УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Баттөмөрийн ЭНХБАЯР: ДАРГА НАРЫН ТАНСАГЛАЛ ХЭТЭРСНЭЭС БИШ АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛД НААЛДСАН НЬ ҮГҮЙ

2015-10-13 04:30:48 | 1761 | 0


     Энэ удаад хуульч Б.Энхбаярыг редакцдаа урьж ярилцав. Түүнийг улс төрийн халуун тогоонд багагүй хугацаанд “чанагдаж” хат сууж яваа сайн хуульчдын нэг гэж бардам хэлэх байна. Ингээд уншигч таны өмнө түүний яриаг дэлгэе. 
 
     -Хуульч мэргэжлийг та зөв сонгож. Хуулийн салбарт Дорнодын залуу өөрийн орон зай, дуу хоолойг илэрхийлж яваа нь сайхан байна? 
       -Баярлалаа. Яахав, хуульч мэргэжлийг санаандгүй л сонгосон. Манай Дорнодынхон ч ер нь ширүүн ш дээ. Ерэн хэдэн онд орц болгоны үүдэнд нэг нэг атаман зогсдог байсан үе. Тэгээд нэг өдөр гэр лүүгээ орох гээд шатаар өгсөж явтал зөрж өнгөрсөн залуу намайг зүгээр л танхайраад хутгалчихсан. Тэгж л анх хууль цагдаагийн байгууллагын талаар төгсөх ангид байхдаа анхны мэдэгдэхүүн авч байлаа. Гэхдээ хуульч болсон маань эндээс улбаатай биш л дээ. Тухайн үед гадаад хэлний хичээлд илүү сонирхолтой хүүхэд байсан. Элсэлтийн шалгалтад ороод гадаад хэлээр хоёрт, нийгмээр нэгд жагссан юм. Тэгээд л МУИС-ийн хуулийн ангид орж суралцсан. Энэ цагаас л хууль гэдэг зүйлд “татагдсан”. Хуульч хүний хамгийн гол чанар бол ёс суртахуун ш дээ. 
 
     -Ёс суртахуун гээд ярихаар чинь нэг зүйлийг тодотгож асуумаар санагдлаа. Та “Монголын төрийн алба хаагчдын холбоо” ТББ-ыг тэргүүлдэг хүн. Сүүлийн үед төрийн алба дэндүү ёс суртахуунгүй, дуртай хүн орж ирж, тоглолт хийж болдог талбар болж хувирлаа. Манай аймагт л гэхэд сүүлийн хоёр жилийн дотор хууль бус халаа сэлгээ, найз нөхөд, хамаатан саднаа албан тушаалд татах явдал замбараагаа алдаж байна. Ичгүүр сонжуур ч гэж алга. 
      -Хууль бусаар халах сэлэх асуудал амь бөхтэй оршсоор л байна. Улс төрийн шалтгаанаар хоморголон халдаг, өөрийн багаа бүрдүүлдэг, танил талаа татдаг ийм асуудал өмнө нь байсан уу гэвэл байсан. Гэхдээ сүүлийн үед ”тун” нь хэтэрч, монгол төрийн тогтвортой байдлыг алдагдуулах боллоо. Төрийн албыг сул дорой, чадавхгүй болгож байна, нэр хүнд нь уналаа. Наад зах нь асуудал боловсруулах, ул суурьтай шийддэг байдал бараг алга болох нь. Ойрын жишээ л гэхэд, УИХ дээр оруулж ирж байгаа хуулиудыг хэлэлцээд шүүмжлээд ирэнгүүт л буцаагаад татчихдаг, ямар ч тооцоо судалгаагүй, дутуу гоомой хандсан байх нь элбэг шүү. Буруу дутуу хууль баталсны гор нь ард түмний амьдралд л тусдаг. “Урагшгүй ноёдын балаг ард түмний нуруун дээр зовлон болж очдог” гэж үг бий шүү дээ. Энэ талаас нь харахаар хэцүү санагддаг. Үнэндээ зүгээр хараад дуугүй сууж түвдэхгүй юм.
 
      -Халаа сэлгээ аль салбарт зонхилж байх юм? Манай аймаг энэ мэт хууль бус асуудлаараа хаахна нь яваа бол, танай холбоонд хэр хандаж байна? Улс, аймаг, нийслэлээр нь судалгаа гаргадаг л биз дээ. 
     -Гаргана аа. Аймаг хот байтугай нэр устай нь ч судалсан зүйл бий. Дорнодоос санал гомдол ирдэг ээ. Хүмүүс надаас хууль зүйн туслалцаа хүсч хандаж байхад би нэр ус цохоод яахав. Манай аймгийн хувьд багш, эмч нараас санал гомдол ирэх нь элбэг. Яахав, өнгөрсөн хугацаанд аймгийн удирдлага нь хамтарч ажилласан учраас хууль бус халаа сэлгээ гайгүй талдаа. Зарим аймагт бол нөгөө намын хүмүүсийг үйлчлэгчээс нь эхлээд хоморголон халсан тохиолдол цөөнгүй гарсан. Түүнтэй харьцуулж л гайгүй гэж хэлж байгаа юм шүү. Тэрнээс хууль зөрчдөггүй, халаа сэлгээ хийдэггүй гэсэн үг биш. Улсын хэмжээнд харах юм бол төрийн захиргааны салбарт ийм үзэгдэл их байна. 
 
     -Энэ тухай ярихаараа л нэг болж байна. Таныг ч телевизүүдээр энэ талаар ярьж хэлж байхыг олон л харсан. Гэтэл байдал дээрдэх нь битгий хэл улам дордож байна. Хийж яваа ажлын чинь үр дүн хаа байна. 
      -Үр дүн гарах нь гарч байгаа. Гэхдээ сэтгэлд хүрэх, хүрэхгүй олон зүйл бий шүү дээ. Манай холбоо ямар нэг хуулийн зөвлөгөө туслалцааг үнэ төлбөргүй явуулдаг. Өнгөрсөн хоёр, гуравхан жилийн дотор 560 төрийн мэргэшсэн албан хаагчдад хууль зүйн үнэгүй туслалцаа үзүүлсэн байна. Тэдгээрийн 90 орчим хувь нь шүүхийн шатанд ялж, буцаж ажилдаа томилогдсон. Ер нь бол ийм юм. 2012 онд “түр орлон гүйцэтгэгч” нэрийн дор төрийн албанд шалгалт өгөөгүй хүмүүсийг олноор нь томилсноор хяналт алдагдсан. Халаа сэлгээг даамжруулах гол үндэслэл нь энэ явдал болсон ш дээ. Тухайн үед цэцэд хандаж байж, тэр дүрэм журмыг нь хүчингүй болгуулснаар түр томилогдсон хүмүүсийг чөлөөлөх ажил явагдаж л байгаа. Төрийн алба бүхэлдээ данхар боллоо гэдгийг удаан хугацаанд ярьж хэлж, хурцаар тавьж байж, одоо ойлгох талдаа болсон. Чи бод доо, сүүлийн 2 жилийн хугацаанд төрийн алба хаагчдын тоо 30 мянгаар нэмэгдсэн. ТӨК-иудын ажилтнуудтай нийлүүлвэл энэ тоо 230 мянгад хүрчихээд байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар 11 агентлагийг улсын үйлдвэрийн газар болгосон юм. Яамдынхаа тоог ихэсгээд, агентлагийнхаа тоог багасгасан гэж харагдуулах гэсэн бусармаг арга л даа. Тэр байгууллагууд татан буугдаагүй, яг л хэвээрээ байгаа. Гэхдээ тэнд ажиллаж байгаа хүмүүсийг төрийн алба хаагчийн тоонд бүртгэхгүй болгочихож байгаа юм. Тэгсэн мөртлөө төсвөөс цалинждаг, бүх зүйл хуучин хэвээр. ТАХ-дын тоог бага харагдуулах гэсэн явуургүй арга. Би жилийн өмнө ингэж огцом нэмэгдэх нь ээ гэж сануулж л байсан. Сүүлдээ энд тэнд худлаа яриад цуурхал тараагаад байна гээд л олон нийтийн сувгаар намайг Н.Алтанхуяг сайд гүтгэж л байсан ш дээ. Гэхдээ сая 30 мянгаар нэмэгджээ гэдгийг Төрийн албаны зөвлөл зөвшөөрсөн. Үндэсний аюулгүй байдалд нөлөөллөө гэж анх удаагаа ноцтой дүгнэлт хийлээ. Хэт данхайсан учраас зардлууд асар ихээр нэмэгдэж таарна. Тэрнээс гаднын хүчин зүйл нөлөөлөөд эдийн засаг хямарсан юм биш шүү дээ. Замбараагүй тансаглал эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн. УИХ ч энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Дарга нарын унаа тэрэг, барилга байшин сайжирснаас биш ард иргэдийн амьдралд наалдсан юм ерөөсөө байхгүй. Хямрал руу хөтөлсөн бас нэг шалтгааныг би хэлье. Сүүлийн хоёр жилд 12 мянган ААН-ийг шалгаж хэрэг үүсгэсэн. Гэтэл Монголд татвар төлдөг 20 гаруй мянган ААН байдаг. Бүртгэлд олон байдаг боловч бие даагаад үйл ажиллагаа явуулаад татвар төлдөг нь тийм цөөхөн ш дээ. Хөдөлмөр хийдэг, баялаг бүтээдэг хүмүүсийнхээ тавиас илүү хувийг шахаад дарамтлаад үүдийг нь хаачихаар эдийн засагт яаж нөлөөлөх нь ойлгомжтой. Хэн дарамтан дунд хөдөлмөр хийхийг хүсэхэв. Алдаж замхруулсан бүхнээ засах ажлууд нэг үеэ бодвол хийгдэж л байна. Төрийн албыг төрлийн алба болгож байгаа нь үнэн юм байна гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч эхэлсэн. Анх энэ асуудлыг тавьж байхад хэдэн авилгачдыг хамгаалах гэж байна, өөрөө авилгач, өөрийгөө хамгаалж байна гэх мэтээр намайг элдэвлэж л байсан. Нийгэмд тогтчихсон энэ дутагдлыг засахад хувь хүний эр зориг чухал байгаа юм л даа. Сэтгэлгүй, зориггүй, шийдэлгүй, гарцгүй ийм хүмүүс шийдвэр гаргах түвшинд суучихаар гацаа болж байна. Жишээлбэл би Төрийн албаны зөвлөлд шүүмжлэлтэй ханддаг. Халагдаж солигдож байгаа хүмүүсийн төлөө ерөөсөө дуугардаггүй, хамгаалдаггүй, туслалцаа үзүүлдэггүй. Тэгээд өөрсдийг нь ажлаа хийхгүй байна гээд шүүмжлэхээр хууль болохгүй байна гэдэг. Гэтэл хууль тийм муу биш. Тэр халагдсан хүмүүс муу хуультай байсан юм бол буцаж ажилдаа томилогдохгүй. Албан хаагчаа их сайн хамгаалсан хууль учраас буцаж томилогдож чадаж байна. Тэгэхээр хуульд бол асуудал алга аа. Гол нь хүмүүс дээр очоод гацчихаад байдаг. Ийм л дүгнэлтэд хүрч байгаа даа.
 
       -Бидний яриа нэг мэдсэн нь эдийн засгийн хямрал руу яваад орчихож. Элгээрээ хэвтсэн эдийн засгийг босгоход тийм ч амар байхгүй нь мэдээж. Их хурлын хувьд эдийн засгаа яахав гэдэг хамгийн эн тэргүүний асуудал болоод байна. Их хурал дээр анхаарал татсан ямар асуудал хэлэлцэж байна? Та мэдээлэл дунд байгаа хүний хувьд буурьтай зүйл ярих байх аа. 
      -УИХ дээр олон асуудал тулгамдчихсан байгаа. Улс орны амьдрал хүнд боллоо. 6 сараас эхлээд цалин тэтгэврээ тавьж чадахгүй боллоо шүү дээ гэж зарим гишүүдийн яриад байгаа нь үнэний ортой ш дээ. Цалин тэтгэврээ тавихгүй гэж би хэлээгүй байна. Бодит байдал үнэхээр муудчихсан. Тухайлбал энэ 6 сард гэхэд л улсын төрийн сангаас 400 гаруй тэрбум төгрөгийн зарлага талын гүйлгээ гарна. Тэгтэл орлого талд нь 150 гаруй тэрбум төгрөг л байгаа байхгүй юу. Байдал үнэхээр хүндэрсний дохио биз дээ. Хойд хормойгоороо урд хормойгоороо нөхөж болох ч одоо нөхөх хормой ч үгүй болчихсон. Тийм учраас аргагүйдээд Ерөнхий сайд томоохон төслүүдийг хөдөлгөе гэж байгааг ойлгохоос аргагүй юм даа. Зах дээр очиход л жилд гурав дөрвөн удаа бараа эргэлт хийчихдэг байсан бол одоо чүй чамай нэг үү, хоёр уу гэж байна ш дээ. Гэр хорооллуудаар талхыг таллаж зарж байна, элсэн чихрийг граммлаж байна. Баян хүмүүст бол нөлөөлөхгүй ш дээ. Тэд мэдэх ч үгүй байгаа. Жирийн иргэд тэгтэл талх, будаа, сахар дээрээ тоолж байна. Хүнд юм яримааргүй байгаа ч хэлэхээс өөр арга алга. Тэгэхээр энэ байдлаас амархан гарахгүй гэж бодож байгаа. Энэ бол удаан хугацаанд үргэлжлэх хямрал болж хувирсан. Багаар бодоход 3-4 жил үргэлжилнэ. 
 
     -Тэгээд одоо бодлогын алдаанаас үүдэлтэй энэ гүнзгий хямралаас яаж гарахав? Төр зардлаа хэмнэх шаардлагатай, хэмнээд эхэлсэн л гэх. Үнэхээр ард түмэн бүсээ чангалж байгаа шиг дээгүүрх улсууд маань зардлаа танаж хэмнэж байгаа нь хэр байгаа бол оо? 
      -Томоохон бодлогуудыг яаралтай авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Яг ийм байдалд орчихоод байна аа гэдгийг ард иргэддээ нуулгүй хэлчих хэрэгтэй ш дээ. Учирлаад ил хэлэх хэрэгтэй байна. Өнгөрсөн хоёр гурван жилийн хугацаанд нууж байгаад ийм байдалд хүрлээ. Тансаглалтай холбоотой зардлыг одоо хасах хэрэгтэй. Сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн тансаглалтай холбоотой зардал 10 дахин нэмэгдсэн ш дээ. 6 их наяд төгрөг буюу 3 тэрбум долларыг зөвхөн төрд зарцуулчихаж байгаа юм. Сая оны эцсээр ингэлээ л дээ. Төрийн албаны зардлаа танана, цомхотгоно гээд 2 мянган хүнийг цомхотгохоор болдог юм байна. Тэгтэл тэр олон хүнийг цомхотгож байна гээд ажилгүй болох хугацааны тэтгэмж 6 сарынх нь цалинг өгч гаргаж байгаа байхгүй юу. Тэр мөнгө нь ахиад л татвар төлөгчдийн халааснаас гарчихаж байгаа юм. Бүхэл бүтэн 15 тэрбум төгрөг шүү дээ. Гэтэл энэ төрийн албанд чинь 2 мянга байтугай, 5 мянган түр томилогдсон, шалгалт өгөөгүй хүмүүс өнөөдөр ч ажиллаад явж л байна. Эднийгээ зайлуулаач ээ гэж хэлээд нэмэр алга. Ингэх юм бол нэг ч төгрөг гарахгүй, харин үүнийг дагасан маш олон зардал хэмнэгдэнэ. Энэ олон түр томилогдсон хүмүүстээ зөвхөн 2013 онд гэхэд л 220 автомашин аваад өгчихсөн байгаа юм ш дээ. Зарим яамдын агуулахад олон зуун зурагт хадгалаатай байх жишээтэй. Тэр яам хэдэн зуун зурагтаар яах гэж байгаа юм. Зүгээр л мөнгө угаагаад байгаа хэрэг л дээ. Нэг найзынх нь, эсвэл өөрийнх нь бизнес л явж байгаа. Яагаад үүнийг болихгүй байна гэхээр толгойг нь илээд улам өөгшүүлээд байна. Улс төрийн зориггүй л байна ш дээ.
 
        -2012 оноос л завхарч эхэлсэн гэж та үзэж байна. Гэтэл энэ бүх алдаа завхарлын үндэс суурь нь түүнээс ч өмнө байж л байсан шүү дээ. 
       -Монгол Улс эдийн засгийн 17 хувийн өсөлттэй байсан үе бий шүү дээ. Цалин тэтгэврийг 2-3 дахин нэмж чадаж байлаа. Тэгэхдээ юмныхаа инфляцийг хөөрөгдөхгүйгээр шүү. Хоосон цаас мөнгө үйлдвэрлэхгүйгээр, бодитойгоор орлого нэмэгдүүлж байсан байхгүй юу. Ер нь улс төрийн намууд дангаараа шийдвэр гаргах чадамж ихээхэн хомсдчихож. Төрийн дархлаа, улс төрийн намуудын боловсон хүчний чадамж ихэд суларсны л нэг дохио юм даа. Тодорхой үйлдэл ажил хэргээрээ харуулдаг тийм улс төрийн нам, улс төрчдийн цаг үе шүү дээ өнөөдөр. Би ерөнхий сайд асан Сү.Батболдын зөвлөхөөр хэсэг хугацаанд ажиллаж байсан. Тэр хүн орчин цагийн дэлхийн удирдагчид үг яриагаараа өрсөлддөгөө хэдүйн больсон. Яагаад гэвэл бодлогын ялгаа гэж байхгүй, зарчмын хувьд ижил болсон цаг. Бүгд ардчилал, хүний эрх, хувийн хэвшлийг дэмжих, шударга засаглалын тухай ярьдаг болсон. Юугаар ялгарах вэ гэхээр бодитой ажил хийдэг, үр дүнгээрээ л ялгарч байна. Хэлсэн үр дүндээ хүрч чадаж байгаа бол жинхэнэ лидер гэж. 
 
        -Таны твиттер, фэйсбүүк, пэйж хуудсаар зочилсон л доо. Анхаарал татсан олон зүйлийг бичиж, жиргэсэн байна. Үүн дотроос төр барьж байгаа намд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгааг тань онцолж асуумаар санагдлаа. Тэмүүжин гишүүнийг өмөөрөнгүй бичсэн хэд хэдэн пост, жиргээ бас харагдсан.
       -Их олон юм ярьж болно. Товчхон хэлэх юм бол улс орноо самраад хаячихлаа ш дээ. Хойч үе өр төлнө өө гээд сууж байдаг ийм утгагүй зүйл байж болохгүй л дээ. Чингис, Самурай бондтой холбоотой фактуудыг би өмнө нь гаргаж тавьж байсан. Гэхдээ одоо энд бас нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Энэ Чингис, Самурай бондоор ажил хийх гээд “ажил хийх зөвлөх үйлчилгээ” гэж авч л дээ. Энэ ажилд хэдэн төгрөг зарсан гэж та бодож байна. 250 сая доллар зарцуулсан. Нөгөө Самурай бондтойгоо тэнцэх мөнгөө зөвлөгөө авч байна гээд гаднын компанид өгчихсөн. Энэ тэгээд Монголд шингэсэн хэрэг үү. Манай Дорнод руу төмөр зам барина гээд л яриад байсан. Хэдэн шороо овоолсноос хэтрээгүй. Тэгээд байна ш дээ, шороо овоолсных нь ихэнх зардал нь зөвлөх үйлчилгээ гээд гарчихсан байгаа юм. Мөнгө угаасан, дээрэм тонуул явж байна. Юм хийх гэж байгаа сэтгэл дээр дөрөөлж тоглосон хулгайчдын үүр оромж болчихсон байна л даа. Ийм юмыг зүгээр хараад дуугүй сууж болохгүй ш дээ. Тэр утгаараа олон асуудлыг ярьдаг аа ярьдаг. Аан, харин Тэмүүжингийн тухайд бол би түүнийг шүүмжилдэг ч, бас хүндэлдэг хайрладаг үе тэнгийнхэн. Монголын хөрсөнд буухгүй, хэт либераль юм ярьдаг л даа. Гэхдээ юм хийе, өөрчилчихье , жаахан ч гэсэн шударга ёс тогтооё гэсэн сэтгэл түүнээс ханхалдаг юм шүү. Энэ тогтолцоон дээрээ байх гэсэн, хуулийн салбарыг өөрсдийнхөө атганд байлгах гэсэн бусармаг хүмүүсийн хоморгонд, хуудуутай явдалд ороогдоод явчих вий гэдэг үүднээс хайрлаж явдаг юмаа түүнийг.
 
      -Илэн далангүй ярилцаж байгаад баярлалаа. Ярилцлагаа Б.Энхбаяр гэдэг хувь хүн рүү чиглүүлье. Таныг манай нутийн унаган хүүхэд гэдэг утгаар ярилцлаганд урьсан юм шүү. Энэ удаад ямар ажлаар ирэв?
      -УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сумъяабазараар ахлуулсан бүх аймаг, нийслэл дүүргийн МАН-ын дарга, дэд дарга нарын бүрэлдэхүүнтэй баг Дорнод аймагт ирлээ. Энэ бол цэвэр намын дотоод туршлага, харилцан мэдээлэл солилцох хүрээнд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээ юм л даа. 
 
      -Таны аав Баттөмөр агсныг Дорнодынхон андахгүй. Нэгэн үе Чойбалсан хотын захирагчаар ажиллаж байсан хүн. Хотын ажил тэр үед чамгүй сайн явж байсан гэж ам сайтай байх юм билээ.  Хүүхэд нас чинь энд өнгөрсөн байх аа?
    -Аав 1980-1983, 1992-1996 онд хотын захирагчаар ажиллаж байсан л даа. Тэрнээс өмнө багш сурган хүмүүжүүлэгч хийж, хойд сумдад ажиллаж явсан байдаг. Бүр багийн сургуульд хүртэл эрдмийн үр тарьж явсан байдаг шүү. Аав минь бурхны оронд яваад нэлээд хэдэн жил болж. Мэргэжилдээ сайн байх хүний хамгийн том карьер гэж аав минь захидаг байсан. Би энэ үгийг нь дандаа санаж явдаг. Ээж маань насаараа боловсролын салбарт ажилласан Д.Цэрэнханд гэж хүн бий. Төрөл төрөгсөд маань бүгд Дорноддоо амьдардаг. Манай гэр тэр үед 15-р байшинд байсан ш дээ. Сая Хан-Уулын тахилгаар ирээд буцахдаа ангийнхантайгаа уулзсан. Тоглож өссөн найзуудтайгаа холбоотой байдаг. Бидний үед ч шороон дунд чулуугаар байлдаад л, голын бургасанд очиж тоглодог байлаа. Одоо ингээд ярьсан чинь нэг явдал санаанд орж байна. Хүүхэд байхдаа Хэрлэн голд живээд. Манай ангийн Мөөгий намайг аварч байсан байсан. Өмнө нь энэ талаар ярьж байгаагүй юм байна аа. Дашрамд Мөөгийдөө баярлалаа гэж хэлэхгүй бол болохгүй.
 
        -Оросоо эмч гэж нүдний сайн эмч байлаа. Таны аавтай ах дүүс гэх юм билээ. Тэгсэн хэр нь овог  өөртэй? 
      -Чимэдийн Оросоо гэж байгаа биз. Аавыг Цэндийн Баттөмөр гэдэг. Аавын надад хэлснээр бол өвөө эмээ хоёр хүүхдүүд нь эндээд тогтохгүй байхаар нь лам хард үзүүлж л дээ. Тэгээд гадаад хүний нэр өг гээд Оросоо гээд нэрлэчихсэн юм гэнэ лээ. Хүүхэд нь тогтдог болсноор тэрнээс хойш манай аав, Гантөмөр ах, Зэсэм эгч төрсөн гэсэн.
 
      -Өвөө тань “Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн дурсгалын медаль”-иар шагнуулсан. 90 гаруй насыг зооглосон гэхэд хөнгөн шингэн байна  лээ шүү. 
      -Миний өвөө Баярын Дашням гэж Баян-Уул сумын уугуул хүн бий. 19 хүүхэдтэй айлын нэг нь. Багаасаа л өвөөгөө дагаж, А үсэг заалгахаасаа өмнө мушик, буур заалгаж өссөн хүүхэд нь юм шүү дээ би. Өвөө маань одоо ч дөрвөн байшингийн голд хөзөр даалуугаа эргүүлээд л суудаг хэвээрээ. Өвөөгөө шагнал хүртсэнд баярлаад л байгаа. Чөлөөлөх дайнд оролцож явсан хүн л дээ.
 
       -Төгсгөлд нь Оюутолгойн гэрээний талаар асууя. Ашигтай, цагаа олсон гэрээ байлаа гэж нэг хэсэг нь ярьж байхад Оюутолгойгоо Монголын ЗГ тавиад туучихсан гэх нь ч байна. Энэ төслөө тэгээд бид үнэхээр зөв хөдөлгөж чадсан юм уу?  Янз бүрийн мэдээллийн дунд ард түмэн төөрөгдөж байна шүү дээ. 
        -Хөдөлгөх ёстой том төсөл мөн үү гэвэл мөн. Оюутолгой л ажиллаад эхэлчихвэл Эрдэнэтээс илүү Монголчуудыг аваад явчих юм, 2 саяулаа ажил хийхгүй байхад ч болчих юм байна гэсэн ийм л юм яриад байсан шүү дээ анх. С.Баярын Засгийн газрын үед хөдөлгөөнд оруулсаан, үр дүн нь ч гарсан. Дагаад маш олон хөрөнгө оруулалтууд орж ирж, эдийн засаг бодитой дэвжиж эхэлсэн. Ингээд ажиллаад явж байхад нь 2012 онд Шинэчлэлийн Засгийн газар элдэв тайлбар тавьсаар байгаад л зогсоосон ш дээ. Үнэхээр энийг хөдөлгөхгүй бол гадаадын хөрөнгө оруулалт зогсох юм байна гэдгийг одоо л ойлгож байгаа юм л даа.  Ер нь хүний итгэлийг олж авна гэдэг урт удаан хугацааны асуудал, муудахад 5 секунд ч хангалттай. “Тамирын мөсийг долоох шахам байж” олж авсан гадаад нэр хүнд, итгэл, энэ хөрөнгө оруулалтуудаа бүгдийг нь тас цохичихоод эдийн засгаа унагаж хаячихаад, цалин тэтгэврээ тавьж чадахгүй болоод ирмэгцээ шалдаа буугаад арга буюу Оюутолгойг хөдөлгөе гэдэг сонголтгүй сонголт хийсэн. Зарчмын хувьд Оюутолгойг хөдөлгөсөн нь сайн гэж хэлэх нь хаашаа юм, угаасаа явж байсан юмыг зогсоочихсон байхгүй юу. Тэгээд одоо энэ төслийг эхлүүлсэн нь зөв гэсэн харанхуй мэдээлэл нийгэмд өгөөд байна л даа. Би мэргэжлийн хүний хувьд илүү буурьтайгаар судалж дүгнэлт хийж үзэж байгаа. Юутай ч Оюу-толгойг Монгол улс тавиад туучихсан  нь үнэн ш дээ. Төлөвлөгөө нэрээр үндсэн хөрөнгө оруулалтынхаа гэрээнд өөрчлөлт оруулчихсан. Тэрнээсээ бултахын тулд зориуд төлөвлөгөө гэж нэр өгсөн. Дотор нь маш олон ноцтой асуудал байгаа. Жишээлбэл, Оюу-Толгойн газрын хөрсөн дэх баялаг бол Монголын ард түмний өмч. Үндсэн хуульд тэгээд заачихсан. Өмнө нь бид  гэрээ байгуулахдаа “ард түмний өмч” гэдэг суурь үзэл санаагаа хадгалаад Монголын ЗГ, ард түмэнд ногдож байгаа 34 хувьд  ямар ч тохиолдолд өөрчлөлт оруулахгүй, тэрэнд халдахгүй, Оюу-толгой гэдэг компанийн өмч лицензийг барьцаалахгүй, тэрүүгээр бол зээл босгохгүй гэж хатуу тогтсон юм. Гэтэл саяын тэр төлөвлөгөө гэдэг бичиг баримтаар Оюу-Толгой хувьцаат компанийн үндсэн хөрөнгө, ашиглалтын лицензийг барьцаалж, гадна талаас зээл хөрөнгө босгох боломжийг нээчихсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нөгөө Оюу-Толгойг байгалийн баялагтай нь Рио-Тинто гэдэг компани шууд гадна талаас барьцаалж, өөрсдөө мөнгө авах боломжтой болчихож байгаа юм. Эцсийн тэр зээлийн төлбөрийг болохоор Оюу-Толгой төлнө, зээлийн мөнгийг болохоор Рио-Тинто авна. Оюу-Толгой нь биш шүү. 4.2 тэрбум доллар орж ирнэ гэж яриад байгаа ш дээ. Гэрээнд өөрчлөлт оруулахдаа 14 банкнаас босгож байгаа зээлийн хөрөнгө 4.2 тэрбум долларыг Рио-Тинто авна гээд тусгачихсан байгаа. Оюу-Толгой биш нөгөө гадаадын толгой компани. Тэгчихээд зээлийн төлбөрийг нь Оюу-Толгой төлнө гэж байгаа юм. Гэтэл Оюу-Толгой чинь Монголын эзэмшиж байгаа компани, Рио-Тинто чинь дэлхийн өнцөг булан бүрт салбартай компани ш дээ. Тэр компани яагаад бусад улс орнуудад алдаж байгаа алдагдлаа манай Оюу-Толгойгоос босгосон мөнгөөр хаах ёстой юм. Шударга биш байгаа биз. Энд би ганцхан заалтыг нь л ярьж байна шүү.
 
         -Та дөрвөн үндэслэл гаргаж ирсэн байсан ш дээ.  Өөр ямар хуудуутай заалтууд байгаа юм?
     -Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж бий. Оюутолгой компани нөөц ашигласны төлбөр 50 сая долларыг өнгөрсөн хугацаанд төлөөгүй явж байсан. Гэтэл сая Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн баталсан төлөвлөгөөнд юу гэж заасан гэхээр “буулт хийж төлнө” гээд заачихаж. Үгүй ээ, энэ чинь угаасаа төлөх ёстой мөнгөө өгчихөөд юунд нь Монголын ЗГ-т буулт хийгээд, ард түмэнд буян хийчихсэн юм шиг тайлбарлаад байгаа юм. 30 сая доллар оруулж ирж байгаа нэрээр Монголын төр 300 сая доллараа алдаж байгаа байхгүй юу. Гуч дөчин жилийн дараа үр ашгаа өгнө гээд байгаа юм. Өөрчлөлт оруулаад ийм л гэрээ болгочихлоо л доо.
 
       -Гэрээнд гарын үсэг зурсны маргаашаас л бараг Монголын эдийн засаг аажмаар сэргээд эхэлж байгаа юм шиг л яриад байгаа. ОУ-ын гэрээ гэж үзэх байх л даа. Нэгэнт Монголчуудад ашиггүй болсон гэрээг одоо яах ёстой юм бэ? Ямар нэг гарц бий юу? 
       -Энэ чинь ОУ-ын гэрээний ангилалд орж байгаа. ОУ-ын гэрээ тухайн улсын хуулиас илүү үйлчилдэг. Гагцхүү үндсэн хуульд харшилж байвал тэр гэрээг хүчингүй болгож болдог. Нарийн тооцоо судалгаа хийх ёстой. Хэр баргийн хүн үндсэн хуулийн түвшинд маргаан өрнүүлж чадахгүй ш дээ. Эдийн засаг, тооцоолол, хууль гээд маш олон судалгаа хийж байж, ул суурьтай хандах ёстой. Ер нь яаж ч бодсон тийм амархан өгөөжөө өгөхгүй ш дээ. Тэр 4 тэрбум доллар шууд ороод ирэхгүй. Ямар ч байсан  6 сарын дотор үүнийг дагасан ажил үйлчилгээ, ханган нийлүүлэлт зэргээр нааштай дохио өгнө. Нөгөө талаар том утгаараа гадаад зах зээлд Монголчууд эргээд хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа юм байна гэсэн дохио болно. Бүгд Оюу-Толгойг хараад хүлээгээд зогсчихсон байсан. Энэ нааштай талыг би үгүйсгээгүй шүү. Гэрээн доторх заалтыг нь яриад байгаа юм.
 
       -Цаг зав гаргаж, урилгыг маань хүлээж авч ярилцсанд баярлалаа.  
     -За баярлалаа. Уугуул нутгийнхаа зон олонтой танай сониноор дамжуулан уулзах боломж олгосонд “Дорнод” сониныхондоо бас талархаснаа илэрхийлье.  
Д.ДЭЛГЭРМАА

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна