Инээмсэглэл бол хамгийн сайхан чимэг

2016-04-27 04:25:05 | 1340 | 0


Инээмсэглэл бол хамгийн сайхан чимэг

Бид энэ удаагийн дугаартаа “Таны жолоо” ХХК-ийн захирал Пүрэвжавын Алтанцэцэгийг урьж оролцуулж байна. Бизнесийн салбарт амжилттай ажиллаж баргийн эр хүн ч барахгүй ажлыг үүртэлгүй нугалж яваа энэ ажил хэрэгч бүсгүйн хийж байгаа, хийх гэж зорьж яваа хүсэл тэмүүллийг нь хамтдаа хуваалцъя.

Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулна уу?
Намайг Пүрэвжавын Алтанцэцэг гэдэг. Дорнод аймагтаа төрж өсөж 5-р сургуулийг 1989 онд төгссөн. АУДуС-ийг эх баригч бага эмчээр төгссөн. Бага нас минь Чойбалсан хотдоо үеийн хүүхдүүдтэйгээ бужигнаж өссөн дөө. Эхээс тавуул, айлын том охин.
Танайхан удмаараа эмч хүмүүс. Аавынхаа мэргэжлийг өвлөн эмч болов уу?
Тиймээ. Аав минь эмч, хоёр дүү минь ч эмч. Би эрүүл мэндийн салбарт 18 жил ажилласан. Дорноговь аймгийн Ардын эмнэлэгт зүүний эмч, БОЭТ-дөө цусны технилогич эмчээр ажилласан.
Эмч хүн яаж яваад авто жолоотой холбогдчихов?
Анх жолооч болох гээд жолооны курсэд суусан юм. Тэгээд л жолооны дүрэм сонирхолтой санагдаад л орж явчихсан /инээв/. 2005 оноос хойш жолооны дүрмийн багшаар ажилласан юм байна.
Та жолооны сургуулиа хэзээ нээв?
2010 оны зургаан сард нээж байлаа. Холбооны зүүн талын жижигхээн өрөөнд дөрвөн ширээ найман сандалтай хоёр сургалтын машинтай хоёр багштайгаар анх хичээллэж эхэлсэн. Зөвхөн В ангиллаар элсэлт авч байсан. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд чадах чинээгээрээ зүтгэж компаниа хөл дээрээ босголоо. Одоо манайх арав гаруй багш ажилчид, мөн тооны авто машинтайгаар сургалтаа явуулж, жолооны А.В.С.Д ангиллаар төгсгөж байгаа. Энэ амжилтад хүрэхэд миний ард хамт олон, найз нөхдийн минь тус дэм их юм. Олонтойгоо нийлэмжтэй байхад аливаа зорьсон үйлс бүтдэг юм билээ.
Таны ажил эмэгтэй хүнд арай ахадсан юм шиг санагддаг?
Үгүй ш дээ. /инээв/ би ердөө хүнд хүчир гэж боддоггүй. Заавал эрэгтэй хүн хийх ажил биш. Өөрөө сонирхолтой болоод ч тэр юм уу. Хүнд хэцүү гээд шантраад байвал хийж бүтээж амжихгүй шүү дээ. Залуу нас чинь богинохон.
Жолооны курс ажиллуулдаг эмэгтэй хүн ер нь цөөн байх аа?
Одоо олон болсон байлгүй дээ. Дөрвөн жилийн өмнө Сүхбаатар аймагт Зүүн бүсийн авто сургуулиудын уулзалт болоход бүсдээ ганц эмэгтэй захирал нь байсан. Одоо манай аймагт “Ухааны жолоо” авто курсын Цолмон эгч бид хоёр л байна даа.
Авто салбарт ажиллаж байгаа хүний нүдээр аймгийнхаа авто замын талаар ямар бодолтой явдаг вэ?
Замын чанарт л анхаарал хандуулаасай гэж боддог. Одооноос эхлээд боломжтой замуудаа өргөтгөөсөй. Аймаг зүүн талаа барьж хөгжих бодлого байгаа бол Залуус хороолол, Төмөр зам чиглэлийн замуудаа өргөн болгож 4-8 эгнээ болгочихвол сайхан даа. Зам дагаж хөгжил гэж үг бий. Хятадууд эхлээд их өргөн зам тавьчихаад дараа нь байшин барилгаа барьдаг юм билээ. Авууштай санаа.
Жолооч нарт хүргэх шинэлэг мэдээлэл юу байна. Жолооны дүрмэнд нэлээн өөрчлөлт орж байгаа сурагтай.
Жолооны дүрмийн шинэчлэл явагдаж байгаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд ч нэлээд өөрчлөлт орсон. Тухайлбал авто курсууд механик явах ангитай машинаар дадлага хийхийг зөвшөөрдөг байсан бол одоо автомат машин ашиглах журамд шилжиж байгаа. Жолооны дүрмэнд бас өөрчлөлт орох гэж байгаа юм билээ. Энэ бүгдтэй уялдуулж сургалтаа явуулах бэлтгэл ажлаа базааж байна даа.
Та чинь өөр салбарт бас хүч үзэж байгаа дуулдсан. Тавилгын дэлгүүр нээсэн гэв үү.
Нэг найзынхаа хүсэлтээр урдаас тавилгыг нь авчирч өгсөн юм. Тэгээд ер нь тавилгын дэлгүүртэй болъё гэсэн бодол тэгэхэд төрж “Гоё тавилга” дэлгүүрээ нээсэн. Одоо хоёр жил болж байна.
Таныг ном уншдаг гэдгийг мэднэ. Номын сайхан дэлгүүр нээсэн байна лээ. Хүмүүс ам сайтай байдаг шүү.
Багаасаа л ном унших сонирхолтой хүүхэд байлаа. Чи мэднэ дээ, анх Хан хэрлэн төвд жижигхэн лангуутай номын прокат ажиллуулж байсныг. Тэр үед гурван өдрийн 500 төгрөгөөр номоо прокатлаж уншуулдаг байлаа. Номын сайхан дэлгүүртэй болно доо гэсэн бодол тээж явдаг байсан. Энэ хүсэл минь өнгөрөгч 10 сард биелсэн. “Мөнхийн үсэг” компанид ажилладаг Зандраа найзынхаа дэмжлэгтэйгээр “Аз хур” номын их дэлгүүрийн салбарыг нутагтаа нээлээ. Одоохондоо өрөө тасалгаа нь жижиг ч часхийсэн номуудтай. Удахгүй томсгоно доо.
Манайхан хэр ном уншиж байна. Худалдан авалт дажгүй юу?
Нэг үеэ бодвол манай Монголчууд номонд дуртай болж байгаа. Манайхаар үйлчлүүлэгсэд хүүхэддээ голдуу ном авдаг. Энэ нь надад их сайхан санагддаг. Үр хойчоо номоор хүмүүжүүлнэ гэдэг бидний ирээдүй гэрэлтэй байна гэсэн үг.
Хамгийн сүүлд ямар ном уншив?
Унших номууд их байна аа. Хамгийн сүүлд Ричард Карлсоны “Ялихгүй зүйлээс болж бүү бухимд”, Отока Хиротадагийн “Амьдрал ямар сайхан гээч” номуудыг уншиж байна. Энэ япон залуу гар хөлгүй хэдий ч дэлхий даяар лекц уншиж өөрийгөө ялан хүн төрөлхтөнд ухаарал түгээж явна. Бахархмаар шүү. Манай Монголд ирж лекц уншиж байсан юм билээ. Түүний очсон газарт 300-400 хүн цугладаг байсан гээд бод. Улаанбаатар ирэхэд нь 1000-аад хүн лекцэнд нь суусан гэж бичсэн байна лээ. Ингэхээр манайхан өндөр боловсролтой ард түмэн байгаа биз. Миний ширээний ном бол “Алсыг зорьвол ханьсаж яв” гэж сайхан ном бий. Энэ жилдээ багтаж 20-р зууны шилдэг романуудыг “барьж авна” даа.
Эмэгтэй хүний хамгийн нандин гоёл юу вэ?
Залуу нас. Тэр тусмаа сайхан инээмсэглэл. Өөдөөс нь хараад сайхан инээмсэглэж байгаа хүнээс хэн ч болов дотно мэдрэмж авдаг. Инээмсэглэл бол эмэгтэй хүний чимэг нандин гоёл.

Инээмсэглэхэд сэтгэлээ амгалан байлгах хэрэгтэй байх?
Сэтгэлийн амгалан бий болсон цагт аяндаа хүн инээмсэглэж явдаг болно. Хөдөө агаар салхинд гарч аялах дуртай. Бас найз нөхөдтэйгээ уулзалдаж ярьж хөөрч суух ч бас л сайхан ш дээ. Хүнд найз нөхөд шиг эрхэм хүмүүс байдаг юм билээ. Жаргал, зовлонгийн алинд ч дэргэд минь байдаг найзууддаа баярлаж явдгаа энэ дашрамд хэлье.
Юунд гар татдаггүй вэ?
Сайхан үнэртэй ус, цаг, цүнхэнд гар татдагүй ш дээ. /инээв/
Та өдрийн тэмдэглэл хөтөлдөг юм байна. Нэлээн чамбай хүний шинж байх шүү?
Өдрийн тэмдэглэл гэхэд хаашаа юм. Тухайн өдөртөө хийх зүйлээ төлөвлөж тэмдэглэдэг. Цагаа зөв, үр бүтээлтэй зарцуулахад хэрэгтэй байдаг юм.
Таны амьдралын хамгийн том бэлэг?
Энэ амьдрал өөрөө надад бэлэг. Хүний биеийг олж төрсөн минь, хоёр сайхан охин минь бурхнаас надад өгсөн хамгийн том бэлэг.
Охид хаана сурч байна?
Одоо л гар нь ганзаганд хүрч байна даа. Том охин АНУ-д уул уурхайн чиглэлээр сурч байна. Бага маань 10 дугаар ангид сурдаг.
Таныг ноднин хаврын түймрээр хандив цуглаасан нутгийн залууст сэтгэлийн дэм хайрлаж байсныг анзаарч байсан.
Тэгэлгүй яахав. Манай Дорнодын залуус нутгаа гэсэн сайхан сэтгэл гаргаж байхад дэмжилгүй яахав. Чадах чинээгээрээ тусалсан. Хүнд хэцүү цагт нь бусдад туслах шиг буян гэж хаа байхав.
Пүүжээ эмч гэхээр Дорнодынхон андахгүй. Нэр хүндтэй сайхан хүн байсныг одоо ч дурсдаг.
Миний аав Монгол улсын гавъяат эмч, мэс засалч Сүхбаатарын Пүрэвжав гэж сайхан хүн байлаа. Монгол улсын анхны Үндсэн хуулийг батлалцсан төр түмэндээ хүндлэгдсэн аав минь 30 гаруй жил хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд нэр төртэй зогсож чадсан. Аав минь бидэнд ” хүнд тустай яваарай” гэж үргэлж захидаг байлаа. Тэр сургаалыг нь амьдралынхаа мөрдлөг болгосон. Миний аав уужуу дөлгөөн, найз нөхөд олонтой хүн байсан. Манайх хүний хөл тасардаггүй айл байсан. Үдэш орой ч хамаагүй “Пүүжээ эмчээ үзүүлье” гээд л ороод ирнэ. Аавыг цааргалж байхыг нэг ч удаа үзээгүй. Миний багад манайх 10-р хороонд байдаг байлаа. Аавыг хүлээхдээ эмнэлгийн мэс заслын өрөөний цэнхэр гэрэлтэй цонхыг ширтээд суучихна. Гэрэл унтрахад удалгүй аав орж ирдэг байсан.
Залуу хүний хувьд аймаг орон нутгийнхаа ирээдүйг яаж харж байна?
Манай Дорнод хөгжиж байна аа. Цаашид илүү сайхан болно гэдэгт итгэлтэй явдаг. Гагцхүү нэг хүн шиг эвтэй найртай, ажиллаж хөдөлмөрлөж гэмээнэ хөгжил ойрхон бий. Хот суурин газар руу тэмүүлэлгүй залуус нутаг орондоо амьдарч нутгаа хөгжүүлэхийн төлөө ажиллах ёстой гэж боддог. Энэ ярилцлагаараа залуусаа нутагтаа сайхан амьдаръя гэж уриалмаар байна.
Сонирхолтой сайхан ярилцлага өрнүүлсэн танд гялайлаа. Ажлын амжилт хүсье.
Танай хамт олонд талархлаа илэрхийлье. Миний сонинд өгсөн анхны ярилцлага гэж хэлж болно. Нутгийн зон олондоо сайн сайхныг хүсэн ерөөе. Алтан нар дэргэдээс манддаг манай нутгийнхан үргэлж цог золбоо, гэрэл гэгээтэй яваг ээ.

Бидний ярилцлага ийн өндөрлөсөн. Алтаа эгчтэй ярилцаад гарч явахдаа зөрж өнгөрөх хүмүүсийг анзаарлаа. Нээрээ л бид инээмсэглэлээр дутаад байна уу даа гэж бодсон. Хүн хүндээ харамгүй инээд бэлэглэж байгаасай. Түүнийг ярилцлагад урихдаа жирийн нэгэн залуу хүний хувьд, амьдрах гэж зүтгэж яваа олон эмэгтэйн төлөөлөл болгож онцолсон. Хүсэл минь талаар болоогүй гэдэгт найднам. Уншигч авхай танд талархлаа.

Н.МӨНХСАЙХАН /ДОРНОД СОНИН/

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна