Монгол Улс гадаадын нэг ч иргэнийг хүлээж авахгүй

2020-03-16 06:57:13 | 436 | 0


Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.03.16/ ээлжит мэдээлэл хийлээ

Улсын онцгой комиссын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн: Улсын онцгой комиссын Шуурхай штабт гамшгаас хамгаалах улсын алба, холбогдох яам агентлагийн 60 гаруй алба хаагч 24 цагийн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр БНСУ-аас ирсэн иргэдийг татан авах ажиллагааг гурван цагийн дотор зохион байгууллаа. Тэдгээр иргэдийг “Энхсаран” сувилал, Цэргийн төв нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, Жаргалант сувилалд тусгаарласан. Улаанбаатар-Берлин-Москва чиглэлийн “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор Москвагаас 93, Берлинээс 138 нийт 231 хүн өнөөдөр /2020.03.16/ өглөө 07.57 цагт ирсэн. Иргэдэд тандалт хийж байна.

Эхний ээлжид 19 хүний ХӨСҮТ-д тусгаарлахаар болсон бол бусад иргэдийг Баянзүрх дүүрэгт байрлах “Амар” зочид буудалд тусгаарлахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Түүнчлэн өнөөдөр өглөө 09.08 цагт Япон улс руу тусгай үүргийн онгоц хөөрсөн. Оройн 20.25 цагт газардана. Гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг хүлээж авах, түр тусгаарлах зорилгоор Баянзүрх дүүрэгт байрлах “Парк”, “Амар” зочид буудал Баянгол дүүрэгт “Наранбулаг” зочид буудал болон хоёр дүүрэгт гурван аж ахуй нэгжийн байруудад иргэдийг хүлээн авахаар ажиллаж байна” гэлээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хэлэхдээ “Улсын онцгой комиссын шуурхай штабын баг төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Өнөөдөр нэг онгоц бууна. Маргааш Туркын Истанбул хотоос дараагийн онгоцыг хүлээж авна. Дэлхий нийтээр нөхцөл байдал хүндэрч байна. Өвчилсөн хүний тоо дэлхий нийтийн хэмжээнд 150 мянга гарчихлаа. Нийтдээ 6500 дээш  хүн нас барсан.  Халдвар авсан улсын тоо 150 болж хурдтай өсч байна. ДЭМБ-аас хоёр хоногийн өмнө Европ тив халдварын том голомт болсон гэдгийг зарласан. Зөвхөн Испани улсад ойролцоогоор 46 сая хүн гэрийн хорионд ороод байна. АНУ өчигдрөөс Их Британи, Ирландаас онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэдгээр улс орнуудын зүгээс Монгол Улстай төстэй арга хэмжээг авч байна. Тийм учраас цаашид олон удаа онгоц хүлээн авахад хүндрэлтэй болж байна. Сая Берлин, Москвагийн нислэгээр ирсэн хүмүүсээс тодорхой шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д 19 хүн тусгаарлалаа. Ерөнхийдөө Истанбулд наашаа ирэх хүсэлтэй, эрсдэлтэй иргэдийн тоо гарсан. Монгол Улс гадаадын нэг ч иргэнийг хүлээж авахгүй.  Зөвхөн ОХУ-аас орж ирж буй хүнсний тээврийн жолооч нарыг нэвтрүүлж байгаа. Халдварын эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж буй тул олон удаа нислэг үйлдэх боломжгүй, нислэгийн хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр аргагүйд хүрнэ. Дэлхий даяар амьдарч буй 190 мянга орчим монголчууддаа хэлэхэд улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалахын тулд тухайн орондоо дасан зохицож, өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах хэрэгтэй” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна