МОНГОЛ ХҮН МОНГОЛДОО ХӨДӨЛМӨРЛӨСНИЙХ НЬ ТӨЛӨӨ ТӨР ИНГЭЖ ДААПААЛЖ БОЛОХГҮЙ ЭЭ

2019-11-14 02:25:46 | 579 | 0


Энэ удаа Хөдөлмөр эрхлэх харилцааны асуудлыг хөндөхийг зорилоо. Тухайн иргэн ажилд орж, тушаал гарахтай зэрэгцээд Хөдөлмөрийн гэрээ байгуулах харилцаа үүснэ. Төрд бол өөр хэрэг. Хувийн хэвшлийн байгууллагуудын тухайд шинээр ажилд орсон иргэн “Одоо хөдөлмөрийн гэрээгээ байгуулъя” гэвэл бараг л амаа алгадуулах болов уу. Ялангуяа цалин бага, туслах ажил гүйцэтгэдэг хүмүүсийн тухайд Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай асуудал бараг л яригдахгүй дээ. Бага цалин, бас дээрээс нь шимтгэл суутгуулахыг хэн хүсэхэв, ажилтай байгаа нь яамай гээд ханцуйдаа залбирахаас биш амьдралд нь  хожим учрах хор хохирлыг  тооцоолох ч үгүй.

Нөгөө талаас Ажил олгогч, нэг хүний ч болов Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүйг эрмэлзэнэ. Энэ нь цаанаа бас л учир шалтгаантай. Ажил олгогчоос ажилтантайгаа Хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд магадгүй тухайн хүн эзний таалалд нийцэхгүйгээс ажлаас чөлөөлөгдлөө гэхэд шүүхэд хандсан тохиолдолд Шүүхийн шийдвэр ихэвчлэн ажилтны талд гарна. Ингэснээр ажил олгогч байгууллага тухайн хүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх гээд дааж давшгүй өрөнд унана. Төрийн байгууллага урьд нь энэ төлбөрийг төрөөс гаргадаг байсан  болохоор хүмүүсийг дур зоргоороо халж сольж төрийн мөнгийг ёстой л гарын салаагаар урсгадаг байсан. Одоо бол хуульд нэмэлт өөрчлөлт орсноор аль буруутай этгээд төлөх болсон. Хувийн хэвшлийнхний тухайд, ганц хоёр удаа шүүхэд дуудагдаад хулхи нь бууж Хөдөлмөрийн гэрээ гэдгээс аль болох зайлсхийх арга саам хайна. Тэд яадаг вэ гэхээр удирдах албан тушаалын болон хэдхэн чадварлаг ажилтнуудынхаа Нийгмийн даатгалыг төлөхөөс биш нийтийг хамруулна гэсэн ойлголт байхгүй.

Ерээд оны үед би Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины аймаг дахь сурвалжлагчаар ажиллаж байлаа. Төрийн статустай энэ байгууллага гэхэд сонины ерөнхий эрхлэгч, албадын дарга, ганц нэг чадварлаг сэтгүүлчийнхээ шимтгэлийг төлж, орон нутаг дахь сурвалжлагчаас эхлээд олон хүнийг тэр чигт нь орхигдуулсан байж билээ. С.Эрдэнэ гэдэг хүн  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбар хариуцсан сайдаар ажиллаж байх хугацаандаа ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийг санаачилж төрөөс иргэддээ нэг удаа том боломж олгосон.  646 мянган хүн энэ боломжийг эдэлсэний нэг нь би юм. Сайд сэнтийд заларсан л бол салбар салбартаа хүнээ бодсон, тэдэн рүүгээ хандсан час хийсэн ганц ч болов ажлыг хийдэг бол болчихмоор  санагдах юм. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой өч төчнөөн хууль байгаад хэрэгжилт нь хангалтгүй явж ирсний нэгээхэн жишээ энэ.

Ирэх онд Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх нь. Сүүлийн гурван жилийн дотор 5 пунктээр нэмнэ гэдэг ажил олгогч, ажилтан хоёрт аль алинд нь дарамт бий болж байгааг захын хүн эгдүүцэж, саяхнаас холбогдох байгууллага, холбоод чангахан дуугараад эхэллээ. 2018 оны 1-р сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл 2 хувь өссөн. 2019 оны эхний өдрөөс дахин 1 хувь нэмэгдсэн. Тодорхой жишээлье. 800 мянган төгрөгийн цалингийн 12,5 хувь буюу 100 мянган төгрөгийг НДС-д шимтгэж, ажилтан өөрөө 11,5 хувь буюу 92 мянган төгрөгийг НДШ-д төлж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөд үлдсэн мөнгөний 10 хувийг ХХОАТ-д төлж, гар дээрээ 547200 төгрөг авна.

2020 оноос НДШ үндсэндээ 2 хувь нэмэгдэнэ гээд бодоход  үүнээс улбаалан сөрөг үр дагавар олон гарна. Наад зах нь ажлын байр багасах, ажил олгогч цалингаа шударгаар мэдүүлэхээс аль болох зайлсхийх гээд. Уг нь Ажил олгогчийн төлж байгаа мөнгө ажилтнуудынхаа төлөө, тэдний ирээдүйд нь оруулж байгаа хөрөнгө оруулалт юм. Гэтэл эрх баригчид  өөр арга эрэлхийлэхийн оронд татвар, шимтгэлийг нэмэгдүүлээд байгаа нь эх орондоо хийж бүтээж байгаа хүмүүсээ элгээр нь хэвтүүлж, ингээд үх гэсэнтэй ялгаагүй. Уг нь  манай улс Нэрийн дансны хуультай орон. “Миний мөнгө миний дансанд байх ёстой” гэсэн итгэл сүүлийн үед алдраад ирлээ.

Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын нийт 250 орчим тэрбум төгрөг дампуурсан банкны дансанд ороод сураггүй болсон. Хэн хэзээ авсан, хэзээ өгөх нь тодорхойгүй.  Хорь, гучин жил даатгалаа төлчихөөд дансан дахь мөнгөнөөсөө нэг төгрөг ч авч чадахгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа хүн олон. Зарим улс оронд тухайн хүний мөнгийг 100 хувь биш юм гэхэд ядаж 50 хувийг нь үлдэж байгаа ар гэрт нь үр хүүхдэд нь өгдөг, эсэхүл тухайн хүн насныхаа эцэст тэтгэврийн даатгалын мөнгийг нэг удаа хувааж авч болдог зэрэг сонголтууд байдаг юм байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгаа бол зөрүүлээд тэр хүнд ямарваа нэгэн эрсдэл учирсан тохиолдолд мөнгийг нь эргүүлээд өөрт нь болон ар гэрт нь өгдөг хуультай болох гэхчлэн ард иргэд рүүгээ харж хандсан төрийн бодлого үнэхээр үгүйлэгдэж байна.

Ажил хөдөлмөр эрхэлж Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаа хүн ядаж л надаас хойш үр хүүхэд, хань ижил, ар гэрт минь энэ мөнгө очих юм даа гэсэн сэтгэхүйгээр ажиллаж хөдөлмөрлөнө. Төр ядаж ийм алхам хийвэл ард олон чинь алга ташин хүлээж авна шүү дээ. Нийгмийн даатгалын санг тусад нь байлгах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй байх гэхчлэн санал санаачилгыг бүгд дэмжицгээе. Монгол хүн болж Монголдоо ажиллаж хөдөлмөрлөж байгаагийн төлөө ТӨР иргэдээ ингэж даапаалж болохгүй ээ.

Б.ТУЯА/Дорнод/

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна