МАН-ЫНХАН ДОТРОО Л ШИЙДЧИХ АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ

2015-10-11 11:15:03 | 1077 | 1


Аймгийн Иргэдийн хуралд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ИЗНН-аас сонгогдсон төлөөлөгч Б.Буяндэлгэртэй цөөн хором ярилцаж, түүний байр суурийг сонирхсон юм.
 
-Иргэдийн хурал дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар таны байр суурийг сонсъё. Хурал хоёр даргатай, аль нь хууль ёсных вэ гэдэг нь тодорхойгүй явсаар байна?
-Нэг л улс төрийн хүчнээс шалтгаалж байгаа асуудал шүү дээ. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд ч тэр, орон нутагт ч тэр тоглолтын дүрмээр бол намууд л гол үүрэгтэй байгаа. Хууль дүрэм нь ч тийм юм. Ер нь бол МАН бүлэг нам дотроо асуудлаа бүрэн шийдээгүй, харилцан ойлголцоогүй, зөвшилцөлд хүрээгүй байж Иргэдийн хурал дээр асуудлыг оруулж ирснээс өнөөдрийн энэ байдал үүсчихээд байгаа. Тэгэхээр энэ байдлыг үүсгэсэн нам дотроо харилцан ойлголцож зөвшилцөлд хүрэх хэрэгтэй байна л даа. Хуулийн талаас бол яримааргүй байна аа. Угаасаа шүүх дээр явж байгаа асуудал шүү дээ.
-Сүүлийн үед үзэл бодол, эрх ашиг нь зөрчилдөөд эхлэхээр л “МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль” гэх урт нэртэй хуулийг бариад л хэзээ дуусах нь мэдэгдэхгүй маргалддаг болж. Үүний цаана аймаг орны эрх ашиг илүүтэй хохирч байх шиг?
-Хуульчийн хувьд, УИХ-ын “гал тогоонд” ажиллаж байсны хувьд хэлэхэд энэ хууль өөрөө бантангийн дээд бантан хууль. Энэ хуулийг 2000-2004 онд нэг улс төрийн хүчин үнэмлэхүй ялалт байгуулсан үедээ баталж гаргасан юм ш дээ. 76 гишүүний 72 нь тухайн үеийн МАХН-ын гишүүн байлаа. Тийм үед батлагдаж гарсан хууль байхгүй юу. Юу гэмээр ч юм бэ дээ, жинхэнэ бяр нь амтагдаж, тэр үеийнхээ эмоциор хийчихсэн, насаараа тэгж ялж, олонхи байх юм шиг бодож хийсэн хууль. Жишээлэх юм бол, хурлыг хаяж орхиж гарч болохгүй гээд сөрөг хүчнээ боомилчихсон, орхиж гарах юм бол эсрэг санал өгсөнд тооцно гэдэг ч юмуу. Ийм хуулийг бариад хэн нь зөв бэ гэдгээ нотлох гэвэл их хугацаа орно доо. Ялагдсан тал нь давж заалдана, дараа нь дээд шүүхэд давж заалдана гээд л эцэс төгсгөлгүй маргаан жил тойрон үргэлжилнэ. Энэ хэрээр төрийн ажил ард нь гацаанд орно. 
-Аймаг орны эрх ашиг, төрийн ажлыг гацаахгүй байх боломж энэ нөхдүүдэд байж байдаг. Ерөөсөө хэнийх нь зөв юм бэ, аль эрх ашиг нь том юм бэ гэдгийг нам өөрөө зангарагаараа шийдчих ёстой гэж та хэлэх гээд байна аа даа?
-Харилцан зөвшилцөх, буулт хийх /консенсус/ арга байж болох шүү дээ. Өөрсдийнх нь л асуудал. Бид байсан байгаагүй ялгаагүй олонхи дангаараа шийдвэр гаргаад явж л байсан. 2013 оны төсвийг МАН-ын бүлэг дангаараа баталж байсан. Үнэхээр Р.Зоригтбаатар нь буруутай юм бол намынхаа дүрмийн дагуу зохих шатны хурлаа хийгээд шийдээд орж ирэх ёстой. Түүнээс биш гэнэт Иргэдийн хурал дээр энэ хүнийг огцруулна гээд оруулаад ирж болохгүй ш дээ. Тухайн үеийн хурал дээр ч би байр сууриа илэрхийлж л байсан. Ямар ч тохиолдолд аль илүү том эрх ашгийг л харах ёстой биз дээ. Нэгдүгээрт, намынхаа эрх ашгийг харах ёстой байх. Сонгууль хаяанд ирчихсэн энэ үед заавал тарж бутарч, нэгийгээ огцруулах хэрэг байгаа юм уу, үнэхээр Р.Зоригтбаатарыг гарцаагүй огцруулах ноцтой асуудал байгаа бол намын дүрмийнхээ дагуу шийдчих л хэрэгтэй. Би дотоод асуудлыг нь нарийн хэлж мэдэхгүй юм. Бас аймаг орныхоо эрх ашгийг ч хармаар байна. Энэ бол хамгийн том эрх ашиг. Заавал шүүхээр маргаад жил тойрон явахын оронд хоёр тал ярилцаад огцруулъя гэж байгаа тал нь арга хэмжээгээ авдаг бол аваад, огцрохгүй гэж байгаа хүн нь үнэхээр буруутай бол буруугаа хүлээгээд л явчих хэрэгтэй байх. Хэдэн хүн нийлээд л хэн нэгнээ огцруулна гэж давхидаг ийм явдал бол аль ч намд харагдаад л байгаа. Ерөөсөө Монголын нийгэм АН, МАН хоёргүйгээр явахгүй ш дээ. Төр, нийгэмд хамгийн нөлөө бүхий хоёр нам дотроо хагаралдаад эхлэхээр аяндаа төр нь дагаад хямарч байна. 
-Сүүлд болсон ИТХ-д та суув уу? 
-Суусан.
-Төлөөлөгч С.Мөнгөнбат хоёр ч удаа хурал удирдчихлаа. Шүүхээс хүчингүй гэж үзвэл та бүхний хэлэлцээд шийдээд байгаа асуудлууд тэр чигээрээ л хүчингүй болж таарна даа?
-9 дүгээр сарын 11-ний хуралдааныг хүчинтэй гэж үзэх юм бол сүүлчийн хуралдааныг С.Мөнгөнбат биш шинээр сонгогдсон Хурлын дарга удирдах ёстой л доо. Ер нь миний хувьд дээрх асуудалд саналаа хэлэх байдлаар л оролцож байгаа. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргахад нь гар өргөж оролцоогүй гэсэн үг. Намын шийдвэр нь зөв байгаад Р.Зоригтбаатарыг огцруулна гэж байгаа бол тэрэнд бид оролцох шаардлага байхгүй. Бидэнтэй бидэнгүй шийдэгдэх асуудал. Бид гэж бие даагчдыг оролцуулж хэлж байна. Харин бидний зайлшгүй оролцох асуудал бол аймаг орны нийгэм эдийн засаг, түүнтэй холбоотой асуудал. Би наад асуудлыг чинь хэлж байсан. Ийм маягаар явбал удна шүү, нам дотроо асуудлаа эхлээд шийдээч. Аягүй бол нөгөө тал чинь шүүхэд гомдол гаргана. Ингээд энэ хурлыг хүчингүй гэнэ. Тэгээд энэ хурлаар хэлэлцсэн бусад чухал асуудал хүчингүй болно шүү гэж хэлж байсан ш дээ. Дээр хэлсэн, эцэс төгсгөлгүй маргаан үргэлжилнэ, энэ хэрээр төрийн ажил ард нь гацаанд орно гэж. Р.Зоригтбаатарыг огцруулсныг шүүхээс хүчингүй гэж үзвэл сүүлийн энэ хурал ч хүчингүй болж таарна. 
-Улс төр, бизнесийн бүлэглэл иргэдийн хурал дээр голлох байр суурьтай байгаа учраас л ийм асуудал үүдэн гарч байна гэж үзэж болох уу?
-Ийм юмыг баримттай ярих хэрэгтэй. Үнэхээр баримттай үнэн юм бол тэгж үзэхэд болохгүй гэх газаргүй. Ер нь төгсгөлд нь хэлэхэд Дорнодын газар шороон дээр төрж, тоглож зодолдож өссөн энэ нутгийн унаган хүүхдүүд л аймаг орныхоо хөгжлийн төлөө хамтарч ажиллаж, санаж сэрэх цаг болсон. Нэг нутгийн, ир бяр нь жагссан идэр эрчүүд уусан идсэнээрээ дуудалцаж өөр хоорондоо эвдрэлцэж хагаралдах нь муухай юм. Хараад байхад энэ эвдрэл хагарлыг энэ нутагт төрж өсөөгүй, алдаа, амжилтыг нь хуваалцаж байгаагүй, нутаг орны болон ястны онцлогийг мэдэхгүй зарим нэг этгээдүүд дэвэргэж, бүр магнайлан оролцож байгаа нь харамсмаар. Алийн болгон гаднын хүмүүсийн  гар хөл, тоглоом, завшаан болох гэсэн юм. Гаднын гэж би гадаадын иргэдийг хэлээгүй шүү. 
-За баярлалаа. 
 
 Д.ДЭЛГЭРМАА

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна