчин гээд буруу зүйлийг зөв, зөв зүйлийг буруу гээд байх шаардлага байхгүй. Гэхдээ хэлж яримаар зүйлүүд бас гараад байгаа тэр болгон дээр түрэгдээд яах вэ гээд алдаагаа засах нь уу гэж харж байгаа.Тэгээд ч хэлэх ярих боломж хаагдмал, түүнийг хүлээж авах чадвар дутмаг, иргэдэд нэг талын мэдээлэл өгөх зэргээр мэдээллийн хэрэгслэлийг хаагдмал байдалтай болгож байгаа.

Аймгийн Засаг даргыг МУЗЗНДНТУТ хууль, Төрийн албаны хууль зөрчиж байгаа талаар 7сард манай намаас мэдэгдэл гаргасан хариу тайлбарыг нь одоо оны төгсгөлд болох аймгийн ИТХ-аар сонсох байх.

-Ардчилсан нам орон нутгийн удирдлагыг аваад нэлээд хугацаа өнгөрлөө. Тэдний хийж байгаа ажил, бүтээн байгуулалтын талаар таны бодол?

Аймгийн Засаг даргыг адилхан залуу хүн бодож сэтгэж хийх байх гэж харж байгаа. Дээр би тодорхой ярьсан даа аймгийн Засаг О.Амгаланбаатар даргад орон нутгийн төсвийн  2 жилийн  хөрөнгө хуримтлагдсан орлого, улсын чанартай 128 км замын татварт ахиухан хөрөнгө төвлөрсөн боломжийн цаг хугацаа тохиосон тийм учраас энэ жил нэлээд хэдэн ажлуудыг хийх шиг боллоо. Гэхдээ хийж байгаа ажил нь чанартай байх ёстой мөн иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан байх шаардлагатай. Ер нь өнөөгийн улс орны эдийн засгийн хямралтай байгаа цаг үед миний харж байгаагаар иргэд рүүгээ чиглэсэн ажлуудыг хийвэл зөв болов уу.

Жишээ нь:1. Манай аймгийн хамгийн тулгамдсан асуудал ажилгүйдэл байдаг учраас байнгын болон түр ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого барих, түүний тулд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл болон ОНХС-ын хөрөнгөөр хийж байгаа ажилд орон нутгийн ажиллах хүчнийг хамруулахад анхаарах нь чухал.

2. Төвөөс алслагдсан аймгийн хувьд орон нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг хэвийн хэмжээнд барих нь чухал асуудал.Одоогийн байдлаар манай аймагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өмнөх оныхтой харьцуулахад 15-30 хүртэл нэмэгдсэн статистик мэдээ байна. Тэгэхээр өөрсдөө үйлдвэрлэх боломжит бүтээгдэхүүн болох мах, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс,хүнсний ногоо болон үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнүүдийн жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг. Түүнээс намчирхаж ялгаа гаргах бус үйлдвэрлэл эрхэлж чадаж байгаад нь өгөх хэрэгтэй. Одоо нэг үеээ бодвол бизнес эрхлэгчид маань өөрсдөө хийж чадаж сурч байгааг орон нутгийн үзэсгэлэн худалдаануудаас харж болохоор байна шүү.

Тэгээд ч Говь-Алтай аймгийн 20жилийн хөгжлийг 8сарын хугацаанд  хийсэн ажил буюу 2 км автозам, 4 км явган хүний зам, хэдэн авто зогсоолоор хэмжиж, харьцуулж болохгүй байх үүнийг цаг хугацаа харуулна. Иргэд та бүхэн ажил сайн хийгээрэй, амласан мөрийн хөтөлбөрөө бүрэн биелүүлээрэй гэж сонгодог болохоос жаахан ажил хийчихээд өөрийгөө магтаад байгаарай гэж сонгодоггүй. Энэ бол итгэл үүнийг хариуцлагатай, ухаалаг, иргэдээ ялгаварлахгүй, нийтийн эрх ашиг гэдэг үүднээс шийдэж , бодож явах нь чухал. Сөрөг хүчний хувьд олонх маань амласан мөрийн хөтөлбөрт дурьдсан гол ажлууд болох 2жилийн хугацаанд хийнэ гэсэн дулааны станц болон шугам сүлжээний ажил, аймгийн төвийн иргэдэд хүргэх ундны цэвэр усны асуудал зэргийг яаж хэрэгжүүлж байна вэ? гэдэгт хяналт тавьж шахаж шаардаж ажиллах болно. Аймгийн Засаг даргын хувьд зарим ажлын амласан цаг хугацаа нь өнгөрөөд 2-3 сар болж байх шиг байна удахгүй болох аймгийн ИТХ дээр хариултаа авах байх гэж бодож байна.

-Хэлчихмээр болон цаашид таны хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажил юу вэ?

Өмнө нь аймгийн удирдлагад ажиллаж байсан хүний хувьд энэ жил аймгийн төвийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг тааруухан хангасан юм болов уу гэж харж байна. Байнга шахуу цахилгаан тасалдах, халаалт дулааны асуудлаар иргэд их бухимдаж байгаа асуудлууд гарсаар байна.Мөн аймгийн Засаг даргатай уулзах гэж 2удаа хандсан хүлээж авах боломжгүй гэдэг хариулттай буцсан даа. Сөрөг хүчний намын даргаа залуу хүний хувьд өрсөлдөгч, дайсан гэж битгий хараач ээ. Орон нутагт ажиллаж амьдарч байгаа бидний залуу хүмүүсийн хувьд эрүүл, цэвэр улс төр хийж өрсөлдөх хэрэгтэй. Тэр дундаа Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж амьдрах нь чухал түүнээс намчирхаж, ялгаварлан гадуурхаж, дарамт шахалт үзүүлээд сайн үр дүнд хүргэхгүй гэж би боддог. Иймд нэгэн үед улс төрийн намыг орон нутагт удирдаж, манлайлж яваа хүмүүсийн хувьд өөртөө хариуцлага, ухаалаг, хүндэтгэлтэй байх нь чухал байх. Манай аймаг шиг жижиг газар намчирхаж, улс төржөөд хэрэггүй яагаад бүгд ах дүү, хамаатан садан мөртлөө өөрийн үзэл бодлоор өөр, өөр намд байдаг тэгэхээр энэ хүмүүс өөр хоорондоо өсөрхөж, хонзорхож явах болж байна уу гэдэг нь асуудалд  хүргэнэ шүү.

Манай намын хувьд орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлж явахдаа алдсан оносон зүйл байгаа л байх гэхдээ оносон нь илүү. Тэр дундаа намчирхаж, ялгаварласан байдлаар хандаж байсан зүйл байхгүй. Үүнийг би үе үеийн удирдлагуудтай хамтран ажиллаж байсны хувьд гэрчилнэ. Ер нь аймгийн Засаг дарга гэдэг бол хэчнээн намаар дамжиж болж байгаа ч, орон нутгийн иргэдийнхээ эрх ашгийн төлөө ямар нэг ялгаа, зааг гарган хандаж болохгүй хэчнээн цөөнх ч гэсэн тэд иргэдийн нэг хэсэг тийм учраас үг, дуу хоолойг нь сонсож байх нь чухал.

Орон нутагт манай намын хувьд дахин сонгуулийн үр дүнгээр цөөнх болсон ч цаашид үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, алдаа оноогоо үнэлж, дүгнэх гишүүд, иргэдийнхээ дэмжлэгийг авах тал дээр анхаарч үе шаттай ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Ямарваа ажлыг хийхэд зам зуур бэрхшээл, саад байдаг тэр болгоныг даван туулж  байж амжилт бүтээл,зорилго биелэдэг гэдэгт би итгэдэг.Тийм учраас олон хүний эрх ашгийн төлөө яваа гэдэг итгэл найдвар, урам зоригоор эрчлэгдэж, тэднийхээ итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй авч явах ёстой гэсэн зорилготой явна даа. Хувь хүний тухайд өөрийн хүсэл, зорилгодоо хүрэхийн төлөө төрсөн нутагтаа ажиллаж амьдарч яваа жирийн залуу л гэж боддог шүү.

Иргэд гэхдээ хов, живээр мэдээлэл авч байна. Жишээ нь: Өнөөдөр Говь-Алтай аймагт төрийн албаны удирдах албан тушаалтан нь бүгд үүрэг гүйцэтгэгч байгаа. Ямарваа албан тушаал дээр ажилд авахдаа заавал сонгон шалгаруулалт хийж байж авдаг. Өнөөдөр ардчилсан намд элссэн л бол ажилд ордог гэсэн яриа гадуур байна. Удахгүй Төрийн албаны зөвлөлөөс шалгалт ирж энэ бүгдийг цэгцлэх байх, ямарч намын батлахтай төрийн албан хаагч байж болохгүй.

Харамсалтай нь энэ үүрэг гүйцэтгэгч нар хуулиа мэдэхгүй ажилд ороод л намчирхаж албан хаагчдаа ажлаас халж байгаа нөгөө хүмүүс нь шүүхдээд буцаад ажилдаа орж байгаа тохиолдол тогтмол гарч байна. Яагаад вэ?. Үүрэг гүйцэтгэгч хүн ажлаас халах, санхүүгийн асуудал шийдэх ямар ч эрх мэдэл төрийн албаны хуулиар байхгүй шүү дээ.

Дараагийн асуудал:Миний хувьд өмнө нь 3удаа аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллаж байсан. Тэр хугацаанд аймгийн Засаг дарга хүн хуулиар олгогдсон орон нутгийн бүрэн эрхт халдаж байсан тохиолдолыг би мэдэхгүй юм.Тэр үед сум, багт аль намаас Засаг дарга гарсан байна түүнийг нь хуулийн хүрээнд батламжилж хамтран ажиллаад явдаг байсан тийм ч хуультай. Гэтэл намаар ялгаварлаж сумын ИТХ-ын дарга, сумын Засаг дарга нарыг огцруулдаг асуудал газар авлаа. Шантааж хийж манай намын хүнийг доорх албан тушаалд тавь гээд батламжилдаггүй, хамтран ажиллахгүй гэж дарамталж бичиг явуулдаг, ОНХ сангийн хөрөнгийг өгдөггүй, намаар ялгаж албан тушаалд тавьдаг, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг намын хүндээ өгдөг, тендер шалгаруулалтыг шууд гэрээгээр, таалагдахгүй бол дахиулах зэрэг асуудлууд гарсан. МАН-ын гэсэн тодотголтой бүгдийг байхгүй болгохыг зорьж байна. Хамгийн эмгэнэлтэй зүйл бол Говь-Алтай аймагт энэ Засаг дарга намчирхдаг байдлыг дэндүү дэлгэрүүлж байгаа.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна