“Адуунчулуун” ХК-ийн захирал Баттогтохын ШАТАР: ДОРНОДЫН АРД ТҮМНИЙ АМНЫ ХИШИГ ХУВЬ ЗАЯА Л МЭДЭХ ХЭРЭГ

2015-10-07 14:19:19 | 1728 | 0


       Шатар даргаас ярилцлага авахаар гэрт нь очлоо. Пүүжээ эгч үүдээ нээж,  нөгөө л найрсаг зангаараа намайг угтав. Шатар дарга ажлаа тараад гэртээ ирчихсэн хэдүйн тухлаад авчээ. “Туяа минь, наашаа суу, ямар таньж мэдэхгүй улс биш. Унд хоол идэж уугаад яриандаа ороё” гэнэ. 24 дүгээр байрны гурван өрөө байранд хоёулхнаа амьдарна. Өвөө, эмээгийн ажлаас хол хөндийдүү дэг ээ, янз нь.
 
-Пүүжээ эгч ээ, ач зээ хэд болов оо? 
-Өө олон болсон, ач, ачанцар нийлээд 13 болоод байх шив дээ.
 
-Хүүхдүүд хаагуур байна?
-Хоёр хүү энд, бусад нь хотоор. Охин нааш цааш ирж очоод явж байна. Дээрээ олон ахтай болохоор тэр үү, барилгын компанитай, хажуугаар нь машин засвар ч гэх шиг ийм л ажил хийх юм байна. Эмэгтэй хүнд таарч тохирсон арай хөнгөн юм хийж болдоггүй юм байх даа гэж бодохын. Өвгөн бид хоёр  хүүхдүүдийнхээ ажил, амьдралд ороод хутгалдаад байдаггүй юм аа. Өөрсдийнхөөрөө унаж босоод явбал юм сурах нь ч хэрэг биз.  
 
-Шатар дарга, одоо л жаахан нуруу тэнийж байна уу, урин цагтай золгочихлоо?
-Ой  болох гээд. Хажуугаар нь станцын үнсэн сан дээр ажиллаж байгаа.
 
-Амралтын өдрүүдээр хүртэл ажиллаж байгаа дуулдсан. Танайд хамаатай ажил уу?
-Манайд хамаатай юу байхав. Тендер зарлагдсан чинь ганцхан манайх л санал өгсөн юм билээ. Яагаад гэвэл, төлөвлөсөн мөнгийг нь улсын төсвөөс гаргаж чадахгүй болохоор станц өөрийн хөрөнгөөр багахан мөнгөөр зарлачихгуй юу. Тэгээд яахав, тэрэг техникийнхээ хүчээр энэхэн хугацаанд ажлыг амжуулах гээд үзэж л байна. Түргэн зуур хийж дуусгахгүй бол борооны улирал эхлэхээр унжирч сунжраад ажил явахгүй. Станц төдийгүй энэ том аймгийн хувьд хүндрэл үүснэ, ард нийтээрээ хүнд байдалд орно.
 
-Одоо тэгээд тэнд ямар ажил өрнөж байна?
-Үнсийг нь ухаж далан хийгээд зайлуулж байна.  Уурхайн тийшээ үнсийг зөөж нүх ухаж цагаан шороогоор дээрээс нь булж, яг л ном горимын дагуу ажил явагдаж байгаа.
 
-Бид л мэдэхгүй сууж байгаагаас биш станц зогсоход ойрхон болчихоод байж шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Яг өнөөдрийн байдлаар станцын хүчин чадал бүр тулчихаад байна шүү дээ. Ямартаа л үнсээ хаях газаргүй болчихоод ингэж сандралдахав дээ.
 
-Уурхайн хувьд энэ өвлийг ажралгүй давав уу?
-1 тонн  нүүрсний үнэ 12500 төг болж багахан нэмэгдсэн. Хэрэглэгчдийн зүгээс элдвийн гомдол тэмцэл гараагүй ээ. Аль болох хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад тохируулж ажиллахыг бид хичээж ирсэн.
 
-10 жилийн өмнөөс “Хэрэглэгч хаан” гэж дээдлэн хүмүүс нунтаг нүүрс авахгүй шилж томчилж дураараа авдаг байсан. Одоо хэвээрээ юу?
-Өө, одоо улам бүр боловсронгуй болсон. Ангилж, ялгаад бэлдээд бункерт хийчихсэн. Машин доогуур нь орохоор онгойлгож ачаад пүүлүүлээд гарна. Ямар ч чирэгдэл үүсэхгүй хэрэглэгчдэдээ улам л ойртсон. 
 
-Адуунчулууны   уурхайн захирлаар томилогдож ирээд удаагүй байхдаа одоогоос 10 жилийн өмнө манай сонинд ярилцлага өгч байсан санагдана. Энэ хооронд ажил, амьдралд ямар томоохон өөрчлөлт гарав?
-За лав, нас арваар нэмэгдэж, үс ч нэлээн цайж. Ач нар том болж гэрлэж бараалаад хүүхэд шуухадтай болж амьдралд нэлээн л өөрчлөлт гарсан байна. Дөрвөн ч ачанцартай болсон. Бас Дорнодынхондоо хэдүйн танигдсан гэж хэлж болно. Энд тэнд явж байхад “Шатар гуай явж байна”, хүүхдүүд болохоор “Шатар өвөө явж байна” гээд андахаа больсон. Тэр хэрээр орон нутагтаа дасч идээшин зохицож байна. Ийм л сайхан амьдралын өөрчлөлтүүд гарч дээ. 
Уурхайн хувьд нэлээд өөрчлөлт гарсан. Арваад жилийн өмнө 250 гаруй мянган тонн нүүрс олборлодог байсан бол одоо 500 мянган тонн болсон. Хоёр дахин өссөн байна. Уулын машин механизмууд ч өөрчлөгдлөө. Ажилчид үндсэндээ залуужсан. Манай үйлдвэрт 50 хүртлэх насных 16, тавиас дээшхи нь 13 хувийг эзэлдэг. Үлдэж байгаа 60, 70 хувь нь 1-10 жил ажиллаж байгаа залуус. Инженер техникийн ажилтнууд их төлөв Дорнодын хүүхдүүд,  удирдах ажлыг тэд л нугалж байна. Дунд сургуулиа энд төгсөөд уул уурхайн чиглэлээр цааш сурсан хүүхдүүд эндээ л ирдэг.
 
-Нэлээн сайхан тогтсон хамт олон байх шүү? 
-Үйлчилгээний улс бид чинь Дорнодынхоо ард олны өмнө үүрэг хүлээсэн хүмүүс шүү дээ. Тэднийгээ нэг их бухимдуулахгүй, айван тайван амьдруулахсан гэсэн сайхан эрмэлзэл, уур амьсгал манай хамт олонд бүрдсэн. Нүүрс ачих гээд  очсон хүмүүсийг шөнө орой хэдийд ч очсон буцаахгүй  үйлчлэх л учиртай. Нэгэнт манайхыг зориод цаг зав, шатахуун тос гарздаад очиж байна шүү дээ.
 
-Сүүлийн үед юунд баярлав?
-Уурхай гээд ярихаас биш яг ямар байдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. Тэгтэл 10 жилийн сургуулийн багш нар хүүхдүүддээ уурхайг үзүүлж харуулж орон нутгаа сурталчилж байгаа нь их зөв ажил юм. Ингэснээр тэд уурхайн машин техникийг мэдэж байна, уурхайн өвгөн даргыг таньж байна шүү дээ. Үүнд л баярлаж явдаг.
 
-10 жилийн өмнө нэг уурхайн асуудал яригдаж эхэлж байсан. Одоо юу болж байдаг юм бол?
-Тэр уурхайн асуудал яригдсаар л байгаа. Нэг газарт хөрс хуулаад орхичихсон. 10 жил өнгөрөхөд байдал хэвээрээ л байна шүү дээ. Адуунчулуун л ард олноо нүүрсээр хангадгаараа хангасаар байгаа биз дээ.    
 
-Өнгөрсөн жил аймгийн төсөвт хэдий хэрийн орлого оруулав?
-2014 оны гүйцэтгэлээр Тэрбум нэг зуун сая төгрөгийн орлого оруулсан.  Өөрсдийнхөө хөрс шороон дээрээ байгаа юмыг өөрсдөд нь дотоодынх нь үнээр авч өгөлцөөд явах нь зөв юм. Энэ уурхай бол Чойбалсан хот төдийгүй, нутгийн ард олон, хэдэн сум, цахилгаан станцад зориулагдаж байгуулагдсан газар. Дорнодын уурхай, станц хоёрыг Засгийн газар байгуулж өгснөөр Дорнодчууд бид тайван ая тухтай амьдарч байна. Дээшээ Засгаас юм нэхээд байхгүй үүрэг хариуцлагаа өндөр ухамсарлан ажиллаж байгаагаа ч хэлэх нь зүйтэй байх. Өөрөө өөрсдийгөө авч явж байгаа сайхан аймаг шүү дээ. Тийм болохоор нэг санаа, нэгдмэл зорилготой байх нь хамгийн чухал.
 
-Уурхайн нөөц маань хэр билээ?
-Төвийн том том уурхайтай харьцуулбал бага л даа. Гэхдээ л нарийвчилсан үнэлгээгээр нөөц нь 240 орчим сая тонн гэж тогтоогдсон. Энийгээ гадагш нь зарж борлуулна гэхээсээ станцаа, ард олноо 50-60 жил тэжээх нь зөв санагддаг. Гэтэл МАК-ынхны ярьж байгаагаар бол цахилгаан үйлдвэрлээд бензин тос хийгээд гадагш гаргах юм яриад байгаа. Урсаад л дуусна. Дууслаа гэхэд хаанаас дахиад нүүрс татах болж байна. Тээврийн үнэ өртөг гээд талийж өгнө биз дээ. 
 
-Лавтай 50, 60 жилийн нөөц байгаа юм байна гэж ойлгогдлоо.
-Станцыг өргөтгөлөө гэхэд манайх жилд 1 сая 500 мян тонн нүүрс гаргахад  цаана нь төдий хэрийн жил ажиллах, бидний дараа дараагийн үе удмынхан хэрэглэх боломжтой юм. Аймгийн төвдөө аравхан км дотор багтаж байгаа нүүрс, станц нь ойрхон. Бурханаас заяасан ийм хувь заяа өөр хаа байна, Дорнодынхонд л байна. Гагцхүү хаяандаа байгаа энэ нөөцөө зүй зохистой хэрэглэх, хүрээлэн байгаа орчин, нөхөн сэргээлтийг зөв хийх нь чухал. Тиймээс манайхан моджуулж, цөлжилтөөс хамгаалх бүхий л ажлыг хууль номын дагуу хийж ирсэн.
 
-Нийт ажиллахсад хэд билээ?
-Манайх 150 гаруй ажиллахсадтай. Цаашид ч нэмэгдэнэ. Бид нүүрсээ ангилж, бутлаад бункерлээд явж байна. Ноднингоос нүүрсээ дахиж боловсруулаад гуматын бордоо гэдгийг гаргаж авсан. Дорнодынхон маань авч хэрэглэж эхэлсэн. Манай нүүрсэнд гумат гэдэг нь ногоо цагаа, үр тариан талбай борддог бордооны агууламж өндөр байдаг. Одоо нүүрснээс хагас кокс гаргаад газ хий гаргах тоног төхөөрөмж суурилуулж байна. Манай нүүрс гадна дотнын олон улсын шинжилгээнд нэлээн явсан. Тэгээд хамгийн сайн шингэн түлш гаргаж болох магадлал нь өндөр гарсан. Ноднингоос цагаан шороогоороо тоосго үйлдвэрлэж эхэлсэн. Энэ мэт нарийвчилсан хайгуулын материалд ямар л юм байна  тэр бүхнийг туршиж хэрэгжүүлээд явж байгаа. Энэ жилээс хийн газ гаргана. Харин шингэн түлшний тухайд одоохондоо хүлээзнэе гэсэн бодолтой байгаа. Тэр газыг дахин шингэрүүлж  түлш гарах учиртай юм. 
 
-Уурхайн ажил үнэхээр сайхан үр дүнтэй байгаа юм байна. Газрын нэг маргаан яригддаг, одоо нэг тийш цэгцэрсэн үү?
-Газар нутгийн асуудлаар Хэрлэн сумтай тохироод бүгдийг цэгцэлсэн. Кадастр зураглалыг нь хийгээд цэг талбайг нь тавиад гэрээгээ хийгээд олон жилийн өмнө төлж байсан тэр л байдлаараа газрын төлбөр төлөөсөө төлөөд явж байна. Хил заагийн гаднахаа засч янзлаад ургамалжуулаад Хэрлэн суманд хүлээлгэж өгнө. Энэ жил гэхэд хотын Мод үржүүлгийн газраас 300 ширхэг үхрийн нүд, 500 ширхэг чацаргана авчирч тарьсан. Улиас, хайлаас, царгас бол хэдүйн ургасан. Тухайн нутаг дэвсгэрийн мал хунар тэр хавиар бэлчдэгээрээ бэлчээд олон жилийн уламжлалт ахуй өнөөдөр хэвээр, бидний зүгээс хааж хориглосон юмгүй амьдрал үргэлжилж л байна. Аа бас, ашигт малтмал ашигласны төлбөр ч гэдэг юм уу манайхаар орж байгаа татвар хураамж бүгд Дорноддоо орон нутагтаа ордог.
 
-Нэлээн ойр хүний тань хувьд асууя. Станцын өргөтгөлийн асуудал  сунжраад байна уу даа?
-Удаашраад байна. Үүнд сэтгэл зовж л сууна. Манайх станцын үнсэн санг сэргээж байгааг дээр хэлсэн. Энэ үнсэн санг маш богино хугацаанд сэргээхгүй бол үнсээ зайлуулах газар байхгүй болж цааш халиад Хэрлэн гол руу орчихвол байгаль орчинд хортой нөлөө учруулж станцын ажиллагааг шууд зогсооно шүү дээ. Станц зогсчихвол Дорнодынхон маань тог цахилгаангүй амьдрал тэр чигтээ зогсоно гэсэн үг. Уурхай ч мөн ялгаагүй. Яагаад гэвэл, манай машин техник бүгд тог цахилгаанаар ажилладаг. 
 
-Уурхайн хувьцаа эзэмшигч яг хэд байна?
-Өнгөрсөн жил хувьцаа эзэмшигчдийн тоо 1199 болсон байна лээ. Өмнө нь 1225 байсан юм. Зах зээл дэх нээлттэй хувьцаат компани болохоор хөрөнгийн бирж дээр өөр хоорондоо чөлөөтэй арилжаа явуулах боломжтой. Компанийн хуулиар бүх юм зохицуулагддаг.  
 
-Таны хувьд?
-Надад 51 хувь нь байна. Төрийн өмчийн дуудлага худалдаагаар анх хувьцааг зарсан шүү дээ. Тэрийг л авсан. Битүүмжилсэн дуудлага худалдаа болж 872 сая хүрсэн. Тэгээд 14 хоногийн гэрээ хийгээд  энэ хугацаанд мөнгөө бүрдүүлэх ёстой. Банкны зээлээр авч болохгүй. Тэгэхээр хувь хүнээс авахаас аргагүй байдал үүсч амьтан хүнээс асууж сурсаар 7 хоног нь өнгөрчихсөн.  Тэгээд яахав, миний ойр тойрны эрчим хүчнийхэн маань л өгч, 600 гаруй сая төгрөг цуглуулсан. 
 
-Амьдралдаа ахин нэг үеийг зоримог эхлүүлж шүү?
-Тэгэхгүй бол хүчингүй болоод тавьсан тендерийнхээ мөнгөөр шатаад дуусна шүү дээ. 140 хэдэн саяар. Тэр үеийн их мөнгө шүү дээ.
Пүүжээ эгч-  Манай эрчим хүчнийхэн хувьчлалаар юу ч аваагүй юм. Тийм болохоор нэг маань ч гэсэн өөрийн юмтай болох нь гээд тэр аяараа хөдөлсөн л дөө. Бид хоёрыг чинь “булган сүүлтэй байх болтугай” гээд задгай мөнгө шуудай шуудайгаар нь авчирч өгч байсан. Энэ том шийдэл бол Шинэбаярын гавьяа юм. Анхны сэдэл санааг тэгж төрүүлээгүй бол бид хоёр хөдөлтлөө хаа билээ дээ.
Шатар дарга- Энэ уурхайг өнгөтэй өөдтэй сэтгэлтэй авч явахгүй л бол Дорнодынхон маань тэр чигтээ суух аюул нүүрлэнэ гэдэг цаад эрсдлийг ойлгож орсон л доо. Нөгөө талаасаа олон түмэнтэй гэмгүй  явсны хэрэг бас гарсан. 14 хоногийн дотор мөнгөө тушааж, цаана нь тавь, жаран сая төгрөг илүү гарч, тэрүүгээр нь энд үүссэн өр ширийг дараад. Нүүрснийхээ үнийг буулгаж, талон хүртэл тараагаад мөнгөө хурдан хугацаанд эргэлдүүлэх ямар л арга байна бүгдийг сүвэгчилсэн.Тэгээд хувьцаагаа тавиад банкнаас зээл авч уурхайгаа хөдөлгөж эхэлсэн ийм л түүхтэй.
 
 -Уурхайд ирж ажиллах болсон нь үүнээс улбаатай юу? 
-Тэгэлгүй яахав. Уурхайн хувьцаа аваад ТУЗ-ийн даргаар сонгогдоод байж байтал Шинэбаяр бас уурхайгаас хувьцаатай хүн. Захирлаар нь ажиллаж байгаад аймгийн Иргэдийн Хурлын дарга болчихдог юм. Тэгээд уурхайгаа эзэнгүй хаялтай биш ирж ажиллаач гэдэг саналыг надад тавьж тэгээд л ирсэн дээ. Ирээд 11 жил болчихов уу даа.
 
-Уурхайн ирээдүйг та яаж харж байна?
-Одоо бол уурхай ашигтай ажиллаад энэ жил гэхэд нэгж хувьцаанд 85 төгрөг  хуваарилсан. Ногдол ашиг хуваарилдаг цөөхөн компанийн нэг. Уурхайн ирээдүй гэдэг бол Дорнодынхны тав тухтай амьдрах л ирээдүй, зүүн бүсээ эрчим хүчээр хангаад дулаан цахилгаанаа үйлдвэрлээд явах. Уурхай хэд наслах, ямар ирээдүй угтах нь Дорнодын ард түмний амны хишиг хувь заяа л мэдэх хэрэг. Дорнодчууд газар нутагтаа өөриймсгөөр зөв хандаж чадвал сайхан ирээдүй бий. Ингэхийн тулд аймаг, сумын Иргэдийн хурал, Засаг даргад зөв хүнээ сонгож зөв ажиллуулах л юм. Нэгэнт гал алдуулахгүй 60 жил хөгжиж ирсэн уурхайгаа зөв ашиглах. Гэхдээ ашиглахад бас учир бий. Зарж үрж болохгүй, зөв талаас нь эдийн засгийн үр ашигтай хямд төсөр байдлаар ашигтай ажиллуулж авч явах л юм. Үүн дээр санаа зовоож байгаа нэг асуудал байна. Станцын өргөтгөлийн асуудал бүдгэрчихлээ. Нэгэнт концессын гэрээгээр гэдгийг нь заагаад өглөө. Нээлттэй болсон энэ асуудлыг орон нутгийнхан өөрсдөө л хөөцөлдөхгүй юм бол дээрээс харж суугаад бүтэхгүй.
Станцын маань хүчин чадал бүр тулчихаад байна шүү дээ. Газрын тосны 21 дүгээр талбайг холбох л юм бол хүчин чадал нь дийлэхээргүй болчихоод байна.  
 
-Таны намтарт наяад оны сүүлээр станцын даргаар хэсэг ажилласан байдал харагддаг?
-1988 онд юм. Хоёрдугаар станцын даргаар ажиллаж байхад  Дорнодод явах санал тавьж, тэр үед Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр асуудал орж шийдэгддэг байсан үе л дээ. 
Пүүжээ эгч- Дархан, Дорнод хоёрт санал тавьсан юм билээ. Өвгөн хаашаа явах вэ? гэж надаас асуусан л даа. Дархан болохооор улсад тэргүүн байр эзэлдэг. Дорнодын станц сүүлээсээ хоёрт явж байсан гэдэг. Хүний хийж бүтээсэн сайн юман дээр очиж байхаас тааруу газар нь очвол дээр биз дээ гээд. Зам харгуй сайн, хот оронд ойр, амьдрал тавлаг, ажил сайныг нь бодсон бол Дарханд очих байсан биз. Тэр үед ийм л шийдвэр гаргасан. Энэ сайхан нутагт ирж ажиллаж, амьдрах хувь тохиол байсан л хэрэг. 
 
-Ирээд ажлыг хэр өөд татав?
-Сайн, сайн. Сайн ажилласан. Дараа жил нь ч билүү улсад хоёрдугаар байранд орж байсан. Тэр үед бас спортын ордон шинээр бариулсан. Өвгөн маань аж ахуйн ажилдаа их сайн юм шиг байгаа юм. Станцын дарга байхдаа бариулсан спортын тэр заалыг одоо хэр ашиглаж л байна шүү дээ. Нэг үе аймгийн спорт хороо тэнд байсан биз дээ. 
Шатар дарга- Станцын 20 жилийн ойгоор ашиглалтад оруулж, ойн бүхий л тэмцээн уралдаан тэнд болж, анхнаасаа улсын гар бөмбөгийн лиг явуулах зориулалттайгаар барьж байгуулсан байгууламж юм.
 
-Дорнодын станцын хүнд хэцүү үед  даргаар томилогдож, ажлыг нэлээн нугалж явсан хүн гэж Таныг ярих юм билээ?
-Нэлээн хүндхэн үед нь ирж байсан.
Пүүжээ эгч- Тэр үед чинь орон сууцны айлууд цонхоороо яндан гаргачихсан, ойр ойрхон тог тасраад лаа барьдаг тун зутруухан үе байсан. Бадарчийн эхнэр Оюун анх надтай танилцаад, Өмнөговийнх юм билээ, тэгээд надаас  “ Танай нөхөр станцын даргаар ирсэн гэл үү. Манай нутагт станцын дарга Халтар гэж хүн байсан юм. Байнга тог тасраад “харанхуй Халтар” нэртэй болсон. Танай хүн “харанхуй Шатар”  болох вий дээ” гэж хэлж байсан нь одоо хэр санаанаас гардаггүй юм.
 
-Эрчим хүчний салбарт насаараа ажилласан хүний хувьд эргээд харахад хамгийн хэцүү үе хэзээ байв?
-Цахилгаан станц гэдэг хамгийн хүнд бэрх, хариуцлагатай, жинхэнэ эр хүний ажил юм даа. 
Пүүжээ эгч- Өвгөний хувьд станцын бүхий л хүнд үеийг жинхэнэ биеэр туулсан хүн. Ямар сайндаа хүүхдүүд маань аавыгаа харахгүй удахлаараа “аав хаачсан юм бэ” гэж шалгаана. Аргагүй шүү дээ. Унтаагаар нь өглөө эрт  ажилдаа гараад явчихна, орой унтсан хойно нь ирнэ. Тийм л зав зайгүй ажиллаж байсан.
 
-Ажил гээд яваад ирэхэд эхнэр халуун цай, хоолтой угтах бас л гоё хайр. Ханилаад та хоёр яг хэдэн жил болж байна?
-Бид хоёр ханилаад яг 50 жил болж байна. Амьдралаа холбосон энэ он жилүүд уурхайн 60 жилтэй таширлаж байх шив дээ.
 
-Анх танилцсан түүхээ яриач?
-Бид хоёр чинь техникумын нэг ангийн хоёр шүү дээ. Политехникумын дулааны ангид хамт суралцаж төгссөн, төгсөхийн урд жилээ гэрэлж, дараа жил нь анхны хүүхдээ төрүүлж, тэгээд цаашаа ёстой цувуулж өгсөн дөө. \инээнэ\ Хорь ч хүрээгүй насандаа гэрлэсэн болохоор аав, ээжүүд  ануухан. Тэд маань  хүүхдүүдийг өсгөлцсөн. Тэр үед амаржаад 45 хоноод ажилдаа орно. Хүүхэд харах хүнгүй бол хэцүүдэнэ шүү дээ. Бидний улс, нийгэмдээ үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөхөд буурлуудын маань тус нэмэр, ач гавьяа их. Социализмын үе сайхан сайхан л гэнэ. Өвгөн маань нэг жил сургуульд явчихаад эзгүй хойгуур нь гурван жижиг хүүхэдтэй  намайг өвөл 11 сард байрнаас хөөгөөд гаргачихаж байсан. Мэргэжлээ дээшлүүлэх гээд явах хойгуур нь шүү дээ. Тэгээд Ганданд аавынхаа хашаанд найзуудтайгаа нийлээд гэрийн мод босгоод ээж маань оёдолчин хүн байсан бор эсгий  гадарлаад, хөвөнтэй туурганы завсар бор цаас хийгээд өвлийн хүйтэнд гэр бариад орж байсан. Дараа нь 1967 онд комбинатад шинэ байр ашиглалтад ороход орсон.
Залуу насанд ажил, ажил гээд, хажуугаар нь хүүхдээ өсгөх гээд бид хоёр чинь хамт амралтанд ч амарч үзээгүй хоёр шүү дээ. Өвгөн болохоор засварын хүн, би багш. Тийм болохоор нэг нь өвөл, нөгөө нь зун амралт таарна. Их сургуульд оюутан байхдаа л нэг жил өвлийн амралтаар Сонгинод амарсан.  
 
-Шатар дарга өндөр гоолиг нуруутай сайхан залуу байсан байж таараа. Залуугийн өнгө жавхаа өтлөхийн цагт гэрэл гэгээ өгдөг гэж ярих юм билээ. 
-Өө жигтэйхэн сайхан залуу байсан. Одоо л энэ болчихоод байгаагаас биш.\инээнэ\  Нутгийнхан нь суман шиг \тэгш урт сайхан модыг хэлэв бололтой\ сайхан залуу байсан гэцгээдэг юм. Залуу нас өөрөө их гоё юм даа. Цог хийморьтой.  
 
-Хожим Дорноддоо ирэхэд сайхан байв уу?
Шатар дарга- Өө тэгэлгүй яахав. Бид чинь унасан газар, угаасан ус гээд яривал, би Архангайд, манай хөгшин Булган аймагт төрсөн хоёр.  Хүүхдүүд бүгд хотод төрсөн. Хадам ээж маань, нэг хүү минь энэ нутгийн газар шороон дор нойрсож байна. Ингэхээр бид хоёрын хувьд эндээс хаашаа явахав. Нэг нь Архангайд, нөгөө нь Булганд ясаа тавина гэсэн ойлголт лав байхгүй.  Хүүхдүүд ч эхнээсээ наашилж байна. Хамгийн гол нь энэ нутгийн агаар ус, хүмүүсийнх нь ааш араншин гээд бүх л юманд нь даслаа даа. Хааяа нэг ажлын шугамаар хот ороход цаг зав барсан замын түгжрэлээс эхлээд тэр их шуугиан чимээнд нь дасахгүй юм билээ. Энд бол тийм зовлон алга. Хэнтэй хэдэн цагт уулзана гэж товлосон, яваад очно, ямар ч саадгүй. Мэдээллээс хоцроно гэсэн ойлголт хэдүйн арилсан, мэдээлэл технологийн маш хурдтай эринд амьдарч байна. Хот бүү хэл дэлхий дахинд болж байгаа үйл явдлыг цаг алдалгүй авах боломж бүрдлээ. 
Ер нь тэгээд ямар ч хүнд дассан сурсан газраа байх шиг сайхан юм хаа байна. Нэр хүндтэй. Хаана ч очсон хэн ч таниад. Ямар сайндаа морины уяан дээр очсон ч уралдаанч хүүхдүүд “Өө Шатар дарга, Шатар өвөө явж байна” гээд машиныг маань хүртэл андахгүй хараад хүрч ирээд мэнд ус мэдэлцээд. Энэ чинь бас л нэг хүндэтгэл шүү дээ.
 
-Морь малд бас их ойр биз?
-Нас дээр гарч байгаа болохоор тэр үү, морь мал харахаар самсаа шархираад цаанаасаа огшиж омогшоод хийморь лундаа сэргээд гоё гоё доо. Монгол хүнийг морь малнаас хөндий байлгаж болохгүй юм байгаа юм. Заавал уралдааны морьд биш, хээр хөдөө бэлчиж яваа адуу малыг ч сонирхоно. Эр хүний бас нэг бахархал шүү дээ. Зарим хүн машин тэргийг эргэж тойрч үзээд өнгө зүс, нэр маркыг анддаггүй шиг бидний үеийнхэн болохоор адууг нас зүс, тамга тэмдэг, бие галбираар нь шинжиж, хуучлаад суучихна даа. 
Хурдан морь гэдэг чинь хүнд их ойр, эзнээ танина. Морины уяан дээр очиход танимхайраад хүзүү, чихээ илүүлж маажуулаад , үргэж дэрвэхгүй их өөр шүү.
 
-Өөрийн хурдтай л байлгүй?
-Нэг их хурдсаад байх юм байхгүй ээ. Ганц нэг найз нөхдийн өгсөн айрагдаж байсан хурдыг нутаг руугаа ах дүүдээ өгчихсөн, зүүн зүгийн адуу гээд сонирхоод байхаар нь. Ямар зарж үрж байгаа биш  адууны цус сэлбэж, угшил сайжруулж байгаа болохоор Намжилаасаа асуугаад тэдэндээ өгөөд явуулсан. Тэгэхдээ яах вэ, хоёр азарга, хэдэн адуутай. Адуу мал руугаа явна, хүүхдүүдтэйгээ адуу малаа ярьж юу болж, яаж байна гээд тэдэндээ бас ахархана аа. 
Уяачдын холбооны гишүүний хувиар хурал хуйдаа оролцоно, баяр ёслолоо хамтдаа тэмдэглэнэ, тэд маань намайг ихэд хүндлэнэ шүү дээ. Уяачидтайгаа уулзаад чиний тийм, ийм морь яасан энэ тэр гээд яриа өрнүүлэхэд тэд ч их дуртай. Эрчүүдийн бас нэг сайхан нөхөрлөл юм даа.
 
-Хааяахан Пүүжээ эгчтэй холбогдоход “өвгөн салхинд гарсан” гэдэг. Ан авд бас явна биз?
-Амралтын өдрүүдээр салхинд гарна аа. Хөдөө эрүүл агаарт гарчихаад ийш тийш дурандсан шиг хамт яваа нөхөдтэйгээ энгүүн сайхан яриа хөөрөө дэлгээд байж байх ч эр хүний жаргал шүү. Ан ав гээд айхавтар хорхойсч хөөгөөд байхгүй ч яг таарвал ганц нэгийг унагаж л орхино. 
 
-Нас намба, зэрэг зиндаа хамаарахгүй задгай сайхан нөхөрлөл танаас харагдаад байдаг юм.
-Сайхан нөхөрлөл байлгүй яахав. Морины удам угшил ярина гэдэг угтаа хүний удам угсааг давхар таньж мэдээд авчихаж байгаа юм. Тэр хэрээрээ ойртож нөхөрлөөд явна. 
 
-Та чинь бас аймгийн Бөхийн холбооны тэргүүн?
- Аа тийм. Аймагт бөхийн ямар л барилдаан тэмцээн болно тэр болгонд очно. Аймгийн наадмаар бөхийн асарт л сууж байна шүү дээ. “Хүүхээд, ам, угтуулаа ингэж, тэгж ав” гээд бас ам хуурай байхгүй тэдэндээ зааж зааварласан шиг. Миний үгийг бас авна аа, авна.
 
-Спортод  элэг сэтгэлтэй нь залуу насны л бас нэг юм яваад байгаа байх л даа?
-Би чинь залуу насандаа оролдож үзээгүй спортын төрөл бараг л үгүй дээ. “Гэрийн бараа харахгүй, тэнээд алга болчих юм” гээд манай эхнэрт ундууцах үе зөндөө л байсан байх. Бидний ид залуу үед Бүх ард түмний спартикиад гээд нийгэмлэгүүдэд хуваагдчихсан ёстой явж өгдөг байсан. 
 
-Зэрэг дэв юу байна?
-Сагс, гар бамбөг, ширээний теннис гээд аль алинаар нь нэгдүгээр зэрэгтэй. Шатар бас их тоглоно. Тэр үед шатрын дугуйлан секц гэж байсан биш нэгнийдээ очоод бооцоотой үзнэ шүү дээ. Айлыг ч мөн талхлана даа. Тэрний ач гавьяа байх, манай Толгойтоос шатрын олон мастер төрсөн. 
 
-Шатар гэхээс танд Шатар гэдэг нэрийг хэн өгсөн юм бол?
-Миний өвөөгийн өгсөн нэр. Нэлээн ховордуу хэр нь техникумд ороход Шатар нэртэй 3 залуу нэг ангид орж байсан. 
 
-Ямар сонин тохиол вэ?
-Нэр нэгтэй хүүхдүүдийг олон ангид тараачихвал андуурч эндүүрнэ гээд гурвууланг нэг ангид оруулсан гэдэг юм. Манай сургуулийн 2000 гаруй оюутан дунд өөр ангид Шатар нэртэй хүүхэд байгаагүй. 
 
-Шатарууд одоо хаана явна?
-Нэг нь Говь-Алтайнх, нөгөө нь Дундговийнх. Тэд маань бурханы оронд очсон доо.
 
-Нутаг руугаа сүүлд хэзээ явав?
-Уржнан Архангайн 90 жилд гэр бүлээрээ уригдсан. 80 жилээр ч бас очсон.
 
-Таны хувьд эхнэрээрээ “гоёсон” сайхан наадам болдог байх даа. Тийм ээ?
-Пүүжээ эгчийг чинь анх нутагтаа дагуулж очиж байх үед өндөр цагаан, гунхалзсан алхаатай хүүхэн байсан. Аав, ээж, нутаг нугынхан бүгд л сүйд болоод. Одоо энэ насан дээр хоёул нутаг орноороо ах дүүгээрээ орж гараад явах шиг сайхан юм хаа байхав. Намайг гэхээсээ тэд маань хөгшинтэй л ярьж хөөрнө. Энэ маань ч тэднийг андахгүй нэр усаар нь тэр энэ хаана явна, гэрэлж бараалсан уу гээд л. Биднийг очиход дүү нар маань нэгнийдээ цуглаад эгчтэйгээ л нарийн ширийнээ ярьж хөөрөөд лут шүү дээ. Манайх чинь Хүнүйн голоор нутагтай, одоогийн Эрдэнэмандал сум. Тэндээсээ Пүүжээ эгчийнх нь нутгаар ороод голоо уруудаад наашилна даа. Нийтдээ  хориод хоногийн аялал болно. 
 
-Нутагт өвгөд хөгшид байна уу?
-Ээжийн талаас ганц охин дүү нь байна. Одоо бараг ер хүрч байна уу даа. Миний аав, ээж хоёр айлын томууд нийлсэн болохоор хүүхдийн нь хүүхдүүд, тэдний үр ач гээд улам л өнөржиж өтгөн болж байна. Би эхээсээ тавуул юм.
Пүүжээ эгч- Намайг анх хадмындаа очих болоход торго дурдан ховор тэр үед аав, ээж хоёр маань үйтэн хуараар дээл хийж өмсгөөд, аав маань жаахан хатуу эдлэлтэй хүн байсан юм болов уу, алтан ээмэг, бөгж зүүлгээд явуулж байсан юм. Хорь ч хүрээгүй хүүхэд  үнэтэй цайтай, ховор эд гэдгийг юугаа мэдэхэв дээ, гоёл зүүтгэл хүнд оргиод түвэгтэй санагдаж байж билээ. Одоо бодоход ганц охиноо хүний дайтай, өнгөтэй өөдтэй явуулах гэсэн аав, ээжийн маань ухаан байсан юм болов уу даа.
 
-Хүүхдүүддээ юуг эрхэмлэн захидаг вэ?
Шатар дарга- Энэ хорвоод жаргалтай амьдрахад олон юм хэрэггүй гэж захидаг. Нэр бүтэн явах, хүнийг дээр дор гэж ялгаварлаж болохгүй. Гутал хувцас өмссөн ч хүнээс гажууд юм хэрэггүй. Юманд шунаж болохгүй гэхчлэн хэлнэ дээ. 
Манай хүүхдүүд бүгд Монголдоо дээд боловсрол эзэмшсэн. Зарим нэг нь одоо гадаад дотоодоор явж байна. Бага охиноос бусад нь гэрэлж бараалсан. Гавьяа байгуулсан ч, гай тарьсан ч эцгийн нэр ямагт холбоотой явна гэдгийг бас хэлнэ. Одоо би хүүхдүүддээ нэг л юмыг сүүлийн үед хатуу захиж хэлж байгаа. Энэ ээжийн ариун умайнаас цувж гарсан та нар энэ хүн юу гэж хэлнэ тэрийг л сахиж биелүүлэх учиртай шүү гэдгийг. Энэ олон банди нар чинь заримдаа бас хэлсэн ярьсныг биелүүлэхгүй байх тохиолдол гарна аа. 
Пүүжээ эгч- Эрэгтэй хүүхдүүдийг ер нь жаахан даруулгатай байлгахгүй бол болохгүй. Гэхдээ дардаг ганц хүн нь би л дээ.\инээнэ\
Нэг үеийг бодоход хүүхдүүд ирээд бидэнд их тус нэмэр болж байна. Орон сууц, барилгын асуудал, нүүрсний талын техник технологи, тоног төхөөрөмж гээд тэд  л голлон хариуцаад явж байна. 
 
-Арван жилийн өмнө сонинд өгсөн ярилцлага “Хүүхдүүдийн маань нэг нь ирж намайг амраах байлгүй дээ” гарчигтай нийтлэгдэж байсан санагдана?
Пүүжээ эгч- Яг үнэндээ тэднийг энд дасгаж сууришуулахад бид өөрсдөө Дорнод нутагтаа идээшин дассан энэ байдал, нэр нөлөө, найз нөхдийн хүрээлэл, олон түмний хүндлэл гээд  их олон зүйл нөлөөлсөн гэж боддог юм. Бид ээнэгшээгүй дэгэн догондуу байдалтай байвал хүүхдүүд маань бас ирээ ч үү, үгүй ч үү. Энэ сайхан нутгийн зон олны найрсаг зан, нутаг орны байдал зэрэг нь “Манай Дорнод” болтол бид дасан зохицож уусахад хүргэжээ. Нас ахисан хойно өөр нутаг оронд идээшихэд хэцүү гэж хүмүүс ярьдаг ч үгүй юм байна.
 
-Та хоёрыг Дорнодынх гэж ихэнх нь боддог байх шүү. Тэгж бодуулж байна гэдэг энэ нутагт хийж бүтээж байгаа үйлс бүхний чинь мөр цагааных болов уу?
Пүүжээ эгч- Бид нэлээн нас ахисан хойноо ирсэн шүү дээ. Ер нь манай Дорнод их сайхан. Ялангуяа нас ахиж яваа хүмүүсийн хувьд цаг агаарын нэн тааламжтай нутаг. Хүн үнэхээр дасчихдаг юм байна. Төрсөн нутаг гээд очиход уул хүрээлээд мод тээглээд, ойрхон харагдаад байгаа хэр нь тэр бүх даваа гүвээг тойрохоос эхлээд хэцүү санагддаг болсон байна лээ. Тал нутаг бол сайхан шүү дээ. Шууд давхиад л хүрнэ. За тэгээд Буйрын эргээс нар мандахыг харах ямар гоё гээч, газраас гараад ирэх шиг.
 
-Олон жил ханилаад ирэхээр нэг хүн шиг болдог гэдэг. Гэхдээ л сайдаж муудах үе гарна биз?
-Үгүй ядаж л хэдэн хүүхдээсээ болж ам мурийх юм байлгүй яахав. Гэхдээ амьдрал дээр хэн хэн нь тэвчээртэй хандах л хэрэгтэй. Намайг хааяахан хашгичиж байхад өвгөн дуугүй л сууж байна. Тэвчиж, тэвчиж нэг хашгичихгүй бол энэ олон эрчүүд чинь болдоггүй юм.  Би чинь“сагсан бөмбөгийн” бүхэл бүтэн эрэгтэй багийн “дасгалжуулагч” хүн шүү дээ. Ая эвийг нь олохоос эхлээд дасгалжуулахын тулд бас их ухаан зарна аа.
 
-Энэ насны гоё нь юу вэ?
-Бидний хувьд залуу насандаа ажил ажил гэж гүйгээд тухтайхан өөд өөдөөсөө харж суугаад хоол ундаа тав тохитойхон ууж идсэн нь ховор байсан шиг байгаа юм. Тэгээд ч манайхаас хүн зон тасрахгүй, багахан дэн буудал шиг айл байсан. Одоо тэгтэл налайгаад ингээд сууж байх чинь жаргал юм даа. Хоёр биендээ ээжийн нь оронд ээж, аавын нь оронд аав болоод хайрлаж, халамжлаад бас л их гоё нас, сайхан шүү дээ. Хэдэн хүүхдээ утсаар командлачихна.
Шатар дарга- Ийм насан дээр чинь хэн хэн нь үг даадаг болчихсон. Заримдаа бие биедээ жаахан тунирхсан шиг чи тэгсэнгүй, ингэсэнгүй гэдэг ч юм уу. Хайр гээд ярьдаг. Хайрын өмнө итгэл гэж том юм байна шүү дээ. Итгэж байж л хайртай болж ханилж сууна уу гэхээс биш, хэн хэндээ итгэхгүй  юм бол ямар хайр байхав. 
 
-Пүүжээ эгч сайхан хүүхэн явсан, зөндөө л харцуул нүд унагаж байсан биз. Хардаж, харамлаж байв уу?
-Юуг нь хардахав дээ, итгэл даах хэмжээний хүн гэдгээ батлаад үр хүүхэд төрүүлээд өгсөн айлын дархан бэр болчихсон хүнийг амьтан хүнд муу, сайнаар яриулах хэрэг юу байхав. Хайрлаж явсан болохоос хардаж яваагүй ээ. Миний хань чинь дөрвөн хөгшнийхөө толгойг түшсэн хүн дээ. Би ээжийгээ өөд болоход эзгүй таарч дэргэд нь байж чадаагүй юм. Хөгшин маань л ээжийн минь дэргэд нь байж бурханы оронд нь явуулсан. 
 
-Пүүжээ эгч эхээс хэдүүл юм бэ?
-Би дороо дүүтэй, хоёул.
Шатар дарга– Манай эхнэрийн дүү Пүрэв-Очир гэж Ленинградад төгссөн бас эрчим хүчний хүн бий. Нэлээн дүн нуруутай, янз бүрийн төсөл юман дээр суудаг, ажилдаа тун чадварлаг, тэр байна даа. \ ханан дахь зургийг заав\
 
-Орон нутгийн бүхий л телевизээр уурхайн тухай янз бүрийн нэвтрүүлэг гарч Дорнодынхон хэдэн сарын турш Адуунчулуунаар “амьсгалж” байх шиг байна.
-Адуунчулууны ой бол Дорнодчуудын ой. Тийм учраас ойд зориулсан бүхий л нэвтрүүлэг, сурталчилгаа орон нутгийн бүх телевизээр цацагдаж байгаа. Бид наймдугаар багийнхаа нутаг дээр наадмаа хийнэ. 6 дугаар сарын 19, 20 буюу Зуны дунд сарын шинийн 2,3 ны Хотол чуулган барилдлагатай, Дашнямтай сайн өдрүүд тохиож байгаа. Энэ ярилцлагаараа дамжуулаад Дорнодын зон олон Та бүхнийг ойдоо хүрэлцэн ирж оролцохыг урья гэснээр бидний ярилцлага өндөрлөв. 
 
Ийм нэгэн эрхэм гэр бүлтэй би одоогоос олон жилийн өмнө ажил хэргийн харьцаагаар анх танилцаж, ах дүүгийн хэмжээнд ойртон дотносчээ. Шатар дарга, Пүрэвсүрэн эгч аль нь ч сургамжтай яриа хөөрөөтэй сайхан хүмүүс. Байгууллагын толгой ямар зарчимтай, ямар араншинтай, ямархан нөмөр нөөлөгтэй байна, тэр байгууллага тийм л байдаг. Шатар даргын орон зай, хувь хүний үнэт чанарууд энэ хамт олны гол суурь нь болж өгдөг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. 
Адуунчулууны уурхайн ой бол Дорнодынхны баяр гэдгийг тэрээр онцлосон. Мэдээж, дээрээс төр засаг биш энэ л нутгийн зон олон өөрсдийн сайхныг өөрсдөө л бүтээх учиртай. Тиймээс ой сайхан болно. Билэгт сайн тэр өдөр бүгдээрээ тэнд уулзацгаая. 
 
/”Дорнод Зон” сэтгүүл/ Б.ТУЯА 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна